МАН-ЫН БАЛАГ: Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир хоёр САНДРАЛДАЖ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг 10 сая ам.долларын авлигад ХАРДАВ

-Ш.РАДНААСЭД НАМААСАА ГАРАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧ, Д.ДАМБА-ОЯИР БҮГТЭГНЭСЭЭР ҮЛДЭВ-
Нэг нь УИХ-ын Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хөрөнгө оруулагч талд хүргүүлсэн асуудлаар, нөгөө нь хөөн хэлэлцэх хугацааг наашлуулсан “зүйл анги”-иар Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар хэвлэлүүдээр “балбуулсаар” буй. Энэ нь ч аргагүй юм .
Бүлгээр ч хэлэлцэж, саналаа нэгтгэж амжаагүй байсан ажын хэсгийн дүгнэлтийг хөрөнгө оруулагч талаас албан тоот ирсний төлөө шууд хүргүүлчихсэн нь Д.Дамба-Очир гишүүний буруу билээ. Тэрээр “43 хуудас материал Оюутолгойд хүргүүлсэн” гэж мэдэгдсэн. Гэвч АТГ-ын шалгалт, ауидтын дүгнэлт зэрэг нууцын зэрэглэлд багтсан материалыг хөрөнгө оруулагч талд өгсөн үү гэх хардлага явсаар байна. Энэ асуудал дээр Тагнуулын байгууллага хүртэл ажиллаж буй.
Харин Ш.Раднаасэд гишүүний тухайд хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах замаар МХЕГ-ын байцаагч асан Ц.Баярсайхан, Э.Аззаяа нарт хуулийн “өршөөл” олгох боломжийг үүсгэсэн. Учир нь, Ц.Баярсайхан, Э.Аззаяа нар Ш.Раднаасэд гишүүнтэй авлигын хэргээр холбогдсон сэжүүртэй байсан гэх хардлага явсан. Тэрээр “Хүний эрхийн зөрчил үүсэх гээд байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн” гэсэн тайлбар хийсэн юм.
Тэдний энэ асуудлыг МАН-ын Хяналтын хороо авч хэлэлцээд, “Таван жилийн турш намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх” шийдвэрийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2020 онд тэднийг МАН-аас нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг Хяналтын хорооноос нь гаргасан билээ. Үүнийг тэд эсэргүүцэж, “Нэртэйгээр нь намаас хөөчих” гэж адарч байв.
Уг асуудлаар өчигдөр МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөл хуралдаж, Хяналтын ерөнхий хороог гаргасан шийдвэрээ эргэж харах чиглэлийг өглөө. Харчирхалтай нь, энэ үеэр Ш.Раднаасэд гишүүн намаасаа гарах өргөдлөө өгсөн байна. Тэрээр “ Энэ бол Говь-Алтайн сонгогчдыг надаас салгах гэсэн санаа” гэж тодотгосон юм.
ХАРДЛАГА: 10 САЯ АМ.ДОЛЛАРЫН АВЛИГАД Ц.ДАВААСҮРЭНТЭЙ ХАМТ Х.БОЛОРЧУЛУУН ХОЛБОГДСОН УУ
“У.Хүрэлсүхийн тэргүүлж Засгийн газрын нэр бүхий сайд гадны орноос 10 сая ам.доллар авлигад авсан” гэх мэдээлэл сүүлийн үед эрчимтэй яригдаж буй. Үүнийг У.Хүрэлсүхийн танхимыг ганхуулах, нэр бүхий сайд нарыг “тоосго сугалах” замаар огцруулах МАНАН талын зорилтот акци ч гэж хардаж байгаа юм.
Уг асуудлаар Засгийн газрын танхимын гишүүд байр сууриа илэрхийлж, улмаар АН-ын Зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг албан ёсоор тайлбар хийхийг шаардсан нь анхаарал татаж буй. Уг асуудлаар,
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Надад тэр 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудал ямар ч хамаагүй. Хүн нэрээ тогос өдөө гэдэг. Би ийм зүйлд орооцолдох хүн биш” гэж мэдэгдсэн юм.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “10 сая ам.доллар гэдэг санаанд багтахгүй их тоо. Хараад байхад одоо дөхөж байгаа сонгуультай холбоотой байж магадгүй. Дээр нь тийм их хэмжээний мөнгөний тухай ярьж байна гэдэг нь үнэмшил муутай юм” гэсэн хариултыг өгсөн билээ.
Гэвч хөшигний ард “10 сая ам.долларын авлига авсан гэх асуудал ор үндэслэлгүй биш. Авсан хүн нь илчлэгдээд “Би ажлаа өгөөд, улс төрөөс явъя” гэж дуугарсан. Маш их айдастай байгаа. Нэр бүхий сайдаас гадна УИХ-ын гишүүн холбогдсон” гэх мэдээлэл яригдсаар байна.
Улмаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг “БНХАУ-ын China State Grid гэх компаниас зээл авсан, тус компанийн захирал Шин Баотай түншийн харилцаатай байсан. Тус компанид тендер өгнө гэж хахууль авсан ч ажлыг нь бүтээж өгөөгүй” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн юм.
Түүнчлэн Ц.Даваасүрэн сайдтай хамт Х.Болорчулуун гишүүнийг уг асуудалд оролцсон гэх мэдээлэл явж буй. Уг асуудлаар тэрээр албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.