НИЙГЭМНийгэм мэдээ

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон Тамхины хууль

  • Энэ хуулиар насанд хүрсэн хүний тамхидалтын түвшин одоо байгаагаас хэдэн хувь буурах тооцоо судалгаа байхгүй
  • Татвар улсад одоо байгаагаас хэдэн тэрбумаар хэдэн хувиар нэмж төвлөрүүлэхийн тооцоо судалгаа байхгүй
  • Хүүхдүүдийн тамхины хэрэглээ хэдэн хувиар буурч байгаан тооцоо судалгаа дутуу байгаа нь бушуу туулай борвиндоо баастай гэдгийг адил болжээ.

Засаг төр бужигнахтай зэрэгцэн хүүхдийн нэр барьсан хууль тогтоогч нар янжуур тамхины бүлэглэлийн талд илт үйлчилсэн Тамхины хяналтын тухай хуулийн төслийг зугуухан зүтгүүлсээр УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болов.

Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнд хууль санаачлах эрх мэдлийг олгосон нь олонхийн эрх ашгийг хамгаалуулах зорилготой. Гэвч Тамхины хяналтын тухай хуулийн төсөлд хэт нэг талд үйлчилсэн зохицуулалт туссан нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болж хувирсныг шүүмжлэх хүмүүс олон байгаа юм.

Гаалийн мэдээгээр Монгол Улсад импортоор орж ирэх янжуур тамхины тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2024 онд 3.5 тэрбум ширхэг янжуур импортлогджээ. Хүн амд хуваан тооцвол нэг хүнд жилд дунждаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи ногдож байна гэсэн үг. Харин электрон тамхи 7.8 сая ширхэг импортлогджээ.

Хоёр тамхи хоёулаа хоруу чанартай ч янжуур тамхи татахад 7000 химийн хортой бодис ялгаруулдаг бол электрон болон халаадаг тамхи нь 4 дахин бага химийн нэгдэл агуулдаг тул хор хөнөөлийн тухайд бага гэж судлаачид тодорхойлдог.

Тэр ч агуулгаар улс орнууд тамхинд ногдуулах онцгой албан татварыг хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа хор хөнөөлөөс нь хамаарч тогтоож ирсэн.

Харамсалтай нь, Тамхины хяналтын тухай хуулийн төсөлд  янжуур тамхинаас 20 дахин хоруу чанар багатай электрон тамхинд 6 дахин өндөр Онцгой албан татвар /ОАТ/ ногдуулахаар тусгасан нь иргэнийхээ эрүүл мэндийг бодолцохоос илүүтэй янжуур тамхины хэрэглээг тэлэх бодлого болж хуульчлагдахаар  байгаа юм. Жишээ татвал, дэлгүүрт өнөөдөр 3500 төгрөгөөр зарагдаж байгаа нэг хайрцаг янжуур дээрх хуулийн үйлчлэлээр 4300 төгрөг болж 800 төгрөгөөр нэмэгдэнэ. Харин 15 мянган төгрөгөөр зарагдаж байгаа электрон тамхинд дээрх хуулийн үйлчлэлээр 6000 төгрөг нэмэгдэж, 21 мянган төгрөг болно. Хэрэглээг бууруулах зорилгоор эдийн засгийн арга хэрэглэхийг нь дэмжиж болох ч яагаад заавал хамгийн их хоруу чанартай, хорт хавдар үүсгэдэг янжуур тамхинд ногдуулах ОАТ-ыг багаар тогтоов гэдэг хардлага зүй ёсоор урган гарч буй.

Дээр нь янжуур тамхинд гаалийн татвар ногдуулаагүй сугалж авч чадсан хэр нь халаадаг IQOS тамхинд янжуур тамхинаас 2,5 дахин илүү үнээр худалдан авах ОАТ тогтоохоор төсөлд тусгасан нь янжуур тамхины бүлэглэл хэр цар хүрээтэй ажиллаж чадсаны илрэл болов уу. Энэ бол Тамхины хяналтын тухай хуулиар дамжуулж, тамхины зах зээлийг бүхэлд нь атгах сонирхол байна гэж харагдаж буй. Учир нь аливаа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхийн хэрээр борлуулалт нь саардаг  нь зах зээлийн хууль. Тиймээс электрон тамхинд ногдуулах ОАТ-ыг өндөр тогтоох замаар утаат тамхины зах зээлийг л тэлэх гэсэн арга юм.

Янжуур тамхи нь электрон тамхи шигээ хоруу чанар бага байсан бол ОАТ-ын хувь хэмжээг нь багаар тогтооход эсэргүүцэх зүйлгүй. Хамгийн гол нь татаж байгаа хүндээ төдийгүй дэргэдэх хүндээ ч халтай, хорт хавдар үүсгэдэг янжуур тамхины ОАТ-ыг яагаад ийм багаар тогтоов. Хоруу чанараас нь хамаарч татварын хувь хэмжээг тавьдаг олон улсын туршлагаас яагаад санаа авсангүй вэ. Хуулийн төсөл санаачлагчийн нэн тэргүүний барьж авдаг ажил бусад улсын хуулийг судалж, сайныг нь авч, хуульд тусгахад оршдоггүй биш билүү гээд олон асуулт араасаа дагуулж буй.

Дээр нь нэг ширхэг янжуур тамхинд  0,10 мг, хайрцаг тамхинд 15-20 мг никотин шатах явцад хүний биед ордог гэж үздэг. Харин 1 хайрцаг тамхитай дүйцүүлж тавьж байгаа электрон тамхины шингэнд 3мг/1 мл 3 хувийн никотин агуулдаг нь маш бага хувь юм. Гэтэл янжуур тамхины бүлэглэл “хүүхдүүд электрон тамхины никотинд хордож байна” гэдэг худал мэдээлэл цацуулсны цаад шалтгаан нь электрон тамхинд 1 мл шингэнд 2 мг-аас бага хэмжээгээр никотин агуулсан байхаар төсөлд тусгасан нь “захиалгын” зохицуулалт боллоо гэж хардах үндэслэл гарч ирж буй. Учир нь, электрон тамхинд орсон никотин нь аюултай юм бол яагаад янжуурын орцонд орсон никотины хувийг буулгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасангүй вэ. Үнэхээр иргэнээ боддог бол 3.5 тэрбум ширхэгээр импортлогдон орж ирж байгаа янжуур тамхинд л энэ зохицуулалт тусаж гэмээнэ жинхэнэ хамгаалалт болох ёстой биш үү. Гэтэл янжуур тамхинд энэ зохицуулалт байхгүй.

-Электрон тамхины үнэр амтыг хорих нь хортой бүтээгдэхүүний зах зээлийг тэлнэ-

Хуулийн төслөд электрон, халаадаг тамхины үнэр, амтыг хориулах зохицуулалтыг тусгасан нь янжуур тамхины бүлэглэлийнхний гар хэр урт явсныг нотлоод өгнө. Зах зээлээ л тэлэх гэсэн алсын зорилго л доо. Янжуур тамхи татахад утаа, үнэр нь эхүүн, хайртай хүмүүсийг нь дам тамхидалтаар хордуулдаг тул татгалзах хүн олон болсон. Өөрийгөө ч, хайртай хүмүүсээ бодсон тэдний сонголтыг буруутгах аргагүй.

Гэтэл дээрх төсөлд заасанчлэн электрон тамхины үнэ, амтыг хоригловол янжуур тамхины зах зээл л хүрээгээ тэлнэ.  Иргэд хортой утаат тамхийг л хэрэглэнэ гэсэн үг. Нөгөө талдаа чанаргүй бүтээгдэхүүн хил гаалиар орж ирэх онлайн худалдаа зогсохгүйн зэрэгцээ хууль хүчний байгууллагын ажлыг улам нэмж эзэнгүй хэргүүд нэмэгдэх, чанаргүй бүтээгдэхүүнээс эрүүл мэндээрээ хохирох хэрэглэгчийн тоо өсөх аюул үүсч байгаа юм. 

Хууль захиалагч бүлэглэлийн эрх ашиг үүгээр дуусахгүй, тамхийг хаалттай тавиураас заруулах хүсэлтэй байгаа нь жижгүүдийн зах зээлийг давхар атгах санаархал юм. Тамхины борлуулалт өнгөрсөн хугацаанд 60/30 аар хуваагдаж ирсэн бөгөөд 30 хувийг атгаж байгаа жижгүүдийг зах зээлээс арчих сонирхол нь томчуудын эртний хүсэл. Дээрх зохицуулалтыг хуульд тусгасан нөхцөлд жижиг газруудын тамхи борлогдохгүй болж, хугацаа нь дууссанаар алдагдал хүлээнэ. Эс хүссэн ч жижгүүд энэхүү бизнесээ орхихоос аргагүйд хүрнэ.  

Ер нь төсөл санаачлагчид холбогдох хуультайгаа хамаарал бүхий судалгааг хангалттай хийж чадсан уу гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж буй. Лавшруулахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Тамхины Хяналтын суурь конвенцийн гишүүн орнуудын хурлаар тамхи болон электрон тамхинд хийсэн хортой хоргүйн судалгааг сүүлийн 10 жилийн хугацаанд танилцуулаагүй байгаа бөгөөд ирэх жил шинэ судалгааг танилцуулахаар бэлтгэж байна.

Харин Англи, Шинэ Зеланд,  Швед,  Япон зэрэг хөгжилтэй орнуудад электрон тамхитай холбоотой маш тодорхой судалгаанууд хийгдсэн бөгөөд хүний биед үзүүлэх нөлөөллөөрөө 95 хувиар янжуур тамхинаас хоруу чанар багатай гэж үзсэн байдаг.

Мөн ДЭМБ-аас гаргасан 2023 оны тархалтын судалгаанд электрон болон халаадаг тамхийг шинэ тутам үүсч байгаа никотин дамжуулах хэрэгсэл гэж тусад нь ENDS хэмээн тодорхойлжээ. Гэтэл Монгол Улс конвенцод нь нэгдэн орсон улс атлаа түүнийгээ зөрчин хуулиндаа янжуур тамхины адилаар тамхи гэх ангилалд оруулсан нь төсөл санаачлагчид лоббид автсан гэх хардлагыг улам баталсаар байгаа юм. Хэрвээ УИХ дээрх төслийг энэ хувилбараар нь баталбал Монгол Улсын ирээдүйд олон аюул дагуулах эрсдэл бий.

Хүн амын дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа олон шалтгааны нэгд тамхидалт ордог. Тэр дундаа тамхи асар их хор хөнөөл дагуулж буйг Монгол Улсад жилд 4300 хүн тамхинаас шалтгаалах өвчлөлөөр нас барж байгааг статистик илтгэнэ.

Тодорхой судалгаа байсаар атал хор уршгийг нь үл харгалзан тамхины бизнес цэцэглэх зохицуулалтыг хуульчилбал жилд 4800-5000 хүн хорт хавдраар өвчлөх эрсдэл хүлээж байна гэх судалгаа ч байна. Дээр нь янжуур тамхийг хууль бусаар Казакстанаас Баян-Өлгийн боомтуудаар оруулж ирэх, улсад татвар төлөгдөхгүйгээр хууль бус худалдаа цэцэглэх хөрс ч болно.

Хуулийг сайжруулах гэж санаачилдаг болохоос муутгах гэж санаачилдаггүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж байснаас больсон нь дээргүй юу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 30, 2025 15:31

одоо хүмүүс дураараа гудамжинд татдаг болсон байлээ. Юун тамхины цэг ?

Холбоотой мэдээ

Back to top button