Н.Наранбаатар: Ирээдүйг бэлтгэх чухал үүрэг, бодох цаг, амьдралын даалгавар бидэнд ирээд байна

Хэвлэл, мэдээллийн 10 сайт хамтран, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулж "Эв эе" хөтөлбөрийг бэлтгэн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатартай ярилцсаныг текст хэлбэрт хөрвүүлэн хүргэе.
Бэлгэдэл бол монголчуудын зөн билэг
-Та Үндэсний их баяр наадмын нээлтийг дөрвөн ч удаа найруулж байсан. Хэдийгээр эрийн гурван наадам гэгддэг ч нээлтийн ёслол бол ард түмний хүлээлтийг хамгийн их үүсгэдэг. Танд энэ хүлээлт хэрхэн мэдрэгддэг вэ?
-Үүнийг багаасаа л мэдэрсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнг миний багад “Голын цэнгэлдэх” гэж нэрлэдэг байлаа. Ойр хавьд нь барилга байгууламж байгаагүй. Тийш Зил-130 машины тэвшин дээр, задгай салхинд явж ирэх нь аз жаргал. Ингээд алдарт бор цаастай хуушуураа идэх бол яах аргагүй чимэг нь, амт нь. Төгрөг 20-ийн интоорын ундаагаа ууна. Ингээд есдүгээр хаалгаар орж, наадмаа, бөхөө үзэх нь бахархалтай.
Монголын ард түмэнд тэр үед ч байсан заншил нэг байна. Нэг зураач надад хэлж байсан юм. “Цэнгэлдэхийг нэг их айхтар чимчиглээд хэрэггүй, Монголын ард түмэн өөрсдөө чимчихдэг юм” гэж. Наадамчин олон хамгийн өнгөлөг дээл хувцас, малгай толгойгоо өмсөж, одон медалиа зүүгээд ирэх нь өөрөө маш том декорац болчихдог. Наадмын урд шөнө догдлоод унтаж чаддаггүй гэж нэгэн эмээ надад ярьж байв. Тэгж их бэлгэшээнэ гэдэг бидний үндэсний баяр цэнгэлийн сэтгэл зүйн нэг онцлог гэмээр.
Тэнд муу муухайг хэн ч хэлэхгүй, сайн сайхныг хүсэн ерөөдөг, бүгдийг сайхнаар хардаг. Тийм ч учир аливаа наадмын нээлт өөрөө бэлгэдэлд суурилсан байх ёстой. Энэ бэлгэдэл бол монголчуудын ирээдүйн зөн билэг. Үүнийг олон жил харна гэдэг сайхан.
Бидний зүрх сэтгэлд хүчит бөхчүүдийн ур ухаан шингэсэн барилдаан, хурдан морьдын төвөргөөн, гийнгоолох хүүхдийн сонсголонт эгшиглэн, онч мэргэн харваачдын тэсвэр тэвчээр шингэсэн байдаг. “Та монгол хүн мөн шүү” гэж хэлдэг, “Би монгол хүн мөн” гэдгээ мэдэрдэг, хамгийн том бол цэг энэ гэж боддог.

-Энэ мэдрэмжид хөг нэмэх гол үүргийг та гүйцэтгэдэг. Энэ жилийн хувьд, наадмын нээлт дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Бид чамгүй их бодлоо. Мэдээж найруулагч бол цаг үеэ сайтар мэдрэх учиртай. Хэдийгээр баяр цэнгэл бий ч цаана нь бодуулах, ухааруулах үзүүлбэр, урлагаар дамжуулж өгөх мессеж байх чухал.
Бид ямар нутагт амьдарч байгаа билээ, хэрхэн түүхэн он жилүүдийг туулсан бэ, цаашид хэрхэх вэ гэсэн асуултууд тавигдана. Жишээлбэл, өдгөө шинэ Хархорум хотыг байгуулах гэж байгаа. Үүнийг наадмын нээлтэд илэрхийлэхээс, бэлгэдэж оруулахаас аргагүй. “Миний нутаг” шүлгийг бүтнээр нь сонсож байсан бил үү хэмээн бодож үзээрэй. Тухайн цаг үед сансарт нисэх боломж бололцоо Монголд байсангүй. Атал их Д.Нацагдорж огторгуйгаас хиймэл дагуулаар харж байгаа юм шигээр хил хязгаартай нь Монгол орноо зураглан хэлж, бичсэн. Бид бүрэн бүтнээр нь бахархаж, омогшиж сонсох л учиртай.
Та бүгдийгээ баярлуулах гэж бүх соёл, урлагийнхан хамтдаа хичээж байгаа шүү гэмээр байна. Мэдээжийн хэрэг энэ жилийн наадамд залуус их орж байгаа. Залуусаа дэмжих ёстой. Залуусын өөрийн гэсэн хэмнэл гараад ирсэн. Гурван жилийн дараах наадмын нээлтэд дан залуус оролцохыг ч үгүйсгэхгүй байна. Гэхдээ өчигдөргүйгээр өнөөдөр үгүй, өнөөдөргүйгээр ирээдүй, маргааш үгүй учир гурван цагийн хэлхээсийг асар анхаарч бодолцож байх учиртай.
Их ирээдүй цагийг бэлдэх чухал. Иймд бодох чухал, бодох цаг ирж байна. Та амьд байна гэдэг ирээдүйн бэлтгэл ажлыг хийж байгаа хэрэг. Таны даалгавар бол дараагийн үеэ бэлтгэх шүү дээ, түүний учир бид хүн болж төрсөн шүү дээ.
Японы эзэн хаанд зориулсан хүндэтгэлийн хэсэг бий
-Өнгөрсөн жил Бутаны хаант улсын эзэн хаан айлчилж таарсан. Энэ жил Японы эзэн хаан, хатны хамт мөн Үндэсний их баяр наадмын үеэр айлчлах гэж байгаа. Энэ утгаар дэлхий биднийг харж байгаа шүү дээ?
-Мэдээжийн хэрэг. Монголчууд биднийг найрсаг ард түмэн гэж эртний сурвалж бичгүүдэд дурдаж ирсэн. Үүний тод жишээ бол, айл нүүдэллэж явбал цай цэгээ, боорцог ааруулаа бариад очдог, ундаалдаг, болж өгвөл хэрэгцээтэй зүйлээр нь тусалдаг заншил. Энэ бидний найрсаг, зочломтгой чанар юм.
Тэр утгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүн болсон цагаас хойш гадаад харилцаанд ихээхэн анхаарч, дэлхий нийтэд найрсаг зангаа үзүүлэх, илэрхийлэх ажилд төвлөрч байгаа. Энэ хүрээнд Японы цог жавхлант эзэн хаан Монголын ард түмнийг хүндэтгээд ирэх гэж байна. Бидэнд хариуцлага байна. Найрсаг зангийнхаа бүхий л сайн талуудыг бид үзүүлнэ. Зочиндоо хүндэтгэл үзүүлэх жижигхэн талархлын хэсгийг бид мөн нээлтийн ёслолд оруулсан байгаа.
Энэ хүндэтгэлд Харүмафүжи сургуулийн хамт олон, сурагч хүүхдүүд маш сайн оролцож байгаа.
-Залуусыг та хөндөж ярилаа. Өв соёлоо мэдэхгүй байна гэж үргэлж л шүүмжилж байдаг. Таны хувьд залуус ер нь хэр зэрэг өв соёлдоо ач холбогдол өгч байна вэ?
-Залууст зүгээр л бурууг чихээд байгаа юм. Гэтэл тэдэнд суурь хэрэгтэй. Тэр суурь бол шулуухан хэлэхэд боловсролын системтэй холбоотой.
Гэрийн орчинд биш нийтийн орчинд албан боловсрол буюу цэцэрлэгээс эхэлж хүнийг хүмүүжүүлдэг. Эхлээд л монгол хэл гэдгийг сайтар заах учиртай. Улмаар өв соёлыг нь монгол хэлээр нь дамжуулж ойлгуулдаг. Түүхийг нь заадаг. Уран зохиолд дурших, оюуны сав шимээ дүүргэх, энэ явцдаа Монголын өв соёлыг илүү их хайрлах хүндэтгэх гээд бүх ухагдахуун тэнд гарч ирдэг. Боловсролын систем алдаатайгаас болж залуус бахархал, үнэт зүйлээ анхаарахгүй болчихдог. Тэдний буруу биш ээ.
Үндэсний үзэл гэдэг зүйл бүрэлдэж амжихгүй байна. Өнөөдөр Монголд үндэсний үзлийн баримт бичиг гэж байдаггүй. Угтаа тэнд бидний үнэт зүйл, бахархал, нандигнал, эх оронч үзлийн суурь бүгдийг лоозон маягаар бичиж, кодолсон байх учиртай. Та бүхэн мэднэ. Японы үндэсний үзэл гэж ном бий. Тэнд бүх зүйл тодорхой. Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, үүнийг гутамшиг гэж үзнэ. Өөрийгөө егүүтгэж чаддаг. Энэ бол үндэсний үзэл. Өнөөдөр сайныг нь гутааж, мууг нь өргөмжлөхдөө тулчихсан байна.
Алдаа гаргаж байгаагүй, учир нь байх ёсгүй
-Та үндэсний бөхөө мөн шимтэн үздэг байх. Аль бөхийг дэмждэг вэ, энэ жилийн наадмын түрүү бөхийг хэн гэж хүлээлт тавьж байна вэ?
-Хүмүүс фанатална, крашилна гэж ярьдаг болсон шүү дээ. Би бол Д.Сумъяабазар андыг барилдаж байх үед үнэхээр фэн нь байлаа. 2016 онд анх наадам найруулсан жилээ Ч.Санжаадамбыг дэмжиж байсан. Яг түрүүлсэн.
Тэр жилийн наадмын нээлтийг Д.Чойжамц хамба үзчихээд маргааш нь уулзаж хоол идье гэсэн. Ингээд “Наадам бол бэлгэдэл байдаг юм, үүнээс бид улс орныхоо өнгийг шинждэг. Санжаадамба нэртэй хүү түрүүлдэг сонин юм” гэлээ. Учрыг асуувал, Санжаа бол бурхан гэсэн үг. Дамба нь ялан дийлэгч, баатар гэсэн утгатай юм билээ. Бурхан, бурхны ном сургааль ялан дийлэх, баатар болох цаг гэсэн утгатай шиг.
Одоо би Б.Орхонбаярыг түрүүлнэ гэж дэмжиж байгаа. Ноднин ч бас би Б.Орхонбаярыг дэмжээд, суудал дээрээ өндөлзөж байсан.

-Жил жилийн наадмын дараа мэдээж тодорхой шүүмжлэлүүд гарч ирдэг. Эдгээрт та хэрхэн ханддаг вэ?
-Фэйсбүүк орчин энд яригдах болно. Энэ нээлттэй самбар дээр хүн бүр сэтгэгдлээ үлдээх бүрэн эрхтэй. Харин шүүмж гэхээр арай мэргэжлийн тал руугаа орчихдог. Судалдаг хүн шүүмжилдэг шүү дээ. Судлахгүйгээр хэлэхийг сэтгэгдэл буюу коммент гэнэ. Хөөрсөн байж болно, хүний даалгавраар бичиж болно, яаж ч мэднэ.
Шүүмж бол мэргэжлийн санал байх ёстой. Бичвэрийн соёл буюу форматаас энэ нь анзаарагдаж, ялгарна. Уншсан хүн гутрахгүй, тунгаан бодох тэр балансыг бий болгож бичихээс эхэлнэ шүү дээ. Хэт их хөөрчихвөл бодит байдал дээр буухгүй, гутарчихвал дахиж юм хийхгүй. Харамсалтай нь манайд мэргэжлийн судлал, шүүмжлэл гавихгүй байна. Харин хүмүүсийн сэтгэгдлээр үг хийнэ гэвэл утгагүй, би уншдаггүй.
-Наадмын гоёлоор энэ дээлийг яагаад сонгов?
-Олдсон нь л энэ (Инээв). Silk Road гэж үндэсний хувцасны брэнд бий. Бид гэр бүлийн найзууд. Надад энэ жил хийж өгсөн, илүү дутуу зүйлгүй сайхан дээл байна.
-Мэдээж бүх зүйл алдаа, оноотой байдаг. Та дөрвөн удаа наадмын нээлт найруулахдаа, санамсаргүй бөгөөд хөгжилтэй алдаа гаргасан удаа бий бол хуваалцахгүй юу?
-Байхгүй. Яагаад гэвэл байж болохгүй. Энэ бол төрийн наадам. Төрийн наадам миний ажлаар эхэлдэг. Яг дуусахад миний нурууны булчин татдаг. Цаг хорин минутын турш зангирч суудаг болтой. Энэ бол шоу тоглолт биш, монгол түмний бахархал.
Жижиг сажиг алдаа гэвэл, телевизийн операторуудад байдаг. Гол зүйлийг бичихийн оронд тэнд нэг хүн хогийн саванд хог хаяж байхыг биччихсэн байдаг. Би бичих зүйл мундаа юу гэж хашгирч байсан. Бүжигчин охины хувцсаа сольж байгааг бичээд цацчихдаг тал ч бий шүү дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shizo shaaan shudtei hulhi l###r
За яахав ээ иргэн хүний хувьд Наранбаатар найруулагч хичээж ажиллаж байгаа нь сайхан санагдаж байна аа.
Сайхан хүн ш дээ. Мэдээж төрийн наадам найруулах амаргүй л байгаан.
Гэхдээ Наранбаатараа Та чаднаа амжилт хүсье.
Чи юугаа нь хөхдөгийн
Идэж ууж ханаа юу хөөрхий �##�и�##�агчид
найз Амгланбаатартайгаа нийлж наадам зохион байгуулах мөнгөнөөс овоо хэдэн цаас цохижээ..
Фантааз гар...
Бас Соосоо шиг хүүхдүүд загнах нээ.
Бэлтгэл тааруу бна яс байх ёстой
Хүлээлт ихтэй бсан санаанд хүрсэнгүй
Наадмын нээлт чинь ёстой хог байсан шүү би бараг арай дээр юм хийх байсан байхаа би найруулагч ч биш жүжигчин ч биш шүү өвгөөн...
Согтуу Наранбаатар наадам найруулах нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгийг 7,8 жил хумс�##�лаа. Ард түмний мөнгийг хулгайлах амархан ч шингээх нэн хэцүү. Ард түмнийг доромжлоод эхэлсэн байна лээ, шингээхээ больж байгаа чинь тэр. Нэг л өдөр сав нь дүүрээд х�##�ьж асгарч өөрөө дуу�####�г жамтай. Наранбаатарын сав дүүрээд асгарч байна. Наранбаатар мэт цадиггүй нөхдийг яаж тарв�##�зсан ч ард түмэн өчиггүй хөөгөөд л явуулна. Чиний хугацаа дуусчээ Наранбаатараа, одоо �######�.
Өөрөө өөрийгөө л их юманд бодоод байх юм. Чи явахаа больжээ.