Жастин Тимберлэйк: Эцсийн эцэст бид ердөө л жүжигчид, хөгжимчид, дэлхийг авраад байгаа юм байхгүй

Алдарт дуучин Жастин Тимберлэйк “The Talks” сэтгүүлд өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе.
Ноён Тимберлэйк та “25 насны хямрал” гэгддэг үеийг туулсан уу?
25 насны хямрал гэдэг чинь одоо үеэ өнгөрөөсөн ойлголт шүү дээ. Би энэ талаар нэг их бодож байгаагүй ч энэ жил миний амьдралын хамгийн онцлог, өөрчлөлттэй жил байсан. 25 нас хүрсэн цагаасаа хойш жил бүр их зүйл сурч байгаа гэдгээ мэдэрсэн. Тэр нас миний хувьд эргэлтийн цэг болсон юм шиг.
Яагаад?
Би байгаа зүйлдээ талархаж, байхгүйд нь шаналж хөөцөлдөхөө больё гэж ухамсартайгаар шийдсэн. Ингэснээр илүү олон дурсамжийг хадгалж чадна гэж бодсон. 25 хүрснээс хойших жилүүдэд миний амьдрал илүү дурсамжтай болсон.
Та түүнээс өмнө ч гэсэн маш олон дурсамжтай байсан байлгүй дээ
Би 25 наснаас өмнөхөө бараг санадаггүй юм аа.
Өнөө үед хүмүүс насныхаа талаар эрт шаналж, санаа зовдог болсон. Зарим нь бүр 20 гаруй наснаасаа ботокс хийлгэж байна
25 настайдаа хүн ботокс хийлгэж байна гэхээр төсөөлөгддөггүй ээ.

Харин Холливудэд бол энэ бол хэвийн үзэгдэл гэгддэг шүү дээ
Тийм. Миний ойлгосноор бол хөгширсөн хойноо нүүрний өөрчлөлт гэнэт харагдахгүй байлгахын тулд л эртнээс хийлгэдэг. Ирээдүйд гоо сайхны хагалгаанд орсноо мэдэгдэхгүйн тулд ботокс хийлгэдэг юм шиг байгаа юм. Арьс нь чанга хэвээр байж байгаад, 35 хүрээд, 40 хүрэхээр гэнэт өөр болоход нь хүмүүс анзаарахгүй. Тэр нь л зорилго нь юм болов уу.
Зарим хүмүүсийн хувьд энэ нь шүдээ угаахтай адил л юм гэнэ лээ.
Харин шүдний эрүүл ахуй чинь өөр хэрэг шүү дээ.
Тийм шүү.
Тэр чинь угаалга шүү дээ. Харин нөгөө нь бол нэг хүнд мөнгө төлж хийлгэх юм.
Магадгүй энэ бүхэн мөнх наслах хүслээс үүдэлтэй байж магадгүй. Таны хувьд уран бүтээлийг тань таалал төгссөний дараа ч гэсэн хүмүүс сонсох нь ач холбогдолтой вэ?
Миний бодлоор, ямар нэг зүйлийг сонгодог уран бүтээл болгохын цорын ганц арга нь яг тухайн мөчид орших явдал. “Энэ зүйлийг хүмүүс үүрд санах болов уу?” гэж бодоод суувал бүтэхгүй. Харин үнэнч, чин сэтгэлээсээ байх хэрэгтэй. Тэгж чадвал юмыг хэт бодох шаардлага үүсэхгүй. Яг тухайн мөчид бүрэн орших нь л гол зүйл. Үлдсэн нь ямар ч байсан болно биз.
Та үүнийг хэзээ ойлгосон бэ?
Тоглолт хийх, аялан тоглолтод явах гэдэг нь яг л тухайн мөчийг бүтээх тухай зүйл. Хөгжим бүтээх ч бас яг тийм. Тухайн мөчид амьдрах гэдгийг юу хийж байгаагаа задлан шинжлэх, харин зүгээр л юу зөв юм шиг мэдрэгдэж байна түүнийгээ дагах гэж би ойлгодог. Кинонд тоглоход ч гэсэн тийм үүнтэй адил. Эргэж буцаж бодох хэрэггүй, зөвхөн мэдэр. Тоглож байхдаа мэдэрсэн мэдрэмж чинь л хамгийн үнэн зүйл.
Тийм болохоор л хүмүүс өөрсдийгөө дэлгэцэн дээр үзэх дургүй байдаг байх нь ээ?
Тийм шүү. Хүмүүс дэлгэцэн дээр өөрийгөө харангуутаа л шүүмжилж эхэлдэг. Гэтэл анхнаасаа тийм зорилгоор хийгээгүй биз дээ. Миний бодлоор ямар ч урлагийн төрөл үүнд хамаарахгүй. Урлагийг үнэлдэг, үнэ тогтооно гэдэг нь ер нь сонин. Зарим талаараа энэ нь хүнийг эд баялгаар нь ангилдаг нийгмийн хандлагатай төстэй. “Чи жүжигчний хувьд хэр зовсон бэ?”, “Хөгжим чинь надад хэр гүнзгий мэдрэмж өгч чадах вэ?”, би сайн мэдэхгүй байна. Миний сүүлд гаргасан цомог “жинхэнэ” байгаагүй.
Тэр нь танд асуудал биш үү?
Би өөрийгөө Жон Леннон шиг суут хүнтэй зүйрлэх гээгүй шүү, тэгж бичээд хэрэггүй дээ…
Харин би тэгж бичихгүй гэх амлалт өгөхгүй шүү.
Хэрвээ тэгвэл би чамайг олж очоод ална шүү! (Инээв). Гэхдээ би “Imagine” киног үзээд сэтгэл маш их амарсан. Кино дээр нэг залуу Ленноны гэрийн хаалгыг тогшоод “Чи энэ дууг надад зориулж бичсэн” гэхэд Леннон их инээдтэй хариу өгдөг. Тэр Англи аялгаар “Үгүй ээ, найзаа. Би зүгээр л үгсийг эвлүүлдэг. Энэ үгнүүд ь надад ямар ч утгагүй. Би энэ дууг чамд зориулж бичээгүй. За, хоол идэх үү?” гэж хэлдэг. Энэ бүх дарамтыг авч хаяад, эцсийн эцэстээ бид ердөө л жүжигчид, хөгжимчид шүү дээ. Дэлхийг авраад байгаа юм байхгүй.
Эх сурвалж: The Talks
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.