Судлаачид: Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулахдаа Үндсэн хууль зөрчсөн талаарх мэдээлэл, баримт

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах агуулгыг УИХ-аар хэлэлцэх явцад Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн|зөрчөөгүй гэх маргаан үүсээд буй. Уг асуудлаар Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавин, Үндсэн хуулийн цэцээс Их суудлын хуралдааныг товлоод байна. Үүн дээр судлаачдын байр суурь ч харилцан адилгүй байгаа юм. Бид удаа уг агуулга нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй судлаачдын дэвшүүлсэн санаа, аргумент, тайлбаруудынг багцлан хүргэж байна.
Редакцын бус агуулга
Нэг. Ерөнхий сайдыг огцруулах саналыг Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдэд тараасан талаар,
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ...” гэж заасан.
2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцад Ажлын дэд хэсгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаан дээр “...3 хоногийн дараа гэсний гол утга учир нь бол Улсын Их Хурлын гишүүд огцруулах санал өргөн барьж байгаа гишүүдийн саналтай танилцах боломжийг олгох явдалд оршиж байгаа юм...Улсын Их Хурлын гишүүд бүр нухацтай танилцах боломжийг олгох зорилготой юм...”[1] гэж тайлбарласан байна.
Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан П.Сайнзориг нарын саналыг Улсын Их Хурлын бусад гишүүдэд шууд тараалгүйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр тараасан нь гишүүд уг саналтай нухацтай танилцах боломжийг бүрдүүлээгүй байна.
Хоёр. Байнгын хорооны хуралдааныг үндэслэлгүйгээр хаасан талаар,
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14:46 цагт 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, нэр бүхий гишүүдээс гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцсэн бөгөөд ажлын цаг дууссан үндэслэлээр хуралдааныг түр завсарлуулсан. [2]
Ингээд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт тус байнгын хорооны хуралдааныг үргэлжлүүлэх үед 32-оос 20 гишүүний ирцтэй (өмнөх ирцийн бүртгэлээс гадаад томилолттой үндэслэлээр хоёр гишүүнийг хассан) буюу хуралдааныг хэвийн явуулах боломжтой байсан боловч Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нь хуралдааны танхимд 4-5 гишүүн сууж байгаа нь хангалтгүй гэж үзээд, хуралдааныг шууд хаасан.
Байнгын хорооны хуралдааныг түр хойшлуулах үед бүрдсэн байсан ирцээр хуралдааныг үргэлжлүүлэх ёстой байтал тодорхойгүй шалтгаанаар хааж, товыг дахин зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 13.1.2 дахь заалтад “хуралдааныг товлосон цагт эхлүүлж, дэгийн дагуу зохион байгуулах” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Гишүүн дараах бүрэн эрхтэй”, 8.1.21 дэх заалтад “Улсын Их Хурлаас баталсан гишүүний ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах” гэж заасныг тус тус зөрчсөн.
Байнгын хорооны дарга нь хуралдаан даргалагчийн хувьд хуульд заасан ирц бүрдсэн бол хуралдааныг дэгийн дагуу зохион байгуулж, хуралдаанд гишүүд асуулт асуух, байр сууриа илэрхийлж, үг хэлэх, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, таслах эрхтэй оролцох нөхцөл, боломжийг нь бүрдүүлэх үүрэгтэй.
Энэ үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нь “өөрийн харьяалагддаг Байнгын хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах” гишүүний бүрэн эрхийг шууд хязгаарласан үйлдэл болсон.
Өөрөөр хэлбэл, өмнө нэгэнт бүрдсэн ирцээр хуралдааныг үргэлжлүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт “тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно” гэж заасныг баримтлан гишүүдийн үгийг хэлүүлж, санал хураалт явуулж, тухайн өдрөө хуралдааныг дуусгах ёстой байсан.
Гурав. Чуулганы хуралдааны дэг зөрчсөн талаар,
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэхээр тов тогтоож, хуралдааны ирцийг мөн өдрийн 09:00 цагаас эхлэн бүртгэсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно” гэж заасан бөгөөд хуралдааны ирц бүрдээгүй, хуралдаан албан ёсоор эхлээгүй байхад Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагт хуралдааны цагийг сунгасан тухайгаа Улсын Их Хурлын даргын суудлын индрээс мэдэгдсэн. Ингээд мөн өдрийн 00:00 цаг болоход хуралдааны ирц бүрдээгүй хэвээр байсан.
Гэтэл Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг 10:00 цагт нээж үг хэлэхдээ өмнөх өдрийн ирцийн бүртгэлийг үндэслэн хуралдааныг үргэлжлүүлэхээр мэдэгдэж, 10:15 цагт 51.6 хувийн ирцээр хуралдааныг эхлүүлсэн.
Энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасныг ноцтой зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан үйлдэл болсон.
Дөрөв. Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн талаар,
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж, 101.2 дахь хэсэгт “Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж, 101.3 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэж, 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй” гэж тус тус заасан.
Дээрхээс үзвэл, Үндсэн хуульд хоёрдмол утгагүйгээр тодорхой заасан томьёолол буюу гишүүдийн албан ёсоор тавьсан “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих гэдгээр санал хураалт явуулж, Улсын Их Хурлын нийт 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцох зохицуулалттай байна.
Гэтэл Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг Байнгын хорооны саналыг үндэслэн “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй Байнгын хорооны саналыг дэмжие” гэдгээр санал хураалт явуулж, нийт гишүүдийн 71 буюу 64 хувь нь дэмжээгүй тул “Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.
Ийнхүү Байнгын хорооны саналаар “Ерөнхий сайдыг огцруулахыг саналыг дэмжээгүй” гэснийг “дэмжье” гэж санал хураасан нь Үндсэн хуульд заасан “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжие”гэсэн үндсэн нөхцөл шууд утгаар хэрэгжихгүй, эсрэг утгаар биелэгдэх нөхцөл бүрдэж, гишүүдийн идэвхтэй дэмжсэн саналаар бус идэвхгүй, хийсвэр олонхиор Ерөнхий сайдыг огцруулж, Үндсэн хууль зөрчигдөх нөхцөл бүрдсэн.
Тав. Өмнөх жишгийг харгалзан Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулах нь үндэслэлгүй талаар
Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн амин сүнсийн нэг нь төрийн гүйцэтгэх дээд эрх мэдэл Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байсан.
Энэ зарчмын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал...Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол...” гэж өөрчлөн найруулж, Ерөнхий сайдыг гишүүдийн саналаар огцруулах асуудлыг хэлэлцэх журмыг тодорхой болгон зохицуулсан.
Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар нь Байнгын хорооны саналаар санал хураалт явуулах болсон үндэслэлийг “өмнөх Ерөнхий сайд нарыг огцруулах үед явуулсан санал хураалтын жишгийг баримталсан” гэсэн агуулгаар тайлбарлажээ.
Гэтэл,
1.Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газрыг огцруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх хуулийн зохицуулалтаар шийдвэрлэж байсан;
2.У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. Гэхдээ Улсын Их Хурлын огцруулах тогтоолын үндэслэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг бус, харин Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт буюу Улсын Их Хурал “Ерөнхий сайд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэснийг үндэслэж байсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг 2019 онд өөрчлөн найруулсан. Ялгааг нь доор харуулав.
1992 оны Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг | 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараах Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг |
“Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.” | “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” |
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүрэн эрхт, Туурга тусгаар Монгол Улс 80 жилийн тэртээ БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний сан�##� хура�##�тыг 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр явуулсан түүхэн энэ өдөр Анхан шатны шүүхээс ял сонсож байсан Хадг�##�амж банкны гэмт хэрэгтэн этгээд Монгол төрийг хямр�##�д оруулсан хориг тавьснаа өөрийн бараа бологчдоор дамжуулан сүр жавхлантай зарлав. Хүрэлсүх гэгч этгээд яасан их Монголын төрөөр тоглоно вэ? Эрх мэдлийн төлөөх яасан их улайр�##� вэ? Ерөнхий сайдаар өөрийн утсан хүүхэлдэйг тавихгүй л бол эрх мэдлээ �##�даж шоронд орно гэхээс үхтлээ айж байгаа хэрэг үү? Тусгаар тогтнолоо илэрхийлсэн түүхэн энэ өдөр ямар учраас Монголын ард түмний сэтгэл руу ус цацаад байна аа??? Энэ этгээдийг нэн даруй огцруулж, УИХ-ыг тараая. Монголын ард түмэнд Неп�##�ьдахаас өөр сонголт үлдсэнгүй!!
Нүүрсчид 4-5 удаа хууль илэрхий зөрчин хүчиндсэн ш дээ