Фронт дээрх Украин цэргүүд энхийн гэрээнд эргэлзэж байна
Украины дайн эхлээд бараг дөрвөн жил өнгөрлөө. Сүүлийн долоо хоногуудад дайныг дуусгах гэсэн дипломат хүчин чармайлт эрчимжлээ. Хэлэцэгчид энхийн гэрээ байгуулахаар хичээж байна. Гэвч ямар ч гэрээ байгуулсан ОХУ Украиныг эзлэх бодолтой хэвээр үлдэнэ гэж фронт дээрх украин цэргүүд үзэж буй. Оросууд одоо эсвэл хэдэн жилийн дараа шинэ зэвсэгт хүчнээрээ дахин дайрна гэж тэд бодож байгаа юм.
Мөн 1300 орчим километр үргэлжлэх фронтын шугамыг хамгаалахын тулд яг одоо Киевт хүн хүч хэрэгтэй байгааг фронт дээрх цэрэг “Associated Press” агентлагт ярьжээ.
Днепропетровск болон Донецк мужийн хил орчимд байрлаж буй 40 настай их буучин "Украины Зэвсэгт хүчин бол энгийн иргэдийн амгалан тайван амьдрал болон манай муу хөршийн хооронд зогсож буй гол хаалт" гэж хэлсэн байна. Армийн дүрмийн дагуу тэр цэргүүд бие биеэ дуудахад ашигладаг нэрээ л “Associated Press” агентлагт хэлжээ. Фронт дээрх цэргүүд түүнийг “Кельт” гэж дууддаг аж.
Москва энхийн гэрээг дагаж мөрдөнө гэдэгт Украины цэргүүд ихээхэн эргэлзэж байна. Украин НАТО-д элсэж аюулгүй байдлын баталгаа авахгүй бол ОХУ шинэ цэрэг, техникээр дахин довтлох нь гарцаагүй гэж цэргүүд болон зэвсэгт хүчний шинжээчид үзэж буй.
ОХУ ирээдүйд аюул заналхийлнэ гэж цэргүүд бодож байна
Кельт аливаа энх тайвны тохиролцоо удаан үргэлжлэхгүй гэж санаа зовж байгаа юм. Киевд амьдардаг байсан тэрбээр "Гал зогсоож, эвлэрэх нь богино хугацаанд л үргэлжилнэ. Оросууд 3-5 жилийн дотор зэвсэгт хүчнээ сэргээгээд буцаад л ирнэ" гэж хэлжээ.
"Да Винчигийн чононууд" батальоны удирдагч Сергей Филимонов энхийн гэрээ байгуулах нь ОХУ-д довтолгоогоо эхлүүлэх шаардлагатай бүх зүйлийг өгнө гэж санаа зовж буйгаа илэрхийлсэн юм.
Тэр "Дайныг дуусгаж, хориг арга хэмжээг цуцлуулж, шинэ дайнд бэлтгэж байгаад дахин довтлох нь оросуудад таатай байна байх. ОХУ сүйрэх эсвэл ядаж удирдлага нь өөрчлөгдөхөөс нааш энх тайван тогтоно гэдэгт би итгэхгүй байна" гэжээ.

Украины арми дахь хүн хүчний хомсдол
ОХУ-ын цэргүүд Донецк мужийн ложистикийн гол төв болох Покровск хотод хэсэг хугацаанд нэвтэрсэн ч буцаан түлхэн гаргасан гэж Филимонов хэлсэн байна. Түүний бригад хамгаалалтын шугамаа барьж чадсан боловч зэргэлдээх ангиудад туршлагагүй шинэ цэргүүд олон байсан нь хүндрэл учруулжээ.
Кремль даваа гарагт /2025.12.01/ мэдэгдэл хийхдээ цэргүүд нь Покровскийг эзэлсэн гэж мэдэгдсэн. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Парист байхдаа тулаан үргэлжилсээр байгаа хэмээн үгүйсгэсэн мэдэгдэл гаргажээ.
ОХУ өнгөрсөн жилийн зунаас хойш Покровскийг хяналтдаа авахаар бага багаар бүслэх тактик хэрэгжүүлж эхэлсэн. Фронт дээр ОХУ-ын хүчин томоохон ахиц гаргах эсэх нь Украин цэргийн тоогоо нэмэгдүүлж, хадгалж чадах эсэхээс хамаарна гэж АНУ-ын цэргийн шинжээч Роб Ли “Associated Press” агентлагт хэлсэн байна.
Тэрбээр "Украинд хүн хүчний нөөц дутагдаж байна. Украины ганц л бригад сулрахад ОХУ урагшлах боломжтой болно" гэж хэлжээ. Фронт дээрх батальонууд 400-800 хүнтэй байх ёстой байдаг. Харин Украины цэргийн шинжээч Тарас Чмут хэлснээр олон батальон 20 орчим л хүнтэй байлдаж байгаа аж.
Украин сардаа 30 мянга хүртэлх цэрэг шинээр татаж байгаа ч олонх нь алба хаахаас зайлсхийх арга олдог. Татагдсан хүмүүс дунд фронтын цэргүүдийг орлох чадалтай нь цөөн байгаа юм.
Украинд барууны тусламж хэрэгтэй хэвээр байх болно
Энхийн хэлэлцээнд Украины армийн хэмжээг танах тухай нөхцөл бий. Үүнийг Кельт “Оросууд биднийг одоо биш юмаа гэхэд дараа нь хөнөөхөд болгож байгаа хэрэг” хэмээн шүүмжилжээ.
Украины арми одоогийн байдлаар сая гаруй алба хаагчтай. Тэдгээр цэргүүдийг барууны тасралтгүй дэмжлэггүйгээр зэр зэвсгээр хангах бараг боломжгүй. 2022 онд дайн эхэлснээс хойш Украины засгийн газар татвараас олдог орлогоо бараг тэр бүхэлд нь зэвсэгт хүчиндээ зарцуулах болсон. Эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсрол, тэтгэвэр, эрчим хүч зэрэг бусад зардлаа барууны буцалтгүй тусламж, зээлээр санхүүжүүлж байгаа юм.
Европын Холбоо 2024-2027 онд Украинд 50 тэрбум ам.долларын тусламж өгөхөөр төсөвлөсөн. Гэвч ирэх хоёр жил Украины зэвсэгт хүчний төсөвт 83.4 тэрбум ам.доллар, бусад зардалд 52 тэрбум доллар хэрэгтэй болно гэж Конкордиа их сургуулийн эдийн засгийн дэд профессор Глеб Буряк хэлжээ.
Украины ирээдүйн санхүү, зэвсэгт хүчнээ авч явах чадвар нь ОХУ-ын царцаагдсан хөрөнгийг хэрхэн ашиглана гэж энхийн гэрээнд тусгаж өгснөөс хамаарна гэж тэр нэмж хэлсэн юм. Дайн дуусвал тусламж буурах эрсдэлтэйг Буряк онцолсон байна.
Эх сурвалж: AP












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.