The MongolZ: Бидний дотор одоо ч 2990-ийн үеийн "амжилтаар өлссөн" мэдрэмж хэвээр

“E-sport world cup 2025” тэмцээнд тэргүүн байр эзлэж, дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдсэн “The MongolZ“ багийг мэдэхгүй хүн ховор байх.
Юун түрүүнд энэ багийн түүх тэртээ 2013 оноос эхлэлтэй бөгөөд анх “Dota 2” багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Харин 2015 оноос эхлэн CS буюу Counter Strike төрлөөр өргөжиж, өдгөө Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим спортын баг болсон юм. MongolZ багийн бүрэлдэхүүнд Б.Гарьдмагнай "bLitz", М.Содбаяр "Techno4K", Б.Өсөхбаяр “910", Б.Аюуш "mzinho” гэсэн тамирчдаас гадна дасгалжуулагч Б.Эрдэнэдалай буюу maaRaa багтана.
Тэдний энэ их амжилтын түүх “2990” болон “Checkmate” гэх багуудаас эхлэлтэй. Тамирчдын холио, солио ихээр хийгдсээр анхны амжилтаа ахиулсаар өнөөдрийн “The MongolZ” үүсгэн байгуулагдаж, дэлхийд ноёлох болсон юм.
Өнөөдөр “The MongolZ” баг Будафешт мэйжорын эхний тоглолтоо хийнэ. Тэд энэ удаагийн тэмцээнийг Монголын CS-ын эхлэлийг тавьсан “2990” багийн шинэ өмсгөлөөр эхлүүлж байна. Энэ тухайгаа өөрсдийн цахим хуудаснаа "2990" гэдэг нэр бол бидний анхны алхам. Бидний хамгийн их дурсан санадаг үе. Зургаа, долоон жилийн өмнө гурвалжингийн гүүрний тэнд давчуухан 2 өрөө байшинд мөрөөдөл, хүсэл зорилгынхоо төлөө харанхуйгаар зүтгэж байсан "амжилтын төлөөх өлсгөлөн" үе. Өдөртөө элэгний нухаштай талх идчихэд л данга байсан үе. Тэрхүү нэг жилийн хугацаанд бид тэмцээний шагналын сангаас өөр цалин, орлогогүй ч энэ л тоглоомыг тоглох орчинтой байсан нь хангалттай байлаа. Шалан дээрээ 6, 7-уулаа зэрэгцээд л унтчихдаг байсан. Монголын Counter Strike-чид цэвэр хичээл зүтгэл, сэтгэл зүрхээрээ туулсан тэрхүү жилүүдэд бид хэн байснаа дурсан "2990"-ээр ирэх улирлын өнгө төрхөө нэрлэлээ. Бидний дотор одоо ч 2990-ийн үеийн "амжилтаар өлссөн" мэдрэмж хэвээр” гэж мэдээлсэн юм.
Ийнхүү хуучны “2990” багт хүндэтгэл үзүүлэн тэд өнгө төрхөө шинээр өөрчилж, шинэ түүхийг бүтээхээр шинэ улирлаа эхлүүлж байна.
Б.НОМТ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.