Нийгэм мэдээ

“Зулын 25”: Үйлдсэн буян түмээр арвиждаг өдөр

Буддын шашинт улс орнууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг "Зулын 25"-ны их дүйчэн өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж ирсэн. Энэ жил 12 дугаар сарын 14-нд буюу нөгөөдөр тохиож байна.

Монголчууд эл өдөр зул өргөж, буян үйлдэх бөгөөд үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Өвлийн эхэн сарын билгийн тооллын 25 идэш хоол бэлтгээд дуусах үед тохиох бөгөөд энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг цээрлэдэг. Мөн төхөөрсөн малынхаа бөөрний өөхөөр зул өргөж, цээрээ гаргадаг зан үйл ч бас бий.

Учир нь,

Бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургаадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээнээр орчлонд мэндэлсэн. Түүнчлэн наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) өвлийн эхэн сарын 25-ны үдэш таалал төгсчээ. 

Энэ цагаас хойш бурхны шашинтнууд "Зулын 25" хэмээн нэрийдэх болсон түүхтэй юм.

-Богд Зонхов ба түүний хоёр шавийн шүтээн дүр-

Богд Зонхов болон түүний хоёр шавийн шүтээн дүрийг Батцагаан цогчэн дуганд эрхэмлэн залсан байдаг.

Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн түүхтэй бөгөөд тэдгээрийн сүүлийн дэлгэрэлтийн үед Богд Зонховын үндэслэн тогтоосон гэлүгба ёс өргөн дэлгэрч, өдгөө Монголын шашин соёлын гол уламжлал болон баттай нутагшсан билээ.

Богд Зонхов нь Цаст Төвөдийн нутагт лагшин мэндэлсэн их эрдэмтэн, гэгээнтэн тул түүний энэхүү шүтээн дүрийг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өөрийн хөрөнгөөр бүтээлгэн, Монголын ард түмэнд өргөн барьсан нь онцгой үнэ цэнтэй шүтээн юм.

Богд Зонховыг бурханы шашинд энэрэл нигүүлсэл, билиг ухаан, хүч чадлын гурван мөн чанарыг төгс илтгэгч хэмээн эрхэмлэн дээдэлж, үе үеийн сүсэгтэн олноороо гүн хүндэтгэлтэйгээр шүтэж ирсэн юм.


Энэхүү дүйчэн өдөр МБШТ- Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр нийт лам хуврагууд, сүсэгтэн олонд нэг өдрийн тэтгэн ариусгахуй буюу Тэгчэн сожинг хүртээж "Мөрийн гурван эрхэм" ном айлдана.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button