Монгол Улс Ази тивийн хамгийн аюулгүй орнуудын нэгээр нэрлэгджээ
Монгол Улс Ази тивийн хамгийн аюулгүй таван орны нэгээр нэрлэгдэж, мөн Дэлхийн Энх тайвны индекс түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтээ бүртүүлсэн байна.
Дэлхийн Энх тайвны индекс нь улс орнуудын энх тайван, аюулгүй байдлын түвшинг 1-ээс 5 хүртэлх оноогоор үнэлдэг бөгөөд оноо бага байх тусам илүү тайван улсад тооцогддог. Тус индекс нь дэлхийн 163 улс орныг нийгмийн аюулгүй байдал, үргэлжилж буй зөрчил мөргөлдөөн, цэрэгжилтийн түвшин гэсэн 3 үндсэн шалгуураар үнэлдэг.
Сүүлийн арван жилд Монгол Улсын Дэлхийн Энх тайвны индексийн үзүүлэлт тогтмол сайжирч, дэлхийн топ 50 орны эгнээнд байнга багтаж иржээ. Тухайлбал, 2015 онд Монгол Улс 2.22 оноотойгоор дэлхийд 42-р байранд эрэмбэлэгдэж байсан бол 2025 он гэхэд үзүүлэлт нь 1.719 болж ахиж, Ази тивд 5-р байр, дэлхийд 37-р байр эзэлсэн байна.
Дэлхийн хэмжээнд Энх тайвны индекс 13 дахь жилээ дараалан буурч байгаа энэ үед Монгол Улс эсрэгээрээ эерэг ахиц гаргасан цөөн улсын нэг болж байгаагаараа онцлог юм.
Монгол Улсын энх тайван, тогтвортой байдлыг тодорхойлж буй гол хүчин зүйлсэд:
- Зэвсэгт мөргөлдөөнгүй байдал
- Цэргийн зардал харьцангуй бага түвшинд хадгалагдаж буй
- Гэмт хэргийн түвшин тогтвортой
- Дотоод, гадаад зэвсэгт зөрчилгүй байдал зэрэг багтаж байна. Эдгээр нь Монгол Улсыг Ази тивийн хамгийн тайван, тогтвортой орнуудын нэг хэмээн үнэлэгдэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Э.БАЯНМӨНХ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.