Колумбад 7.4 магнитуд хүчтэй газар хөдлөн, 132 хүн амь үрэгдэж онц байдал зарлажээ
Даваа гарагт /2026.08.10/ Колумбын баруун бүсэд 7.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 132 хүн амь үрэгдэж, 570 хүн бэртсэн байна. Эх сурвалжууд мэдээлж буйгаар энэ нь 2000 он гарснаас хойш Колумбад тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ. Хэдхэн хоногийн өмнө ажлаа хүлээн авсан Ерөнхийлөгч Де Ла Эспериелла хөдлөлтийн дараа үндэсний хэмжээнд онц байдал зарласан байна.
АНУ-ын Геологийн судалгааны төв (USGS) мэдээлэхдээ, газар хөдлөлтийн төв 4,800 гаруй хүн оршин суудаг Сон Хосе Дель Палмар тосгон байсан гэжээ. Газар хөдлөлтийн улмаас нурсан хэд хэдэн барилга дунд Кали хот дахь нярай болон хүүхдийн эмнэлэг байсан талаар эх сурвалжууд мэдээлэв. Аврагчид нуранги доороос хүмүүсийг гаргаж авахаар ажиллаж байна. Колумбын Дотоод хэргийн сайд Родриго Лара Рестрепо мэдээлснээр газар хөдлөлтөд 20 гаруй бүс нутаг өртжээ.
“USGS” мэдээлснээр хөдлөлтийн төв газрын гадаргаас 107 км-ын гүнд байсан аж. АНУ-ын Нортуэстэрн их сургуулийн газар хөдлөлт судлаач Сюзан ван дер Ли хэлэхдээ, хөдлөлтийн төв гүнд байсан ч гэсэн гулсах хөдөлгөөний улмаас гамшгийн хохирол нэмэгдсэн байж магадгүй гэжээ. Тэр “Энэ хөдлөлт газрын царцдаснаас хамаагүй дор байсан. Онолын хувьд тийм ч их чичиргээ үүсэх ёсгүй байв. Гэвч маш их чичиргээ үүссэн” гэж хэлсэн байна. Гулсах хөдөлгөөн гэдэг нь чулуулгийн хэсгүүд босоо хагарлын хавтгай дагуу бие биеийнхээ хажуугаар гулсах хэвтээ хөдөлгөөн юм.

Хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслахын тулд АНУ 15.5 сая ам.долларын тусламж илгээнэ гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ. Мөн “World Central Kitchen” байгууллага яаралтай хүнсний тусламж үзүүлэхийн тулд гамшгийн тусламжийн сүлжээгээ идэвхжүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Колумб улс нь газар хөдлөлтийн идэвх өндөртэй Номхон далайн Галт цагариг гэгддэг бүтцийн дагуу оршдог. Ийм учраас тус улсад сар бүр олон мянган удаа багахан хүчтэй газар хөдлөлт болдог байна. Галт цагариг гэдэг нь Хойд болон Өмнөд Америкаас Ази, Номхон далай, ОХУ-ын зүүн эргийн дагуу оршдог 40 мянган км урт галт уул, далайн хонхор газрын бүрдэл юм. Энэ бүсэд дэлхийн газар хөдлөлтүүдийн тавны нэг орчим нь болдог.
Эх сурвалж: Reuters, Euro News, CNN








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.