“Магна харт”-ын үзэл санаа
Хаан хийгээд харц, баян болоод ядуу, боловсролтой ба боловсролгүй, эрх мэдэлтэй, албан тушаалтай үгүйгээс үл хамааран хүн бүр хуулийг дээдлэн, хуульд захирагдах тухай ойлголт (Rule of law) нь хүний эрхийг хууль шүүхээр хамгаалахаас гадна төрийн эрх мэдлийг ч хуулиар хязгаарлана гэсэн утгыг давхар агуулдаг.
Хэн байхаас үл хамааран хүн бүр хуульд захирагдах, төр буюу хааны хэмжээгүй эрх мэдлийг хуулиар хязгаарлах зарчмын үндсийг дэлхий дахинаа англичууд анх 1215 онд Магна Харт (Magna Carta)-аар тавьсан. Үүнээс хойш Үндсэн хуульт ёс (constitutionalism) биежиж төлжих хүртэл 400-500 жил зарцуулсан түүхтэй.
Хаант засаг нь язгууртнууд, газрын эзэд болоод жирийн ард иргэд, хөдөлмөрчдөд дур зоргоороо татвар ногдуулж, үндэслэлгүй торгууль, шийтгэл оноодог явдлыг өөрчилж, хууль шүүхээр эцэслэн шийдээгүй бол хэнийг ч ямар ч хэлбэрээр шийтгэхгүй байхыг “Магна харт”-д тусгаж өгсөн. Тухайлбал, тэртээ XIII зууны эхээр англичууд “Хууль бусаар буюу шүүхийн шийдвэргүйгээр нэг ч чөлөөт иргэнийг шийтгэх, шоронд хийх, эх орноос нь хөөж болохгүй. Гэрчүүдийн мэдүүлэг дээр тулгуурлан баривчлах ёстой” хэмээн хүний эрх, эрх чөлөөг хууль, шүүхээр хамгаалах зарчим болоод хууль дээдлэх ёсны үнэ цэнийг дархалж өгчээ.
Мөн Хаант засаг татвар хураамжийг тогтоохдоо эхлээд Хаант улсын зөвлөлийн шийдвэр, зөвшөөрлийг авах ёстой гэж ноёдууд нь Жон хааныг шахаанд оруулан байж гарын үсэг зуруулсан энэхүү эрх чөлөөний тунхаг бичиг хожмоо хүн төрөлхний луужин болсон юм. “Магна Харт”-ын 20 дугаар заалтад татвар, торгууль, шийтгэл ногдуулахдаа хүнийг амьжиргааны үндсэн эх үүсвэрээс нь салгаж болохгүй гэсэн зарчмыг тусгасан нь 800 жилийн туршид дэлхий дахинаа мөрдлөг болгохыг эрмэлздэг үзэл санаа билээ.
Энэ бүх үзэл санаа нь хааны (төрийн) эрх мэдэл хуулиар хязгаарлагдаж, парламентын эрх дарх мөн л хуулиар нэмэгдэж, хүний эрх, эрх чөлөөг ч хуулиар дархалсан “English Bill of Rights” 1689 онд батлагдах үндэс суурь болоод зогсохгүй, Америкаас эхтэй өнөөгийн Үндсэн хуульт ёсны гол багана нуруудыг босгосон түүхтэй. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэж гурван институцэд эн тэнцүү хуваарилж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтооход Үндсэн хуулийн гол зорилго, үнэ цэн, ач холбогдол оршдог.
Ганцхан жишээ татахад, өдгөө манайд төсөв бүрдүүлэхийн тулд татварын бааз суурийг тэлэх нэрийдлээр төлбөр, торгууль, хураамж ногдуулахдаа иргэд олон нийтээс асуух нь байтугай, мэдэгдэхгүй нууцаар нэмчихдэг болтлоо цагаандаа гарсан.
13 дугаар зуунд хоёр эзэнт гүрэн оршин тогтнож, дэлхийн нэг захад “Магна Харт”-аар эрх зүйт төрийн үндсийг нэг нь тавьж байхад нөгөө захад нь монголчууд “Их засаг” хуулиараа нүүдэлчдийн байгуулсан төрт улсаа засан тохинуулж байлаа. Хууль тогтоогчид нь хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, Үндсэн хуулиасаа ч дээгүүр давсан эрх ашигтай байхаар төр улс ямар болдгийг өнөөгийн Англи, Монгол хоёрын жишээнээс бэлээхэн харж болохоор.
1992 онд баталсан Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль бол хүний үндсэн эрхийн хамгаалалт, эрх мэдэл хуваарилалт, хяналт, тэнцэл, Үндсэн хуулийн хяналт, хууль дээдлэх ёс зэрэг суурь зарчимд тулгуурласан парламентын ардчиллыг бий болгосон чухал ач холбогдолтой улс төрийн баримт бичиг юм.
Даанч манай улстөрчид “Хүн биш, хууль засаглах ёстой” гэж амны уншлага шиг байнга хэлдэг хэрнээ үнэндээ “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байх Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг ердөө жирийн нэг тунхаг шиг санаж, шүүх засаглалыг хүссэнээрээ “хөдөлгөх”-ийг санаархдаг билээ л.
Л.Аргамжин












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.