Улс төрийн мэдээ

Н.Алтанхуяг: Хэн нэгнийг яллах гэвэл хэргийг нь буцаадаг болсон. Миний горьдлого тасарч байна

Н.Алтанхуяг нарын холбогдсон Хөгжлийн банкны хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон. Энэ талаар тэрбээр дараах байр суурийг илэрхийллээ.

"Хөгжлийн банкны гэх хэргээс 30-аад хүн одоо шүүгдэж байгаа. Сая НДЗШШ буцаалаа. Түүнийг нь зөв гэж УДШ үзлээ. Уг нь буцаах заалт гэж байхгүй. Нотолж чадахгүй бол цагаатга, чадвал ялла гэх утгатай хуулийн төсөл 2022 онд батлагдсан шүү дээ. Дөрвөн жилийн хугацаанд 1500 гаруй хэрэг буцаагдсан байна. УИХ хуулийг нь баталсан байхад хэргийг яагаад буцаагаад байгаа юм бэ. Яагаад хуулиа зөрчөөд байгаа юм.

Одоо дахиад анхан шатны шүүхээр хэлэлцэнэ гэдэг УДШ шүүх хүртэл дахин нэг удаа бүтэн хэлэлцэгдэж явах зүйл рүү түлхэгдчихлээ. Хэн нэгнийг яллах гэвэл хэргийг нь буцаадаг нь хэвшчихлээ.

Надад Ерөнхийлөгчид горилоод, горьдоод байгаа юм алга. Нам дотроосоо өрсөлдөөд, үзэлцээд, жаахан юм хийчихье гэж бодсон. Монгол оронд шударга бус байдал, хээл хахууль хэрээс хэтэрсэн. За, тэр муу юмыг яриад яах вэ. Одоо миний горьдлого тасарч байна. Би УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа ч таван удаа шүүгдэж, гурав цагаадаж, хоёр буцчихаад байна. Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэж л ийм зүйл хийгээд байгааг би хатуу ойлгочхоод байна.

Надтай цуг шүүгдэж байгаа 30 гаруй хүнд л хүнд тусаж байгаа. "Танаас болоод би хохироод байна" гэж хэлж байна. Хилийн хоригтой, ажил төрөлгүй 3-4 жил болж байгаа гээд надад гомдоллодог. Хуулийг гууль болгодог хүмүүс байна. Цаана нь хэн байгааг би судалж байгаа. Олон улс төрчид бий л дээ. Бүгдийг нь хардах үндэсгүй. Сүүлийн үед манай улсад нэг зүйл ойлгомжтой болчхоод байна. Нэг хаантай ч болчихсон юм шиг. Дээр ганц хүн суучхаад дохиураар бүгдийг хөдөлгөдөг болчихсон юм шиг л байна. Надад өнөөдөр нотлох баримт алга. Би судалж байгаад, баримт олоод ярья гэж бодлоо. Шүүх хэрэв хэн нэгний захиалгаар ажилладаг бол ямар хэрэг байна аа. Шүүхийн бие даасан байдал дээр мянган хууль баталж байгаа нь юунд хэрэгтэй юм" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii

Холбоотой мэдээ

Back to top button