Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүлийн “Whislter” кино наадмын “Эцсээ хүртэл тэмцэх цайз” шагналын утга учир юу вэ

Аравдугаар сарын 23-25-ны хооронд БНСУ-ын нийслэл Сөүл “Whistler” кино наадам зохион байгуулагдсан юм. Тус олон улсын кино наадмаас найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын бүтээл "Их говийн манаач" баримтат кино “Last Stand” буюу "Эцсээ хүртэл тэмцэх цайз" шагнал хүртлээ.

Сөүл хотын Эмэгтэйчүүдийн Ива Их Сургуулийн кампуст орших “Артхаус МОМО” кино театрт болсон тус наадам энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагджээ. “Whistler” буюу "Шүгэл үлээгч" нэртэй уг кино наадам нийгмийн шударга ёс, байгаль хамгаалал, бодит өөрчлөлтийн төлөө зоригтойгоор дуу хоолойгоо хүргэж гээгдсэн баримт, дарагдсан үнэнийг олон нийтэд илчлэн харуулж буй уран бүтээлчдийг бэлгэдсэн нэр юм.

Энэ удаагийн наадмын хөтөлбөрт дэлхийн 18 орны 47 бүтээл шалгаран оролцож байна. Наадмын үеэр кино үзвэрүүдээс гадна уран бүтээлчид үзэгчдийн уулзалт, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээ зохион байгуулагдаж байна.Тус наадам бол дэлхийн өнцөг бүрд тулгарч буй нийгэм, байгаль орчны чухал асуудлуудыг кино урлагаар дамжуулан олон нийтийн анхаарлын төвд авчрах чухал индэр.

Монгол уран бүтээлчдийн хүртсэн “Last Stand” буюу "Эцсээ хүртэл тэмцэх цайз" шагналыг эрх мэдэл, заналхийлэл, дарангуйлал болон шударга бус байдлын эсрэг сөрөн зогсож, өөрийн зарчимд үнэнч байж, эх дэлхийгээ эцсийн мөч хүртэл бууж өгөлгүй хамгаалан тэмцэж буй хүмүүсийн түүхийг харуулсан бүтээлд олгодог байна.

Нийгмийн асуудлын төлөө эцсийн мөч хүртэл дуу хоолойгоо хүргэж буй тэмцэгчид, иргэний нийгмийн хөдөлгөөний тухай баримтат болон уран сайхны бүтээлүүд, мөн онгон дагшин байгаль, зэрлэг амьтан болон хүн хооронд үлдсэн сүүлчийн зааг хязгаарыг хадгалан үлдэхийн төлөө тэмцэж буй дүрүүдийн харуулсан бүтээлүүд энэ номинацид нэр дэвшин өрсөлддөг. Энэхүү нэр хүндтэй шагналыг Солонгосын бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага - "Сэтгүүл зүйн Борү" (Citizen Media Boru / 시민언보루) олгодог бөгөөд мөнгөн шагнал дагалддаг

Кино наадмын шагналын модон өргөмжлөлийг 2014 онд "Севоль" (Sewol) гатлага онгоцны сүйрлээр хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн үүсгэн байгуулсан “4·16 희망목공소” модон урлалын цехэд хийдэг. Тэд унасан, хатсан мод цуглуулж бүтээгдэхүүн хийдэг ба "Үхсэн модод шинэ амьдрал бэлэглэж, сүйрлийн айдсыг шинэ ирээдүй, аюулгүй нийгмийн төлөөх тэмцэл болгон хувиргах" бэлгэдлийг агуулдаг.Модыг ийнхүү дахин амилуулж байхдаа эцэг эхчүүд тэдэнд тохиолдсон асар их уй гашуу, үүрдийн зовлонгоос түр ч атугай хөндийрч, сэтгэлийн амар амгаланг жаахан ч атугай эдэлдэг хэмээдэг байна.Тэдний бүтээсэн гар урлал ийнхүү нийгэм дэхь шударга бус байдлын эсрэг сөрөн зогсож буй хүмүүсийн дууг хоолойг олон нийтэд хүргэх үйлсийг дэмждэг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button