70 МВт-ын "Сүхбаатар Дулааны цахилгаан станц" нээлтээ хийлээ

Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад чухал нөлөө үзүүлэх 70 МВт-ын "Сүхбаатар Дулааны цахилгаан станц" нээлтээ хийлээ. Нийт $148 саяын хөрөнгө оруулалтаар баригдаж буй уг ДЦС нь 35 МВт хоёр турбин генератортой, цагт 140 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн 220кВ цахилгаан дамжуулах агаарын шугамтай байхаар төлөвлөгдсөн байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрлах “Илч Хужирт” нүүрсний уурхайгаас жилд 414,300 тонн нүүрс татан авч эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой буйг Эрчим хүчний яам мэдээлсэн. Тус станц жилд 489 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж 440 сая киловатт цаг цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм байна. Энэ нь 150 мянган айл өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр, 30 мянган айл өрхийг дулаанаар хангах боломжтой аж.
Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 79 хувийг дотоодоос, 21 хувийг импортоор хангадаг. Энэ онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 13.6 тэрбум киловатт цагт хүрч, өмнөх оны түвшнээс 7.5 хувиар өсөх урьдчилсан тооцоололтой байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүхбаатар Дулааны цахилгаан станц”-ын нээлтэд оролцох үеэр "Орон нутгийн эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, залуучууд орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, төр хувийн хэвшил, орон нутгийн түншлэлд суурилсан бодит бүтээн байгуулалт болсон" хэмээн онцоллоо.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лаларын хулгайч нээлт хэсээд...орлогоо нотлооч