Хотын албан татварыг 2 хувиас 1 хувь болгон бууруулахыг дэмжив

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалга болон авто үйлчилгээний зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах хотын албан татварыг 2 хувиас 1 хувь болгон бууруулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжив.
Төсвийн тодотголд, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, өвөлжилтийн бэлтгэл ажил, шатахууны үнийн өсөлттэй холбоотой зардал болон хэрэгжилт нь хангагдсан ч санхүүжилт дутуу зарим ажлын төсвийг тусгажээ. Мөн энэ онд эхлүүлж, дуусгах шаардлагатай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн зардлыг хэмнэхэд чиглэж байна. Түүнчлэн авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг 2027 оны төсөвт тусгах, хотын албан татварын хувь хэмжээг бууруулах, Багануурын нүүрс-химийн үйлдвэр болон “Сэлбэ 20 минутын хот” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр төлөвлөж буйг мэдээлэв.
Төлөөлөгч Э.Одонтуяа татвар буурснаар хэрэглэгчдэд бодит үр өгөөж өгч байна уу, автомашин угаалгын газрууд саарал ус ашигладаг эсэхэд хэрхэн хяналт тавихыг тодруулав. Бүлгийн дарга Ж.Сандагсүрэн татвар буурснаар иргэдийн халааснаас гарах зардал хэмнэгдэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дэмжигдэх учиртайг онцолж, саарал усны хэрэглээнд хяналт тавих хэрэгтэйг санууллаа.
Ийнхүү НИТХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар нийт 17 асуудлыг хэлэлцэж, ирэх долоо хоногийн даваа гарагт хуралдах НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцүүлнэ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.