ХЭҮК-ын долоон гишүүний тавынх нь бүрэн эрх өнөөдрөөр дуусаж байна
ХЭҮК-ын долоон гишүүний тавынх нь бүрэн эрх өнөөдрөөр |2026.11.06| дуусаж байна. Нэр дэвшигчдийн материалыг энэ баасан гараг хүртэл хүлээн авч, ХЭҮК-ын таван гишүүнийг сонгох томилгооны сонсголыг ирэх сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хугацаа дуусаж байгаа гишүүдийг тухайлбал, ХҮЭК-ын дарга Д.Сүнжид, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд нар юм. Тэднийг |2020.11.06|-ны өдөр томилж байсан юм.
Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 13.1, 13.3-т бүрэн эрхийн хугацаа болон улиран томилогдож болох талаар заасан байдаг. Тодруулбал,
- 13.1 | Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.
- 13.3 |Комиссын гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.
Тэгвэл шинэ гишүүдээ сонгохын урьд ХЭҮК-ын хараат бус байдлын баталгааг сулруулсан нь анхаарал татаж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 10 дугаар сарын 26-ний өдрийн тогтоолоороо ХЭҮК-ын гишүүнийг сонгох журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа мэргэжлийн туршлага, улс төрийн хамааралд тавьдаг шаардлагуудыг хасчхаж.
ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах УИХ-ын Байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу комиссын гишүүнд нэр дэвшигч эрх зүйчээр арваас доошгүй жил, хүний эрхийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан байх, мөн сүүлийн таван жилд улс төрийн болон намын удирдах албан тушаал эрхлээгүй байх шаардлага тавигддаг. Харин журмын нэмэлт өөрчлөлтөөр жилийн босгыг хасаж, улс төрийн харьяаллаас ангид байх заалтыг тэр чигт нь хүчингүй болгосон байна. Тухайлбал,
“Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын
- 2.3.2.эрх зүйч мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан;
- 2.4.1.хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр таваас доошгүй жил ажилласан;
- 2.3.5.сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй;
- 2.3.6.ял шийтгүүлж байгаагүй;
- 2.3.7.сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй гэх зэрэг олон шалгуурууд хасагдсан байна.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.