ЯРИЛЦЛАГА

С.Гантогоо: Хэл ярианд аялга сууж болно оо, гэхдээ ЗҮРХЭНД МИНЬ юу гэж аялга суух юм бэ

Ярилцлагын зочин маань дуучин С.Гантогоо. “Солонгос” гэдэг ойр мөртөө харь орны амьдралд буцалсан Хөвсгөл нутгийн хүү монгол хүнийхээ хувиар уншигчдад сэтгэлээ дэлгэлээ. “Судасныхаа лугшилтыг сонсчихсон” залуу эрч хүчтэй, ажил хэрэгч, эелдэг уриалгахан зангаа цацруулсаар миний өмнө суув.


-ЯАГААД БИД “БАЙДАГ Л ЗҮЙЛ” ГЭЖ ДАСААД ЯВААД БАЙДАГ ЮМ БЭ-

-Хоёул ярилцлагаа Эх нялхас-ын эмнэлэг дээр болсон үйл явдлаас эхлүүлье. Тэндээс таныг ер аливаа асуудал дээр аль болох эерэг, гэгээлэг хандлагыг баримталдаг хүн юм уу гэж харсан. Энэ ч ярилцлага хийх сэдэл болсон юм.           

-Окей. Би ер нь фейсбүүк хуудастаа сөрөг, бараан зүйл оруулахыг хүсээд байдаггүй л дээ. “Яагаад эерэг, бусдад өгөөжтэй зүйл хийж болохгүй юм бэ” гэсэн хувийн бодолтой явдаг.

Манайх бол энгийн, нийт өрхийн л адил нэгэн айл. Дүү маань өвдөж, “Эх нялхас”-т хэвтсэн юм. Тэгээд би эргэж очсон. Тэгэхэд тэр эргэлтийн хэсэг… Надад үнэхээр сонин дүр зураг харагдсан. Аймшгийн кинон дээр сүнс, сүүдэр гүйлдэж байдаг тийм дүр зураг шиг л. “Эх  нялхас” гэдэг ямар том, нэр хүндтэй эмнэлэг билээ. Тэр хаалгаар ороод таван давхар луу гарахад “Ийм эмнэлэг байж болдог юм уу” гэсэн уурлах, харамсах бодол төрсөн. Ингээд аль болохоор эерэг пост оруулахыг хүсдэг ч энэ удаад тэвчсэнгүй гэсэн тайлбартайгаар зургийг нь аваад фэйсбүүктээ оруулсан.

Тийм олон хүнд хүрнэ гэж бодоогүй ээ. Удалгүй нэлээд олон хүн хандаж, аян өрнүүлье, эмнэлгийн тэр хэсгийг өөрчилж сайжруулъя гэцгээсэн. Надад ч “Яагаад болохгүй гэж” гэх бодол төрөөд байв. Тэгж байтал эмнэлгийн удирдлагууд намайг нэг өдөр дуудаж, хүлээн авч уулзсан. Ер нь бол тийм мундаг хүмүүс байна гэж бодоогүй л дээ. “Постоо устга, барь” гэж хандаж болох шүү дээ. Гэтэл тэгээгүй. Коронавирусийн үед төв хаалган дээр олон хүн бөөгнөрүүлэхгүйн тулд өмнө нь ашигладаггүй байсан жижиг хаалгануудыг нээсэн гэж учир байдлаа тайлбарласан. Тэгээд угаас улсаас төсөвлөсөн мөнгөөр шат дараатай засварлах, янзлах ажлыг хийж байгаа. Байнга ард түмний хандивын мөнгөөр засвар хийнэ гэж юу байх вэ. Бид өөрсдөө засаж, янзалчхаад эргээд хариу хэлье гэсэн.

Дараа нь би нэг удаа “Эх нялхас”-ын хажуугаар дайрч өнгөрөхдөө яваад орсон юм. Гэтэл зүгээр нэг будаад болчхоогүй, гантиг чулуугаар өнгөлж, танигдахын аргагүй өөрчилсөн байсан. Тэр хүмүүс алдаагаа хүлээн зөвшөөрөөд зассан байна. Би бас хүмүүст нөлөөлж чаджээ. Сошиал ертөнцийг ийм байдлаар ашиглаж болох юм байна. Ийм бодлууд төрсөн, гоё санагдсан. Яг л ийм юм болсон.

-Та Хөвсгөлийн харьяат юм билээ шүү дээ.

-Тийм шүү дээ. Хоймор нутгийнх.

-Зарим хүн таныг багаасаа Солонгост хүмүүжсэн, Монголынхоо хөрсөн дээр буугаагүй залуу гэж хардаг. Тэр эргэлтийн хэсгийн хаалга бол Монголд байдаг л дүр зураг биш үү. Танд тийм анхдагч, шок өгөх дүр зураг байсан уу?

-Yeap. Гэхдээ энд нэг зүйлийг ярих хэрэгтэй байна л даа. Би Хөвсгөлд 10 жилээ дүүргээд, Улаанбаатарт их сургуулиа төгссөн. Төгсөөд шууд Солонгос явсан. Харин урлагаар бүр цэцэрлэгээсээ эхлээд л явсан. Бүх л урлагийн уралдаан тэмцээнд алдахгүй оролцдог байлаа. Иймд би урлагийн хүн…

Энд дүр зургийн тухай ярьж байна л даа. Энэ бол Монголд байдаг л зүйл гэж. Яагаад бид байдаг л зүйл гэж дасаад яваад байдаг юм бэ. Дандаа ялагдагч болчихсон залуус Монголд их байдаг. Төр засаг, эцэг эхдээ бурууг өгдөг. Яагаад энэ буруу зүйлд дасан зохицоод байна вэ. “Ийм л байдаг шүү дээ, Гантогоо” гэж буруу зүйлийг байх ёстой юм шигээр итгэчихсэн, дасчихсан байх нь залуу хүмүүст муухай харагддаг. Жишээ нь намайг зүгээр л алхаж явахад хэн нэгэн “Оддын хаан”-д оруулъя гэж хэлээгүй шүү дээ. Жаахан ч гэсэн зүтгэхэд үр дүн нь гардаг. Би тэр постыг “Эх нялхас” ямар муухай газар вэ, удирдлага нь ямар хогийн юм бэ гэсэн утгатайгаар оруулаагүй. Хариуцсан үүрэг бүхий хүмүүс нь анхаарлаа хандуулаач гэсэн утгаар л оруулсан. Тийм ээ, би Солонгост 13 жил амьдарсан. Тэндхийн эрүүл мэнд, боловсролын салбарын тухай энд яриад ч хэрэггүй гэдгийг бид мэдэж байгаа. Харин Монголд амьдарч байгаа учраас л ялагдаж байна гэж ярьдаг, дээрээс нь мэддэггүй юмаа мэддэг юм шиг бичдэг, шүүмжилдэг хүн олон болсон байна.

-БИ ЭХ ОРНОО ХЭЗЭЭ Ч МУУЛАХГҮЙ-

-Бидний яриа Солонгос орон, Солонгос соёлоос хөндийрөх аргагүй. Та хамгийн сүүлд хэзээ тэнд очоод ирсэн бэ?

-Хамгийн сүүлд тав дахь дууны клипний ажлаар хоёрдугаар сард очсон.

-Энэ оны юу?

-Тийм. Тэгээд цагаан сарын дараа, хамгийн сүүлийн онгоцоор Монголдоо ирсэн.

-Азтай иржээ?

-Азтай. Намайг ирэхийн өмнөхөн нь УОК хуралдаж, нислэгүүд цуцалсан л даа. Би ирээд албаны хүмүүсийн өгсөн зөвлөмжийг баримталж, 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарласан. Өрөөндөө гэр бүлийнхнээ оруулахгүй “Миний хоолыг гал тоогоонд оруулаад тавьчих. Би өөрөө аягатай хоолоо аваад идчихэж байя” гээд л. Яваандаа энэ вирусийн далд үе 14 хоногоос ч удаан үргэлжлэх магадлалтай гэцгээж эхэлсэн шүү дээ. Тэгээд 21 хоног болгосон юм байна.

-Та нааш, цааш ирж очин л байгаа байх. Эх орондоо байх нь илүү дулаан, тухтай санагддаг болж байна уу?

-Тийм, ирж очин байгаа. Одоо нэг их худал ярих хэрэг байхгүй. Энд ирэхээр Солонгосыг санана. Яагаад гэвэл ёстой хорьж болохгүй хорин хэдэн насаа би тэнд ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн. Тэнд юу үлдэх вэ. Дурсамж. Найз нөхөд, хичээл зүтгэл. Миний хөлс, миний гунигтай, аз жаргалтай мэдрэмжүүд тэнд бий. Ер хоолноос нь эхлээд л бүгдэд нь дасна шүү дээ. Ийм болохоор яах ч аргагүй Солонгос орон миний амьдралтай холбоотой болчихсон. Харин хүмүүс Гантогоо гэж хувь хүний дотоод ертөнцийг сонирхохоос илүү солонгос соёлыг Монголд дэлгэрүүлэх гэж байгаа этгээд мэтээр ярьцгаадаг. Үгүй байхгүй юу. Би Солонгосоос авсан зүйлсийнхээ алийг нь Монголдоо нутагшуулбал, суулгавал зүгээр вэ гэж хардаг нэгэн. Дуучин ч гэсэн би эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн хүн шүү дээ.

Нэг зүйлийг нэмж хэлмээр байна л даа. Би хэзээ ч од болъё, олны танил болъё гэж зүтгээгүй. Миний дуртай зүйл юу байсан гээч. Микрофон, тайз, дуу. Би Солонгост анх ирээд таван жил хар ажил хийсэн шүү дээ. Үүнийг одоо бараг хүн бүр мэдэх байх. Намайг дэмжих айхавтар мөнгөтэй, тэрбумтан хүн байгаагүй. Зүгээр л би тууштай зүтгэсэн. “Сайн байна уу” гэдэг ганцхан үгтэй тэнд очсон Гантогоо өнөөдөр чиний өмнө сууж байна. Дараагийн 10 жилд илүү их амжилт гаргах нь баттай, би үүнийг мэдчихсэн. Энэ бол батлагдсан теорем. Одоо өшөө сайжирна уу гэхээс муудахгүй. Бүхнийг эх орон, аав ээжээс биш өөрөөсөө эхлэх ёстой юм байна гэдгийг би ойлгосон. Энэ бүхнийг бодоод үзэхээр шууд цахилгаан шатанд суудаггүй юм аа гэхэд нэг нэг алхам шатаар ахиж яваагаа мэдсэн. Би суралцаад л явж байна.

-Өмнөд Солонгос бол энтертайнмент ертөнцөө аль хэдий нь бат бөх суурин дээр нь зогсоочихсон улс. Тэр дунд шургана, байр суурь эзэлнэ гэдэг ёстой нөгөө алаан байхгүй юу гэдэг шиг, алаан байх. Тэнд тэсэж үлдэнэ, хувь хүнтэйгээ ажиллана гэдэг…

-Аймаар шүү дээ.

-Аймаар байх гэж боддог.

-Хүмүүс гоё, сайхан зүйлийг нь л эхэлж хардаг шүү дээ. Барууны орны хүмүүсээс Өмнөд Солонгосыг юугаар нь таних вэ гэж асуувал драма, кэй поп, кимчи гэж хариулна. Ихэнх нь л урлаг байдаг. Одоо BTS, Blackpink хамтлагууд ид байлдан дагуулж байна. Урлагаар эх орноо сурталчилж болдгийн хамгийн том жишээ бол Өмнөд Солонгос. Тэд байгалийн баялаггүй ард түмэн шүү дээ. Гол нь нэгж хүнээ хөгжүүлчихсэн. Хөгжчихсөн хүмүүс яах вэ, юу хийх вэ гэдгээ өөрсдөө мэддэг болчихдог. Samsung, Hyundai, Kia гэх мэт томоохон корпорациуд Солонгосынх. Одоо G20 орны нэгэнд орчихлоо. Ингэхээр төрийн бодлого гээд л, улс төр ярих болчихно. Гол нь л хүний хөгжил. Улс орон бүрд л сайн, муу тал бий. Би эх орноо хэзээ ч муулахгүй. Хэзээ нэгэн цагт хөгжинө. Харин хурдан байх уу, удаан байх уу гэдэг нь биднээс, залуу үеэс шалтгаална. Ерөөс бид л хөгжүүлнэ, бид л явуулна.

-БИ ЭЭЖ, ААВ ХОЁРООРОО, ТЭДНЭЭС АВСАН ХҮМҮҮЖЛЭЭРЭЭ БАХАРХДАГ-

-Яагаад ч юм таныг дуулахад эх орноо гэсэн тэмүүлэл үргэлж харагдаад байдаг л даа?

-Өө, Солонгост би тайзан дээр гарахдаа үргэлж үндэсний хувцсаа өмсдөг байсан. Хантааз, дээл, ямар нэгэн л үндэсний хувцас. “Оддын хаан”-д л бид бүгд нэгдсэн журмаар цагаан хослолтой гарсан. Бусад үед Солонгосын тайзан дээр үргэлж монгол хувцастай гардаг байсан. Бас хамгийн эхэлж заавал Монголоор мэндэлдэг байсан. “Сайн байна уу, би Монголоос ирсэн Гантогоо байна”. Ингээд бодоход би бас үндсэрхэг үзэлтэй хүн.

Яг түүн шиг шоунд ордог тань одоо хэдэн жилийн өмнө болчхов оо?

-Гуравхан жилийн өмнө шүү дээ.

-Түүгээр та анх монгол ард түмэндээ танигдсан. “Нэг ийм залуу байна” гэж. Харин яваандаа цаана нь ямар хүн байна гэхээс илүү Солонгосоос ирсэн, Солонгосжсон залуу байна гэх нүдээр л харж эхэлсэн. Уг нь цаана нь монгол хүн бий.

-Уг нь тийм шүү дээ /инээв. Сурв/. Магадгүй хэл ярианд минь аялга орсон байж болно, гэхдээ энд /зүрхээ заав. Сурв/ аялга орохгүй шүү дээ. Юу гэж орох юм бэ. Амьдралын хэв маягт бол мэдээж өөрчлөлт орно, оролгүй яах вэ. Хөвсгөлд очоод л ээжийнхээ нутагт хэдэн сар болоод ирэхэд л ярианд аялга орчихдог. Амьдрал дээр ийм жишээ байхад л будааны орны… гэх мэт сэтгэгдлүүд их харагддаг. Гэхдээ тэр нь маш бага шүү.

-Тэдгээрийг хараад та дотроо хэр эмзэглэдэг бол. Яг үнэндээ, гомдох..?

-Сэтгэгдэл харахгүйг хичээдэг ч үнэндээ харж л таардаг л даа. Гэхдээ ярианы эхэнд хоёулаа ярьсан шүү дээ. Мэдэхгүй байж хий хоосон шүүмжилдэг хүмүүс олон болчихсон. Жишээ нь чамайг сайн мэддэггүй хэр нь ээ чиний зурагтай мэдээн дор “Тэндээс ирсэн, ийм худлаа хүн” гэж, зүгээр л рефлексээр бичдэг болчихсон. Уг чанартаа яг ямар учиртай хүн юм гэдгийг огт сонирхож үздэггүй. Улаан цагаан нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлж, уран бүтээлдээ дандаа хараалын үг шингээж хийдэг хүмүүсийн хувьд магадгүй өөр хэрэг. За, үүнийг би хэн нэгэн рүү түлхэж хэлээгүй шүү. Шүүмжилж болно оо, гэхдээ цаг хугацаа л бүхнийг харуулах учир, “Би батална, харуулна” гэхгүй. Тэртэй, тэргүй би өөрийгөө юу хийж явааг мэдэж байгаа учраас “Аан” гээд л өнгөрнө. 100 хувь гэхгүй ч миний хийж буй ажил өөрт минь зөв учраас, үзэл баримтлал минь ийм учраас цаг хугацаа л бүхнийг харуулна. Ийм болохоор бага ч гэсэн судалж, мэдэрч байж шүүмжлэх нь зөв шүү гэж хэлмээр байдаг даа.

-Хэдий та надтай гандан бууршгүй тэмцэгч дүрээр ярилцаж суугаа ч дотроо их уяхан хүн шиг санагдаж байна л даа. Нулимстай ч юм шиг. Солонгост багагүй юмыг давж туулчхаад Монголдоо ирээд тийм хандлага мэдрэх амаргүй байсан болов уу гэж би төсөөлсөн.

-Саяны ярианд би бүх хүнийг хамруулж хэлээгүй юм шүү. Ер маш цөөн хувь нь л тийм хандлага үзүүлж байсан. Тэр хүмүүст зориулж саяны үгийг хэлсэн. Харин… өрөвдмөөр кино үзвэл уйлна. Багаасаа урлагаар явчихсан болохоор би мэдээж маш их сэтгэл хөдлөлтэй. Заримдаа сэтгэл хөдлөлөө нууж чадахгүй үе байна, тэр нь бас алдаанд хүргэх үе байна. харин би ээжийнхээ сайн хүмүүжлээр хүмүүжсэн. Ээж минь цэцэрлэгийн багш хүн л дээ. Хүнийг битгий муулж бай, хүнд өгч бай, эмэгтэй хүнийг хайрлаж бай гэж сургасан. Би өөрөө хоёр охин дүүтэй. Ер нь бол ээж багш, аав цэргийн хүч учраас тэр хоёрын юм надад байгаа. Би ээж аав хоёроороо, тэднээс авсан хүмүүжлээрээ үнэхээр их бахархдаг. Зах зээлийн эдийн засгийн шуурганд бас л өртөж явсан хүмүүс шүү дээ. Энэ яваа минь миний сайндаа биш, миний гэр бүлийн л ач. Бодохоор л ингээд баярламаар байдаг.

-ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ ҮЗЧИХЭЭД, ЧАДЧИХААД ДАРААГИЙН ШАТАН ДЭЭР ГИШГЭНЭ ГЭДЭГ ГОЁ-

-Эрэгтэй хүүхэд ээжтэйгээ дотно байдаг гэлцдэг. Таны ээж багш, та доороо хоёр охин дүүтэй. Ингэхээр таны төлөвшил уншигчдад төсөөлөгдөж байгаа байх. Гэхдээ яагаад анхнаасаа Солонгос руу явсан юм бэ?

-Сонголт байхгүй байсан /инээв. Сурв/. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Бид нар хоорондоо бараг нэг, нэг насны зөрүүтэй байхгүй юу. Бүгд нэг зэрэг их сургуульд суралцана. Чи ингээд бод доо, хамгийн бага дүү маань оюутан болж байхад том ах маань дөрөвдүгээр курст суралцаж байгаа байхгүй юу. Дөрвийн дөрвөн хүүхдийн их сургуулийн төлбөр, бас бус зардлыг аав, ээж хоёр маань жинхэнэ…. ваав. Хөдөлмөрлөж байж болгосон байхгүй юу.

Өөрөөрөө сайрхаж буй хэрэг биш шүү. Би 10 жилээ онц төгссөн, их сургуулиа онц төгссөн. Тултал нь. Аваагүй шагнал гэж байхгүй, бүх шагналыг нь авсан. Бүгдийг нь. Гэхдээ онц сураад, сураад болдоггүй зүйл гэж байна шүү дээ. Надад их сургуульдаа багшаар үлдэх ч боломж байсан. Гэхдээ надад нэг бодчихсон зүйл байна шүү дээ. Насны залууд гялс зуучлах товчоогоор аль нэг газарт очиж, ажил хийж мөнгө босгох хэрэгтэй байсан. Ингээд Солонгос, Японыг зорьж, материалаа хөөцөлдсөн. Хэнд ч хэлэлгүй ганцаараа хөдөлсөн. Хамгийн түрүүлж Солонгосынх нь хариу ирсэн.

Ер нь бол багаасаа дуу хуур гэж явсан болохоор хар ажил бараг хийж үзээгүй байлаа. Хоёр охин дүү юм угаачихна, ах түлээ мод хагалчихна. Би дунд нь тусалж байгаа юм шиг мөртөө хөнгөн явж байдаг, цагаан гартай залуу байсан. Анх Солонгост очихдоо аялж байгаа юм шиг аяллын хувцастай очсон /тас тас инээв. Сурв/. Тэгээд л навсгар үйлдвэрт ирээд ажиллаж гарсан даа. Өдөржин юм өрөмддөг ажил хийсэн. Тэгэнгүүт гар өөрөө салганаад болох юм биш. Маргааш өглөө нь гар хөдлөхгүй. Өвдчихөж, гэмтчихэж гээд л нус нулимс гараад. Тийш ирэхдээ нэг ах, эгч хоёроосоо мөнгө зээлж, замын зардлаа төлсөн байсан. Ядаж тэр мөнгөө босгоод буцъя даа гэсэн бодол ч  байсан. Тэгээд анхны цалингаа авч, бэлэн мөнгө гар дээрээ тавиад л, ваав. Амьдралдаа тийм их мөнгө гар дээрээ тавьж үзээгүй байсан хэрэг шүү дээ. Ингээд нэг мэдрэмж төрнө шүү дээ. Би чадлаа. Эхний сар, чадчихлаа. Тодорхой хэмжээг нь хадгална, заримыг нь аав, ээж рүүгээ явуулна. Тэгэнгүүт юу мэдрэгдэх вэ. Аз жаргал. Ёооё, би чадлаа шүү гэсэн мэдрэмж байна шүү дээ. Цагаан гартай залуу Солонгост очоод хадаас хадаж сурсан, таван үйлдвэр сольсон.

-Таныг анх очиж байх үед кэй поп ертөнц ямархуу байлаа?

-Тэр үед хоёр дахь давлагаа нь эхэлчихсэн байсан. Big Bang, T-Ara гээд л. Тэд нар яг эхэлж байсан.

-Буцалж эхэлж байжээ.

-Яг л эхэлж байсан. Одоо гурав дахь үе нь эхэлж байна шүү дээ, Blackpink гээд. Намайг анх очиход Big Bang анх дэбьют хийж байсан байх шүү. Big Bang-ийн хару, хару дууг сонсоод л үйлдвэрт ажиллаж байлаа шүү дээ. Ваав.

-Таныг кэй поп од болъё гэж л анхнаасаа Солонгосыг зорьсон юм болов уу гэж гайхаж байлаа.

-Үгүй, үгүй. Харин суусан газраасаа шороо атгах ухаантай байх хэрэгтэй.

-Тийм утгаар л байж.

-Тийм. Ажлаа ч хийж дадлаа, тэнд гурав, дөрвөн жил ажилласан хүмүүсээс илүү солонгос хэлийг сурлаа. Ер нь хэл сурах хамгийн шалгарсан арга гэж байдаггүй байх аа. Хүн хүн өөрсдийн хувьд шилдэг аргаа олох ёстой байх. Минийх бол дуу. Ямар утгатай дуу юм бол гэж орчуулаад л. Тухайн үед ийм ухаалаг утас байгаагүй шүү, уучлаарай. Эндээс зузаан толь бичиг өвөртлөөд л очсон. Үг нэг бүрийг нь толь бичгээс харж, найруулж ойлгоод л. Тэгэнгүүт дууны утга бага багаар тодроод ирдэг.

Бас ойрхон нэг сүм байлаа. Монголчууд их явдаг сүм юм байна. Би өөрөө ер нь  шашингүй үзэлтэн л дээ. Гэхдээ тэдний магтан дуу нь таалагдаад байсан. Яахав, дуу гэдэг нь л татаж байхгүй юу. Тэгээд тэр сүмийн магтан дуун дээр нь нэг хэсэг явсан. Дараа нь Монголчуудын ордог ресторан байна, түүнд нь дуулдаг боллоо. Тэгэхэд “Өө, Гантогоо чи ямар хөөрхөн дуулдаг юм бэ. Энд нэг ийм уралдаан болдог шүү” гэж хүмүүс хэлж өгөөд л. Ингээд л бага багаар танилцаад явж байгаа юм. Нэг уралдаанд ороод түрүүлнэ, нэг ярилцлагад орно. Тэгж явсаар “Superstar K” гэж шоунд 2 сая гаруй хүнээс эхний 48-д шалгарч үлдэж чадсан. Миний Солонгост уралдаан тэмцээнүүдэд оролцсон, энд тэндхийн тайзан дээр дуулсан түүх их арвин. Хичээл зүтгэл гэдэг зүйлийн талаар л яриад байгаа юм л даа. Хийж үзээгүй зүйлээ хийж үзчихээд, чадчихаад, түүний дараагийн шатанд гарна гэдэг гоё л доо.

Хүмүүс яаж гялс амжилтад хүрэх вэ, гялс, гялс гэж асуудаг. Үгүй ээ. Би хэдий ингэж ярих дургүй ч, УИХ-ын гишүүн, уурхайн эзний хүү байлаа ч, мянган авьяастай байлаа ч хичээл зүтгэлгүй бол хэн ч биш. Хурдан л амжилтанд хүрчих юм сан гэж бодоод хэвтэж байгаа бол, уучлаарай хэзээ ч үгүй. Харин хэзээ нэгэн цагт хүрнэ гээд өнөөдөр хөдөлмөрлөж буй хүн тэр хүнээс хоёр дахин хурдан амжилтад хүрнэ.

-АНХ АЖЛЫН ГЭРЭЭНИЙ ВИЗЭЭР ЯВЖ БАЙСАН БОЛ ОДОО ДУУЧИН БОЛОХ ГЭЭД, УРЛАГИЙН ВИЗЭЭР…-

Big Bang-ийн дууг сонсоод ажил хийж байсан тухайгаа ярихад таны сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Яах ч аргагүй аварга том дурсамж байх.

-Өө, юу ярьж байгаа юм.

-Хар ажил хийсэн таван жил бол богино хугацаа биш шүү дээ.

-Тэгэлгүй яах вэ, хүүхэд төрөөд таван нас хүрчихсэн байх хугацаа шүү дээ.

-Тэр таван жилд та мөрөөдлөө л тээгээд яваад байж.

-Тэгэлгүй яах вэ. Тээхээс гадна өөрөө хөгжиж явсан. Ажиллах гэрээний хугацаа угаас таван жил байдаг. Тэгээд ерөөсөө хугацаагаа дуустал ажиллачихъя гэж шийдсэн. Гэхдээ жижиг, том уралдаан тэмцээнд алгасахгүй орж, өөрийгөө сорьж, урагшилж л явсан. Ингэж явахад маш олон хүнтэй танилцдаг, яг миний мэдрэмжийг мэдэрдэг хүмүүстэй уулзалддаг. Дугуй, дугуйгаа олно гэдэг шүү дээ. Энэ үгийг эерэг утгаар нь хэлж байгаа юм шүү. Тэгээд аажимдаа… Танилтай хүн талын чинээ гэдэг дээ.

Ингээд нэг өдөр Инчоны нисэх буудлын хөрөнгө оруулалттай байгууллагад дуучин шалгаруулж авна гэсэн зарыг зүгээр л дуулж яваад танилцсан хүн над руу явуулсан. Миний визний таван жил дуусах гэж байсан үе л дээ. Магистраа Солонгост шоу бизнесээр хамгаална гэж зорьж, мөнгөө цуглуулж байлаа. Бас хөөрхөн олон тооны тэмцээнд оролцчихсон, өгсөн ярилцлагуудтай болчихсон байв. Тэгээд тэр шалгаруулалтад анкет бөглөөд явуултал тэнцсэн. Тэгээд сонгон шалгаруулалтад орох болсон. Хаа байсан Тэжон хотод амьдардаг байсан хүн явсаар Бучонд очиж, шалгаруулалтад орлоо. Тэгтэл шүүгчээр нь Ин Сүн-И гэдэг дуучин сууж байгаа байхгүй юу. Тоглоом биш юм байна… Тэгээд хөл чичрээд, дуулаад гарсан. Гэтэл сарын дараа тэнцлээ гэсэн хариу өгсөн. Дуусаагүй, ярилцлагадаа орно гэсэн /инээв. Сурв/. Бие дааж хэл сурсан ач тус маань тэнд л гарсан. Өөрийгөө хангалтай түвшинд ойлгуулчхаж байгаа юм. Ингээд дахиад сар гаруй хүлээсэн. Тэгтэл баяр хүргэе, манай байгууллагад тавтай морил. Харин ажиллах гэрээний E9 визийг хувиргаж, сунгаж болдоггүй хуультай юм байна. Би урлагийн виз авах гээд байдаг. Тэгээд манай байгууллагын зүгээс эхлээд нутагтаа оччих, бид эндээс визийг нь хөөцөлдөөд гаргаж өгье гэсэн. Ингээд Монголдоо ирж, ес хоногийн дараа виз ч гарсан.

Гэртээ очоогүй гурван жил болчихсон байсан үе л дээ. “Ирсэн гэж битгий хэлээрэй” гэж ах, дүү нарт хэлж байгаад очиж ээждээ гэнэтийн бэлэг барих гэж оролдсон. Зүрхийг нь хаагдуулах шахсан. Ээж зүрхээ дарж унаад. Хамаагүй тэгж болохгүй юм билээ /инээв. Сурв/. Ээжтэйгээ хамт жаахан баймаар байна гэж байгууллагадаа хэлээд, гэртээ сар гаруй болоод буцсан даа.

Тэгэхэд элчин сайдын яамны тэр эгч “Хөөх, чи ямар визээр явж байгаа юм” гэж асууж байлаа. Тэр эгч одоо намайг таньдаг болов уу. Өөрөө ч тэр визний ангиллаа мэдэхгүй байсан. Анх ажлын гэрээний визээр явж байсан бол одоо дуучин болох гээд, урлагийн визээр…

-Тэр байгууллага нийт хэдэн хүн шалгаруулж авсан юм бэ?

-Эхэлж анкет өгсөн хүн нь 30 гаруй мянга гэсэн. Тэднээс долоон орны 13 хүнийг нь авсанд нь би багтсан хэрэг. Тэгээд тэнд би зургаан жил ажилласан. Манайхаар бол Солонгосын очоогүй аймаг, сум гэж байхгүй. Үргэлж тоглолт, тоглолт. Бас давхар тэндхийн хүүхдүүдэд монгол соёл зааж өгнө, улс орныхоо тухай мэдээллийг хүргэнэ. Би маш их хичээл заадаг байсан. Үүнийгээ хэлэх юм сан гэж би их хүсдэг юм. Солонгос хүүхдүүдэд Монгол орныхоо тухай хичээл заахад МУБИС-ийг багшаар төгссөний тус асар их байсан даа. Хүнд сурсан юм гэдэг үнэхээр их хэрэг болдог юм билээ.

-Солонгос, Монгол хоёр орны соёл, хүмүүс асар их ялгаатай шүү дээ. Тэр өөр газар өөрийгөө багтаах гэж, өөрчлөх гэж хэр тэмцсэн бэ. Хэцүү байсан уу?

-Хэцүү шүү дээ. Хамгийн эхлээд л хоол нь таарахгүй. Би ийм хоол иддэггүй гэж хэлж болохгүй. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Тэр орны хууль дүрэм, үүх түүх, хэл соёлыг нь мэдэж байж, тэгж байж амьдарна. Солонгост хүний хөл дээр гишгэчхээд гарыг нь барьдаг соёл байхгүй. Нэг эмэгтэйн хөл дээр гишгээд “уучлаарай” гээд гарыг нь барьчихвал бараг баларна.

Харин монгол хүний генд нь гэдэг юм уу, дотор нь нэг зүйл байдаг юм билээ. Тэр нь ажилд сайн, хэл хурдан сурдаг, орчиндоо амархан дасдаг, хүний хэл ам сайн олдог чанар. Үүнийг гадаадад амьдарч үзсэн бүх монголчууд мэднэ. Солонгосын гайгүйхэн бие хаатай залуусын хажууд хүнд юмыг сэпхийтэл л өргөнө. Цаанаа нэг ясанд нь, цусанд нь ийм зүйл байдаг. Даан ч үүнийгээ буруу юманд ашиглаад л буруудчихаад байдаг юм шиг санагддаг. Хэтрүүлчих гээд байдаг. Ажилдаа сайн хэр нь ээ архи хэтрүүлээд уучихдаг ч юм уу. Мэдээж тэр оронд удах тусам түүх соёлыг нь мэддэг болно, найз нөхөдтэй болно, дасна. Анх очиход бол бүх юм хэцүү. Өвдсөн ч өвдлөө гэж ойлгуулж чадахгүй. Ажил хийхийн тулд аймшгийн халуун ногоотой хоолыг нь иднэ, маргааш нь бие засаж чадахгүй. Ийм, ийм зүйл зөндөө гарч ирнэ. Үүнийг бэрхшээл гэхээс илүү… Би угаас бэлэн л байсан, ер нь бол. Бүх юм өөр байна гэдгийг угаас би мэдэж байсан.

-“ДАГААД ДУУЛЦГААЯ” ГЭХЭД ЗРИТЛ ДАГААД ДУУЛДАГ, ТЭР МЭДРЭМЖИЙГ МЭДЭРМЭЭР БАЙНА-

-Алхаа гишгээ, инээд ханиад, биеэ авч явах байдлын тухайд танд солонгос дуучдын тэр нэг “хэлбэр” суусан харагддаг. Үүнд дасах гэж өөртэйгөө зөрчилдөж байсан удаа бий болов уу?

-Тийм байх л даа. Чи болон бусад хүмүүс тэгж харж байгаа байх. Тэднийг дуурайсан зүйл надад байхгүй, би яг одоо чиний өмнө өөрийнхөөрөө сууж байна. Солонгос оронд олон жил болсон тул мэдээж миний үйл хөдлөл ч юм уу яриа хөрөөнд өөрчлөлт орсон бол за, ойлгож үзээрэй. Тэгж харж байгаа бол тэг ээ, би өөрийнхөөрөө л байна. Урьд нь өөр байсан уу гэвэл үгүй. Нэгт би урлагийн хүн. Хэн нэгнийг дуурайх шаардлага байхгүй. Намайг харж буй тэр хүмүүсийн л асуудал. Магадгүй миний үйл хөдлөл болон гаднах байдал тэгж харагдаж байгаа байх л даа. Болно оо, болно. Тэглээ гээд би буруу юм хийчихсэн бил үү. Надад ямар ч хамаа байхгүй. Хүнд байгаагаараа хүрнэ гэдэг сайхан. Өөрийнхөөрөө байх тусам хүн санаа зовох зүйлгүй амар амьдарна. Харин өөрийнхөөрөө байна гээд бусдад гай болж байгаа хүмүүс бол тусдаа асуудал. Мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Хүний чин сэтгэл гэж байдаг. Чин сэтгэлээсээ хандаж буй юм цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнтэй болж байдаг. Худал хуурмаг байвал нэг л өдөр ганцаардана, дарлуулна.

-Солонгосчууд хүйтэн хүмүүс үү?

-Солонгосчуудын тухай нэг юм ярихад, нэг сайн хүндээ асар сайн. Аа, нэг муу хүндээ асар муу. Монголчууд их өрөвч гэмээр хүмүүс шүү дээ. Нэг өрөвдүүлэх юм хийхэд л өмнөх юмаа мартчихдаг.

-Хөвсгөлөөс төрсөн монгол залуу солонгос хүмүүсээс хэр шарх авч байсан бол?

-Ямар ч улс оронд очсон сайн хүн ч таарна, муу хүн ч таарна. Харин ямар хүнтэй таарах нь хүнээс, өөрөөс нь шалтгаалах асуудал. Үнэхээр ажилдаа сайн, бүгдийг ёс журмынх нь дагуу хийдэг, зөв байвал зөв хүмүүсээр л хүрээлүүлнэ. Юу гэх гээд байна гэхээр хаана ч очсон сайн хүн бий, муу хүн бий. Чи ямар бодолтой байна, түүнээсээ шалтгаалсан хүмүүстэй л уулзана. Хүйтэн хүн үү, хатуу хүн үү. Миний эргэн тойронд бол сайн л хүмүүс байсан.

Оддын хаан нэвтрүүлэгт ордог тань долоон орны 13 дуучинд багтаж, шалгарснаас нь хойш юм байна?

-Тийм. Манай байгууллагын дуучдыг “Оддын хаан”-д урьж оролцуулсан хэрэг. Хувиараа оръё гэвэл 500 сая вон төлдөг гэх дам яриа байдаг. 13 дуучдаас бас сонгон шалгаруулж долоог нь авсан л даа.

-Миний санахаар тэр бүүм болсон. Монгол залуу Солонгост, Оддын хаан-д дуулж явна гэж. Элэг нэгтнүүддээ тэгж яригдах, танд юу мэдрэгдэж байсан бэ?

-Ваав, дуртай зүйлээ хийгээд явбал гоё мэдрэмж авч болдог юм байна даа… Хар ажил хийх гээд явсан залуу “Оддын хаан”-ы тайзан дээр зогсож байна гэхээр бахархана биз дээ. Хүн заримдаа өөрөөрөө бахархах хэрэгтэй. Дагаад хариуцлагаа ухамсарлаж эхэлнэ. Ер нь бол би азтай байх шалтгаанаа өөрөө хийж, бүтээж яваа юм. Аз хүрээд ирээсэй гээд зүгээр сууж байгаа хүн дээр бороо л асгарна. Суугаад бодох биш, ажиллангаа бодох хэрэгтэй.

-Их хурдтай урагшилж байна аа?

-Үгүй. Хүмүүсийн нүдэн дээр хурдтай юм шиг харагдаж байгаа байхгүй юу. Цэцэрлэгт байхдаа л дуучин болохыг мөрөөддөг байсан гэхээр өнөөдрийг хүртэл ямар их замыг туулсан байна вэ. Ингэж явсаар одоо дуучин Гантогоо гэж хэлүүлээд сууж байгаа байхгүй юу.

-Туулсан зам бол урт байна. Харин та, “Дараагийн 10 жилд улам их амжилт гаргахаа баттай мэдэж байна” гэсэн. Одоо хурдтай урагшлахад бэлэн болж гэж бодлоо?

-Өө, сайн бодох хэрэгтэй. Коронавирусийн, их хэцүү цаг үе таарч байна. Удахгүй дэлхий нийтээр хүний амьдрах хэв маяг онлайн хэлбэр лүү шилжинэ. Яаж үүнд дасан зохицож, цааш амьдрах вэ гэдгийг хүн бүр бодох хэрэгтэй юм шиг. Тоглолтоос л орлогоо олдог урлагийхан, ер урлагийнхэн гэлтгүй бусад салбарын хүмүүс хүнд цохилтод өртчихлөө шүү дээ.

-Танаас мэдээж уран бүтээлийн тухай асуулгүй өнгөрч болохгүй. Одоо бол та поп, аарн би чиглэлээр дуулж байна. Магадгүй цаашид монгол онцлогтойгоо хольж, сүлэхийг үгүйсгэхгүй. Цаашдын уран бүтээлийн чиглэлээ хэрхэн харж байна вэ?

-Тийм шүү, мэдээж тэгэлгүй яах вэ. Хувь уран бүтээлч талдаа маш олон зүйлийг л туршиж, хийж үзэж байна. 2019 онд UBS телевизийн “Бэрүүд” ОАУСК-нд тоглосон. Удахгүй үзэгчдэд хүрч эхэлнэ. Тэр киноныхоо хоёр ч дууг дуулсан. Мөн Солонгост бичүүслэн тав дахь сингл уран бүтээл маань цацагдах гэж байна. Нэг дуу хийхэд асар их мөнгө үрэгддэг л дээ. Тэгээд тэр дуу нь хит болох уу, үгүй юу бас мэдэхгүй шүү дээ. Ингээд л хийгээд л явж байна. Дэлгэцийн салбарт бас хүч сорьж үзлээ, амаргүй байдаг юм байна. Мундагш хүмүүсийн ачаар л зураг авалтаа дуусгалаа. Энэ ондоо багтаж анхныхаа бие даасан цомгийг гаргахаар хичээж байна. Миний хувьд яг Монголдоо уран бүтээл хийж эхлээд хоёр жил гаран л болж байна шүү дээ. Мөрөөдөл бол зөндөө байна. “Дагаад дуулцгаая” гэхэд зритл дагаад дуулдаг, тэр мэдрэмжийг мэдэрмээр байна.

-Өнөөдөр та өөрийгөө ямар түвшний уран бүтээлч гэж үнэлж, мэдэрч байна вэ?

-Тэрийг би өөрөө хэлж мэдэхгүй юм даа. Та нар, үзэгчид хэлж мэднэ. Би өөрийгөө A, B, C, D хэмжээний од… Од ч гэж дээ. Хэлэхгүй шүү дээ. Хүмүүсийн үнэлгээ ямар байна, хандлага ямар байна. Хүмүүст би хэрхэн нөлөөлж байна. Энэ бүгдээр л дүгнэх болов уу. Харин би уран бүтээлдээ хэзээ ч  хараалын үг, өсвөр үе залууст буруу үлгэр дуурайл үзүүлэх сөрөг зүйл хийхгүй.  

-Өөрийгөө хэр голж байгаа бол гэж сонирхсон юм аа?

-Үгүй дээ, би өөрийгөө хэзээ ч голохгүй. Харин надад алдаа байгаа бол засах, түүнээсээ  суралцах л чухал. Ноль ороход л “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гээд үг наачихсан байгаа биз дээ. Энэ их гүнзгий утгатай үг шүү.

-Ярилцсанд баярлалаа. Удаан ярилцмаар байвч таны дараагийн ажлын товлосон цаг дөхөж байх шиг байна. Та хэр сэтгэл хангалуун амьдарч байна вэ. Ингэж асуугаад өндөрлөе.

-Яах вэ, хоёр идэхгүй, хоосон хонохгүй. Сэтгэл гутарч амьдрах хэрэг байхгүй. Бидэнд өшөө илүү гоё амьдрах боломж байна. Тэр боломжийг бид, залуус л бий болгоно. Нийгмийн хүрээнд яривал бүх хүмүүс л уур, бухимдалтай байна. Харин үүнийг бид нар л өөрчилнө. Надаас, чамаас эхэлнэ. Эх орноороо бахархдаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Сайхан ирээдүйн төлөө өөрөөсөө, өнөөдрөөс л эхэлцгээе. Гадаадын улс руу л явъя, тэнд л сайхан амьдаръя гэвэл хэцүү шүү дээ. Эсрэгээрээ гадаадаас энд хүмүүс ирж ажилладаг, амьдардаг цаг ирэх байх шүү. Тэгээд, өөдрөг байцгаая л гэж хэлье дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
5 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Tergel
Tergel

Mundag l bodoltoi yum bn.Suuliin duunuud ni taalagdaj bgaa ter kinonii duu ni

Зочин
Зочин

Har ajil hiij bgad gylalzaj bnada
amjilt

Эрдэнэтуул
Эрдэнэтуул

Амжилт мундаг дүүдээ

уншигч
уншигч

Энэ хүн таалагдсангүй Өөрийнхөө төлөө л дуулж байгаа биздээ Инээдтэй

ХА ХА
ХА ХА

Таны төлөө дуулаагүй нь ГОЁ биш үү ??? САЙХАН ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ БАЙНА.

Kkk
Kkk

Mundag zaluu gehdee yagaad ayalgatai geed bdgiin zvgeer jaahan dylitraal heltei hvnshde ter baitugai olon jil bolson hvmvvs ayalga suugaagvi bhd ,yahaw olon jil gadaad bhr jaahan vg yariani bayalagagvil bolchdog tegeed bodood gatsaadl bdg y

Back to top button