Нийгмийн

Замын цагдаа ачаалалтай уулзварт ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ ҮҮ

Асуулт: Нийслэлийн иргэд авто замын түгжрэлээс шалтгаалж ихэнх цагаа түгжрэлд өнгөрөөх, цаг хугацаа, эдийн засгаараа хохирч байна. Үүнээс шалтгаалж ажилдаа хоцрох, сургууль, цэцэрлэгт хүүхдээ цагт нь хүргэж өгч, тарах үед нь авч чадахгүй байгаад маш их бухимдалтай байна. Ер нь хуулиараа замын хөдөлгөөний түгжрэлийг хэн хариуцах ёстой вэ? Энэ талаар тодорхой заасан хууль, тогтоомж байдаг уу?

Хариулт: Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг гэж заасан байдаг.

 Тухайлбал: Тус хуулийн 9.4.-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ”

  • 9.4.2-т замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг судалж, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх гэсэн үүрэг байдаг.

Энэ үүргээ Засаг дарга өөрийн харьяа байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Авто замтай холбоотой зам барих, тэмдэг тэмдэглэл шинээр болон бүрэн бүтэн байдлыг шалгах, арчлах үүргийг нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөнийг зохицуулах, гэрлэн дохионы ажиллагаа, хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөх зэрэг үүргийг нь Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Замын хөдөлгөөн төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газар хариуцдаг.

Асуулт: Иргэд ойлгохдоо замын хөдөлгөөнийг түгжрэлийг замын цагдаа нар л хариуцан зохицуулж, биднийг түгжрэлгүй явуулах ёстой, мөн замын тэмдэг, тэмдэглэл, эвдэрсэн замын нөхөөсийг цагдаа л хийх ёстой гэж ойлгодог энэ буруу байх нь?

Хариулт: Зарим иргэд замын цагдаа нар замын хөдөлгөөнтэй холбоотой бүр ажилд оролцож, бүүр эвдэрсэн замыг нөхөх, хазайсан тэмдгийг тэгшлэх, бохирдсон тэмдэг, тэмдэглэлийг угааж, автомашиныг хилээр нэвтрүүлэх байх, гэрлэн дохиог суурилуулах, хурд сааруулагч хийж, замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх юм шиг ойлгодог. Гэтэл эдгээр чиг үүргийг хуулиар хүлээсэн субъект нь тодорхой, тэрхүү үүргийг нь хэрэгжүүлэх байгууллага нь замын цагдаа биш болохыг өмнөх асуултад хариулсан.

Харин цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэлийг арилгах ажилд холбогдох саналаа хуулиар үүрэг хүлээсэн нийслэлийн төр захиргааны байгууллагад уламжилж, шаардлагатай тохиолдолд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дэмжлэг үзүүлж оролцох л зохицуулалттай байдаг.

Учир нь бидэнд биш Нийслэлийн Авто замын газарт зам барих, засах, арчлах, шинээр болон хуучин гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлийг засварлах төсөв хөрөнгө нь хуваарилагддаг тул тэдгээр байгууллагууд замаа янзлах, тэмдгээ тавих, гэрлэн дохиогоо суурилуулах ажлаа хийдэг.

Асуулт: Тэгвэл цагдаагийн алба хаагч хөдөлгөөн зохицуулах үүрэггүй гэж ойлгож болох уу? Хөдөлгөөн зохицуулахгүй юм бол ямар үүрэгтэй оролцох уу?

Хариулт: Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд Цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын зарчмыг тодорхойлсон байдаг ба үүнд: “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн хэрэгжүүлэх чиг үүргийг зөвхөн хуулиар тогтооно.” гэж заасан байдаг. Иймд замын цагдаагийн алба хаагчид нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11.1.3.-т заасны дагуу нийтийн хэв журам сахиулах үндсэн үүргийнхээ хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” чиг үүргийг хэрэгжүүлж, замын хөдөлгөөний дүрмийг замын хөдөлгөөнд оролцогч нараас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Гэтэл нийслэлийн гудамж зам бий болсон авто замын түгжрэлийг алба хаагчид биечилэн зохицуулах чиглэлээр өдөр тутамд үйл ажиллагаагаа чиглүүлж, зөрчил гаргагч нарт хяналт тавих байдал зарим талаар алдагддаг.

Өөрөөр хэлбэл замын цагдаагийн алба хаагчид нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үндсэн үүрэгтэй гэж ойлгож болно.

Асуулт: Тэгвэл яагаад танай алба хаагч нар уулзварын голд орж өдөржин хөдөлгөөн зохицуулдаг юм бэ? Иргэдийн зүгээс цагдаа уулзварын голд орсноос шалтгаалж замын түгжрэл үүсээд байна гэх шүүмжлэл их яригддаг болжээ.

Хариулт: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ, ХЯНАН ШАЛГАХ ЖУРАМ”-ийн дагуу замын хөдөлгөөнийг зохицуулах болон хяналт тавих үйл ажиллагааг цагдаагийн алба хаагчдад журамлаж өгсөн байдаг.

Тухайлбал: Энэхүү журамд гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзвар, гарц, явган хүний гарц, төмөр замын гарам дээр дараах тохиолдолд замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулж болно гэсэн байдаг. Үүнд:

- Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн замын хөдөлгөөнд оролцоход;

- замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал /зам, замын байгууламж эвдэрсэн, байгалийн гамшиг, гал түймэр, халдварт өвчин гэх мэт/ үүсэхэд;

- эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад;

- зам тээврийн осол, гэмт хэрэг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, байгалийн гамшиг, гал түймэр зэрэг шаардлагатай үед;

-  тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл буюу цуваа өнгөрөх үед алба хаагч биечилэн зохицуулж болно.

Бусад нөхцөлд гэрлэн дохиотой уулзварт замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулахыг хориглох бөгөөд замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавьж ажиллана гэж үйл ажиллагааг журамлаж өгсөн байдаг.

Гэвч нийслэлийн гудамж замуудад тээврийн хэрэгслийн хурдацтай өсөлт, мөн зарим жолооч нарын сахилга, хүлээцгүй байдлаас шалтгаалан гэрлэн дохиотой боловч уулзвар зам гацах явдал гардаг тул зайлшгүй замын цагдаагийн алба хаагчид уулзварын голд ажиллаж, хөдөлгөөн цааш үргэлжлэх боломжтой чиглэлийн тээврийн хэрэгслийг явуулах байдлаар хөдөлгөөнийг зохицуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Уг нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-т “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран уулзвар руу орохыг хориглоно” дүрмийн заалт байдаг боловч жолооч нар энэ заалтыг дагаж мөрдөхгүй би л нэвтэрч байвал бусад нь хамаагүй гэх хандлагаар түгжрэл бий болгодог.

Үүнээс шалтгаалаад хөндлөн замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж уулзварыг гацааж зохиомол түгжрэлийг шууд үүсгэдэг. Ингээд түгжрэлд бухимдсан жолооч нар гацааг нь гаргаж байгаа замын цагдаа хараад түгжрэл үүсгэлээ гэж харддаг. Учир нь өнөөдөр ачаалалтай үед замын цагдаагийн алба хаагч хэрэв уулзварт байхгүй байх юм бол шууд л жолооч нар өөр хоорондоо бие биенийхээ урдуур орж нам гацдаг.

Асуулт: Тэгвэл хуулиараа замын цагдаа нар түгжрэлийг шийдвэрлэх үүрэг хүлээгээгүй, хөдөлгөөнд оролцогч нарын дэг журам, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй гэж ойлгох нь зөв үү?  

Хариулт: Тиймээ. Замын хөдөлгөөний түгжрэл саатлыг цагдаа зохицуулснаар хэвийн болчих нийгмийн үзэгдэл биш гэдгийг бусад улс орнууд тодорхойлсон бөгөөд цагдаагаараа биечилэн зохицуулалт хийлгээд түгжрэлгүй болсон хот, улс огт байхгүй. Тиймээс өнөөдөр цагдаа нар гацсан уулзвар замуудад үүссэн механик гацааг л гаргахад дэмжлэг үзүүлж байгаа явдал юм аа.

Цаашдаа хуулиар түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн байгууллагууд илүү оновчтой шийдвэр, шийдэл, зохицуулалтыг хийж түгжрэлийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
2020-09-04 14:20

Аль нэгэн хотхоноос явж буй цагдаагийн том дунд дарга нараа саадгүй, онцгой давуу эрхтэйгээр явуулах гээд л бусад хөдөлгөөнүүдийг удаан хугацаанд хааж будилуулж түгжирлийг улам нэмэгдүүлдэг шүүдээ. Тухайн цагдаа яахавдээ цаанаас нь дарганцар нь ута�####�а шаардаад байгаа харагддаг, сонсогддог. Үүнийгээ цагдаагийнхан дотоод хян�##�таараа илрүүлж засмаар юм. Нөгөө дарга нь яваад өнгөрөнгүүт хаячаад �##�га болцгоодог. Ийм байд�##� хэтэрхий олон давтагдах боллоо. Аваар осол гараагүй бол цагдаа нь будилуулахаа болимоор юм. Одоо бас жолооч нар цагдаа ирээд зохицуулна биз гээд дайрцгаагаад байдаг болсон. Цагдаа огт ирэхгүй байдаг бол ухаан орж өөрсдөө зохицож л таараа.

Холбоотой мэдээ

Back to top button