ҮЙЛДВЭРЛЭГЧ

ТАРИАЛАНЧ: Хөндий дүүрэн хүлэмжтэй болох хүсэлтэй агрономич

Төв аймгийн Зуунмод хотоос урагш дөрвөн км-ийн зайд орших “Атрын шим” компанийг зорин очлоо. Учир нь хаврын тариалалт эхэлж буй энэ цагт мэргэжлийн хүнээс хэрэгтэй мэдээлэл авч түгээхийг хүссэн юм. Монголчууд сүүлийн жилүүдэд өрхийн тариалан эрхлэлтийг маш сайн хөгжүүлж яваа. Та хашаандаа, зусландаа, өөрийн эзэмшил талбайдаа тариалан эрхлэхээр бэлтгэж байгаа бол 36 дахь жилдээ агрономичоор ажиллаж буй Т.Баярхүүгийн ярианд анхаарлаа хандуулаарай.  

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Агрономич мэргэжилтэй. 1983 онд ХАА-н дээд сургууль төгсөөд өнөөдрийг хүртэл 36 жилдмэ тасралтгүй агрономичийн ажлаа хийж байна. 2005 оноос хүүгийнхээ үүсгэж байгуулсан  “Атрын шим” компанид мэргэжлээрээ ажиллаж байна. Манай компани 2005 оноос хүлэмжийн аж ахуй эрхэлсэн. Газар тариалангийн салбарт түлхүү хөгжиж байгаа хүлэмжний аж ахуйг хөгжүүлэх, нарийн ногоо тарьж үйлдвэрлэн нийлүүлэхийн төлөө явж байна даа. 

-Бууц татаад хөрсөө боловсруулж байх шиг байна. Одоо хичнээн хүн ажиллаж байна вэ?

-Үрслэг бойжуулалтын ажил ид явагдаж байна. Манайх тогтмол 15 ажилтантай, тариалалт, хураалт, зэрлэг устгалын үед нэмэлтээр хүн авч ажиллуулдаг. Өнөөдөр бид 7000 м квадрат талбайд хүлэмжний аж ахуй эрхэлж байна.  Үүнээс 1200 м кв өвлийн хүлэмж. 

-Сургалт бас явуулж байх шиг байна? 

-Хүлэмжийн аж ахуй бол манайд эрчимтэй хөгжиж буй салбар. Би 2005 оноос хойш өөрт хуримтлагдсан дадлага туршлагаа сургалтаар хүмүүст хүргэдэг. Жилдээ 300-400 хүн сургаж ирлээ. Манайх одоо Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол ногоо төсөлтэй хамтран ажиллаж байгаа. 2018 онд энэ төслөөс манай дээр “Хүлэмжний технологи нэвтрүүлэх төв” –ийг байгуулж санхүүжүүлж сургалтын иж бүрэн танхимтай болгож өгсөн. Танхимын болон дадлагажих сургалтад маань Ховд,  Говь-Алтай,  Увс,  Хэнтий гээд бүх аймгаас хүлэмжний аж ахуй эрхлэгчид ирж сурдаг. Дөрөв хоногийн вакамжуулсан сургалт үдээс өмнө танхимын, үдээс хойш хүлэмжний дадлагажих сургалт хийдэг. Сургалтын маань гол онцлог бол мянга сонсохоор нэг удаа үз гэгчээр гараараа барьж, нүдээрээ харж сургадаг. Суралцагчид маань сургалтын явцад эндээ байрладаг.  

-Сургалтын үр дүнг та хэлэх боломжтой юу?

-Гайгүй болж байгаа болов уу л гэж боддог. Хүмүүс маань маш их юм мэдэж авлаа гэж хэлдэг.

-Өвлийн улиралд хүлэмжнээс шинэхэн гүзээлзгэнэ хураадаг та нарын ажлаар бахархахгүй байхын аргагүй. Монголын нөхцөлд өвлийн хүлэмж ажиллуулахад ямар вэ?

-Хүлэмжний аж ахуй дотороо өвлийн хүлэмж өөрөө их онцлогтой, өндөр өртөгтэй салбар. Өндөр техник, технологи шаардсан их сайхан өвлийн хүлэмжийг өнөөдөр Монос, Түмэн сүйх гээд олон газар ажиллуулж байна. Миний хувьд Монголын нөхцөлд тохируулаад Хятад хийцийн нарлаг өвлийн хүлэмжид дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг манайд арай илүү тохиромжтой юм болов уу гэж бодогддог. Зардал арай багатай. Нарлаг хүлэмж нь хөнжлөөр хучдаг онцлогтой. 


-НОГОО ТАРИХАД ТАВАН ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛДӨГ- 

-Танай руу орж ирэхэд Солонгос хаяг байсан. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалттай компани юм болов уу гэж бодсон?  

-Төв аймаг Япон, Солонгос, Хятад, ОХУ зэрэг орнуудын хэд хэдэн мужтай шууд харьцаатай хамтран ажилладаг. Хаяг дээр бичсэн Солонгос улсын Камнам мужийн ХАА-н техник технологийн хүрээлэнгийн төсөл  2005 онд анх хэрэгжсэн. Урьд нь би аймгийн агрономич хийж байхдаа дээр нэрлэсэн орнуудын  мужууд  ХАА-н техник технологийн хүрээлэнгээс хүлэмж төслийг 2000 оноос хэрэгжүүлж эхэлсэнэ. Энэ чиглэлээрээ хойд хэдэн суманд хүлэмж барьж ажлыг нь эхлүүлж байлаа. 2005 оноос нэг суманд нэг хүлэмж байрьж байхаар хотхон маягаар шийдье гээд Борнуур суманд таван хүлэмж, Зуун мод суманд таван хүлэмж барьсан. Төсөл хэрэгжсний үндсэн дээр хөгжилтэй орны сайхан туршлагуудаас суралцаж нутагшуулаад явж байна. Монгол орондоо хүлэмжний аж ахуйгаа хөгжүүлээд  нарийн ногоо үйлдвэрлээд шинээр нь нийлүүлээд явах гол зорилт байна. Солонгосын төсөл хэрэгжээд дуусч байна. Төслийн үр дүнд  Солонгос оронд тариалагддаг манайд ургах боломжтой бүх ногоог тариалаад гаргаж явна. Өөрөөр хэлбэл би өнөөдөр Солонгосчуудын техник технологийг монгол орныхоо хөрсөн дээр буулгаад үйлдвэрлэл эрхэлдэг гэсэн үг.  

-Монголчууд нийтээрээ л ногоо тарих, ногоон байгууламжтай болох хүсэлтэй болцгоосон. Хамгийн чухал нь?

-Ер нь бол аграонимич хүмүүсийн амнаас гардаг нэг үг бий.  Ногоо тарихад таван хүчин зүйл нөлөөлдөг. Үүнийг мөрдвөл ногоо ургана.  2019 он гарсаар Монгол ногоо төсөлтэй хамтран би вакамжуулсан хоёр дахь удаагийн маань сургалт эхэлж байна. Энэ жил долоон сургалт явуулна. Төслийн гурав дахь зорилт буюу Монголын фермер эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны хэрэгжүүлж байгаа өрхийн тариалан дээр өнгөрсөн гурван сард гурван өдрийн сургалт зохион байгуулагдаж нийт 170 хүн хамрагдсан.

 -Таван хүчин зүйл маань юу билээ?

-Агаар, ус, чийг, дулаан, гэрэл, шим тэжээлийн бодис  хоол гэсэн таван хүчин зүйлийг бүрдүүлж өгөх ёстой.  

-Хаврын тариалалт эхэлж байна. Хүмүүс маань сургалтад сууя,  үрсэлгээ авья гэвэл хэр нээлттэй вэ? 

-Үрсэлгээний хувьд өртөг өндөртэй сайн чанарын суулгац бойжуулж захиалга өгсний дагуу үрсэлгээгээ өгдөг. Сургалтад хамрагдья гэвэл хэзээ ямар сургалт байгааг тодруулж байгаад сурах боломжтой.  

-Энэ орчмын хөрсний онцлог? 

-Ер нь Улаанбаатар хот орчим бол дөрөвдүгээр зэргийн хүрэн хөрсөнд ордог. Ялзмагт үе нь их нимгэн. Борнуур, Батсүмбэр, Жаргалантыг гүйцэхгүй. Гэхдээ бид нар хөрсийг маш сайн сайжруулдаг. 


-ГАДАА ТАРЬСАН НОГОО ИХ СТРЕССТЭЙ УРГАДАГ- 

-Та одоо хэдэн төрлийн ногоо тарьдаг вэ? 

-7000 м квадрат талбайд өргөст хэмх, гүзээлзгэнэ, тарвас, хулуу, чинжүү, гадаа ил талбайгаас бөөрөнхий байцаа, шар лууван, манжин, урт, бөөрөнхий сонгино гээд нийтдээ 10 гаруй нэр төрлийн нарийн ногоо үйлдвэрлэж байна. Эрт ургац маань зургаан сарын эхээр гарч эхэлнэ. 

-Хүлэмжний ач тус энэ юм. Гадаа талбайд хавар хийсэн ногоог есдүгээр сард хурааж авдаг шүү дээ? 

-Хүлэмж гэдэг юм чинь ургамлын хугацааг түргэсгэж өгдөг. Гадаа бол хаврын хавсаргад нүдүүлж шөнө даараад, өдөр нь халаад ногоо маш их стресстэй ургадаг.  Бид нар шиг  ийм хатуу цаг уурын нөхцөлд амьдардаг иргэд хүлэмжний аж ахуйг хөгжүүлээсэй. Яагаад өдөр шөнөгүй бороо ордог дулаахан цаг агаартай Япон, Солонгос, Хятадад хөндийгөөр дүүрэн хүлэмж байдаг юм бэ? Яагаад бид нар яг тэрэн шиг хүлэмжийг байгуулаад манай төр засаг дорвитой арга хэмжээ аваад тууштайхан дэмжээд өгвөл хамрагдах хүн маш олон байгаа. Уртхан хугацаатай хүү багатай зээлээр дэмжлэг үзүүлээсэй. 

-Гадны орнуудад маш сайн дэмждэг юм байна уу? 

-Хөгжилтэй орнуудын зээлийг сонсоод байхад тариаланчиддаа худаг, цахилгаан, зам дэд бүтцийг нь шийдээд газрыг нь олгодог гэнэ. Мөн арван хувийг нь тухайн иргэнээс, 90 хувийг нь төр засаг нь хариуцаж хүлэмжийг нь барьж өгөөд борлуулалт дээр нь хүртэл анхаардаг байна. Манайд бол өвлийн хүлэмж өртөг өндөртэй  ашиг багатай болохоор зээлийн дарамтад ордог. Хүлэмжид дэмжлэг өгөөд эхлэхээр огт өөр салбарын хүмүүс орж ирээд авчихдаг. Жинхэнэ эзэндээ очдоггүй. 

-Бид бүгдээрээ ногоо тарих дуртай ч бүгд амжилттай болдоггүй.  Мэргэжлийн хүний үгийг заавал сонсох хэрэгтэй байх аа? 

-Хүмүүс хүлэмж л барьчихвал дотор нь ногоо ургана гэж боддог хүмүүс олширсон. Гэтэл тэр дотор чинь тарих технологи гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан явж байна шүү дээ. Сурахгүй судлахгүй заалгахгүй болдог ажил биш. Дээрээс нь нөгөө  таван хүчин зүйлийг нь бүрдүүлж өгч өгөх хэрэгтэй. 

-Таны хамгийн тарих дуртай ногоо?

-Манай аж ахуйн онцлог бол Солонгос улсаас бүх үрээ оруулж ирдэг. Тэр дундаа гүзээлзгэнийг олон жил тариад жаргал зовлонг нь үзчихлээ. Гүзээлзгэнэ гэдэг ургамлыг 2008 оноос эхэлсэн. Монголдоо анх уодаа таримал гүзээлзгэнийг нутагшуулж тарьж байна. Өвөл зунгүй тарьдаг. 

–Таны дуртай улирал? 

-Намар шүү дээ. Ер нь бол агроноимч хүний ажлын үр дүн намар гардаг. Намарт би дуртай.  

Т.Баярхүү агронмоичийн өөрөө тарьж ургуулсан Солонгос үрийн олон төрлийн нарийн ногоог Төв аймгийн Зуун мод хотын нэрийн цэг болон Хоме плаза, Гүүд прайс, Гацууртын нэрийн дэлгүүрүүд, Саруул зах дээрээс авах боломжтой юм  байна. Бас чанартай сайн үрсэлгээг захиалан бойжуулуулж бас мэргэжлийн онол практик хосолсон сургалтад ч сууж болно гэлээ.   

Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close