Нийгмийн

Б.Болороогийн ээжийн эмчилгээнд хандив өргөхийг монгол түмэндээ уриалъя

Хөгжлийн бэрхшээлтэй олон иргэдийн дуу хоолой болж, үлгэрлэж яваа Б.Болороогийн ээж Ө.Буянжаргал хорт хавдар тусжээ. Б.Болорын ээжийнх нь эмчилгээнд туслан, хандив өргөхийг монгол түмнээсээ хүслээ.

Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Юуны өмнө ээжид минь санаа тавин сэтгэл гарган холбогдож, асууж сураглаж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа.

Ээжийн маань шинжилгээний хариу өчигдөр гарсаан. Хортой хавдар эцсийн шат биш ч их хүндэрсэн байна гэнэ ээ. Эхлээд 2 жил орчим химийн эмчилгээ хийж байгаад түүний дараа хагалах боломжтой эсэхээ харж байж шийднэ гэнэ. 5 жил орчим эмчийн хяналтад байх ёстой гэнэ.

Анх надаас нууцаар шинжилгээ өгөх гээд очиход нь л эмч нь “ингэтэл нь яваад байхдаа яахавдээ, миний хамгийн дургүй хөх байна” гэж хэлсэн байсан. Ээж надад хэлэхдээ л энэ үгийг нь хэлсэн учраас би ерөнхийдөө их муудаж гэдгийг нь ойлгож байсан, урьдчилсан хариуг нь 1 дэх өдөр аваад ээжээсээ түрүүлээд хортой гэдгийг нь мэдсэн, хэлэх зориг хүрэхгүй эмчээсээ мэдэг гээд өчигдрийг хүрсэн.

Өчигдөр дахин гүнзгийрүүлсэн шинжилгээ өгсөн. Ээж маань хөх нь өвчин ороод өвдөөд байгаа мөртлөө намайг бодоод өвдөөгүй царайлж суух юм. Бас аймшигтай нь нөгөө хөх нь бас өвчин ороод байна гэсэн. Бүүүр аймшигтай зүйл нь ээж маань бүр түрүү жилийн 2 сард мэдрэгдэж эхэлсэн ч намайг цагдаа, прокуророор яваад сэтгэл санаа хүнд байсан болохоор намайг бүүр босч ирэхээргүй болох байх гээд нууж яваад хүндрүүлсэн байна. Одоо дахин шинжилгээний хариу гарсны дараа эмчилгээг эхлүүлнэ.

Надад маш олон хүн гадагшаа явуул гэж зөвлөсөн ч ийм зүйлд ээжийнхээ санаа бодлыг сонсох нь зөв гэж бодоод өөрөөс нь асуухад “та нараасаа хол хүний нутагт байж чадахгүй эндээ эмчлүүлнэ” гэсэн. Тиймээс одоо би Монголдоо хамгийн сайн гэсэн газарт л түргэн эмчлүүлэхээр шийдсэн.

Энэ удаан хугацаанд нууж явчихаад өчигдөр хариугаа сонсоод уйлахдаа хүртэл “ээж нь ганцхаан өнөөдөр л уйлчихъя” гэж хэлсэн. Ганцхан миний төлөө бүх амьдралаа зориулсан байхад одоо миний ээжийг жаргааж тааваар нь амьдруулж болдоггүй юм байхдаа л гэж бодох юм.

Намайг пост оруулсны дараа маш олон хүн тусалъя, дансаа тавь гэх зэргээр холбогдсон. Би хариуг нь баттай болгосны дараа тусламж авах үгүйгээ шийдье гэж бодсон. Одоо би та бүхнээсээ хандив хүсэж байна аа.

Намайг ихэнх хүмүүс мэднэ ээ, бардам нэр төрөө эрхэмлэдэг гээд. Угаасаа ээжээс минь суусан зан, хүнээс гуйхгүй амьдралаа авч явах ёстой гэсэн хатуу зарчмыг ээж маань надад бага байхаас минь суулгаж өгсөн. Би ч өнөөдрийг хүртэл ийм л байсан. Гэхдээ ээжээс минь үнэтэй нэр төр гэж байх. Буянжаргал байхгүй бол Болороо байхгүй учраас ээжийнхээ өвчнийг сонссон цагаас эхлэн Болороогийн бардам зан байхгүй болсон.

Бас нэг хүсэх зүйл нь сүржигнэлээ гэж харж байгаа бол, хандивт нэгдмээргүй санагдвал зүгээр л хэлээ хазаад чимээгүй өнгөрөөрэй гэж гуйя. Ээж маань сөрөг зүйл уншиж битгий хямраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна, одоо ч охиныхоо нэрийг муутгах юм хийлээ гээд шаналж суугаа хүн. Үнэхээр шүүмжилмээр санагдвал миний хувь чатруу шүүмжлээрэй гэж хүсье. Үнэхээр туслахыг хүссэн нь л туслаасай гэж хүсэж байна.

Төгсгөлд нь ээжид минь урам өгч зоригжуулж байгаа та нартаа баярлалаа. Ээж маань уншаад урам авдаг юм шүү. Хоёр эрдэнийхээ төлөө одоо би хүчтэй байна аа.

Хандивын аянг их олон байдлаар хийдэг бололтой. Хүмүүс ч олон янзаар хандаж байна. Гэхдээ би хүмүүст түвэг удахгүйгээр өөрөө шууд дансаа тавиад явчихъя гэж бодож байна. Түүнчлэн цугларсан мөнгө, үйл явцын талаарх мэдээллээ оруулаад явах болно оо.

ХАНДИВЫН ДАНС: Ө.БУЯНЖАРГАЛ- хаан банк 5219026913

Б.БОЛОРОО- төрийн банк 102900270802” гэжээ.

Бид Б.Болороогийн ээж Я.Буянжаргалын тухай НИЙТЛЭЛ 2019 онд бичиж байсан билээ. Тус нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе. Мөн энэхүү хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцон, Б.Болороод болон түүний ээж Ө.Буянжаргалд хандив өргөхийг уриалж байна.

Үрийнхээ төлөө бүхнээ зориулж яваа сэтгэлийг нь Төр үнэлсэн ээж

“Энхрий сэтгэлтэн олон ч надад миний ижий шиг байгаа ч бил үү
Эх хүн олон ч намайг миний ижий шиг хайрлаа ч бил үү
Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч
Эрх багынх шиг минь уучланхан суудаг
Эвдэрч хүний нүдний булай болсон ч
Эвий дээ эрдэнэ мэт үр минь хэмээн энхрийлэн байдаг
Энэ миний шүтээн
Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгуй
Өнө мөнх миний ганц шүтээн”
 хэмээн нэрт яруу найрагч Р.Чойном “Миний шүтээн” шүлэгтээ дуу алдан шүлэглэсэн удаатай. Ижийн хайрыг юугаар ч хэмжиж, зүйрлэх аргагүй. Үүний сацуу өөр юутай ч жишиж үл болно. Амьдралын олон нугачаан дунд алаг үрийнхээ төлөө гэсээр өөрийгөө ч үл хайхран зүтгэж “Эвий дээ, үр минь” гээд хошуу дэвсэн суугаа ижий бүхэн үр хүүхдийнхээ бахархал нь байдаг. Миний, таны ч ээж бидний төлөө бүхнээ зориулдаг, өлсчих вий, даарчих вий гээд үргэлж сэтгэл нь зовниж явдаг.

ҮНЭНИЙ ТӨЛӨӨ, ҮРИЙНХЭЭ ТАЛД МЯТРАШГҮЙ ЗОГССОН

Ийм нэгэн бахархалт ижийг бид энэ удаа онцоллоо. Энэ хүн бол олны танил, өндөр албан тушаалтай, Гавьяа шагналтай бус жирийн нэгэн монгол ээж. Хөгжлийн бэрхшээлтэй олон хүний дуу хоолой болж, тэдэнд итгэл найдвар бэлэглэн, өнөөгийн нийгмийн содон өнгө болж яваа Болороогийн ээж Ө.Буянжаргал. Тэдэнд өнөөдөр үнэхээр хүнд байгаа. Амьдын хагацал үзэхээс, шударга бус зүйлтэй нүүр тулахаас илүү хэцүү зүйл гэж юу байх вэ. Хань нь нас барсан гэдэгтэй эвлэрч ядан байхдаа, бусдын буруугаас болж олон хоногийн дараа цогцсыг нь олохдоо, эрх мэдэл, танил талтай “Хишиг арвин индустриал” ХХК-ийнхан буруугаа нөхөр рүү нь тохож, арьсаа хамгаалахад Б.Болороод ямар хэцүү байсан бол. Тэглээ гээд тэрбээр бууж өгөөгүй, өвдөг сөхрөөгүй.

Ээж, охин хоёр хүйтэн, жавартай, цастайг үл ажран Сүхбаатарын талбайд олон хоног суулт хийсний эцэст ямартай ч тодорхой үр дүнд хүрч чадлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Болороог тэврэн, суултаа зогсоохыг учирлан, хууль хяналтын байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулахаа амлалаа. Тэд шоудсан ч бай, худал амласан ч бай ямар ч байсан энэ асуудал олны анхааралд хүрч, Б.Болороогийн тэмцэл үр дүнгээ өгч, итгэлийн оч аслаа. Төдийгөөс өдий хүртэл хугацаанд түүний ард бат зогсон, үрийнхээ төлөө бүхнээ зориулсан хүн бол ээж Ө.Буянжаргал нь. Эхийн хайр, нөмөр нөөлгөөр охиноо хэзээ ч дутаагаагүй тэрбээр Болороогийн ганц бахархал нь. Хөгжлийн бэрхшээлтэй охиноо хэнээс ч дутахгүй зоригтой, боловсролтой, шударга хүн болгон хүмүүжүүлсэн Буянжаргалаар бахархахгүй байх аргагүй.

ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ГОЛ УТГА УЧИР НЬ ЗӨВХӨН ОХИН НЬ

Б.Болороо уг нь ихэр төрсөн юм билээ. Харамсалтай нь, эмч нар тийм гэдгийг нь мэдэлгүй ихрийн өрөөсөнг нь бүтээгээд эндүүлж, Болороог төрүүлэх үед нугасыг нь гэмтээчихсэн гэдэг. Тэгснээс нь болж тархины саажилттай болсон юм. Ихэр хүүхэдтэй болох нь гээд баярлаж явсан Ө.Буянжаргалд тэр явдал ямар их хүнд туссан бол. Амьдрал түүнд хэтэрхий хүнд ачаа үүрүүлсэн ч байж мэднэ. Тэглээ гээд тэрбээр бууж өгөөгүй. Охиноо бусдаас дутаахгүй өсгөхийн төлөө бүхнээ зориулсаар өдий хүрчээ. Түүний амьдралын утга учир нь ерөөсөө л охин нь.

Ө.Буянжаргалыг төрөхөөс өмнө нөхөр нь түүнийг орхиод явсан юм билээ. Тиймээс Б.Болороо ээжээрээ овоглодог, аавынхаа тухай огт асуудаггүй гэсэн. 22-хон насандаа үрийн зулай үнэрлэсэн, ганц бие эмэгтэйд хөгжлийн бэрхшээлтэй охиноо өсгөнө гэдэг амаргүй даваа байсан нь мэдээж. Яаж өлгийдөх, асрахаас авхуулаад туршлага дутах үе бишгүй тохиолдож байсан гэдэг. Хөгжлийн бэрхшээл дотроо Б.Болороогийнх хүнд хэлбэрт тооцогддог. Тэрбээр таван нас хүртлээ байнгын асаргаанд, хэвтэрт байжээ. Тухайн үед тоо тоолж, уншаад сурчихсан байсан ч сургуульд суръя гэхээр хараахан алхаж чаддаггүй байв. Ө.Буянжаргал охиноо өдөр бүр гадаа салхилуулна. Охин нь дээшээ харан, дуулаад хэвтдэг байж. Болороо тухайн үед хүүхдүүдтэй тоглох, хөөцөлдөн гүйхийг үнэхээр их хүсдэг байсан гэнэ.

Охин нь есөн настайдаа ганц нэг гишгэн, алхаж сурахыг хараад Ө.Буянжаргал хэчнээн их баярласан бол. Анхандаа охиноо бичүүлж сургах хамгийн хэцүү байсан гэнэ. Болороо дэвтрийн бүтэн нүүрэнд арайхийн ганцхан үсэг бичдэг байжээ. Тиймээс охиноо бичиж сургахын тулд жил гаруй мэрийсэн байна. Түүний уйгагүй хичээл, зүтгэлийн шимээр охиных нь гар зүгширч, есөн настайдаа нэгдүгээр ангид оров. Гэхдээ сургуульдаа явж чадахгүй байсан тул ээж нь түүнийг өдөр бүр зөөдөг байжээ.

Сургуульд орсон эхний хоёр өдөр Б.Болороод их хэцүү байсан гэдэг. Ангийнх нь хүүхдүүд дөлж гүйн, аав, ээжийнхээ цаагуур орж нуугдаад л. Тэгсэнд нь Болороо их эмзэглэн, ичжээ. Гэтэл гурав дахь өдрөөс нь сургуулийн хүүхдүүд түүнтэй тоглон, нөхөрлөх болж. Ээж нь сургуулийнх нь захиргаанаас гуйж байгаад бүх ангиар орж “Миний охиныг битгий тэгээрэй. Сайхан найзалж нөхөрлөөрэй” гэж гуйсныг нь Б.Болороо бүр сүүлд, төгсөхдөө мэдсэн гэнэ.

СААХАЛТ АЙЛЫНХАА ХҮҮХДҮҮДИЙГ ЧИХРЭЭР ШОВГОРДОЖ БАЙГААД ОХИНТОЙГОО ТОГЛУУЛДАГ БАЙЖЭЭ

Ангийнх нь сурагчдыг ингэж аргалсан ч саахалт айлынх нь хүүхдүүд Б.Болороог дооглон, хамт тоглохоос дөлдөг нь хэвээр байлаа. Ө.Буянжаргал охиноо ганцаардмал, зожиг болж, бусдаас нуугдмал амьдралыг чухалчилдаг болохоос ихэд болгоомжилжээ. Тиймээс саахалт айлуудынхаа хүүхдүүдэд чихэр, жимс өгөн шовгордож байгаад орой бүр гэртээ авчиран, охинтойгоо тоглуулдаг байсан гэнэ.

Буянжаргал охиныхоо төлөө уйгагүй зүтгэсний үр дүнд Болороо оноогоороо нэгдүгээрт зогсон, сургуулиа онц дүнтэй төгсжээ. Хөгжлийн бэрхшээлтэй болохоор онц сурч, оюуны хөдөлмөр эрхлэхээс өөр сонголт түүнд байгаагүй. Үүнийг ээж, охин хоёр маш сайн ойлгож байлаа. Тиймээс Б.Болороо өдөрт зургаахан цаг унтдаг, бусад үед хичээлээ давтдаг байсан юм билээ. Өдөр бүр 06.00 цагт босож, хичээлээ давтдаг байсан гэнэ.

ОХИНОО БОЛОВСРОЛТОЙ БОЛГОХЫН ТУЛД БҮХНЭЭ ЗОРИУЛЖЭЭ

Өөрийг хүн шиг хүлээж авдаггүй нийгмийн сонин тогтолцоо их сургуульд ороход нь ч Б.Болороог тойроогүй. Хүүхдүүд хажууд нь суухаас дургүйцсэн тул тэрбээр нэлээд ганцаардаж, сэтгэлээр унажээ. Тухайн үед Буянжаргал охиндоо хань болох гээд өглөө бүр хичээлд нь хүргэж өгдөг байв. Тэгээд хэчнээн олон цагийн хичээлтэй байсан ч тарахыг нь хүлээн сургууль дээр нь өнждөг байсан гэнэ.

Болороо “Хэрвээ би эрүүл байсан бол ээжийгээ ингэж зовоохгүй байсан” гээд их өрөвддөг байжээ. Гэхдээ тэр нэгэн өдрөөс хойш өөрийгөө улам хурцлах болсон гэнэ. Болороо үргэлж цонхны дэргэд суух дуртай байж. Цүнхээ цонхон дээр тавин, дотроос нь хичээлийн хэрэгслээ авахад амар байж л дээ. Нэг удаа ээжтэйгээ хамт лекцийн танхимд орж иржээ. Гэтэл өнөөх ширээн дээр нь өөр оюутан суучихсан байв. Б.Болороо нэг их юм бодолгүй урд талынх нь ширээн дээр очоод суутал өнөөх оюутан “Тэнэг юм чинь урд суучихлаа. Ядаргаатай юм аа” гээд босоод явчихаж. Тэгж хэлэхийг нь Болороо сонсоогүй юм билээ. Харин ээж нь сонсчихож л дээ. Тэгээд охиндоо “Миний охин сургуулиасаа гарчих. Ээж нь чамайг ингэж зовж, бусдын доог тохуу болж явахыг харж тэвчихгүй нь. Их сургуулийн бүх хичээлийг гэрээрээ сурчихаж чадна шүү дээ, миний охин” гээд уйлжээ. Буянжаргалын цорын ганц хүсэл нь охиноо мэдлэг, боловсролтой болгох байв. Тиймээс Б.Болороо тэр үеэс хойш ээжийгээ дахиж уйлуулахгүйн төлөө өмнөхөөсөө улам хичээн, хүчтэй амьдрах болжээ.

Б.Болороо 2012 онд МУИС-ийг онц дүнтэй төгсөж, цахим хаягаар цөөнгүй газарт ажилд орох хүсэлт явуулжээ. Одоо бүх зүйл сайхан болно гээд ээж, охин хоёр бодтол эндүүрч. Байгууллагууд “Өөлөх юмгүй мэдлэг, чадвартай хүүхэд байна. Хүрээд ир” гэсэн хариу өгнө. Баярлаад яваад очихоор Б.Болороог харангуутаа царай нь барайгаад “Дөнгөж сая хүн авчихлаа, ажлын ачаалал даахгүй юм байна аа” хэмээдэг байсан гэнэ.

Сайжилттай байтугай эрүүл хүн төрөх, хүүхэд өсгөх ямар хэцүү билээ. Б.Болороо хүүхэдтэй болсноо мэдээд баярласаар нөхөртэйгөө хамт эмнэлэгт очтол эмч нар “Ийм амьтан төрөх гэж байгаа юм уу. Нөхөр нь бас гар муутай. Арай ч ийм хүнийг төрүүлэхгүй байлгүй дээ” гэж хэлэхэд нь их гомджээ. Тэгээд сар гаруйн хугацаанд хөөцөлдөн байж хүүхдээ төрүүлэх зөвшөөрөл авсан юм. Б.Болороогийн гар чангаралттай болохоор охиноо хүссэнээрээ тэвэрч чаддаггүй. Тэр бүхэнд ээж нь түүнд үргэлж туслан, зээгээ асарч тойглосоор өдий хүрчээ.

ҮРИЙНХЭЭ ТӨЛӨӨХ СЭТГЭЛИЙГ НЬ ТӨР ҮНЭЛСЭН ЭЭЖ

Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа Ө.Буянжаргалд “Алтан гадас” одон хүртээсэн нь олны талархлыг ихэд хүлээсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүнд шагнал олгох болсон тухай утсаар дуулгахад нь “Би урлаг, спортын хүн, баялаг бүтээгч биш. Надад хийж гавьсан юм байхгүй. Тийм болохоор би наад шагналыг чинь авч чадахгүй нь” гээд татгалзсан гэнэ лээ. Тэгэхэд нь учирлан байж түүнд шагнал гардуулсан юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнд шагнал гардуулахдаа “Хүүхдийнхээ төлөө хийсэн бүхнийг тань үнэлж энэ шагналыг олгож байгаа юм шүү” гэж тодотгосон.

Б.Буянжаргал шагнал авсныхаа дараа “Зарим хүн “Ганц амьдрах насандаа хүний амталж, эдлэх ёстой болгоноос татгалзаад хүүхдийнхээ төлөө явдаг чиний амьдрал ямар ч утгагүй” гэж шүүмжилдэг. Гэхдээ би хэзээ ч тэгж бодож байгаагүй. Харин утга учиртай амьдарч яваагаа өнөөдөр бүр ойлгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ялангуяа ачааны хүндийг үүрч яваа ээжүүдэд хандаж “Хүүхдээ битгий амьдралд нь тохиолдсон том саад тотгор гэж битгий үзээрэй. Биднийг ачааны хүндийг үүрэх чадвартай учир арай илүү арчилгаа шаардах хүүхэд заяасан гэж бодож амьдраарай гэж хэлмээр байна” гэсэн юм.

Ээж, охин хоёр амьдралын ийм замнал туулж, уйлж, дуулсаар өдий хүрсэн. Тэдний тэмцэл олон хүнд итгэл найдвар бэлэглэн, хонгилын үзүүрт гэрэл асаасаар байна. Үнэний төлөө, үрийнхээ талд тууштай зогссон Ө.Буянжаргал гэдэг энэ сайхан ээжээр олон хүн бахархаж, үлгэрлэж байгаа нь лавтай. Б.Болороо хөл дээрээ босохын төлөө, сургуульд сурахын төлөө, их сургууль төгсөхийн төлөө, үрээ тээж төрүүлэхийн төлөө, мэргэжлээрээ ажиллахын төлөө, өнөөгийн нийгмийн гаж тогтолцоог өөрчлөхийн төлөө, өөрийг нь хэн нэгэн бусдын адил хардаг болгохын төлөө тэмцсээр ирсэн. Тэр бүхний ард ээж нь бат зогсон, охиныхоо өмөг түшиг болсоор өдий хүрсэн юм. Ийм мундаг ээжийн охин ийм хэрсүү, ухаалаг, шударга, боловсролтой, зөв хүн болж хүмүүжихээс ч яах билээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Хавдрын эмчилгээ 100% төсвөөс санхүүжиж байгаа шүү дээ. Хорт хавдартай олон хүн сэтгэлийн хат гаргаж эмчилгээ хийлгээд эдгэрсэн хүмүүс олон байгаа. тууштай эмчилгээ хийлгэхэд эрүүл болноо.

  2. бусад ийм өвчтэй хүмүүс зөндөө бга яах ч учраа олохгүй тэр хүмүүст бас тус#### л даа

  3. Боломжоороо мөнгө шилжүүлнээ. Ээж нь урт наслаарай. Өвчин хэцүү шүү. Сайн эмчлүүлээрэй

  4. Сайн охин байна,сайн ээж байна.ээжийгээ ийм сайхан хайрладаг охиныг бурхан ч хайрлана.ээж нь хурдан эдгэрээрэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button