
-Өчигдөр С.Ганбаатар ёстой бужигнууллаа. МАХН-аас гарсан талаар нь мэдээ бэлтгэчхээд, ариун цэврийн өрөө ороод ирэх хооронд АН-д элсчихсэн байдаг юм даа. “Өө, юу вэ” гээд дахиад хийлээ.
-Ёстой тийм юм боллоо. С.Ганбаатараас ярилцлага хөөцөлдье.
-Өчигдөр АН-д элссэнийхээ дараа лайв хийсэн. Өмнө нь ярьж байсан юмнуудаа л ярьж байна билээ.
-С.Ганбаатараас ярилцлага авахаас гадна АН-ыг тойрсон асуудлаар тойм хийе. Зөвхөн үйл явдал нь хангалтгүй шүү.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарсан даруйдаа АН-д элссэн нь дуулиан тарьсан. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойх нь олны сонирхлыг ихээхэн татаж байсан тухайн үед түүний эл нүүдлийг NTV телевизийнхэн өглөөний хурал дээрээ ярилцан, олон талын өнцгөөс хэлэлцэж байгаа нь энэ.
NTV телевизийн Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн газрын захирал Б.Ундрахжаргалант “Өчигдөр мэдээгээ хэн, хэн үзэв. Онцлох мэдээ, ярих зүйл юу байна вэ” гэснээр өглөөний хурлаа эхлүүлэв. Сэтгүүлчид өмнөх өдрийн хийсэн мэдээ, сурвалжилга, тоймынхоо агуулга, хийц, мэдээллийн багтаамжийн талаар өөр, өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ хэлсний дараа Б.Ундрахжаргалант “Титрийн алдаа харагдаагүй. Боловсруулалт дутуу санагдсан. Хангалттай ажиллаагүй байна билээ. Үзэгчдэд нэг ч гэсэн мэдээлэл яаж илүү хүргэх вэ гэдэг тал дээр анхааръя, манайхаан” гэв.

Үүний дараа тухайн өдөр юу, юу хийхээ төлөвлөсний нэгээхэн хэсэг нь сурвалжилгын эхэнд дурьдсан Ерөнхийлөгчийн сонгууль, намаа мутацилагдсан вирусээс хурдан шахам өөрчилж, “хувьссан” С.Ганбаатар гишүүн, хоёр хуваагдаад буй АН-ыг тойрсон асуудал байлаа.
Мөн сэтгүүлч О.Болор-Эрдэнэ Өлзийт хорооллыг зорин, хүүхдийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд ээмэг, зүүлт, наамал цахимаар хийж сурсан эмэгтэйгийнхээс сурвалжилга бэлтгэхээр төлөвлөснөө хэлэв. Мөн тэрбээр Хорооны өрхийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн багц тарааж эхэлсэн талаар Толгойтоос сурвалжлахаар төлөвлөжээ.

Ийнхүү NTV телевизийн сэтгүүлчид салбар салбарынхаа онцлох үйл явдал, хийхээр төлөвлөсөн сурвалжилга, тойм, хөөж буй сэдвээ ярилцсаар, хурал нь цаг гаруй үргэлжлээд дуусав. Ингэснээр ажлаа хэрхэн амжуулах вэ гээд цаг хугацаатай уралдан, цаг, наргүй гүйдэг сэтгүүлчийн нэг өдөр ийн эхэллээ. Хурал дуусангуут сэтгүүлчид тус тусын төлөвлөсөн ажил, хийхээр товлосон ярилцлага, сурвалжилга руугаа яарлаа. Сэтгүүлчийн ажил цаг, наргүй. Өглөө хэдэн цагт ажилдаа ирэх цаг л тодорхой. Хэдэн цагт гэртээ харихыг харин тухайн өдрийн ажлын ачаалал л мэднэ.
А.БАЯРБАТ: ХАМТ ОЛНЫХОО АЖЛАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙДЭГ, ХӨДӨЛМӨРЧ, ТУУШТАЙ ЗАНГААР НЬ БАХАРХДАГ

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнэ эзэлж, түүчээлж яваа NTV телевизийн 15 жилийн ой энэ онд тохиож буй. Тус телевизийн захирал А.Баярбат NTV-гийн, хамт олныхоо тухай ингэж ярив.
-Өнөө жил NTV телевизийн 15 жилийн ой тохиож байна. Сэтгүүл зүйн салбарт танай телевизийн оруулсан гавьяа гэвэл та юу онцлох вэ?
-NTV телевиз 15 жилийн турш баримталж ирсэн гол бодлого нь мэргэжлийн, ёс зүйтэй байх зарчим. Энэ утгаараа бид нийгэмд хараат бус, тэнцвэртэй, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэн, олон улсын стандарт, шаардлагыг хангасан контент бэлтгэн, нийгэмд өөрийн гэсэн тодорхой хувь нэмрийг оруулж байгаа болов уу.
-Ямар ч байгууллагын үйл ажиллагаа, дотоод соёл удирдагчийн арга барилаас их шалтгаалдаг. Хамт олноо удирддаг гол арга барил, удирдагчийн жор тань юу вэ?

-Удирдлагын хувьд өөрийн компанийн алсын хараа, стратеги болон өрсөлдөөнт зах зээлд хэрхэн шинэ бизнес модель бий болгож болох вэ гэсэн чиглэлд цагаа түлхүү зарцуулж ажилладаг. Монголын хэвлэл мэдээллийн салбар хэвлэл мэдээллийн маш олон хэрэгсэлтэй мөртлөө бизнес талаасаа маш жижиг зах зээл. Улс төрөөс мөн өндөр хамааралтай, орчин үеийн технологи дээр суурилсан гадаад болон дотоодын орлох бүтээгдэхүүн ихээр гарч ирж байгаа.
Ийм учраас компанийн хувьд цаашид хэрхэн амжилттай оршин тогтнох вэ, зах зээлээ хэрхэн тэлэх вэ гэдэг сорилт салбарын хэмжээнд үүсэж байна. Иймээс хамт олноо нэгдмэл зорилго, зөв стратегитэй байлгахад онцгой анхаардаг.
Мөн байгууллагын соёл бол анхаарах ёстой чухал зүйл. Компанийн нэгжийн удирдлагуудад эрх мэдлийн хуваарилалт хийж, тэдэнд дотоод үйл ажиллагаагаа бүрэн удирдах, шийдвэр гаргах боломжийг нь олгодог. Бүхий л үйл ажиллагаандаа зарчимтай, шударга, ёс зүйтэй байхыг эрхэмлэдэг. Манай хамт олон ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Өөриймсөг сэтгэлтэй, хөдөлмөрч, тууштай зан чанараар нь бахархдаг.
ЦАР ТАХЛЫГ ХАМТДАА ДАВАХЫН ТУЛД АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ НЭМСЭН

-Цар тахлын энэ цаг үед бүхий л байгууллага төсвөө танаж, цалингаа бууруулж буй. Саяхан NTV ажилчдынхаа цалинг нэмсэн байна. Та ямар ч үед байгууллагаа, ажилчдаа дэмжье, урамшуулъя гэж боддог, ийм зарчим баримталдаг бололтой?
-Цар тахлын улмаас эдийн засаг дэлхий даяар хүнд байгаа манай компанийн хувьд 2021 онд хийхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг нь ажилчдынхаа цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцлийг илүү тухтай болгох байлаа. Үүнийгээ ажил хэрэг болгосон.
Хэдийгээр санхүүгийн хувьд тийм таатай биш байгаа ч сүүлийн хоёр жилийн хугацаанд бид нэг ч орон тооны цомхотгол хийгээгүй, тусгаарлалтад орсон, онлайн горимд ажиллаж буй бүх ажилчдынхаа цалинг бүтэн олгож, бүр үе шаттайгаар цалинг нь нэмж байна. Бид нэг хамт олон учраас компани энэ хүнд цаг үед бүх боломжоороо ажилтнуудаа хамгаалж, дэмжих ёстой. Бид хүнд цаг үеийг хамтдаа давж гарна.
-NTV телевизийн цаашдын зорилго, алсын харааг хэрхэн харж, тодорхойлж байгаа вэ?
-Бид зөвхөн уламжлалт сувгууд дээр бус бүх боломжит, ялангуяа харилцаа холбоо, технологи дээр суурилсан сувгууд, бизнесийн чиглэлийг их анхаарч байна. Мөн “Контент бол хаан” гэдэг зарчим дээрээ тууштай байгаа.
Б.УНДРАХЖАРГАЛАНТ: БИД ШҮҮМЖЛЭЭД, МЭДЭЭЛЭЭД ӨНГӨРӨХ БУС ТОДОРХОЙ ШИЙДЭЛД ХҮРТЭЛ НЬ СУРВАЛЖИЛДАГ БОЛНО

NTV-гийн тулганы галыг бадраалцсан анхны ажилчдын нэг нь Б.Ундрахжаргалант. Эл телевизийн төдийгөөс өдий хүртэлх 15 жилийн түүх түүнтэй салшгүй холбоотой. Б.Ундрахжаргалант захирлын сэтгүүлчээр ажиллаж буй он жилүүдийн тухай хөөрөлдөхөд яах аргагүй NTV-гийн тухай л ярих нь ойлгомжтой. Тэрбээр их сургуулиа төгсөөд, ажлын гараагаа NTV-ээс эхлүүлсэн, одоо ч хэвээрээ. Б.Ундрахжаргалант 15 жилийн өмнө мэдээний сэтгүүлчээр ажилд орж байсан бол өдгөө телевизийнхээ нүүр царай, тулхтай, туршлагатай луухагаруудын нэг нь болжээ. Тэрбээр NTV телевизийн Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн газрыг, Time.mn сайтын хамт ахладаг.
ШИНЭ АЖИЛЧДАД “МАШ ЭЕРЭГ, ДУЛААХАН ХАМТ ОЛОНТОЙ” ГЭЖ НҮҮР БАРДАМ ХЭЛДЭГ

-Өглөө ажилдаа ирэхэд, телевизийнхээ эфирт ороход танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Телевизийнхэн эфирээсээ, телевизээсээ холдож чаддаггүй болчихдог юм билээ. Ээлжийн амралтаа аваад явахдаа ч ажилдаа ирмээр, эфирт гармаар санагддаг, их санадаг. Эфирт мэдээ хөтлөж байхдаа, ажилдаа өглөө бүр ирэхдээ сэтгэл хангалуун байдаг.
NTV-д ажиллаж буй жилээ тоолоход надад амархан байдаг. Миний ажилласан жил байгууллагатай маань чацуу. Ажлын гараагаа эхлүүлж, соёлыг нь тээж яваа NTV телевиздээ үнэхээр хайртай.
Мэдээж өнгөрсөн хугацаанд ажлын олон санал ирсэн. Тэр бүхэнд ажилдаа, хамт олондоо сэтгэл хоргодоод яваагүй. Гэр бүлийнхэн минь ч мөн NTV-д хайртай. “Өөр газраас ажлын ийм санал ирлээ. Бодож үзэх үү, яах вэ” гэхэд “NTV-дээ л байсан нь дээр. NTV л чамд зохино” гэж намайг ятгадаг, зөвлөдөг юм.
-Хамт олондоо, ажилдаа сэтгэл тань хоргодоод үлдэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл юу вэ?
-Ер нь их дулаахан, гоё соёлтой байгууллага. Хамт олны маань харилцаа, уур амьсгал нь эрүүл. Их эрүүл тогтолцоотой. Хэн нэгэн дарга гэнэт орж ирээд “Энийг мэдээлэхгүй. Тэрийг болиул” гэж шахдаг замбараагүй байгууллага байдаг шүү дээ. Манайх тийм биш.
Оюутны ширээнээс ажлын гараагаа эхлүүлсэн, намайг өдий хүртэл хүмүүжүүлж, хөгжүүлж, дэвшүүлж яваа болохоор NTV надад илүү үнэ цэнэтэй, цаанаасаа сэтгэлд дулаахан байдаг. Хүний амьдрал дардан биш. Сэтгэлээр унах, гутрах үе байлгүй яах вэ. Байгууллагынхаа хаалгаар орж ирээд, хамт олонтойгоо уулзангуутаа түүнийгээ мартчихдаг. Нэг л мэдэхэд инээчихсэн явж байдаг юм. Ийм сайхан хамт олонтой, эрүүл тогтолцоотой газар ажиллана гэдэг зол заяа. Дарамттай, дотоод уур амьсгал нь сонин, хоорондоо хөндий харилцаатай байгууллагад ажиллах ямар хэцүү билээ. NTV тийм биш. Шинээр ажилд орохоор ирж буй хүмүүст “Маш гоё эерэг, дулаахан хамт олон” гэж би нүүр бардам хэлдэг.
АЖЛЫН ГАРААГАА ЁСТОЙ ЗӨВ ГАЗРААС ЭХЛҮҮЛСЭН ГЭЖ ҮРГЭЛЖ БОДДОГ
-Ямар ч сэтгүүлчид анхны суурь, төлөвшил их чухал. Ажлын гараагаа NTV-гээс эхлүүлснээр танд ямар боломж нээгдэв, өнөөгийн Б.Ундрахжаргалантыг хэрхэн хөгжүүлсэн бэ?
-Ийм гоё соёлтой, ур чадвартай байгууллагад ажиллахаар аяндаа олон талаар хөгжөөд, төлөвшчихдөг юм билээ. Би NTV-д анх орох үедээ урт задгай үстэй, нүдээ ногооноор теньдчихсэн, аймар том ээмэгтэй, мөр нь гарсан цамцтай ирж байснаа тод санадаг юм. Захирал маань “Чи ямар сэтгүүлч болохыг хүсэж байна вэ. Мэдээ уншдаг хүн болох уу, мэдээний сэтгүүлч болох уу” гэхэд нь би алс хэтээ харсан. Мэдээ уншиж суугаад “зэврэх”-ийг хүсээгүй. Тэгээд шууд мэдээний сэтгүүлчээр ажлын гараагаа эхлүүлсэн юм. Мэдээнд яваад, төрөл бүрийн салбарт, янз бүрийн амьдрал сурвалжилсан маань намайг өнөөгийн хэмжээнд хүрэхэд их нөлөөлсөн.
Би анх талийгаач Наранбаатар ах, сэтгүүлч Батзаяа эгчийн удирдлагад ажиллаж байлаа. Ажлын гараа маань их зөв эхэлсэн. Ёстой зөв газраа ажилд орсон гэж дандаа боддог.
-NTV-гийн өнгө төрх, нийтлэлийн бодлого удирдлагын арга барил, зарчмаас ихээхэн шалтгаална. Та ажилдаа, хамт олноо удирдахдаа ямар зарчим баримталдаг вэ?
-NTV телевиз анх байгуулагдахдаа үзэл санаагаа “Өөдрөг өнгө, өөр өнцөг” гэж тодорхойлсон. Одоо ч үүнийхээ дагуу ажиллаж байгаа. Өөдрөг, гэгээлэг өнгө NTV-гээс үргэлж “гэрэлтдэг” байх гэж боддог. Мэдээний албаны хувьд анх зарчмаа “Бүгдийг бус чухлыг” гэж тодорхойлж байлаа. Одоо ч энэ нь хэвээрээ.
Энэ мэдээ үзэгчдэд хэрэгтэй юү, сонирхолтой юу, урам зориг өгч чадах уу, энэ асуудлыг шийдэхэд тус дэм, дуу хоолой нь болж чадах уу гэдэгт ач холбогдол өгдөг. Хэтэрхий хар бараан сэдвийн араас хөөцөлдөхийг хүсдэггүй. Сошиалаар, цахим мэдээллийн хэрэгслээр баахан мэдээллэчихсэн байхад бид дахиж хөндөн, бусдын сэтгэл санааг хямраахыг хүсдэггүй. Тиймээс бид сэдвээ их бодож сонгодог, бусдад урам зориг өгөхийг чухалчилдаг. Нийгэмд болохгүй асуудал зөндөө, иргэд бухимдалтай байна. Аль болох гэрэл, гэгээтэй зүйлийг мэдээлж, олон нийтэд урам, итгэл өгөхийг хүсдэг. Мэдээж хууль бус, болж, бүтэхгүй байгаа зүйлийн хажуугаар нүдээ аниад өнгөрөхгүй. Шүүмжлэхээ шүүмжилнэ.
Ерөнхийдөө баримталдаг зарчмаа албархуу байдлаар тодорхойлбол, бид хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталдаг. Чөлөөт эдийн засгаа дэмжин, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хэвлэл мэдээллийн үндсэн зарчмаа баримтлах нь бидний зарчим.
Миний хувьд сэтгүүлчдэд, ажлынхандаа “Үзэгчийн, мэдээлж буй хүнийхээ оронд өөрийгөө тавь” гэж захидаг, зөвлөдөг. Сэтгүүлчдээр сэдвийн мэдээ бэлтгүүлэхийг зорьдог. Ингэснээр сэтгүүлчид сэдэв хөөж, сурвалжилж, асуудал хөндөж гаршдаг. NTV-гийн “бүтээгдэхүүн”-үүд үргэлж амжилттай явдаг, яагаад гялалзаж яваагаа талархан хэлдэг.
АЖЛЫН ГАРААГАА АНХАН ШАТНААС ЭХЛҮҮЛСЭН БОЛОХООР АЖИЛЧДЫНХАА ЖАРГАЛ, ЗОВЛОНГ ИЛҮҮ САЙН ОЙЛГОДОГ

-NTV-д орж ирэнгүүт гал цогтой, амь халуун хамт олонтой нь шууд мэдрэгдэж байна. Хамт олныхоо халуун дулаан уур амьсгал, эрүүл харилцааг хэрхэн хадгалж, зангиддаг вэ?
-Би албаа ахлаад гурван жил гаруй болж байна. Ажлын гараагаа мэдээний сэтгүүлчээс эхлүүлсэн, доороос нь өгссөн учраас ажилчдынхаа ажлыг, жаргал, зовлонг илүү сайн ойлгодог. Анхан шатнаас нь ажилласан учраас сэтгүүлчидтэйгээ илүү сайн ойлголцдог, амьдралд ойр чиглэл, заавар өгдөг юм болов уу. Нөгөө талаар сэтгүүлчдээ эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө ажиллах боломжийг бүх талаас олгодог, санаачилгыг нь дэмждэг нь миний гол арга барил. Тэгээд ерөнхийдөө NTV-гийн ерөнхий суурь, төлөвшил аяндаа аваад явчихдаг юм.
Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад NTV телевизийн мэдээний албаны сэтгүүлчид нэлээд өөрчлөгдсөн. “Динозавр” гэдэг шиг би өөрөө л үлдчихсэн байна (инээв). Маш ур чадвартай, хамт олноо, ажлаа гэсэн сэтгэлтэй, зүтгэлтээ хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь бидний давуу тал. Бид багаар ажиллаж чаддаг, амь халуун хамт олон. Шинээр ажилд орж буй хүмүүст “Багаар сайн ажиллаарай” гэж зөвлөдөг.
Анхнаасаа NTV их зөв удирдлагатай, сууриа зөв тавьсан. Одоо ч хэвээрээ. Зөвхөн өнөө, маргаашийн цалин харж ажилладаг хүн тун цөөхөн гэдэгт би эргэлздэггүй. Байгууллагадаа хайртай, хамт олноо, нэгнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс энд ажилладаг.
-NTV үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн олон контенттой. Та алинд нь хамгийн их дуртай вэ?
-Өнгөрсөн жил манай телевиз “33-р точка”-г гаргаад, ёстой илүүрхсэн. Тэрний өмнө ДАШТ-ийг шууд дамжуулахад хамт олноороо үнэхээр бахархсан. МҮОНРТ-тэй зэрэгцээд дамжуулахад NTV үнэхээр илүүрхсэн. Үнэхээр мэдрэмжтэй, мэдлэгтэй хамт олон. Одоо манай телевизийн “Улаан бал” сэтгүүл зүйд тод өнгө болж байгаа.
БИД СЭТГЭЛ ХАНГАЛУУН АЖИЛЛАДАГ ОЛОН ШАЛТГААНЫ НЭГ НЬ ЭЗДИЙН ОРОЛЦОО МАШ БАГА

-NTV телевиз “Шунхлай групп”, АПУ компанийнх. Та бүхэн эздээс хараат бус ажиллаж чаддаг уу?
-Зарим хүн манай телевизийг АПУ компанийн хараат, АН-ыг дэмждэг гэдэг өрөөсгөл ойлголттой байдаг. Би NTV телевизэд 15 жил ажиллахдаа тийм дарамт, шахалт мэдрээгүй. Хийсэн мэдээ, сурвалжилга бүхнийг нь “Болно, болохгүй. Тэр талаар битгий бич” гээд цензурдээд байвал манайд хүн тогтохгүй шүү дээ. Бид NTV-д сэтгэл хангалуун ажиллаж буй олон олон, шалтгааны нэг нь эздийн оролцоо маш бага. Үүнд их олзуурхдаг.
-NTV алсын хараагаа хэрхэн тодорхойлж байгаа вэ. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн шинэчлэлт, өөрчлөлт бий юү?
-Сэтгүүлчдээ салбар, салбараар нь дагнуулж ажиллуулдаг нь бидний давуу тал. Тэгснээр манай сэтгүүлчдийн бэлтгэж буй мэдээ, сурвалжилга хамаагүй даацтай, чанартай болсон.
Ийм юм болж гэж шүүмжлээд, мэдээллээд өнгөрдөг байдлыг халах зорилго тавьсан. Монголын хэвлэлийн салбар өнөөг хүртэл шүүмжилсээр ирлээ. Одоо хангалттай. “Яг яагаад энэ асуудал үүсэв. Хаана гацсан бэ. Яах хэрэгтэй байна вэ” гэдэг гарц, гаргалгааг эрэлхийлж, тодорхой шийдэлд хүртэл нь сурвалжилдаг болно. Энэ бидний ойрын хугацаанд тавьсан олон зорилтуудын нэг нь.
О.БЯМБАГЭРЭЛ: ХЭНЭЭС Ч ХАРААТ БУС, ӨӨРИЙНХӨӨРӨӨ АЖИЛЛАЖ ЧАДДАГ НЬ БИДНИЙ ДАВУУ ТАЛ

NTV-гийн Мэдээний албаны гол хоёр багана, Б.Ундрахжаргалант захиралд хамгийн их түшиг болдог хоёр ахлах редакторын нэг нь О.Бямбагэрэл, нөгөө нь Н.Сугар. Тус телевизийн гол нүүр царайнуудын нэг О.Бямбагэрэл өдгөө ажлынхаа хажуугаар “Мэдээний урсгал” мэдээллийн хөтөлбөрт ажиллаж буй. Биднийг NTV-г сурвалжлахаар очсоныг дуулаад “Мэдээллийн урсгал” дахь их ажлынхаа дундуур зав гаргаад ирсэн байлаа.
О.Бямбагэрэл “Манайх мэдээгээ “Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр хариуцлагатай эх сурвалжаас мэдээлэл авах нь улам чухал болж байна. Та NTV-гийн мэдээнд итгэж болно” гэж эхлүүлдэг. Энэ бол манай үндсэн зорилго, бодлого. Учир нь өнөө цагт хүмүүс сошиал орчноос маш их мэдээлэл авдаг. Гэхдээ үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл авч чаддаг эсэх нь учир дутагдалтай. NTV энэ мэдээллүүдийг итгэлтэй, хариуцлагатай, бүх талын эх сурвалжтай, тэнцвэртэй хүргэхийг зорьдог. Өнөөдөр мэдээллийг лайв хэлбэрээр шууд дамжуулдаг болсон. Үзэгчид тухайн лайваас цэгцгүй, нэг талын мэдээлэл авдаг. NTV тэдгээрийг цэгцлэн, нөгөө талын эх сурвалжаас тодруулан, тэнцвэртэй байдлаар бүрэн мэдээлэл хүргэдэг. Ийм мэдээ манай гол зорилго гэж товчоор ойлгож болно.

Бид мэдээгээ 2-3 минутийн хугацаанд багтаан бэлтгэдэг. Тэгэхээр манай сэтгүүлчид өдөржин яваад, бэлтгэсэн мэдээгээ цэгцтэй, ойлгомжтой, тэнцвэртэй, олон талын эх сурвалжийг агуулаад ийм богино хугацаанд багтаан хийдэг гэсэн үг. 2-3 минутийн хугацаанд аль болох олон мэдээлэл багтаахыг бид зорьдог. Сэтгүүлчийн боловсруулалт, тэнцвэртэй байдлыг хангасан эсэхэд их анхаардаг. Үүний сацуу NTV-гийн сэтгүүлчид эдийн засаг, улс төр, нийгэм гээд төрөлжсөн нь бидний нэг онцлог. Манай редакцид улс төрийн сэтгүүлчээр Н.Сугар, Д.Уламбаяр бид гурав ажилладаг. Сэтгүүлч яг ингэж төрөлжихийн хэрээр илүү далайцтай, чанартай мэдээлэл хүргэдэг. Ингэж төрөлжиж ажиллах боломжийг редакциас олгодог, удирдлага ч их дэмждэгт нь би их талархдаг.
Ямар ч сэтгүүлч эзний, удирдлагаас хараат бус ажиллах маш чухал. Ялангуяа улс төрийн сэтгүүлчид бүр ч их чухал. Монголын сэтгүүл зүйд хөндөгдөж буй гол асуудлын нэг л дээ. Би NTV телевизэд ажиллаад гурван жил болж байна. Эзнээс хараат бус, сэтгүүлчдээ өөрийнхөөр нь чөлөөтэй ажиллуулдгийг харгалзаад, хүндлээд би энд ажилд орсон юм. Сэтгүүлч хараат бус ажиллаж байж тэнцвэртэй, үнэн бодит мэдээлэл хүргэж чадна.
Бодит байдал дээр манайхыг “Шунхлай” групп, АПУ-гийн телевиз гэж ярьдаг, холбож тайлбарладаг. Хөрөнгө оруулагчдын зүгээс сэтгүүлчдийг тийм, ийм юм бич, тэгж болохгүй гэх мэтээр телевизийн бодлогод огт оролцдоггүй. NTV-д ажиллаж буй гурван жилийн хугацаанд ийм шахалт, хараат байдал, ямар нэгэн дарамт огт мэдэрч байгаагүй. Үүнд нь би олзуурхдаг. NTV-гийн бүх сэтгүүлч хүссэн асуудлаа хөндөж, мэдээллэж, тоймлож чаддаг. Тийм нөхцөл, боломжоор манай удирдлага бүрэн хангадаг. Энэ нь бидний ажлын үр дүнд маш их нөлөөлдөг.

Манайх ямар ч үед тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг зорьдог. Энэ бидний гол зарчим. Тэнцвэртэй мэдээллэчихсэн цагт “Танайх манайхыг гүтгэлээ, харлууллаа” гэх гомдол маш бага гардаг. Тийм үед NTV сэтгүүлчээ маш сайн хамгаалдаг, шууд хуулийн байгууллагад хандан, өмгөөлөгч авдаг. “Сэтгүүлчийн буруу. Бидэнд хамаагүй” гэдэг байдлаар хэзээ ч асуудлаас бултаж, сэтгүүлчээ түлхэж байгаагүй. Үүнд манай хамт олон их баярлаж, ажилдаа урам зоригтой, итгэлтэй ажилладаг” гэв.
Н.СУГАР: NTV-гээс ӨӨР ГАЗАР АЖИЛЛАЖ БУЙГААР ӨӨРИЙГӨӨ ТӨСӨӨЛДӨГГҮЙ

Ажлын гараагаа NTV-гээс эхлүүлж, өдгөө ч зүтгэж яваа шилдгүүдийн нэг нь Н.Сугар. Дээр тодотгосончлон Б.Ундрахжаргалант захиралд хамгийн их түшиг, тулгуур болдог сэтгүүлчдийн нэг нь л дээ. Нас залуу, цус шингэн гэж түүнийг хардаг, “басдаг” үе ард хоцорсон. Туршлага дутахгүй, нэлээд чамбай, чадвартай автор болох ирээдүйтэйгээ тэр нотолсоор байгаа. Н.Сугар 2013 онд буюу гуравдугаар дамжааны оюутан байхдаа NTV телевизэд дадлага хийн, ажил, амьдралаа холбожээ.
Түүнээс хойш өнөөг хүртэл найман жил ажиллаж буй тэрбээр “Улс төрчид их гоё, уран ярьдаг. “Ард түмнийхээ төлөө ийм үйлдэл хийлээ” гээд юу ч гэж ярьж, итгүүлж, асуудлаас бултах гэж оролдож болно. Тухайн үеийн шийдвэр нь зарчимгүй мөртлөө олон түмний амьдралд, улсын хөгжилд хэрэгтэй, нэмэртэй байж болно. Тэгэхээр хүссэн хүн бүхэн тэгж дүрэмгүй тоглоод, зарчимгүй авирлаад байвал эрх зүйт төрийн утга алдагдана. Тиймээс улс төрчдийн үйлдэл, шийдвэр зарчимтай, хууль эрх зүйтэй хэр нийцэж байна вэ гэдгийг харахыг хичээдэг.

Би сэтгүүлч мэргэжил эзэмшсэн, сэтгүүлчээр ажиллаж яваагийн хувьд нийгэмд зөв зарчим нь хаана байгааг тодоор харуулахыг хичээдэг. Нэг хэсэг зарчим ярихаар ойлгодоггүй, жанжин шугам нь хаанаа байна вэ гэхээр хэн нэгний талд орлоо гэж шүүмжилдэг, тийм байдлаар ханддаг байсан. Одоо цаг үе өөрчлөгдсөн. Зарчим, жанжин шугам ярьдаг, нэхдэг хүнийг ойлгодог болсонд олзуурхдаг. Бид харьцангүй эрх чөлөөтэй, хараат бус ажилладаг. Үүндээ их олзуурхдаг.
Сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийн нэр хүнд тийм ч сайнгүй байна. Худалдагддаг, худал мэдээлэл цацдаг гэх мэт олон шүүмжлэл байгаа нь үнэн. Гэхдээ NTV телевиз зарчимтай редакцтай. NTV телевиз хэзээ ч санаатайгаар худал мэдээлэл цацахгүй. “Нэг талын байр суурьтай, тэнцвэртэй бус ийм мэдээлэл гаргачихъя” гэх хандлага, ёс зүйгүй үйлдэл NTV-гийн редакцаас хэзээ ч гарахгүй. Би одоо шинэ, залуу сэтгүүлчдийг чиглүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Сэтгүүлчид NTV-д ажилласнаар сууриа маш зөв тавьдаг. Сэтгүүлч хүнд байх учиртай суурь, төлөвшил, ур чадварыг NTV маш сайн эзэмшүүлэхийг хичээдэг.

Хүн ажилдаа ирэхэд, ажлаа хийхэд мотиваци их хэрэгтэй. Ажлынх нь уур амьсгал хөрчихсөн, дарамттай бол ямар байдаг билээ. Жаахан л тааламжгүй мэдрэмж байлаа гэхэд хүн ажилдаа очихоос төвөгшөөдөг. Би NTV-д ажиллаж буй найман жилийн хугацаанд тийм мэдрэмж хэзээ ч мэдэрч байгаагүй. Манай хамт олон хувийн асуудлаас болж хоорондоо ам зөрж байхыг ганц ч удаа хараагүй. Ажлын төлөө, нэгнийгээ алдаагаа засаасай, хөгжөөсэй гэсэндээ ам мурийх үе гаралгүй яах вэ. Тэр дандаа нэгнийхээ, ажлынхаа төлөө.
Өнөөг хүртэлх хугацаанд өөр газраас олон санал ирж байсан. Мэдээж сайхан, сайхан зүйл амладаг, ятгадаг. NTV-ээс өөр газар ажиллаж байна гэж өөрийгөө төсөөлдөггүй” хэмээлээ.
Г.ЭНЭБИШ: ИЙМ ТОМ РЕДАКЦ ЭДИЙН ЗАСГИЙН БУЛАН ГАРГАЖ ӨГСӨНД НЬ БАЯРЛАЖ, ОЛЗУУРХАЖ ЯВДАГ

Үзэгчид NTV телевизийн эдийн засгийн мэдээнд их дуртай. Эдийн засгийн нэр томъёо, ойлгоход төвөгтэй үг хэллэгийг үзэгчдэд энгийнээр, ойлгомжтой тайлбарлаж, цаг үеийн мэдээллээр “цангаа”-г нь үргэлж тайлах гол ажлыг нугалдаг түүнийг Г.Энэбиш гэдэг. “Эдийн засгийн Ээгий” гэхээр салбарынхан нь түүнийг андахгүй. Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн нэг тэрбээр С1 телевизэд найм, NTV-д гурван жил ажилласан туршлагатай.
Бяцхан үрээ торниулаад, ажилдаа бушуухан орох сон гээд яарч, догдолж буй Г.Энэбиш “Би C1 телевизээс гарах шийдвэр гаргаад байхдаа “Ажиллах уу, сурах уу” гэдэг хоёр сонголтын өмнө зогссон юм. Хэрвээ ажиллая гэвэл NTV, “Ийгл” хоёрын л аль нэгэнд нь орох бодол байлаа. Тэр үед хүн бүхэн NTV-д орохыг надад зөвлөж билээ.
NTV телевизийг онцлоод, энд ажилд орсон олон шалтгаан бий. Эдийн засгийн тусдаа булан гаргаж өгсөн нь тэдгээрийн нэг нь. Телевизүүдийн мэдээний цаг хэчнээн богино билээ. 30 минутаас дээд тал нь нэг цаг. Энэ том редакц “Эдийн засаг чухал” гэж ач холбогдол өгөөд, булан гаргаж өгсөнд нь их олзуурхаж, баярлаж явдаг.
Манай редакцийн бодлого үнэхээр ойлгомжтой. Улс төрчдийн, удирдлагын ямар ч дарамт байдаггүй. Хэнээс ч хараат бус нь бидний давуу тал. NTV-гийн хамт олноороо би их бахархдаг. Бидний уур амьсгал их эерэг, халуун дулаан. Үнэхээр хамт олноо, байгууллагаа гэсэн сэтгэлтэй залуус бүрдсэн. Манай телевиз ажилчдаа маш сайн сургаж, мэргэшүүлж, төлөвшүүлдэг.
Эдийн засгийн тоо, баримтыг үзэгчид дээд тал нь 8-9 секунд тогтож сонсдог гэх статистик бий. Би эдийн засгийн мэдээллийг үзэгчдэд хүргэхдээ жишиж, амьдралтай ойр жишээгээр харьцуулж хүргэх дуртай. Сүүлд хийсэн мэдээ гэхэд “Монгол Улс 10 гаруй тонн нүүрс экспортлоод оронд нь “Iphone XI” зарсантай тэнцэх хэмжээний л ам.доллар манайд орж ирдэг” гэж харьцуулж, жишиж мэдээллэсэн. Тэгж мэдээллэхээр хүн бүхэн сонирхож байгаа байхгүй юу. Ер нь эдийн засгийн мэдээллийг аль болох ингэж энгийн үг хэллэгээр хүргэхийг хичээдэг.

Өнөө цагт хүмүүс дуулианд их хошуурдаг болчихлоо. Эдийн засгийн мэдээг энэ их дуулианаас яаж давуулж, сонирхолтой хүргэх вэ гэдэг өөрөө том асуудал. Үүнд эдийн засгийн сэтгүүлч бүхэн санаа зовдог. Манай салбарынхан Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй.
Шууд инфляци гээд хэлэхээр ойлгодог хүн хэд билээ. “Өмнө нь гурван талх авдаг байсан мөнгөөр одоо нэгийг л авахад хүрдэг боллоо” гэхээр хүмүүс шууд ойлгодог. Амьдралд ойрхон жишээ аваад, иргэн, нэгж дээр хэрхэн тусаж буйг тодорхой тайлбарлахаар хүмүүст илүү ойлгомжтой байдаг. Иргэдийн халаастай, хэтэвчтэй, орлоготой нь уялдуулж, амьдралд нь хэрхэн бууж буйг ярихаар эдийн засаг их сонирхолтой.

Би үрийн зулай үнэрлээд, түр амарчихсан байгаа. “Ажилдаа орох болж байна уу. Эдийн засгийн мэдээгээ үзье” гээд үзэгчид чат бичиж, холбогдсоор байгаад их баярлаж, урамшиж байна. Одоо ажилдаа хурдан орох юм сан гэж их яаралгүй яах вэ. “Хүүхдээ ой хүргэчихээд, гялс оръё” гээд их догдолдог, ажлаа, хамт олноо санадаг. Би редакцынхаа бэлтгэсэн улс төрийн мэдээ, нийгмийн гэгээлэг сурвалжилгад их дуртай” гэв.
ХӨЛ НЬ БЭРТСЭН ҮЕД Ч ХАМТ ОЛОНДОО АЧААЛАЛ НЭМЭХГҮЙН ТУЛД АЖИЛДАА ИРДЭГ М.МАРАЛ-ЭРДЭНЭ

NTV бусад телевизээс ялгардаг олон зүйлсийн нэг нь гэгээлэг мэдээ, сурвалжилгууд нь. Цар тахалтай, хөл хориотой байгаа өнөө цагт гэлтгүй бусад үед ч мөн тэдний бэлтгэсэн мэдээ, сурвалжилгаас амьдралын сайхныг мэдэрч, урам зориг, итгэл аван, үлгэрлэж, хөглөгддөг үзэгч олон. NTV телевизийн нийгмийн мэдээний албаны “мотор”-уудын нэг нь сэтгүүлч М.Марал-Эрдэнэ. Нийгмийн гэрэл гэгээтэй төдийгүй эрэн сурвалжлах мэдээ, сурвалжилга бэлтгэдэг нь түүний онцлог.
NTV-д таван жил ажиллаж буй М.Марал-Эрдэнэ хамгийн сүүлд л гэхэд хөл хорионд орсон хөршүүддээ зориулан хашаан дотроо, чингэлэг дээр зогсож байгаад тоглолт хийсэн Ө.Пүрэвжаргалынхаас сурвалжилга бэлтгэсэн. Зүгээр нэг сурвалжлаад, мэдээллээд орхилгүй дахиад уулзан, түүний тоглолтыг бүтнээр нь шууд дамжуулсан нь олны талархлыг ихэд хүлээсэн билээ.
Ө.Пүрэвжаргалын тоглолтыг эхний өдөр л гэхэд сая шахам хүн үзсэн нь хэр мэдрэмжтэй ажилласных нь илрэл. Ур чадвартай, мэдрэмжтэй удирдлага, сэтгүүлчийн бүтээлч ажлын үр дүнд Ө.Пүрэвжаргалын дансанд олон сая төгрөг цугларсан нь түүнд их урам өгч, бодит дэмжлэг болсон юм. Одоо М.Марал-Эрдэнэ Ө.Пүрэвжаргалтай хамтарч дахин өөр гэгээлэг зүйл хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
NTV телевизийн захирал А.Баярбат “Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Өөриймсөг сэтгэлтэй, хөдөлмөрч, тууштай хамт олноороо бахархдаг” гэж тодотгосны нэгээхэн жишээ нь М.Марал-Эрдэнэ. Санамсар, болгоомжгүйгээсээ болж хоёр ч удаа хөлөө гэмтээхдээ тэр ажлаасаа чөлөө аваагүй. Хөлөө гэмтээчихлээ гэж чөлөө аваад, гэртээ эмчлүүлье гэхэд хэн ч түүнийг далимдууллаа, ажил хийдүүллээ гэж шүүмжлэхгүй нь тодорхой. Харин М.Марал-Эрдэнэ хамт олондоо ачаалал нэмэхгүйн тулд шүд зуугаад ажилдаа иржээ.
Энэ тухайгаа тэрбээр “Би хөлөө хоёр удаа ойрхон бэртээгээд, таяг тулсан. Тийм үед ажилдаа, ажлынхандаа санаа зовоод чөлөө аваагүй. Гүрийгээд ажилдаа ирэхэд манайхан дэмжээд хөнгөн мэдээ хийлгэсэн, гадуур аль болох явуулаагүй. Сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард миний хөл бэртэн, гишгэж чадахгүй байлаа. Хэрвээ би чөлөө авбал миний ажлыг бусад маань хийнэ. Тэр хэрээр ачаалал нэмэгдэнэ. Тиймээс таяг тулаад ч болтугай ажилдаа ирэхийг л чухалчилсан. Мэдээж “Гэртээ суугаад, хөлөө эмчлүүлбэл” надад амар л даа. Гэхдээ бусдад маань ачаалал нэмэгдэнэ, тиймээс гэртээ зүгээр суухыг хүсээгүй. Таяг тулаад мэдээнд явахаар хүмүүс их гайхсан. Зарим нь “Хэнээтэй юм бэ” гэж байна лээ. Тэр бол хэнээ биш. Хамт олноо, ажлаа л хайрласандаа тэгсэн юм л даа. Би ажилдаа дуртай, хамт олондоо их хайртай” гэсэн юм.
М.Марал-Эрдэнэ ажилдаа баримталдаг зарчмынхаа талаар “Би ажилдаа тэнцвэртэй байх зарчим баримталдаг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас олдсон түүхийн дурсгалыг зарах гэж байсан бүлэг этгээдүүдийг саатуулсан. Тухайн этгээдүүдтэй археологич Д.Эрдэнэбаатар холбоотой гэх мэдээ сонин дээр нийтлэгдсэн юм. Хэрвээ би түүнийг зөвхөн Цагдаагийн байгууллагаас тодруулаад л хийвэл үзэгчдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх зарчмаа хангаж чадахгүй, нэг талыг барьсан болно. Тиймээс цагдаагаас, археологийн хүрээлэнгээс, Соёлын өвийн төвөөс, археологич Д.Эрдэнэбаатараас байр суурийг нь тодруулаад, тэнцвэртэй мэдээлсэн юм. Тэгснээр сонин дээр мэдээлсэн шиг биш, цаана нь өөр асуудал байгааг илрүүлсэн юм л даа” хэмээлээ.
АЖИЛДАА ХАМГИЙН ТҮРҮҮНД ИРЧИХЭЭД ХАМТ ОЛНОО “ӨГЛӨӨНИЙ МЭНД ХҮРГЭЕ” ГЭЭД УГТАХ САЙХАН

Үүний сацуу М.Марал-Эрдэнэ NTV телевизийн хамгийн эртэч сэтгүүлчдийн нэг нь. Тэд 09.00 цагт цуглардаг. Тэгвэл М.Марал-Эрдэнэ оройтлоо гэхэд 08.10 минутад ажилдаа ирчихсэн байдаг юм билээ. Мэдээж ажилдаа эрт ирэх ямар ач холбоогдолтой, тустайг уншигчид надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тухайн өдрийн ажлаа, хийхээр зорьсон зүйлсээ тухтай гэгч нь төлөвлөнө. Хурлын цагтай уралдаад, хоцроод ирсэн хүний ажлын бүтээмж ямар байх вэ. Олигтой үйл явдал ч харж амжаагүй байх нь тодорхой. Харин М.Марал-Эрдэнэ тэгж үзээгүй. Өглөө бүр ажилдаа хамгийн түрүүнд ирчхээд ажлынхныгаа “Өглөөний мэнд хүргэе” гээд угтах хамгийн сайхан байдаг гэнэ.
ГИТАР ХӨГЖМИЙГ ГАНГАН ТОГЛОДОГ “ШУМАХЕР”

NTV телевизийн хамт олныг хөглөдөг, урлагийн сайхныг мэдрүүлж, дархлааг нь дэмжсэн шиг дэмждэг эрхмүүдийн нэг нь жолооч Д.Баатар. Тэрбээр NTV телевизэд 2009 оны долдугаар сард ажилд оржээ. Түүнээс хойш өнөөг хүртэл хугацаанд байгууллагадаа ажиллан, сэтгүүлчдийг хүссэн газарт нь хүргэн, чавхадсаар өдий хүрсэн. NTV-гийнхэн Д.Баатарыг “Шумахер” гэдэг гэнэ.

“Шумахер” өглөө үйл явдалд гарахын өмнө, сэтгүүлчдээ хэвлэлийн хурал руу орсон, ярилцлага, сурвалжилга авахаар явсан хойгуур гитар тоглоод хүлээх хачин их дуртай гэнэ. Тэрбээр гитар тоглоно гэж харин ч нэг “уйлуулдаг” юм билээ. Д.Баатар бидэнд зориулж бүр дөрвөн ч ая тоглож өгсөн гээд бод доо, гоё байгаа биз. Сурвалжилгад “Шумахер”-тай хамт явахдаа NTV-гийнхэн ер уйддаггүй гэнэ лээ.
О.БОЛОР-ЭРДЭНЭ ХҮҮГИЙНХЭЭ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ОЛОХЫН ТУЛД ЭЭМЭГ, ЗҮҮЛТ, НААМАЛ ХИЙДЭГ ЭМЭГТЭЙГ СУРВАЛЖЛАВ

Түүнтэй ийн ярилцаж, гитар ганган тоглодгийг нь шагшиж байх хооронд сэтгүүлч О.Болор-Эрдэнэ сурвалжилгадаа гарахад бэлэн болжээ. Өглөөний хурал дээр хэлсэнчлэн тэрбээр Өлзийт хорооллыг зорив.

Түүний энэ удаагийн сурвалжилгын гол баатар нь иргэн Төмөрцоож. Гурван хүүхэдтэй тэрбээр ууган хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд онлайнаар ээмэг, зүүлт, наамал хийж сурчээ. Зүгээр нэг туслахыг олон түмнээс хүсээгүй, өдөр, шөнөгүй сууж, борви бохисхийх чөлөөгүй бүтээлээ урлан, эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй түүнийг сурвалжлахаар онцолсон юм. О.Болор-Эрдэнэ сурвалжилгаа бэлтгэхийг нь сурвалжлахаар биднийг хамт очиход Төмөрцоож бүтээлээ урлаж суулаа.

Тэрбээр “NTV телевизээс холбогдоод, надаас сурвалжилга авах хүсэлт тавихад нь баярласан, том боломж гэж бодлоо. Өлзийт хорооллыг хол гээд хүргэлт ч ирдэггүй газар. Хөл хориотой байгаа өнөө цагт манайхыг зориод ирсэнд их баярлаж байна. NTV телевизийн мэдээ, контентуудыг үзэх би их дуртай.

Тэнцвэртэй, ёс зүйтэй мэдээллэж, үргэлж гэгээлэг зүйлсийн талаар сурвалжилдагт нь олзуурхдаг. Энэ удаа манайхаас сурвалжилга бэлтгэсэн нь хүүгийн минь эмчилгээний зардалд их нэмэр болох байх. NTV телевизийн хамт олонд баярлалаа” гэв.


О.Болор-Эрдэнэ түүнтэй 30-аад минутийн хугацаанд бүтээлээ хэрхэн хийдэг, хүүгийнх нь бие, эмчилгээ, амьдралын олон өнгийн талаар ярилцав. “Хүүгээ л эмчлүүлчихвэл би яах вэ” гээд хамаг бүхнээ зориулж буй Төмөрцоожийн сэтгэл заримдаа үймэрч, нулимс унагаан суулаа.

NTV телевизийн мэдээ, сурвалжилгууд гэгээлэг байдаг гол хүчин зүйлсийн нэг нь сэтгүүлч О.Болор-Эрдэнэ. Гэгээлэг, бусдад урам, итгэл хайрлаж, үлгэр жишээ болсон олон үйл явдал, эгэл бус дүрийг сурвалжилдаг нь түүний онцлог. Ээлжит гэгээлэг сурвалжилгаа бэлтгэж яваа нь энэ.
НИЙГЭМД ГЭГЭЭ “ЦАЦРУУЛАГЧ”

О.Болор-Эрдэнийн сурвалжилга олонд их хүрч, сайн үйлсийн аян болж өргөжин, байртай, гэртэй, амьдралын баталгаатай болгосон айл цөөнгүй. Өнгөрсөн жил л гэхэд хэвтэрт байдаг ээжийгээ, хоёр дүүгээ асарч, өөртөө ахадсан ачааг нуруундаа үүрч яваа, 12 настай охиныг сурвалжилсан. Улмаар NTV телевизээс санаачлан, өрнүүлсэн сайн үйлсийн аянд “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нэгдэн, байр бэлэглэсэн юм.
Мөн зургаан охинтой, өрх толгойлсон ээжийг сурвалжилсныг нь зурагтаар үзсэн иргэн гэр бэлэглэн, халаалтыг нь шийдэж өгсөн гэнэ лээ. Улмаар ХСИС-ийнхан тухайн эмэгтэйг ажилд авч, гэр, хашааг нь хэрхэн тохижуулж өгснийг уншигчид сайн мэднэ. Энэ мэт тодорхой үр дүнд хүрсэн сурвалжилга О.Болор-Эрдэнэд олон. Хийсэн сурвалжилга нь тодорхой үр хүнд хүрсний дараа урамшихаас илүү бүр ч их хариуцлага түүнд ирдэг гэнэ.

О.Болор-Эрдэнэ МУИС-ийн олон улсын сэтгүүл зүйн ангийг төгсөөд, хоёр жил өөр салбарт ажиллажээ. “Мэргэжлээрээ ажиллах юм сан” гэж явах үед нь Б.Ундрахжаргалант захирал түүнтэй холбогдон, ажлын санал тавьснаар 2019 онд NTV телевизэд хөл тавьжээ.
О.БОЛОР-ЭРДЭНЭ: ХӨРӨГ СУРВАЛЖИЛГА ХИЙХ СОНИРХОЛТОЙ

Тэрбээр “Оюутан байхдаа хөрөг, найруулга бичих дуртай байсан. Дадлагаа “Ийгл” телевизэд, сэтгүүлч Батцэцэг эгчийн удирдлагад хийхдээ их зүйл сурсан. Ер нь телевизэд ажиллах сонирхол их байсан юм л даа. Мэргэжлээрээ ажиллах юм сан гэж хүсэж, тэмүүлж явахад NTV холбогдсон нь надад том боломж олгосон.
Өөр, өөр салбарын, өөр, өөр амьдралтай хүмүүстэй уулзах үнэхээр сонирхолтой. Хүмүүс намайг үргэлж гэгээлэг сурвалжилга бэлтгэдэг гэж боддог. Асуудал дэвшүүлсэн, гарц гаргалгааг нь эрэлхийлсэн сурвалжилга бэлтгэдэг шүү (инээв).
Би мэргэжлийн, зарчимтай, тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг үргэлж зорьдог. Нэг үйл явдал, сурвалжилгыг 2-3 минутанд багтааж хийдэг. Тэгэхээр нэг ч болтугай илүү мэдээлэл багтаахыг хичээдэг. Сэтгүүлчээр анх ажиллаж эхлэхдээ нэлээд сандардаг байлаа. 2-3 минутанд багтааж хийх гээд гол санаа, зорилгоо багтаахгүй үлдээчих вий гэж санаа зовдог байсан юм. Одоо бол сурсан.
NTV телевиз мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй. Хараат бус, бодлого нь тодорхой байдаг нь бидний давуу тал. Үзэгчдэд цогц, тэнцвэртэй мэдээлэл хүргэж чаддаг, ур чадвартай, мэргэжлийн хамт олон.
Би сурвалжилга хийхдээ нэгж дээр очихыг, иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхийг зорьдог. Бодит байдал дээр ямар байна вэ гэдгийг газар дээрээс нь сурвалжлахыг эрмэлздэг. Албаны мэдээллээс илүү үр дүнтэй, өгөөжтэй байдаг юм.
Хөрөг сурвалжилга хийх сонирхолтой. Олны танил бус нийгэмд эерэг хандлага түгээж, үлгэрлэж яваа эгэл бус хүмүүсийг онцлохыг хүсдэг” гэлээ.

Ийнхүү О.Болор-Эрдэнэ Өлзийт хорооллын иргэн Төмөрцоожийнхоос сурвалжилгаа авчихаад Толгойтыг зорилоо. Бидний энэ удаагийн сурвалжилга ч мөн энд хүрээд өндөрлөсөн юм.
Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монголын хэвлэл мэдээллийн салбарынхандаа, энэ онд 15 жилийн ой нь тохиож буй NTV телевизийн хамт олонд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэвлэлийнхэн нэгнээ ингэж сурв�##�жилсан нь гоё юм байна.Сайн мэдээтэй шүү Ntv
Бямбаа нь хөөрхөн юм байна бас Ундрахжарг�##�ан дандаа үзэсгэлэнтэй байдаг эмэгтэй шүү
Унших юм ихтэй юм ер нь ингэж нэгнээ гаргаж ирж зорилго чиглэлийг нь тодорхойлж баймаар бна
Ntv даацтай мэдээтэй шүү. Сэтгүүлчид нь з�##�уу хөөрхөн даргатай юм байна
АНамыг магтан дуулдаг мөнгөний төлөө явдаг тв
Бие биенээ сурв####жилж байгаа нь хөөрхөн юм.
Ямар ч с####барт хоорондын өрсөлдөөн байдаг гэтэл…
Eguur.mn цагаан цаас юм дээр нь юу ч байж болох.
та нартаа баярл�##�аа . танай телевиз үнэн бодит даацтай нэвтрүүлдэг хийдэг мундаг шүү. эди йн засгийн Энэбишдээ өндөр амжилт хүсье. м0нгол төв телевизээс ч илүү шүү
Тэнцвэртэй гэдэгт эргэлзэж бна