ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

“БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН О.ЦЭНД-АЮУШ: Нутагтаа мод тарьж, худаг гаргана

Оюунцэцэгийн Цэнд-Аюуш. Зарим уншигчид түүнийг танихгүй ч байж магад. Учир нь тэр улс төрч биш яруу найрагч. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Болор цом” наадмын тайзнаас гурван шүлгээ дуудаж, “Болор цом”-ын эзэн болсон юм. Баярт мөчийнх нь гэрч болж, цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Өөрийгөө яруу найрагч гэж шуудхан хэлэх хэцүү. Биш гэж боддоггүй ч мөн гээд орилоод байдаггүй болохоор хэцүү” хэмээн манай дурангийн өмнө тухаллаа.

Тайзан дээрээс эрс омголон харагддаг атлаа олны дунд бол чимээгүй, номхон хүн. Аливаад аль эрт ханачихсан мэт айвуу тайвуухан хуучны эрсийн хэв намба түүнээс мэдрэгдэнэ. Шүлгэн дотроо тэсэрдэг энэ хүнээс сүртэй, омголон үгс дуулахыг хичээсэнгүй. Тэр бидний өмнө товчхон, өөрийнхөөрөө л сууж байна.

-ӨЧИГДӨР ЯАЖ АМЬДАРЧ БАЙСАН БИЛЭЭ. ЯГ ТҮҮН ШИГЭЭ Л АМЬДАРНА-

-Болор цомд 12 удаа орж, есөн удаа шилдэг тавтад шалгарчээ. 20 насандаа “Болор цом”-д дэд байр эзлэх, 30 насандаа “Болор цом” өргөх хэр ялгаатай вэ?

-Намайг дэд байр эзлэдэг жил ланжгар том яруу найрагчид “Болор цом”-д орсон. Овгорууд ч шүүсэн. Нэг давсан. Хоёр давсан. Гурав давсан. Сүүлийн шатанд таван яруу найрагч үлдсэний нэг нь би байна. Би тавдугаар байранд орчихлоо гээд бөөн баяр. Сүүлийн таван найрагч гараад гурав, гурван шүлэг уншсан. Гэтэл “Л.Хасар, О.Цэнд-Аюуш хоёр сүүлийн шатанд үлдлээ гэсэн. Тухайн үед би их тайван байсан. Энэ удаа ч ялгаагүй дээ. Олон түмнээс эмээх мэдрэмж төрсөн. Сэтгэл хөдлөл багатай л байлаа. Хорьтойдоо бүгд зоригтой, юмны наана, цаанахыг бодохгүй, бодсоноо хэлчихдэг хүмүүс явдаг. Харин 30 насанд бол юм, юм л бодогдоно. Ер нь тэгээд 40-50 нас хүрч, нас явах тусмаа ухаан суудаг нь мэдээж.

-Та утга зохиолоор дагнасан сургуулийн төгсөгч. Яруу найргийн хамгийн том наадам дэд байранд орохоор хүндэтгэлийн тойрогт шууд л орсон байх даа?

-Би их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль”-ийг төгссөн. Сайхан байсан. Яахав тэр үед Болор цомд ₮аман хүзүүдээд₮ бөөн баяр. “Алдрын хаалгаар чихэлдэж явсангүй” гээд А.Эрдэнэ-Очир ахын шүлэг байдаг шүү дээ. Түүн шиг хүн болгоны урдуур дайрсангүй. Буян байсан байхаа. (инээв)

-Хүн бүхэндээ залуу насандаа “би”-гээр өвчилдөг.  “Би”-гийн өвчин минь арилчихсан байх үедээ энэ шагналыг авлаа даа гэж бодогдож байх юм уу?

-Нэг наадамд түрүүллээ гээд хамгийн манлайд гараагүй учраас жаахан даруулгатай л сууж байна. Хүний аваагүй юмыг авчихсан юм биш шүү дээ.

May be an image of 7 people, including Chuluunbaatar Uuganbayar, people standing and indoor

Шүлэг бичиж байгаа залуучууд “би”-гийн өвчтэй болдог шүү дээ. Энэ нь жам юм. Тэгээд тэр өвчин дараа нь алгуурхан өөрөөс нь арилдаг юм шиг ээ. Надаас “Би”-гийн өвчин үзэгдэх гэх үед оюун санааны овгорууд болох найрагч ах нар маань “нам дарж” байсан. “Миний дүү ингэдэггүй юм” гээд л. Тэдний тэр үг миний амьдралд их тус болсон гэж боддог.

-Жил алгасалгүй 12 жил “Болор цом”-д орсон. Хүний амьралын нэг үе. Цаашид ч орох уу?

-Өчигдөр яаж амьдарч байсан билээ. Яг түүн шигээ л амьдарна. “Болор цом”-д тухайн жилдээ бичсэн шинэ шүлгүүдээ уншина. Ажлаа ч хийнэ. Бас уран бүтээлээ хийх гэж үзнэ. Эхлүүлсэн, санаж төлөвлөсөн бүтээлүүдээ нухна. Наймдугаар сард хоёр номоо хэвлэх санаатай үзээд л байна.

-Хоёулаа яруу найргийн ном уу?

-Үгүй ээ. Нэг нь яруу найргийн ном. Харин нэг нь өгүүллэгийн ном. Өгүүлэг оролдож үзье гэж бодож, хоёр жилийн өмнөөс ноцолдсон. Ганц нэг хүнд үзүүлж, санаа оноог нь сонссон. “Болж байна, бичээд байгаарай” гэсэн. Өгүүллэг бичиж эхэлснээс хойш зохиолчдыг илүү ихээр хайрлах болсон. Үргэлжилсэн үгийн зохиол бичнэ гэдэг авьяас билгээс гадна асар их хөдөлмөр юм байна. Зохиолч хүний хөдөлмөрийг өөр юмтай зүйрлэж жишээд ярих хэцүү болохыг, үргэлжилсэн үгийн зохиол бичихэд зориг их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, таньсан.

-“Болор цом” наадам болох өглөө, урьд орой нь таны сэтгэл санаан ямар байдаг вэ?

-Сайхан л байдаг юм. Орой нь жаахан нойр хүрэхгүй, өглөө нь эрт сэрчихээд. Өглөө нь шинэ дээлээ өмсөж, шүлгүүдээ өвөртлөөд л гарна. Жаахан догдлох юм байлгүй яахав. Би чинь хүн шүү дээ. Баярлах үедээ баярлана. Гомдох үедээ гомдоно. Би тэгдэггүй, ингэдэггүй гээд суугаад байх хэцүү.

Гэхдээ энэ жилийн наадмаас би юу ч хүлээгээгүй. Өмнө нь авчих ч юм болов уу гэсэн догдлолтой байдаг байсан. Харин энэ удаа бол очоод гурван шүлэг уншчихъя гэж л бодсон. Уг нь “Хүннү хүн” гээд шүлгээ сүүлийн шатанд бэлтгэсэн санаатай юм. Гэтэл хоёрын давааны нугалаанд наадам их эвгүй болсон. Бусдынхаа шүлгийн хүчийг ч мэдэрсэн. Тэгээд өргөн цар агуулгатай шүлэг уншихгүй бол мултарч мэдэх юм байна. Түрүүлэх нь ч юу л бол. Шилдэг тавд ядаж багтъя даа гэж бодоод “Хүннү хүн” шүлгээ хоёрын даваанд уншсан.


Хүннү хүний яс

Булшин дотор байхгүй

Хүмүүн болж төрсөн

Бидний дотор байна

Энэ л алтанхан ясыг бид

Хугарахад нь дуу алдан харамсаж

Хавталзахад нь дуугаа хураан гэмшиж

Халахад нь инээд алдан баярлаж

Хөрөхөд нь эмгэнэн гашууддагаа

Хүннү хүний цус

Цагаан хэрмэн дээр байхгүй

Хүн болж төрсөн бидний

Улаан бие дотор байна

Энэ л ариухан цусыг бид

Асгарахад нь нүд халтиран шимширч

Урсахад нь шүд зуун тэсч

Буцлахад нь эрт урдын цаг шиг ээ болж

Бүлэгнэхэд нь эрт оройн дурсамж болдогоо

Хүннү хүний сэтгэл

Өөр хүнд үгүй ээ

Хүй цөглөж төрсөн бидний

Амин дотор байна

Энэ л сайхан сэтгэлийг бид

Гунихад нь нугаран унаж

Баярлахад нь сугаран ургаж

Асахад нь хүлэг мориндоо мордож

Амирлахад нь хөх тэргэндээ ачдагаа

Хүннү хүний зүрх

Хүний, хүний энгэрт байхгүй

Хүйтэн, халуунд дассан

Бидний цээжинд байна

Энэ л алагхан зүрхийг бид

Цохилоход нь ээжийдээ ирж

Цочиход нь аавыгаа алдаж

Булиглахад нь амрагаа олж

Бууралтахад нь хорвоогоос буцдагаа

Хүннү хүний дуу

Харийн хэлэнд байхгүй

Хүний л ээ үр болж төрсөн

Бидний л ээ хоолойд байна

Энэ л гунигтайхан дууг бид

Сонсохдоо зангиран хөндрүүрлэж

Аялахдаа ахыгаа санаж

Дуулахдаа алсыг харуулдаж

Дуусахад нь адуу тангаралдахыг үздэгээ

Хүннү хүний зовлон

Хан улсын шар сударт байхгүй ээ

Хүч чадлаа алдаж яваа бидний

Гашуун нулимсан дотор байна

Энэ л мөнхийн зовлонг бид

Мөрнөөсөө мөр дамжуулан үүрч

Гарнаасаа, гар дамжуулан дүүрч

Бөхийсөн эцгээсээ өвлөн авч

Бөгтийхөөрөө хүүдээ өгдөгөө

Ай Хүннү хүн

Алаг морьдоо

Алтайн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Хар морьдоо

Хангайн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Хээр морьдоо

Хэнтийн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Алдар суугаа

Монголын нуруунд л орхисон.


-Дээл ярьсаных асууя. Жил, жилийн “Болор цом”-ын эзэнд шинэ дээл бэлэглэдэг. Энэ жилийн “Болор цом”-ын эзний дээл багадчихсан байсан гэсэн...

-“Ур ундрах”-ын урчууд жил бүрийн “Болор цом”-ын эзэнд дээл өгдөг. Олон ч “Болор цом”-ын эзэн тэдний дээлээр гоёж байгаа байх. Миний дээл жаахан багадчихсан. “Солиулж аваарай” гэсэн л дээ. Гэхдээ би солиулахгүй ээ. Хоёр хүүдээ хадгална.

-БИ ЭМЭЭГИЙН ХҮҮ-

-Тайзан дээрээс та “Арагт үүрж өсгөсөн эмээдээ баярлалаа” гэж хэлсэн. Эмээгийнхээ тухай дурсамж уудлаач?

-Би чинь хөгшин ээжийнхээ хүүхэд. Ой гурван сартайдаа гар дээр нь очиж, хүн болсон. Миний хөгшин ээжийг Баянгийн Жаргал гэдэг. Одоо 90 нас хүрч яваа. Завхан аймагтаа амьдарч байгаа.

Миний ой тойнд нэг тод дурсамж байдаг юм. Түүнээсээ хуваалцъя. Манайх “Буурал хайрхан”-ыхаа өвөрт хаваржиж байсан юм. Нэг өдөр би хөгшин ээж рүүгээ гүйж байснаа санадаг юм. Тэгэхэд нэг хөгшин настай хүн “Миний хүүгийн чих даарчихлаа” гээд гэзэгнээсээ алчуур авч,  миний толгойг боож өгч байсан. Түүнээс хойш хөгшин ээжийнхээ дэргэд амьдарч, хүмүүжсэн.

-Оюутан болоод л эмээгээ холдсон байх нь ээ...

-Тийм ээ. Төв газар ирээд хөгшин ээжийгээ санана. Өлсөнө. Хөдөө гэрээ бодно. Шантраад явчихмаар санагдана. Ах нар надаас “малчин болох юм уу” гэж асууж байсан. Малчин болдог ч юм уу гэж бодсоноо “хот явж юм үзье” гэж бодсон.

Тэр үед гар утас дөнгөж гарчихсан, монголчууд ихэнх нь “Nokia”-гийн 3310 загварын утас барьдаг байлаа. Хөгшин ээж, хөдөөх ах нарт маань утас байхгүй. Тэднийгээ бодоод л, бодоод л алхдагсан. Саяхан нэг өвлийн цас бударсан цагаан гэгээтэй үдэш хөдөө очсон юм. Гэрийнхээ гадаа буутал миний хөгшин ээж үүдэн дээрээ гараад ирчихсэн зогсож байсан. Хоёр хөөрхөн жижигхэн буриад гутал, үстэй дээл өмсчихсөн хүүгээ тосоод, хоолой нь зангираад л. Хөгшин ээждээ үнэсүүлээд зогсож байх бас л сайхан шүү. Би энэ дүр зургийг уран бүтээлдээ шингээнэ дээ гэж боддог юм.

-Хөгшин ээждээ “Болор цом” өргөсөн баярт мэдээгээ хэрхэн хэлэв. Таныг хэлэхээс өмнө мэдчихсэн байсан уу?

-Намайг ярихад мэдчихсэн байсан. (инээв) “Улс амьтан чамайг харж байгаа. Баяраа тэмдэглэхдээ, хэлж ярихдаа учиртай байгаарай, миний хүү. Зон олноо гомдоочихов оо” гэж хөгшин ээж минь хэлсэн. Одоо чамтай ярихад ч гэсэн тэр үг нь бодогдоод хэцүүхэн л байна.

-Яагаад. Эмээгийн захиас бодогдоод байна гэж үү?

-Тийм ээ. Бас жаахан санаа зовоод л байна. Багын хүмүүжил гэх юм уу даа. Би хүмүүсээс их санаа зовдог. Болж өгвөл чимээгүй байхыг хичээдэг.

-БИД СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧНИЙ ХҮҮХДҮҮД БАЙЖ МАГАДГҮЙ-

-Эмээ, өвөө дээрээ өссөн хүүхдүүд нэг ийм даруулгатай болчихдог доо...

-Тэгэлгүй яахав. Өмнөх үеийнхэн маань ч тийм байсан байх.

Заримдаа би боддог юм. Бид “сүүлийн нүүдэлчний хүүхдүүд байж магадгүй юм даа” гэж. Бидний үед тэмээн жингээр сүүлийн удаа нүүж байсан. Тэрэг хөсгөөр сүүлийн удаа нүүж байсан. Бас нэг их эрхлээгүй, магтуулаагүй. Буруу юм хийх юм бол чөдөр ногтоор ороолгуулчихдаг байлаа. Мөн саахалт айлынхаа ах, эгч нараас хүртэл айгаад юм хэлж чаддаггүй өссөн. Бид ингэж л өссөн. Багын хүмүүжил нөлөөлдөг юм болов уу. Янз бүрийн юм ярьчих вий гэж санаа зовоод байдаг юм. Яахав заримдаа дүрс гэсэн үе гардаг. Тэр үедээ юмыг шударгахан хэлчих юмсан гэж боддог.

-Ямар үед?

-Гэнэт дургүй хүрэх ч юм уу, юмыг хэлчихмээр үе байдаг шүү дээ. Монгол хүн өлсөж, даарч, ядарч байхыг харах. Гудамжинд хүүхэд гуйлга гуйгаад сууж байхыг харах. Миний муу хөгшин ээжтэй адилхан настай буурал жинлүүр тавьчхаад 200 төгрөг горьдоод сууж байгааг харах хэцүү байдаг. Тэгээд л дүрс гээд бухимддаг.

-Бид сүүлчийн нүүдэлчний хүүхдүүд байж магадгүй юм даа гэлээ. Нүүдэлчний соёл бүдгэрч, мартагдаж байгааг таны яруу найраг сануулдаг. Сэрүүлэгтэй цаг шиг гэх юм уу даа. Та үүнийг уран бүтээлдээ аль болох тусгахыг хичээдэг байх. Эсвэл хар зөнгөөрөө л бичигддэг үү?

-Миний чадах л юм тэр шүү дээ. Эх орныхоо төлөө хийж байгаа юм. Монгол хүн болгон эх орноо хайрладаг. Сэтгэл дотроо зан заншил, хүндэтгэдэг, дээдэлдэг юмаа дээдлээд явдаг байх. Нүүдлийн соёл иргэншил, нүүдэлчдийн амьдралыг сайн хараасай, залуучууд сайхан судлаасай. Тэгээд ирээдүйгээ бүтээнэ байх. Би итгэж байгаа.

-“Болор цом” наадмыг хүмүүс янз янзаар хэлэлцэж байна. Ер нь шүүгч нар хүнийг нь шүүгээд байна уу, шүлгийг нь шүүгээд байна уу?

-Мэдэхгүй. Би энэ талаар юу ч ярьж чадахгүй. Тэр тийм, энэ ийм гэж ярих хүн би биш. Хэдэн жилийн өмнө бол шүүмжлэх сэтгэлгээтэй залуу байж. Харин одоо би шүүмжилмээргүй байна. Одоо би өөрөө юу хийж чадах билээ. Түүнийгээ л хиймээр байна.

-Та “даруулж” байв уу?

-Одоо би намайг дарж байсан, даруулж байсан гэж ярих утгагүй. Гэхдээ би туулах ёстой замаа л туулсан. Би хүнээ нэг их шүүлгээгүй байх гэж боддог. Шүлгээ л уншсан.

-Энэ удаагийн “Болор цом” наадмаар эхнэр тань эзгүй, ус нутаг руугаа явсан байсан гэсэн. Баярт мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай хүн бөөн баяр. Нутгаасаа өнөөдөр нааш хөдөлсөн. Хөл хорио гээд ийш тийшээ явах хэцүү л болчхоод байх шиг байна. Гэхдээ одоо бид амьдарч сурч байх шиг ээ. Эмч нар маань ч мундаг байна. Гэхдээ энэ цар тахлаар бурхны орныг зорьсон монгол хүмүүсийн өмнөөс харамсаж байна. Бид чинь цөөхүүлээ. Тэд маань сайн төрлийг олох болтугай гэж залбиръя.

- Ус нутаг руугаа хэзээ явахаар төлөвлөж байна вэ?

-Эрдэнэхайрханыхан маань өчигдөр намайг хүлээж авсан. Маргааш бас нутгийнхантайгаа уулзана. Өвчин тахал намжвал долдугаар сарын 10-наас хойш нутаг руу явахаар төлөвлөж байна. Хөдөө очиж, гэрээ барьчихаад, зүлгэн дээгүүр хөл нүцгэн алхана. Өглөө унтаж байхад зүүдэн дотор үхэр мөөрч, адуу янцгаах гоё шүү. Тархи толгойг онгойлгож, бухимдал тайлж өгөөд л.

-САЙХАН ХҮНИЙ АЧИЙГ Л ҮЛДСЭН НАСАНДАА САНАЖ ЯВНА-

-Хөдөө гарч амьдрах хүсэл тээж явдгаа та олон удаа ярьж байсан. Одоо таны энэ хүсэл “тантай хамт” байгаа юу?

-Байлгүй яахав. Нутаг руугаа үе, үе очоод байгаа. Эрдэнэхайрхандаа одоо хэдэн мод тарих бодолтой байна. Аюурын Дулмаа доктор манай Улаагчны хар нуурыг загастай болгосон юм. Манай сумынхан ч А.Дулмаа доктортоо их хайртай. А.Дулмаа доктор загастай болгож болсон байхад би хэдэн модтой болгочих юмсан гэж боддог юм. Энэ жилээс эхлүүлнэ дээ. Бас хэдэн худаг гаргая гэж бодож байгаа. Худгийг яаж гаргадаг юм, нэг метрийг ямар үнээр ухуулдаг юм гэдгийг судлаад байгаа. Болно доо, бодож явахад.

-Сурах хүсэл тэмүүлэл тээж яваа гэсэн. Нууц биш бол хэлж болох уу?

-Одоо эргээд харахаар, би ер нь юм сурсан юм уу, цаг хугацааг дэмий өнгөрөөж байсан юм биш үү гэж бопогддог. Намраас сурах санаа байгаа. Археологийн чиглэлээр сурна.

-Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир гуайн тухай яриагаар энэ товч уулзалтаа өндөрлөе.  Ялангуяа таньтай түүний тухай ярихгүй өнгөрч боломгүй байх.

-Би их олон багштай. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш, Ш.Дулмаа, Г.Мэнд-Ооёо, Ц.Түмэнбаяр гэж сайхан хүмүүс бий. Ц.Түмэнбаяр багш маань намайг А.Эрдэнэ-Очир ахтай намайг танилцуулаад, номын дүү чинь болог гэсэн. Агуу их Арлааны Эрдэнэ-Очир ахыг 11 жил дагаж явсан. Ярихад бас амархан биш байна. Хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтэж байхад үүдэнд хоол, цай хийгээд ирчихсэн сууж байсан нь санаанд тод байна. Нэг үстэй малгай өмсчихсөн, хоол барьчихсан сууж байсан нь санаанаас ер гардаггүй юм.  Уран бүтээл, амьдрал, хүмүүжлийн тал дээр бидэнд нөлөөлсөн болов уу гэж боддог. Тэр хүнийг би хүнтэй хэл ам хийж, бусдыг шүүмжилж байхыг хараагүй. Агуу их Арлааны Эрдэнэ-Очирыг бүхий л амьдралдаа дурсан санаж, ачийг нь дурссаар л явах нь. Одоо би А.Эрдэнэ-Очир ахын ээж, ах дүүтэй нь холбоотой байдаг. Биднийг очихоор баярладаг. Хүүхдүүд минь ирлээ гээд. Сайхан хүний ачийг үлдсэн насандаа санаж явна. Агуу Арлааны Эрдэнэ-Очирын ачийг миний үр удам ч гэсэн санаж явах байх. Үйл хэргийг нь үргэлжлүүлэхийн төлөө дотроо хичээж амьдрах цаг нь иржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Фэн нь
Фэн нь
2021-06-29 09:35

О.Цэнд-Аюуш сайхан найрагч даа. Сайхан ч з�##�уу, зөв бодолтой, зөв төлөвшилтэй хүн юм. Хол явна аа. Ойрын үед болор цом нэг л тиймхэн болоод фэйсээр өөрийгөө рекламдсан, нүдэндээ давхраа хийлгэсэн чавганц шиг гарууд түрүүлээд, ард түмний хужирхай тэнийхгүй л байлаа. Базарсадын Баттулга, Оюунцэцэгийн Цэнд-Аюуш хоёр болор цом авахад ард түмэн магнай тэнийн баярлаж байна даа.

Д.Батдулам
Д.Батдулам
2021-06-29 10:12

Авах ёстойгоо авч, хүртэх ёстойгоо хүртлээ. Жил жилийн Болор цомд итгэл тавин хүлээдэг, дэмждэг найрагч маань цомоо гардан авчээ. Өнгөрсөн жил дэргэдээс нь дэмжээд сууж байлаа. Х�##�уун баяр хүргэе.

Зочин
Зочин
2021-06-29 15:16

Ugluunii mend. Uchigdur D tanid minii yaj paktalsaniig helsen uu? Bi kartnaasaa mungu avah geed ehnii udaa hiisen mungu garj ireegui daihiad kodoo hiigeed avah gesen bas garj ireegui. Gertee ireed uzsen garlaga hoyor udaa garchihje.90k aar 2 udaa. Bolvol end baihdaa avna. Bolohgui bol mongol ochood bolno gej bnle. Olon ulsiin bas bank hoorondiin guilgee uchraas hugatsaa shaardagddag yum baina aa.uul ni 180k gaa ingej gatsaasnaas ahdaa avj ugud togluulah baisan yum. Gehdee bitgii sanaa zovooroi. D elinagiin yumiig uuruur zohitsuulj bga. Neeree D giin nudruu amid amitan yavaad ortson shd.

Зочин
Зочин
2021-06-29 15:20

тийм гэнээ. б�##�ай юм.. миний дүү картанд бүү оролцоо. аюултай юм.. баярл�##�аа. санаа нь сайхан шүү. ах нь мөнгө гээд асууд�##�тай л бна санаа зоволтгүй ээ зохицуулах гээл үзэж бна. х�##�двар өндөр бна шүү

Зочин
Зочин
2021-06-29 15:22

Uu bas D giin surgalt sayhan duussan. Tanid neg surgalt zahidan gesen. Ta olood ugchihvul uuruu Tulbur ntreem olood hiichihne shde. Bas minii yumand deer dandaa otlichnno taviulaarai xaxa.

Зочин
Зочин
2021-06-29 17:29

Авах ёстой хүн

Зочин
Зочин
2021-06-29 20:54

Энэ жилийн цом их шударга, сайхан боллоо

MARIA WANG
MARIA WANG
2021-08-17 23:31

(Нараяна эмнэлгийн эмнэлэг) (бөөр яар�##�тай шаардлагатай) (700,000.00 доллар). Хэрэв та 1 бөөр зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой ([email protected]) Бөөр нь хүний амийг аврахад шаардлагатай байдаг. Хүний амь аврахыг хүсч байгаад баярл�##�аа.

Холбоотой мэдээ

Back to top button