УЛС ТӨР

С.Сайнбаяр: Хог эхлээд хүний тархинд л үүсдэг

Хан-Уул “эко” дүүргийн хогны менежментийн талаар тус дүүргийн Засаг даргын эдийн засаг, төлөвлөлт, хот, тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяртай ярилцлаа. Тэд бусад дүүргүүдэд хийгээд аймаг орон нутагт ч үлгэр дуурайл үзүүлж, сайн туршлагууд хэрэгжүүлж буй юм.

-Танай дүүрэг хогны менежмент тал дээр ямар ажлууд хэрэгжүүлж байна вэ?

-Манай Хан-Уул дүүргийн эко үйл ажиллагааны нэг салшгүй хэсэг нь хог хаягдлын менежментийг хэрхэн зохистой хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал. Энэ хүрээнд “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 2020-2024 он хүртэл 13 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийг төсөвтөө хүртэл тусгаад байгаа. Дүүрэг өдрөөс өдөрт өсөн тэлж байна. Албан ёсоор 50 орчим айл өрх, 202 мянган иргэнтэй болж байна. 265 СӨХ байгуулагдлаа. Сүүлийн үед нэн ялангуяа байшин хорооллууд маш ихээр сүндэрлэж байна. Энэ хэрээрээ шинэ жишиг, шинэ стандартыг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. "Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг тээвэрлэх цуглуулах, цэвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ жил Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Эртэч Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Эртэч хоггүй дүүрэг” үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Өглөө ажилдаа гарахаас өмнө хогоо цэвэрлээд хаяад гардаг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Үүнээс гадна хог хаягдлыг хэмжээг бууруулах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах гэдэг асуудал дүүрэг гэлтгүй улсын хэмжээнд маш чухал асуудал болоод байгаа. Олон улсад бол хог хаягдлыг аль болох эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах бодлого хэрэгжүүлж байгаа. Иймд манай дүүрэг энэ чиглэлд нэлээд ажлуудыг зохион байгуулсан.

Өнгөрсөн намар "Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа. Эл арга хэмжээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд оролцож санал бодлоо солилцсон. Мөн 2017 онд хог хаягдлын хууль шинээр батлагдсан. Энэ хуулийг иргэд аж ахуй нэгжүүд төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс хууль сурталчлах таниулах хүрээнд ач холбогдол өгч ажиллаж байгаа.

-Тухайлбал ямар ажлуудыг зохион байгуулав?

-Манай дүүргийн СӨХ-нууд, сургууль цэцэрлэгүүд хогоо ангилж хэвшсэн. Өнгөрсөн хавар нийслэлээс зохион байгуулсан хог ангилан ялгах уралдаанд Нийслэлийн есөн дүүргээс маш олон СӨХ оролцож, 10 байр шалгаруулснаас есийг нь манай дүүргийн СӨХ-нууд эзэлсэн. Гэр хорооллоос масс ихтэй, хүнд хог хаягдлууд их гардаг. Ялангуяа өвлийн улиралд түлшнээс гарах үнс. Тиймээс үнсний хог хаягдлыг хэрхэн цэгцтэй тээвэрлэх, цаашлаад яаж дахин боловсруулах вэ гэдэг асуудал тулгардаг. Ингэхийн тулд иргэдийнхээ дунд уралдаан зарласан.

-Хог дахин боловсруулах гэдэг ажил манай улсад тулгамдсан асуудлуудын нэг. Энэ төвөгтэй асуудлыг дүүрэгтээ хэрэгжүүлж буй ямар сайн туршлагууд байна вэ?

-Манай дүүрэгт томоохон үйлдвэр, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр аж ахуй нэгжүүд санаачилга гаргаад өөрсдийн гаргасан сав баглаа бодлоо эргүүлж авах, цаасны үйлдвэрүүд ангилсан цаас хаягдлаа авч дахин боловсруулах зэргээр анхаарч ажиллаж байгаа.  

-Үнсийг дахин боловсруулж буй тухай илүү тодорхой дурдвал?

-Гэр хорооллоос бол хамгийн их гардаг хог хаягдал нь үнс. Манай дүүрэг гэхэд л өдөрт 200-250 тонн шахмал түлш хэрэглэж байна. Тиймээс үнсээр юу хийж болох вэ гэдэг уралдааны хүрээнд шахмал түлшнээс гарч байгаа үнсийг замын плита хийхэд ашиглах ажил сууриа тавьж эхэлсэн. Гэхдээ стандартын асуудал гарч ирдэг. Нийслэлээс энэ ажилд нэлээд дэмжиж, нүүрснээс гарч буй үнсний хог хаягдлаар плита хийж болох юм байна гэдэг дүгнэлт гарсан. Улмаар стандарт нь саяхан батлагдсан. Тэгэхээр ирэх жилээс энэ чиглэлээр бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа. Мөн үнсээр малын тэжээл, бордоо хийх туршилтууд ч хийгдсэн. Иргэд маш олон санал санаачилга гаргаж оролцсон л доо.

Гарсан хог хаягдлыг ачиж хаяад байхаас илүү ангилах хэрэгтэй байна. Хогийг дахин ангилахад хэрэггүй зүйл гэж бараг байдаггүй. Гэрийнхээ хогийг ангилаад үзэхэд шил, лааз, цаас, хуванцар, хоолны үлдэгдэл гэхчлэн ялгарна. Эх үүсвэр дээр нь анхнаасаа зөв ангилахад л болмоор юм, уг нь. Олон улсад хогийг багасгая эсвэл ангилж дахин боловсруулъя гэдэг зарчим баримталж байгаа. Бид энэ чиглэл рүү явах цаг болсон. Гэтэл ихэнх айл өрх хогоо тэр чигээр нь холиод хаячихдаг.

-Танай дүүрэг гадаадын улс орнуудаас туршлага судалж байгаа гэх сайшаалтай мэдээлэл бий?

-Тийм. Бид Өмнөд Солонгос, Герман, Турк болон бусад орны туршлагыг судалж байна. Судалж үзэхэд эдгээр улс орнууд хогоо эх үүсвэр дээр нь ангилж хаях тусгай хогийн цэг гаргадаг юм билээ. Тухайн цэгт иргэд нь цэвэрлэсэн, ангилж ялгасан хогоо л өгдөг. Ингэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол маш өндөр татвар төлдөг байх жишээний. Гэтэл манай улсад хогийн сав гэхээр муухай үнэр танартай бункер л төсөөлөгддөг. Мөн айл өрхүүд аль 2000 оны үед батлагдсан хуулийн дагуу төлбөр тооцооноос чөлөөлөгдсөн байдаг. Тиймээс манайд хогийг ангилан ялгах, бүтээгдэхүүн болгох зайлшгүй шаардлага байна. Эко дүүргийн хүрээнд энэ чиглэлд л сайн ажиллах хэрэгтэй байна.

-2017 онд батлагдсан хогны хууль одоогийн орчин нөхцөл, дүүргийн хогны талаар авч хэрэгжүүлж буй бодлогтой хэр уялдан нийцэж байна вэ?

-Тухайн хуульд боловсролын байгууллагыг тусгасан нь сайшаалтай. Хүүхдэд багаас нь хог гэж юу болох, хаана хэрхэн хаях, яаж ангилах, байгаль орчноо цэвэр цэмцгэр байлгаж хайрлах хандлага мэдрэмжийг суулгаж өгөх ёстой.

-Иргэд, айл өрхүүд хогоо ангилж хаях тал дээр хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Хогийг ангилан ялгах тал дээр иргэд сайн оролцож байгаа. Гол нь хог хаягдлыг ангилан ялгах бүтцийг бий болгох, ангилж хаясан хаягдлыг аваад дахин боловсруулах тал дээр учир дутагдалтай зүйлүүд бий. Тухайлбал, манайд дахин боловсруулах үйлдвэр цөөхөн байна. Ангилсан цаас, шил, хувцанцар зэргийг хурааж авах логистик алга. Тиймээс бодлогын чиглэлд анхаарч ажиллах ёстой гэж дүгнэж байгаа.

-Ямар хүндрэл бэрхшээлүүд гарч ирэв?

-Хүндрэлтэй зүйлүүд бий. Аваад тээвэрлээд явахад маш өндөр зардал гарч байна. Тиймээс үйл ажиллагаа нь ашиггүй байх эрсдэл үүсч байна. Дахин боловсруулах үйлдвэр, аж ахуй нэгжүүдээ дэмжихийн тулд татварын хөнгөлөлтөд хамруулах, бүтээгдэхүүнд нь давуу эрх олгох зэргээр засгийн газар, хууль тогтоох байгууллагуудын хэмжээнд шийдвэрлэх асуудал тулгамдаж байгаа.

-Гудамжны хогийг дэрсэн шүүр бариад өвлийн хүйтэнд улаан гараараа цэвэрлэдэг хэвээр шүү дээ. Энэ байдлыг хэрхэн сайжруулмаар юм бэ?

-Хог эхлээд хүний тархинд л үүсдэг. Тархиндаа хогтой хүн хогоо хаана ч хамаагүй хаядаг. Хүүхдийг сургуульд байхаас нь л хогоо ил задгай хаяхгүй байх гэдэг дадал зуршилтай болгох ёстой. Үүнд бид анхаарч ажиллаж байгаа. Үр дүнд нь хаа хамаагүй хогоо хаядаг байдал багассан.

-Парк шинэчлэлийн асуудал олон жил яригддаг ч урагшилдаггүй шүү дээ?

-Тийм парк шинэчлэлийн асуудал тулгамдаж байгаа. Машинаар хангах ажлыг Нийслэлээс зохион байгуулдаг. Сүүлийн а10 гаруй жил парк шинэчлэл сайн хийгдсэнгүй. Бид Нийслэлийг хараад суулгүй өөрсдөө төсөвтөө тусгаад хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор арван машиныг оруулж ирэхээр тендер зарлагдсан.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button