ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстан яагаад Н.Назарбаевын эсрэг босов: Дарангуйлагчийг илтгэх ТОП ЕСӨН БАРИМТ

Казахстанд нөхцөл байдал намжаагүй хэвээр. Үйл явдлыг дэлхий нийт ажиглаж байна. Ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхэндээ шингэрүүлсэн хийн үнийг нэмсэнтэй холбогдуулан тайван байсан ч сүүлдээ нөхцөл байдал улам хурцдаж, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ХАБГБ-д хандаж, тусламж хүсэв. Гэвч, казахстанчууд улс орныхоо төр засаг, эрх баригчдынхаа эсрэг тэмцсэн, тодруулбал Нурсултан Назарбаевын эсрэг, түүний цэцэглүүлсэн авлига, хээл хахуулийн сүлжээ, ноёрхол, эрх ямбын эсрэг ийнхүү тэмцэж эхлэв.

Жагсагчид “Шал кет!” буюу монголоор хөрвүүлбэл “Өвгөн минь одоо зайл” гэсэн уриа лоозонтой жагсав. Төрийн толгой 29 жил атгасан, саяхныг хүртэл Казахстаны Аюулгүйн зөвлөлийг тэргүүлж байсан Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевад дээрх лоозонг хаяглажээ.

Хуучнаар ЗХУ задран унасны дараа хамгийн удаан төр барьсан Нурсултан Назарбаевын талаарх ТОП 9 БАРИМТЫГ та бүхэндээ хүргэе.

БАРИМТ НЭГ

Нурсултан Назарбаев ЗХУ задран унасны дараа улс төрчдийн дунд засгийн эрхэнд хамгийн удаан байсан удирдагчдын “рекордыг” эвдсэн. 1989 онд тэрбээр Казахстаны Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж, үнэндээ бүгд найрамдах улсыг бүхэлд нь удирдаж, атгаж байв. 1990 оноос хойш Н.Назарбаев Казахстаны ЗХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж, 1991 онд тус улсын тэргүүнээр сонгогдов.

1999 онд Н.Назарбаев олон дарангуйлагчдын уламжлалын дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаагүй болгов. Нэг ёсондоо хэмжээлшгүй эрхийг эдлэх эрхийг өөртөө олгосон. Тэрбээр ард иргэдийнхээ санал бодлыг асуулгүйгээр дур мэдэн ийм авир, шийдвэр гаргав. Чухамхүү Казахстаны Үндсэн хуульд анхны Ерөнхийлөгчөө хэдэн ч удаа улиран сонгогдож болно гэсэн зүйл заалт нэмсэн байдаг.

БАРИМТ ХОЁР

2010 оны тавдугаар сарын 15-нд Казахстаны анхны төрийн тэргүүнд “Үндэстний удирдагч” гэх статус олгох хууль батлагдав. Хуулийн төсөлд дурдсанаар, “Үндэсний удирдагч”-ийн дүр төрхийг гэмтээж, олон нийтийн өмнө гутаан доромжлох, намтар түүхийг нь гуйвуулсан тохиолдолд торгох, бүр нэг жил хүртэл хугацаагаар хорих, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн ижил үйлдэлд гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Нэмж дурдахад, Н.Назарбаевыг огцорсных нь дараа ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй мэт хийсэн үйлдлүүдийнх нь төлөө баривчлах, хорих, захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж тусгасан байдаг.  Хуульд заасан халдашгүй байдлын баталгаа нь улс төрч болон түүний гэр бүлийн гишүүд, хамаатан садангуудад ч ижил үйлчилнэ гэжээ.

БАРИМТ ГУРАВ

29 жил буюу бараг хагас жаран төр барьсан Н.Назарбаев аргагүйн эрхэнд албан тушаалаас огцорч, одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев сонгуулийн үр дүнг “луйвардан” сонгуульд “”ялалт байгуулав”. Үүнээс өмнө Касым-Жомарт Токаев Сенатын спикерээр ажиллаж байв. Ерөнхийлөгч өөр хүн болсон ч бодит байдал дээр төрийн эрх мэдэл Нурсултан Назарбаевын гарт хэвээр үлдэв. Тэрбээр насан туршдаа үхэн үхэтлээ Казахстаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар томилогдов. Нэг ёсондоо Казахстан хоёр Ерөнхийлөгчтэй байв. Нэг нь хууль ёсны дагуух Ерөнхийлөгч нь Токаев, өнөөх нь “сүүдрийн Ерөнхийлөгч” Нурсултан Назарбаев.

Улс төрийн томоохон уулзалт, хэлэлцээрүүдэд хүртэл Н.Назарбаев Касым-Жомарт Токаевтэй хамт явдаг байв. Үүнээс хамгийн сүүлийн нэг жишээг дурдвал, 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр ОХУ-д болсон ТУХН-ийн дээд хэмжээний уулзалтаар мөн л хамт явсан удаатай. Хоёр Ерөнхийлөгч хоёул тус уулзалтад оролцсон ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зөвхөн Нурсултан Назарбаевтай тусдаа уулзав.

Түүнийг л олон нийт улс орных нь жинхэнэ удирдагч хэмээн ойлгодог. Тиймдээ ч одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг “Токаев бол Назарбаевын гарт байгаа алх” гэгддэг. Ийм ч учраас жагсаал цуглаан дээр хүмүүс “Назарбаев бол дарангуйлагч”, “Назарбаев аа, чи зайл!” гэсэн уриа лоозон барив.

БАРИМТ ДӨРӨВ

Нурсултан Назарбаевыг Ерөнхийлөгч байх үеийн хамгийн том эсэргүүцлийн жагсаал 2011 онд болж байв. Тухайн үед жагсагчид цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлөө сайжруулахыг шаардаж газрын тосны ажилчид ажил хаялтаар эсэргүүцлээ эхлүүлсэн. Жанаозен хотод болсон үйл явдал эмх замбараагүй байдал болон даамжирч, цагдаа нар жагсагчид руу гал нээсэн түүхтэй. Албан ёсны мэдээллээр 15 хүн, албан бус мэдээллээр 200 хүртэл хүн нас барсан гэгддэг. Гал нээх тушаалыг Дотоод Хэргийн сайд Калмуханбет Касымов өгсөн ч нийгэм үүнд Нурсултан Назарбаевыг буруутай гэж үзсэн юм. Харин Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ үйл явдлыг хилийн чанадаас дэмжлэг авсан, өөрөөр хэлбэл гадны хөрөнгө санхүүжилттай өдөөн хатгалга, гэмт хэргийн бүлэглэлүүдийг санаатай явуулга гэж буруутгасан.

БАРИМТ ТАВ

Нурсултан Назарбаевын овог нэр гучин жил засгийн эрхэнд байх хугацаандаа дэлхийн хэмжээнд яригдахуйц хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй болов. Тэрбээр Английн Лондон хотын захын хороолол, Испанийн амралтын газрууд, Швейцарьт нууруудын эрэг, тэр ч байтугай АНУ-ын Манхэттэний тэнгэр баганадсан асар үнэтэй барилгуудын дунд тансаг хаус, шилтгээн, орон сууц, вилла гээд тоо томшгүй олон зуун сая ам.доллароор үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгүүдийг  эзэмшив.

2020 онд Н.Назарбаевын нэг охин Даригаг тойрсон дуулиан шуугиан дэгдэв.  Охин Дарига нь Лондон хотын Бейкер гудамжны 221б тоотод алдарт зохиолч Артур Конан Дойлын бүтээлийн баатар болох мөрдөгч Шерлок Холмсын амьдардаг байшинг эзэмшдэг болох нь тогтоогдож, олон улсын анхаарлын төвд орж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугив. Эрэн сурвалжлах сэтгүүлчид Назарбаевын охины хэргийг ийнхүү илрүүлэв. Ингээд Британийн хууль сахиулах байгууллага түүнийг үл хөдлөх хөрөнгө ашиглан мөнгө угаасан гэж сэжиглэв. Эцэстээ, Назарбаевынхан өөрийн эзэмшдэг өмч хөрөнгийн талаарх зарим нэг мэдээллийг задруулахаас өөр аргагүйд хүрэв. Ингээд дэлхийн хамгийн хаалттай гэр бүлийн нэгд тооцогдох Нурсултан Назарбаев, түүний гэр бүлийнхний санхүүгийн байдлыг “ил харах” боломжийг олгосон юм.

Тухайн үед Назарбаевын охин Дарига Назарбаева Бейкер гудамжны 221б тоот байшинг төдийгүй 215-237 тоот хүртэлх бүх газар, барилгуудыг эзэмшиж байсан нь илчлэгдэж, хэвлэлүүд мэдээлж байв. Тэр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 140 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 185 сая ам.доллар байв.

БАРИМТ ЗУРГАА

Нурсултан Назарбаевын 29 настай ач хүү Айсултан нь Их Британиас улс төрийн орогнол хүссэний дараа Назарбаевынхны эргэн тойронд дахин нэг дуулиан дэгдэв. Үүнээс өмнө залуу гэр бүлийнхнээсээ айж, түүнийг хүмүүс хулгайлахыг завдсан бас хамгийн гол шуугиан нь тэрбээр Ерөнхийлөгчийн ач биш, харин төрсөн хүү гэдгээ “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан хүлээн зөвшөөрсөн байдаг. 2020 оны наймдугаар сард Айсултан Лондонд нас барсан байдалтайгаар олдсон. Албан ёсны хувилбараар, түүнийг амиа хорлосон гэлцдэг. Харин зарим мөрдөн байцаалтын явцад тэрбээр боомилуулан нас барсан нь тогтоогдсон.

БАРИМТ ДОЛОО

1999 оноос хойш Нурсултан Назарбаев 18 настайдаа Казахстаны миссийн тэмцээнд түрүүлсэн бүсгүй Асель Курманбаеваг хоёр дахь албан бус эхнэрээ болгосон гэх цуу яриа гарч байв. Казахстанд хүүхдүүдэд ихэвчлэн эцгийнх нь нэрээр овоглодог бөгөөд мэдээллийн сайтуудаар түүний хоёр хүүгийн паспортын зураг дээр Нурсултанулигийн овог байдаг.

2021 онд “Pandora Papers”-ийн баримт бичгүүд дэлхий даяар ил болох үеэр Асель Курманбаева нь Казахстаны олигархуудаас арилжааны үйл ажиллагаа явуулдаггүй компанийн хувьцааны төлөө 30 сая ам.доллар авсан нь тогтоогджээ. Нэмж дурдахад, Курманбаевагийн фирмүүд болон Назарбаевын сангийн хооронд арилжааны хувьд холбоо сүлбээтэй байсныг баримт бичгүүд баталжээ: хамгийн багадаа хэд хэдэн тохиолдолд тэд хамтдаа бизнес эрхэлдэг нь нотлогдсон.

БАРИМТ НАЙМ

1997 онд Казахстаны нийслэлийг Акмола руу албан ёсоор шилжүүлж, жилийн дараа гэхэд Астана хот хэмээн нэрлэв. Энэ нь Назарбаевын Ерөнхийлөгч байх үеийн гол төслүүдийн нэг байсан бөгөөд Казахстанд жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг хотын өдрийг Ерөнхийлөгчийн төрсөн өдөр буюу долдугаар сарын 6-нд тэмдэглэдэг байв.

Хожим нь төрийн тэргүүний хувийн зан чанарыг шүтэх явдал гайхалтай хэмжээнд хүрэв. Ард иргэдээрээ өөрийгөө тахин шүтүүлэв. Сургууль, их дээд сургууль, нисэх онгоцны буудал, улс төрийн намууд, шагналууд, тэр ч байтугай алтанзул цэцэг хүртэл түүний нэрээр нэрлэгдсэн байдаг. Наад зах нь есөн гудамж, гурван цэцэрлэгт хүрээлэн, нэг төмөр замын буудал нь Элбасы буюу “Үндэстний удирдагч” гэх нэртэй. Түүний зан чанарын тухай кино зураг авалт хийж, олон ном зохиол хэвлэгдэж, дуу хүртэл зохиогдсон.

Назарбаевыг амьд байх хугацаанд нь найман хөшөө дурсгал босгов. Тэдний нэг нь Украйнд байдаг. Түүний сурч байсан Каменское хотод байрладаг юм. 2019 оны гуравдугаар сард түүнийг Ерөнхийлөгчийн албаас огцорсны дараа нийслэл хотын нэрийг Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон Астана биш, Нур-Султан хэмээн нэрлэв.  

БАРИМТ ЕС

Хүний эрхийн ажиглагчдын тайланд Нурсултан Назарбаевын Засгийн газар эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, шашин шүтэх эрх чөлөөг “хатуу хязгаарласан” гэжээ. Хүний эрхийн “Freedom House” байгууллага Казахстаныг “нэгдсэн авторитар дэглэм” гэж нэрлээд сүүлийн арван жилийн хугацаанд тус улсад ардчилал арчигдаж, дарангуйлал улам бүр нэмэгдсээр байгааг тайланд тэмдэглэжээ.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын үг хэлэх эрх чөлөөний рейтингээр Казахстан улс 2019 онд дэлхийн 180 орноос 158 дугаар байрт оров.

Осло хотод төвтэй “Форум 18”-аас Казахстан улс “шашин шүтэх, итгэл үнэмшлийн эрх чөлөөг хязгаарладаг” бөгөөд тус улсад шашны итгэл үнэмшлээрээ шоронд хоригдож буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгааг онцолжээ.  

(Эх сурвалж: The Times Hub)

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
1 сар 7, 2022 16:11

Шулуухан хэлэхэд манай МАН-н дарга нар очиж туршлага судлах нь зүйтэй юм байна.

Зочин
Зочин
1 сар 7, 2022 16:15

б�##�ай өвгөн сүүлдээ зөнөсөн юм биш үү

Зочин
Зочин
1 сар 7, 2022 16:16

Барууны улс орнуудад л хулгайлсан мөнгөө нуух юмдаа энд л учир ш�##�тгаан нь байгаа юм

Мжл
Мжл
1 сар 8, 2022 10:20

МАН хулгайчуудаа ард тумнээ их доромжилвол та нарийг ч мон адил иим хувь хулээж байгаа шуу гэдгийг санаарай !!!!!@!!

Холбоотой мэдээ

Back to top button