Нийгмийн

Б.Хөхөө: 40 жил хөдөлмөрлөж бий болгосон 8000 модны минь талыг шатаачихсан

Дөч гаруй жил чацарганатай амьдралаа холбож, эзгүй талыг чацарганын “диваажин” болгож чадсан Увс аймгийн Улаангом сумын иргэн Б.Хөхөөтэй ярилцлаа. Тэрээр авто механикч, гагнуурчин мэргэжилтэй ч эхнэрийнхээ хайраар чацарганатай танилцаж, энэ л насаа мод үржүүлэг, мод тариалтанд зориулж яваа хэмээн ярих дуртай. Чацаргана тариалалтыг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтны хэмжээнд хөгжүүлж, судалгаа шинжилгээ хийж, цаг үеийн үечлэлд гарч ирдэг шавжуудыг хүртэл таньж мэдэн, танилцаж, учраа ололцож явна хэмээн ярих энэ эрхэмтэй цөөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

Б.Хөхөө гуайтай “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан очиж уулзахдаа “Эгэл баатар” цуврал төсөлдөө тодотгон оруулсан байсан нь бидний анхаарлыг татаж ийн ярилцах эхлэлийг тавьсан билээ. “Анх 2006 онд түнгэтэй, дэрстэй байсан цагаан арал нэртэй газрыг авч түүнийг ногоон арал болгоно доо гэж зорин хоёр настай бургас тарьж эхэлсэн гэнэ. Хүмүүсийн хэл ам их байсан ч модоо тордсоор л байж. Дөрвөн жилийн дараа бургас нь сайхан ургаж түүнээсээ гэрийн мод хийж эхэлсэн гэнэ. Одоо 10 гаруй мянган мод тарьсан, 40-өөд нэр төрлийн эмийн ургамал тариалдаг, 6 сортын чацаргана ургуулдаг, 6 төрлийн жимс тарьдаг, бургасаараа гэрийн мод хийдэг, талбайгаасаа хадлан авдаг, хортон шавьжны асуудлаа бүрэн шийдсэн гээд маш их ажилсаг, хөдөлмөрч хүн” хэмээн тэд онцолжээ.

Б.Хөхөө:

-40 ОРЧИМ ЖИЛ ЧАЦАРГАНЫ МОДТОЙ ХОЛБОГДОЖ ЯВНА -

-Сайн байна уу? Хөхөө гуай. Сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан, та бүхэн сайхан хаваржиж байна уу.

-Сайхан даа. Та сумынхаа хэдэн хүнтэй модныхоо газар руу явах гэж байгаа гэв үү?

-Тиймээ, гарах гээд л бэлэн болчихсон сууж байна. Манай хамтардаг хэдэн хөгшчүүл бас бэлэн болчихсон хүлээж байгаа.

-Цаг зав гарган бидэнтэй ярилцаж байгаа танд маш их баярлалаа. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Увс аймгийн Түргэн сумын харьяат, Ховд сумын Цагааннарал гэдэг газар гарсан. Одоо Улаангом сумынхаа нэгдүгээр багт амьдран сууж байгаа.

-Та сумандаа чацаргана тариалах санаагаа хэзээнээс ажил хэрэг болгож эхэлсэн бэ?

-Миний хань Ц.Нямаа техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Жимсний станцад Б.Лааган багшийн удирдлага дор ажиллаж байсан юм. Улмаар Улаан толгойн сангийн аж ахуй байгуулагдахад анхны ажилчин нь болж, 500 га плантаз байгуулах ажилд гар бие оролцож явсан. Эхнэр маань 14, 18, 38-р квартал гээд 1000 метрийн урттай талбайнууд дээр ажиллаж байсан. Тэр үеэс л хойш чацарганатай холбогдсон. Тэр үед би тээврийг удирдах газрын гагнуурчин, бригадын дарга хийж байсан.Харин манай хөгшин аав маань маарамба хүн байсан бөгөөд  янз бүрийн эмийн ургамал цуглуулдаг,  тариа тарьдаг байсныг аав маань өвлөсөн байдаг. Манайх Түргэн сумын айл бөгөөд багадаа Улаанхотгорт тариа тарьж байлаа. Энэ бүхэн нөлөөлж, техникийн хүн газар тариалан луу орсон. Улаан толгойн сангийн аж ахуйн дарга байсан Т.Цэвээн болон Т.Цагаанбанди, С.Дэнчинпил нарын гавъяатуудын үг сургаалийг сонсож, тэр сайхан хүмүүстэй ажиллаж, арвин их мэдлэг, туршлагаас нь суралцсаны хүчинд газар тариалангийн салбар луу эргэлт буцалтгүй орсон доо. Одоо бодоход 40 орчим жил чацарганы модтой холбогдож явна.

-Чацарганы модны өөрийнх нь онцлог юу байдаг юм бол? Танай сумын хөрсөнд хэр тохиромжтой байв? Ямар техник барьж байв?

-Дээр үед энд Бортолгой гэдэг газар байсан. Тэр хавь их намагтай, устай газар байсныг нь тэнд байсан харгана, бургас, ойн зурвасуудыг бүгдийг нь техникээр сугалж, татаж авч үгүй хийгээд тэндээ далан татаж газар доорх усыг нь ил гаргаж нуур байгуулан бүтээн байгуулалт явуулсан. Ингээд л тэнд 500 га том плантаз бий болж жилдээ 360 тонн жимс хурааж хөгжиж эхэлсэн. Тэгтэл зах зээлийн ороо бусгаа үе ирж плантаж ч алга болж, тэр толгой ч хувьчлагдаад бүр үгүйрсэн. Бидний залуу цагтаа хийж бүтээж, хөдөлмөрлөж явсан тэр талбай алга болох үед нь станцын модны хэсгээс жаахан жаахан мод үрсэлгээ хэлбэрээр авч үлдэж явсан. Ингээд модны сорт солилцоо холилдоод жаахан асуудал үүсдэг юм. Тэгэхээр нь сүүлдээ эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч байж тэндээс зургаан сортын мод оруулж ирж байж ах нь шинэ плантаз байгуулсан.  Мөн 2005 онд “Чацаргана” хөтөлбөрийг санаачилсан Ж.Доожав, Л.Бат-Очир нарын хүмүүстэй хамтран ажиллаж, чацаргана тариалдаг болсон юм. “Чацаргана” хөтөлбөрийг яаж цаашаа авч явах, хэрхэн үргэлжлүүлэх, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр миний эхлүүлсэн ажлыг үлгэр дууриалал болгох нь зүйтэй хэмээн үзэж,  эдгээр хүмүүс ажилд маань туслаж, эдийн засгийн тооцоо хийж, урам зориг өгч байсан.

-МИНИЙ НАЙМАН МЯНГАН МОДНООС ДӨРВӨН МЯНГЫГ НЬ ШАТААЧИХСАН-

-Одоо танай плантаз хэр хэмжээний мод, буттай вэ?

-Одоо тэр талбайд арван хэдэн мянган бургас, улиас, жигд гээд төрөл бүрийн модоор  цэцэрлэгжүүлсэн. Тэр хавьд 13 булаг байдаг бас булгийн ойр орчмын газруудыг ойжуулсан. Мөн чацарганы 8000 мод нутагшуулан тарьж ажиллаж байна. Цаашид манай энд алдартай дээр үед “хатны улаан” гэж нэрийддэг байсан жимс бүхий модыг нутагшуулах ажлыг хийж байна. Энэ жимсийг ноён хатад өнгө зүс царайгаа сайхан болгох гэж хэрэглэж ирсэн гэж  түүхэн сударт бичигдэн үлдсэн байдаг. Энэ бүх ажлыг хажуудах хоёр гурван хөгшинтэйгөө нийлж, эвцэлдүүлэх арга, гүйцэлдүүлэх ажил болгон хийхээр ажиллаж байна. Одоо яг энэ ажлаараа л гарах гээд сууж байгаа нь энэ юм.

-Нэг модыг нутагшуулахад хэр удаан хугацаа шаардах вэ? 

-Бид одоо зэрлэг хэлбэрийн моднуудыг мөн авч ирж нутагшуулах ажлыг хийж байгаа. Үүнийг хоёр гурван жил хийхээр ажиллаж байна. Нэг модыг нутагшуулах шинээр сорт гаргах ажил амар ажил биш, 10-15 жилийн хугацаатай ажил юм. Гэтэл үүнийг эвцэлдүүлэх хэлбэрээр нутагтаа суулгавал болох юм шиг санагдаад. Ямар ч байсан эхлэлийг нь тавья,  өөрийн минь нас хүрдэггүй юмаа гэхэд үр хүүхдүүд, хойч үе минь хийчих байх гээд л бидний хэдэн хөгшчүүл хийгээд явж байгаа.

-Бизнесээ хийхэд хөрөнгө мөнгөний асуудал их тулгарч байна уу?

-Зах зээлийн нийгмийн ороо бусгаа үед хөрөнгө мөнгө олддоггүй. Тийм болохоор Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах гээд чаддаггүй. Гурван удаа яаманд шалгараад гурвууланд нь хоосон хоцорсон. Нэг удаа хүрч иртэл банк маань Сангийн яамнаас ирсэн мөнгийг маань гаргаж өгөхгүйгээр “Танай талбай цахилгаан шатаасан эрсдэлд оруулсан учраас өгөхгүй” гэсэн. Миний 8000 модны талыг шатаачихсан юм шүү дээ. Жилдээ нэг модноос 16 кг авдаг жимсний талбай минь шатсан. Их том эрсдэлд орсон. Жилдээ 60-80 мянган ширхэг модны суулгац бэлдүүлдэг сортын модны бүх ажиллагаа зогсоод дөрвөн жил болоод энэ жилээс 25-30 мянган мод гаргах бололцоотой болоод явж байгаа. Тэр талбайг сэргээх гэж би 31 сая төгрөг зарж байж босгосон. Буцаагаад талбай минь 2020 он гэхэд бүрэн сэргэж босч ирнэ. Ийм л ажил хийгээд явж байгаа хүн байна даа.

-Юунаас болж шатаж байсан юм бэ?

-Энэ Ганхуяг гэж мэс заслын эмч Д.Дорлигжавын хамаатан, нэг том албан тушаалтай н.Одонхүү гэдэг хүний хамаатан, прокурор н.Мөнхбаяртай базууд гэсэн. Тэд надад нэг төгрөг ч өгөөгүй. Дээрээс нь дарамтлаад байсан учраас өөрийнхөө болон олонхийн хүчээр энэ бүхнээ буцаан босгож байна. Би 24 ажилтантай байгаад сүүлд дөрөвхөн хүнтэй болж хоцорсон шүү дээ. Тэр хүмүүсийг цалинжуулах нөхцөлгүй болоод эцэст нь банкны өртэй болоод л хоцорлоо доо.  Саяхан банкнаас 50 сая төгрөгийн зээл аваад үйлдвэр барихаар барилгын ажил дуусах шатандаа буюу 90 хувьтай явж байгаад зогслоо. Олсон юмаа банкныхаа өрөнд өгчихөөр л болохгүй юм. Одоо намар жимс хураахаар арай дээрдэж магадгүй. Уг нь жимсээ хураахдаа  100-150 хүний ажлын байр бий болгодог. Өдөрт нэг хүн сайн түүдэг бол 60-80 кг жимс түүдэг чадвартай болчихсон байдаг юм.

-МОДНЫ ТАЛААР ХАМААГҮЙ ЯРИХААР ЦАГ ЗАВАА АЛДААД ДАМПУУРНА-

-Тэгэхээр намартаа хэдэн кг чацаргана хурааж авдаг гэсэн үг вэ?

-Намартаа 15 тонн жимс хураагаад байгаа.

-Энэ жимсээ хаашаа нийлүүлдэг вэ?

-Энэ 15 тонн жимсийг боловсруулах үйлдвэр манай энд байхгүй. Нэг кг жимсийг 2500 төгрөгөөр авдаг. Гэтэл нэг кг чацарганыг бүтээгдэхүүн болгоод цааш нь худалдаалбал 70-80 мянган төгрөг болгох бололцоо байгаа. Тиймээс хамтарсан хэдэн нөхөд нийлээд бүтээгдэхүүн болгож, цаашид гадаад дотоодод экспорт хийхээр төлөвлөж байна. Үүнийхээ тулд үйлдвэр босгож байтал үйлдвэр маань барилгын ажил нь 90 хувьтай болоод зогсчихлоо. Яахав, байгалийн юм хийгээд явж байхад байгаль буцаагаад хишгээ хайрлах нь тодорхой. Тэр хүмүүс муу үйлээ хүлээх байх, лус савдаг тэдэнд хэргийг нь хүлээлгэх байх гэж бодоод л явна.

-Та насаараа модонд амьдралаа зориулсан хүн юм байна шүү дээ?

-Яг тийм. Техникийн хүн алтны хажууд гууль шарлана гэгчээр ханийнхаа хайраар чацарганатай холбогдсон. Сүүлдээ модны талаар ярихаар хурдан моринд донтсон хүмүүс шиг байдаг болчихсон. Хамаагүй ярихаар цаг заваа алдаад дампуурна. Тэрний төлөө явсаар, тэрний төлөө өдөржин, шөнөжин ном уншаад, юу гарав гээд л нүдээ өвдтөл судлаад сууж байдаг хүн болчихсон байна. Нас минь 60 хүрчихэж. Хүн төрөх үнэн, үхэх үнэн. Тиймээс байгальд л юм хийж бүтээе. Унадаг машин байсан бол үгүй болоод дуусна. Харин байгальд үлддэг юм чинь хойч үед минь үлдэх, эх дэлхийд минь үлдэх бүтээн байгуулалт гэж ах нь ойлгож явдаг.

-Тиймээ, амьд бүтээн байгууллалт.

-Нэг мод 25 жил, цаашлаад хэлбэржүүлээд, танаад явбал 30,40 жил ч болох боломж байгаа гэдгийг судлаачид мэдэж байгаа байх. Бургас, улиас, хайлаас гэсэн моднууд бол доод тал нь 50-100 жил болно.

-Та 40 гаруй жил мод тариалах ажил хийж байгаа хүний хувьд мод арчилж ургуулахын тулд юунд анхаарах ёстой талаар манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юу?

-Модыг хайрлана гэдэг хамгийн түрүүнд хөрсөө мэдэхийг хэлнэ. Газар ээжээ судлах ёстой. Юу шаардагдахаар байна, юу хэрэгтэй вэ, ямар хоол тэжээлийн дутагдалтай хөрс вэ гэдгийг судлах хэрэгтэй. Үүндээ тааруулна. Зарим хөрс 18-20 см-ийн цэвэр ашигтай хөрстэй. Энэ хөрсөнд яаж тариалах вэ. Харин хужир ихтэй хөрсөнд яаж тариалах вэ, шаварлаг хөрсөнд яаж тарих вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй. Усны норм нормативыг зохицуулж, цаг үеийн байдалтай уяж ажиллах чухал. Байгаль өөрчлөгдөөд дээр үеийн эрдэмтэн докторуудын гаргасан судалгааны ажлуудад дурдсан нөхцлөөс өөрчлөгдөж байна. Шинэ цагийн эргэлт болж, хөрс, цаг уур, ургамлын амьтны өөрчлөлт явагдаж байна. Энэ байдалд шинээр зохицуулж, яаж модыг амьдруулах вэ гэдгийг бид энүүхэндээ судлаад л явж байгаа. Тухайлбал, шавж хорхойнуудын хувьд шинэ төрлийн шавжнууд гарч ирж, нүүдэллэж байна. Тэдэнтэй хэрхэн ажиллах вэ гэх мэт судалгаанууд хийнэ, заримтай нь танилцана, заримдаа туршина. Энэ хоорондох 10-хан км зайд 24 цаг, 12 цагийн, 48 цагийн зөрүүтэй жимсний шавжууд гарч ирж байна. Дор хаяж чацарганы таван төрлийн ялааг мэддэг байх хэрэгтэй. Энэ мэтээр шавжнуудтай харьцахаас л бидний ажил эхэлнэ дээ.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: “Бидний цөөхөн Монголчууд” төслөөс авч ашиглав

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Where To Purchase Bentyl http://buycialisuss.com - Buy Cialis Como Compro Viagra canadian pharmacy cialis Amoxil Asthma

LesOrdiff
LesOrdiff

Buy Tamsulosin Online Uk http://buyciaonlinex.com/# - buy cialis online Cialis 20mg 4 Stuck Cialis Cephalexin Oral Suspension For Cats

Холбоотой мэдээ

Back to top button