Нийгмийн

Монголын сэтгүүл зүй ковид тусаагүй

Хэдийгээр Монгол орон коронавируст “ялагдсан” ч монголын сэтгүүл зүй ялагдаагүй. Сэтгүүлчид зогсолтгүй ажилласан. Ажилласаар ч байна. Цар тахал редакцуудын бие даасан байдал, ажлын зарчмыг олон нийтэд ил болгож, оношилж өгсөн нь өнгөрсөн хоёр жилийн гол олз байв. Ийм ч учраас цар тахалд дасан зохицож ажилласаар буй сэтгүүл зүйн салбарын алдаа, оноог олж харахыг хичээлээ...

Онош нэг: Айдас үүсгэсэн халуурал

Юун түрүүнд манай улсад коронавирус бүртгэгдсэн өдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажилласныг эргэн санацгаая.

2020 оны гуравдугаар сарын 10. Монгол Улсад ажиллаж байсан Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч, манай улсад анхны тохиолдол бүртгэгдсэн өдөр. Энэ өдөр тухайн иргэний явсан маршрутыг өдөрт тутмын сонин, сайт, телевизүүд шуурхай мэдээлж, явсан маршрутынх нь дагуу зорчсон иргэдийг яаралтай шинжилгээ өгөх хэрэгтэй хэмээн анхааруулж байв. Үүний сацуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүд халууралд автаж, халдвар авсан Францын иргэнийг “Монголд ирээд хоёр биеэ үнэлэгч авсан” гэх мэт мэдээлэл цацсан. Нэг өдрийн дараа тухайн үед ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ахмад М.Мөнхшүр мэдээлэл хийх үеэрээ, “Франц иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогдсон” гэж мэдэгдэх хүртэл аль хэдийн нийгэмд тархаж, буруу ойлголт төрүүлж амжсан. Эдүгээ үүсгэсэн линк, хандалт авсан мэдээнүүдээ бүгд устгасан ч цар тахлын эхний мэдээн дээр манай сэтгүүл зүй, ялангуяа цахим сайтууд ёс зүйн шалгууртаа бүдэрсэн билээ.

Франц иргэний ойрын хавьтлуудаас халдварын тохиолдол батлагдаагүй. Харин тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдээс халдвар илэрсээр байв. Гэвч арваннэгдүгээр сарын 11-нд нийслэлчүүд өглөө ажил, хичээл, цэцэрлэгтээ явах гэтэл Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдаж, шөнөөр хөл хорио тогтоочихсон байлаа. “Алтанбулаг” боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч, 29 настай иргэнээс коронавирус илэрсэн. Энэ өдрөөс хойш хандалтын төлөөх уралдаан мэдээллийн хэрэгслүүдийн дунд эхэлсэн. Эрүүл мэндийн яамны мэдээллээс өмнө батлагдсан тохиолдлыг түрүүлж мэдээлэхээр мэдээллийн сайтууд улайрцгайж байв. Нэгтгэл мэдээ тун цөөхөн хүний гарт байсан атал тоон мэдээлэл болон өвчлөгчдийн хувийн мэдээлэл хандалтын уралдаанаар задарсаар л байв. Энэ халуурал нь үнэндээ мэдээлэх үүргээ биелүүлэх тэмцэл гэхээсээ нийгмийг түгшээх, асуудлыг хөөрөгдөх нөлөө үзүүлсэн.

Онош хоёр: Түрүүлж мэдээлэх уралдаан

Ковид-19 вирусын халдвар дотоодод алдагдсанаас хойш Монголын сэтгүүл зүй түрүүлж мэдээлэхийн төлөөх уралдааны талбар болж хувирав. Уралдааны гол бас нэгэн сэдэв нь халдвар авсан иргэдээс түрүүлж, ярилцлага авах байв. Энэ уралдаан ч үр дүнгээ өгч, цар тахлын талаар цэгцтэй мэдээлэлгүй иргэдэд хөөсрөлгүй бодит мэдээлэл хүргэж чадсан. “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” хэмээн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.8-д заасан байдаг. Энэ зарчмаа санаж, биелүүлсэн хэвлэлүүдийг ч дурдахгүй өнгөрч боломгүй.

Жишээ нэг: “Давуу эрхтэй” тодруулга

Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болох Францын иргэнээс тодруулга авах боломж ганцхан “ТВ5” телевизэд олдсон. Түүнийг 47 хоног эмчлүүлээд эдгэрсний дараа нутаг буцахынх нь өмнөх өдөр буюу тавдугаар сарын 1-нд гар утсаар холбогдон ярилцсан билээ. Уг ярилцлагыг бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд уламжлан мэдээлсэн. Гэвч энд яагаад ганцхан телевизэд давуу тал олгосон нь хачирхалтай. Тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “ТВ5” телевизийн эзэмшигч болох талаар “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага болон Монголын хэвлэлийн хүрээлэнгээс хамтран хийсэн “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг”-ийн тайланд дурджээ. Энэхүү мониторингод дурдсанаар хэрэглэгчийн зах зээлийн 2.30 хувийг эзэлдэг ганц телевиз ийнхүү анхаарал татахуйц тодруулгыг давуу эрхтэйгээр хийсэн нь цар тахлын онц байдлын үед хэвлэл мэдээллийн салбарт бий болсон тэгш бус байдлын ердөө эхлэл байлаа.

Жишээ хоёр: Мэргэжлийн ёс зүйг чанд баримталсан ярилцлага

“Ikon.mn” сайтын эрхлэгч Р.Оюунцэцэг Ковид-19-ийн халдвар авсан Монголын анхны гурван тохиолдлын нэг болох эмэгтэйгээс ярилцлага авах үеэрээ Францын иргэний талаар яриулсан байв. Энэхүү ярилцлага нь “Эмчлүүлж байхдаа "Анх-Отгонтой” таараад англиар мэндлэхэд нь зөрүүлээд францаар мэндэлтэл нүдэнд нь нулимс цийлэгнээд…” гэх гарчигтайгаар 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд нийтлэгдсэн билээ. Ковидоор өвчлөөд эдгэрсэн иргэнтэй цар тахлын шинж тэмдэг, эмчилгээнээс эхлээд ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа, эмчилгээний дараах биеийн өөрчлөлт зэрэг маш өргөн хүрээнд, ойлгомжтой ярилцсан энэхүү ярилцлага айдаст автаад байсан иргэдэд маш ойлгомжтой мэдээлэл цаг алдалгүй хүргэж чадсанаараа онцлог байв. Ярилцлага авсан эх сурвалж болон уншигчдын анхаарлыг татахуйц гарчгийн донжтой сонголт зэрэг мэргэжлийн сайн ажиллагаагаараа энэхүү бүтээл ТВ5 телевизийн яаруу сандруу хийсэн тодруулгаас илт ялгарч байна.

Жишээ гурав: Хүний эрх зөрчигдөж, нийгмийн ёс зүй алдагдсаныг сануулсан ярилцлага

“Алтанбулаг” боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ч ковид-19-ийн халдвар тээж явсан нь илэрсэн ачаа тээврийн жолоочоос “Zindaa.mn” сайтын сэтгүүлч Б.Мөнхзаяа анхлан ярилцлага авсан. Энэхүү ярилцлага нь “Жолооч Д: Намайг нийгмээрээ үзэн ядаж байгаа нь вируснээс илүү айлгаж байна” гэсэн гарчигтайгаар 2020 оны арван нэгдүгээр сарын 11-нд нийтлэгдсэн юм. Ковидын халдварын эхэн үеийн мэдээллийн халуурлын золиос болж, хувийн мэдээлэл нь цахим орчинд дэлгэгдсэн иргэн Д-ийн ярилцлага онцгой байдлын үед хүний эрх уланд гишгэгдэж байгааг онцолж, дуулиант “Энх саран” сувиллын хариуцлагагүй байдлыг гарган тавьж, цар тахлын үеийн ёс зүйн алдааг олон нийтэд сануулснаар өндөр ач холбогдолтой байлаа.

Онош гурав: Хэвлэл мэдээлэл өөрөө хүний эрх зөрчив

Гэм буруутай нь тогтоогдсон гэмт хэрэгтэнд ч нэр төр гэж бий. Чухам энэ нэр төрийг хамгаалахын тулд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын дөрөвдүгээрт “Аливаа мэдээллийг зохисгүйгээр дуулиантай хэлбэрээр түгээхээс татгалзана” гэж тусгажээ.

Харамсалтай нь энэхүү “зохисгүй”, “дуулиант” хэлбэрээр түгээх явдал цар тахлын үеэрх хандалтын халууралтай зэрэгцээд сэтгүүл зүйд газар авч эхэллээ. Өөрийгөө шатаасан иргэн, хүүхдээ хороосон гэх хойт эцэг болон залуугийн нэр, зургийг нийтэд мэдээлж, хүний эрхийг ноцтой зөрчсөн хэд, хэдэн тохиолдол байна. Тэдгээрийг дурдахгүй байж боломгүй.

Жишээ нэг: Амиа хорлосон иргэний хувийн мэдээллийг зарлав

Сүхбаатарын талбай дээр 34 настай эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 08-ны 13:32 цагийн үед гарсан. Уг мэдээллийг “Ergelt.mn” мэдээллийн сайт “ШУУРХАЙ: 34 настай Э.Энхтөгс гэх залуу Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатааж, амиа алдлаа” гэх гарчигтайгаар нийтэлжээ. Тус мэдээллийн сайт нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 6.5-д заасан “Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй” гэх хэсгийг зөрчиж, нэр болон насыг нь мэдээндээ багтаажээ.

Жишээ хоёр: Сэжигтний хувийн мэдээллийг зарлав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хойт эцгийнхээ гарт есөн настай охин амиа алдсан байж болзошгүй хэрэг 2020 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө гарсан. Сэжигтэн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад түүний нэр, нас, зураг, ажиллаж байсан газар зэргийг “Ergelt.mn” сайт нийтэлжээ. Уг мэдээлэл нь есдүгээр сарын 24-нд “Есөн настай охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа хойт эцэг М.Баттулга гэж хэн бэ” хэмээх гарчигтайгаар нийтлэгдсэн байна. Энэ нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 6.1-д заасан “Хэргийн сэжигтэн этгээдийн хувийн нэр, мэдээлэл болон зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана” гэх заалтыг зөрчсөн нь илт харагдаж байна. Мэдээж хэрэг Ёс зүйн зарчим гэдэг хууль биш. Хэвлэл мэдээллийн салбарын олон зуун жилийн туршлага, алдаа оноон дээр тулгуурлан бий болсон энэхүү зарчмыг үл тоомсорлох нь хүний эрхийг зөрчихөөс гадна дөрөв дэх засаглалын нэр хүндийг унагаж, нийгмийн бусад бүлгүүд, тухайлбал улс төрчдийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөнд цензур тогтоох шалтаг болж байна.

Жишээ гурав: Сэжигтний зураг, хувийн мэдээллийг нийтэд зарлав

Өвөрхангай аймагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас аравдугаар сарын 27-нд гарч яваад, сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олдсон. Уг хэргийн мөрөөр явсан Ergelt.mn сайт явж,

  1. “Талийгаач охин бусдын дарамт, хүчирхийлэлд байгаагаа ангийн багш, сургуулийн захиралдаа мэдэгдэхийг оролдож байжээ”
  2. “ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Сурагч охин бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэргийн мөрөөр” гэсэн цуврал сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн.

Сурвалжилга шуурхай, чанартай байсан ч мөн л хүний эрхийн зөрчилтэй байлаа. Тухайлбал охиныг буудаж хөнөөгөөд, өөрийгөө хөнөөсөн гэх малчин залуугийн зургийг нийтэд дэлгэсэн юм. Энэ нь мөн “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын

  • 6.1-д заасан “Хэргийн сэжигтэн этгээдийн хувийн нэр, мэдээлэл болон зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана” гэх заалтыг,
  • 6.5-д заасан “Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй” гэх хэсгийг зөрчсөн байна.

Монгол Улс Үндсэн хуульт ардчилсан орон. Ардчиллын гол тулгуур зарчмуудыг, бусдын эрхээр хязгаарлагдах нийгмийн харилцааг Үндсэн хууль нарийн тодорхойлж өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт, “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Энэ нь зөвхөн хуульд заасан байгууллагууд л мөрдлөг явуулах эрхтэйгээс гадна гэмт хэрэгтэний ч бай хувийн өгөгдлийг нь хуулиар хамгаална гэсэн үг юм. Харамсалтай нь ардчилсан нийгмийн энэ суурь зарчмыг хөсөрдүүлэх хандлага манай сэтгүүл зүйд хүчээ авсаар байна.

Энд бид, “Ergelt.mn” мэдээллийн сайтын гурван жишээг дурдлаа. Энэхүү сайт нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр эрчтэй ажиллаж, чанартай бүтээлүүдийг тогтмол гаргадаг редакцуудын нэг билээ. Гэхдээ сэтгүүл зүйн энэ ачаалалтай, даацтай үйл ажиллагааныхаа хажуугаар хүний эрхийн зөрчил мэр сэр гаргасаар буйгаа анхаарч, мэргэжлийн ёс зүйгээ баримтлах нь зүйтэй болов уу.

Онош дөрөв: Мэдээллийн боловсролын дутмагшил

Цар тахлын онц байдлын үед төр өөрөө маш том мэдээллийн хэрэгсэл болсныг энд дурдах хэрэгтэй. Гэнэт олны анхааралд орсон төрийн албан хаагчид мэдээллийн боловсролгүйг улмаас олон алдаа гаргаж байв. Хувь хүний нууцад хамаарах мэдээллийг нийтэд түгээж, халдвар туссан иргэдийн нэр, зургийг зарласан албаны хүмүүсийн алдааг ч мөн дурдахгүй байж боломгүй. Онцгой байдлын үед мэдээллийн хэрэгслээс ч хүчтэй мэдээлэгч болж хувирдаг гэдгээ төр мэдсэнгүй.

Жишээ нэг: Өвчтөнөөс гэмтэн болж хувирсан жолооч “Д”

“Алтанбулаг” боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч, 29 настай иргэнээс коронавирус илэрсэн. Тухайн жолооч коронавирус тусахаа мэдэхээсээ өмнө арваннэгдүгээр сарын 6-нд “UB pаlace”-т “Хархан нүдэн” тоглолт үзсэн байсан бөгөөд тоглолт үзсэн бүх хүмүүс шинжилгээнд хамрагдаж эхэлсэн байдаг. Улмаар олон нийтэд анхлан халдвар авсан жолооч Д болон түүний ойрын хавьтал хүмүүсийн зураг, нэр тэр бүү хэл регистрийн дугаар ил болсон юм. Ингэж хувь хүний нууцад хамаарах мэдээллийг алдсан нь албаны хүмүүсийн алдаа.

Үүнийгээ чухал мэдээлэл оллоо хэмээн үзэж нийтэлсэн хэвлэлүүд ёс зүйн асар том алдаа гаргасан.

Жишээ хоёр: Үндсэн хуулиа зөрсөн засаг захиргаа

2021 оны долдугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын онцгой комиссын шийдвэрээр фэйсбүүк хуудсанд коронавирусын халдварын батлагдсан 35 тохиолдлоос эмчлэгдээд гарсан 17, эмчлэгдэж байгаа 18 иргэний талаар мэдээллийг байршуулж, тусгаарлалтад байгаа иргэдийн нэрсийг тодруулж тухайн өрхөд очихгүй байхыг анхааруулжээ. Мөн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд тусгаарлалтад байгаа иргэдийн байршлын зураглалыг оруулж, иргэдийг ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулж, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задалжээ.

Жишээ гурав: Иргэдээ талцуулах зорилтот мэдээлэл

Ээж нь халдвар авч ХӨСҮТ-д 10 настай охинтойгоо эмчлэгдэж, дөрвөн настай хүү нь 17-той эгчтэйгээ Улаанбаатар зочид буудалд 14 хоног тусгаарлагдаад, гэртээ харьсан ч байрных нь оршин суугчид гэрт нь оруулаагүй тохиолдол 2020 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр гарсан. Халдвар иргэд болон ойрын хавьталуудын гэрийн хаяг, тоотыг нийтэд болон байрныханд нь хэлж, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задалснаас болж нийгэмд үл ойлголцол үүсгэсэн олон жишээний ердөө нэг нь энэ.

Жишээ дөрөв: Гавтай өвчтөн

2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр “Нисэх-Гуравдугаар эмнэлэг” чиглэлийн автобусаар зорчиж явсан хүүг “коронавирусийн сэжигтэй тохиолдол” гэж тусгаарлахдаа гавлаж, гадаа олон цагаар гадаа зогсоосон хэрэг гарсан. Энэ бол коронавирусийн халдвар авсан хүмүүсийг тусгаарлах, эмнэлэгт албадан хүргэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа алба хаагчид нэгдсэн чиглэлгүй, хүнлэг харьцах зааварчилгаа, аргачлалгүйгээс халдвар авсан хүнийг айлгаж, нэр төрд нь халдсан явдлын жишээ юм.

Онош тав: Төр иргэдийн мэдэх эрхэнд халдав

Цар тахал төрийг иргэдийн мэдэх эрхэд халдах сайхан шалтаг боллоо. Албан тушаалтан болон мэдээллийн араас яваа сэтгүүлчид хоёр өөр стандартаар хандаж байснаас энэ нь тод харагдана.

Цар тахлын үед болсон УИХ-ын сонгуулийн үеэр энэ нь маш тод анзаарагдсан. Жишээлбэл, Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалыг хүлээн авахаас татгалзсаны улмаас АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 5-наас эхлэн өлсгөлөн зарласан билээ. Гэвч төв талбайг цагдаагийн хамгаалалтад авч, дотогш нь сэтгүүлчдийг нэвтрүүлсэнгүй. Өлсгөлөн зарласан сөрөг хүчний байр суурийг шууд дамжуулахын тулд ЦЕГ-аас зөвшөөрөл хүсч, зөвшөөрсөн тохиолдолд нь дотогш ордог болов. Зөвшөөрөл авсан сэтгүүлчийг зүгээр ч нэг оруулчихгүй. Заавал ажлын үнэмлэх, эсвэл иргэний үнэмлэхийг нь шалгаж байв.

Тэр ч байтугай АН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн өлсгөлөнг сурвалжлахаар очсон Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаагийн биед Сүхбаатарын талбайд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид халдаж, түлхэж унагасан хэрэг гарсан юм. 1990 оны хувьсгалын үеэр ч монголын төр ийм хаалттай хандлага баримтлаагүй билээ. Хувьсгалын үйл ажиллагаа, улс төрийн уулзалтуудыг монгол болон дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд чөлөөтэй сурвалжлан дэлхийн дахинд цацаж байв. Энэ бол цар тахлын нэрэн дор иргэдийн мэдэх эрхэнд, хэвлэл мэдээллийн мэдээлэх зарчимд халдсан үйлдэл байлаа.

Төр чөлөөт хэвлэл мэдээллийг боомилох зориудын алхам хийснийг энд зайлшгүй дурдах хэрэгтэй юм. Монголын хамгийн хандалт өндөртэй, “шүгэл үлээгч”-ийн хэмжээнд үнэлэгдсэн нэр бүхий сэтгүүлчдийг цуглуулсан “Мэдээллийн урсгал” хэмээх зорилтот хөтөлбөр монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд хар толбо болон үлдэхээс гадна асар буруу жишгийг тогтоолоо. Чамгүй хүч хөрөнгө зарж, найруулгын шийдэл орсон нь тодорхой энэхүү хөтөлбөр Монголын телевизүүдийн холбооны гишүүн бүх телевизээр нэгэн зэрэг цацагдсан юм. Захиалагч талаа огт зарлалгүй, зөвхөн мэдээлэх үүргээ биелүүлж байна гэх тайлбартай цацагдсан уг хөтөлбөр ард иргэдийг соён гэгээрүүлж, цар тахлын үед эерэг хандлага түгээх гэхээсээ төр засгийн үйл ажиллагааг зөвтгөх зорилготой байсан нь илт байлаа. Энгийн үед сэтгүүлчдэд олддоггүй эх сурвалжийг нэг дор цуглуулан мэдээлэл авах боломж байсан гэж энэхүү хөтөлбөрт оролцсон сэтгүүлчид тайлбарласан. Зүй нь ардчилсан нийгэмд эх сурвалжууд хэвлэл мэдээлэлд ямагт нээлттэй байх ёстой. Заавал тансаг зочид буудалд зассан тусгай студид зочилж, олны танил сэтгүүлчидтэй ярилцаж байж эх сурвалжууд мэдээлэл өгч байгаа нь сэтгүүл зүйн суурь зарчмуудыг уландаа гишгэсэн хэрэг юм.

Энэ талаар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 2021 оны дөрөвдүгээр сарын 28-нд мэдэгдэл гаргасан юм. Энэхүү мэдэгдэлд, “Энэ бүхний эцэст асуудал улам бүр даамжирч, тодорхой зорилготой, зохион байгуулалттай мэдээллийн менежментийг чөлөөт хэвлэлүүд дээр хэрэгжүүлж, “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байв.

“Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 25-наас 2021 оны хоёрдугаар сарын 25- ныг хүртэл гурван сарын хугацаанд иргэний болон улс төрийн эрхийн зөрчилд мониторинг хийсэн үр дүнгээс тун базаахгүй дүр зураг харагдаж байна. Уг мониторингоор өндөр хандалттай 20 цахим хуудас болон нийгмийн сүлжээний орчинд шүүлт хийх, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, редакцын эрхлэгчийн нэр дээр хаягласан аливаа зөрчил гарсан, эсэхийг судалсан байна. Мониторингийн хугацаанд давхардсан тоогоор иргэний болон улс төрийн эрхийн 79 зөрчил бүртгэжээ.

Харин Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнгөрсөн оны сүүлээр сэтгүүл зүйн 300 бүтээлч ажилтны дунд хийсэн судалгаанд талаас дээш хувь нь “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш манай улсад хэвлэлийн эрх чөлөө хумигдсан” гэж дүгнэжээ.

Онош зургаа: Хөл хоригдоогүй сэтгүүл зүй

Дэлхий даяар олон удаагийн хөл хорио тогтоосон ч сэтгүүл зүй хөл хорионд ороогүй. Тэд улаан бүсээс бодит байдлыг мэдээлж, улаан бүсэд байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон эмчлүүлж буй хүмүүсийн ар гэртэй холбогдож, мэдээлж байв. Монголын сэтгүүлчид ч ялгаагүй. Улаан бүсэд буй эмч, эмнэлгийн ажилчид, халдвар авсан өвчтөн болон тэдгээрийн ар гэртэй холбогдож, тодруулга авч, иргэдийн нүд, чих болсон. Зарим нь хөдөө орон нутаг руу явж сурвалжилга, нэвтрүүлэг бичиж, бэлтгэсэн. Мөн эмнэлэг дотроос ч нийтлэл бичиж тэмцсэн. Бүр болоогүй эмнэлгийн гаднаас шууд дамжуулалт хийж, төр эргүүлсэн сэтгүүлч бий. Төр цар тахлыг далимдуулан дөрөв дэх засаглалд нөлөөлөхийг илтэд оролдсон цаг үед “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэх суурь зарчимдаа үнэнч ажиллаж чадсан сэтгүүлчид ч цөөнгүй байв. Зарчимдаа үнэнч редакци болон сэтгүүлчид доорх гурван жишээгээр тогтохгүй олон байсныг дурдах нь зүй.

"Eagle news" телевиз: Засгийн газар огцруулсан мэдээ

Онцгой байдлын үед хүний суурь эрх байтугай наад захын стандартыг зөрчин ажиллаж буйг харуулсан ганц дүрс л У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан юм. Цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийг олон нийтэд ил болгосон сэтгүүлч бол "Eagle news" телевизийн Г.Балжинням болон мэдээний баг байв. Тэрбээр 2020 оны нэгдүгээр сард амаржаад удаагүй байсан эмэгтэйг хүүхдийнх нь хамт углааш, халадтай нь гаргаж ирэн, ХӨСҮТ-рүү авч явж явж буйг мэдээндээ харуулж чадсан юм. Уг үйл явдлыг оройн мэдээгээр үзсэн иргэд бухимдан Сүхбаатарын талбайд жагсаж, УОК-ыг огцрохыг шаардсаар огцруулсан юм. Эх сурвалжаас мэдээлэл авч чадалгүй хүнд сурталтай нүүр тулсан сэтгүүлч Г.Балжинням шантралгүй эмнэлгийн гаднаас хөтлөлт хийхээр шийдсэн нь маш чухал мэдээ болж чадсан юм.

Livetv.mn телевиз: Хоточ нохойн үүргээ гүйцэтгэв

Хавдар судлалын үндэсний төвийн эмч Э.Эрхэмбаяр нь ходоодны хорт хавдрын хагалгаанд орох гэж буй Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т. Батбаярын ар гэрийнхнээс гурван сая төгрөгийг хэт тулгуу хугацаатайгаар нэхэмжилж, уг шаардлагыг биелүүлж чадахгүй бол “дахин манай эмнэлгээр битгий үйлчлүүлээрэй” хэмээн дарамталж хохироосон маш ноцтой хэргийг livetv.mn телевизийн сэтгүүлч С.Будрагчаа хөндөж, “FACTCHECK: Хавдар судлалын үндэсний төвд болсон жигшүүрт хэрэг” хэмээх нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн юм. Энэхүү нэвтрүүлэг нь 2021 оны нэгдүгээр сарын 09-нд цацагдсан билээ.

Мөн уг телевиз иргэн Т.Батбаярыг бурхан зүг одсоны дараа “FACTCHECK: УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн худал амлалт” нэвтрүүлгийг хүргэсэн юм. Тэрбээр энэхүү нэвтрүүлэгээ бэлтгэхийн тулд Хөвсгөл аймгийн Ринченлүмбэ сум руу явж, талийгаачийн гэргий, охин, төрсөн ах, хамаатнуудаас нь ярилцлага авчээ. Мөн тэрбээр ходоодны хорт хавдар өвчнөөр өвдөн шаналж буй өвчтөн Т.Батбаярт "Та эдгэнэ, таныг эмчилнэ" хэмээн худал хэлж, хол зам туулуулан УБ-т авчирсан хэрнээ утсаа ч аваагүй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс хүртэл хариулт авч чадсан байна. 2021 оны аравдугаар сарын 1-нд цацагдсан уг нэвтрүүлэг эмнэлгийн салбарт бугшсан хүнд суртал, хандлагын алдааг ул суурьтай хөндсөнөөрөө онцлог байв.

Иргэний сэтгүүл зүйг ашиглан тэмцсэн нь

Төрийн мэдээллийн агентлаг МОНЦАМЭ-г удирдаж буй сэтгүүлч Б.Ганчимэг цар тахлын үед төрийн албан хаагчийн үүднээс биш сэтгүүлчийн байр суурьнаас асуудалд хандаж, ХӨСҮТ-д нүүрлэсэн завхралыг олон нийтэд ил болгож чадлаа. Эмнэлгийн дотоод орчин нөхцөл цар тахлын үед байтугай жирийн үед ч хэвтэн эмчлүүлэх боломжгүй нөхцөлд байгааг сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн нийгмийн сүлжээний хуудсанд цуврал бичил нийтлэл хэлбэрээр хөндөн тавьсан юм. Асуудал олон нийтэд ил болсны дараа цар тахлын үед олон нийтийн мэдээллийн хэрэгслийн баатар болж байсан олон хариуцлагатнуудын үнэн нүүр царайг нийгэмд илчилсэн билээ.

Ерөнхий онош: АГУУЛГА БҮТЭЭДЭГ СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮНЭГҮЙДЭЖ, ХАНДАЛТ ХАЙСАН СЭТГҮҮЛ ЗҮЙ МАНДАН БАДРАВ

Оюуны өмчийн хулгай цэцэглэв
Сэтгүүлчид болон редакцуудын цаг зав, мөнгө санхүү үрж хийсэн агуулгыг шууд хуулж тавьдаг үзэгдэл сүүлийн хоёр жилд гаарлаа. Энэ нь фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээний платформууд өөртөө бичил сайтын тохиргоо нэмсэнтэй холбоотой юм. Өмнө нь тодорхой редакцгүй, мэргэжлийн сэтгүүлчдийн хөдөлмөрийн мөлжиж, хуулбарлах замаар оршин тогтнодог байсан сайтууд энэ талбарыг эрчтэй ашиглаж эхэлснээр асуудал хяналтаас нэгэнт гарчээ. Үндсэн сайт дээрээ байгаа мэдээллээс хэд дахин их хандалтыг “спам сайт”-ууд авдаг бөгөөд, оюуны өмчийн хулгайгаа маркетингийн хэрэгсэл болгон ашиг олж буй нь шударга бус хэрэг юм. Энэ бол сэтгүүл зүйд эрүүл хандлага, эрүүл агаар орох зайг хааж, амьсгалыг нь боомилж буй ковидоос ч хүчтэй вирус юм.

Нэгэн жишээ:

“Eguur.mn” сайтын 2021 оны зургадугаар сарын 1-нд бэлтгэн хүргэсэн “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОРИХ АНГИАС: “Хүүхдүүддээ эмнэлэгт хэвтсэн гээд хэлчихсэн, гэхдээ тэд маань дүүтэй болсноо мэдэж байгаа” гэх гарчигтай сурвалжилгыг “MYMEDIA.MN” нэртэй спам сайт шууд хуулан нийтэлжээ. Уг нийтлэлийн дунд 4-5 реклам байршсан бөгөөд эх сурвалж ч дурдаагүй байв.

Нэгэн жишээ:

Дээр дурдсан, “Ergelt.mn” сайтын “Талийгаач охин бусдын дарамт, хүчирхийлэлд байгаагаа ангийн багш, сургуулийн захиралдаа мэдэгдэхийг оролдож байжээ” хэмээх сурвалжилгыг “FILO CINEMA” хэмээх спам сайт зөвшөөрөлгүй хуулж нийтэлжээ. Нэр төдий эх сурвалж дурдахдаа сэтгүүлчийн нэрийг ч орхигдуулсан юм. Дотроо таван реклам тавьжээ.

Дээрх хоёр жишээ бол асуудлын ердөө зах зух нь. Монголын сэтгүүл зүйд оюуны өмчийг хамгаалах тогтолцоо байхгүй байгаа нь сэтгүүлчийн хөдөлмөр үнэгүйдэх, улмаар редакциуд алдагдалтай ажиллан санхүүгийн хувьд бусдын эрхшээлд орох нэг том шалтгаан юм. Энэ хандлага цаашид үргэлжилсээр байвал агуулга бүтээдэг, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий сэтгүүл зүй мөхөж, хандалт шүтсэн, шар хэвлэл сэтгүүл зүйд ноёлж үлдэнэ.

Сэтгүүл зүй ковид тусаагүй

Эхэнд өгүүлсэнчлэн Монгол Улс ковидод ялагдсан байж болно. Харин монголын сэтгүүл зүй ковид тусаагүй, хараат бус редакцууд нийгмийн хоточ нохойн үүргээ биелүүлэхийг хичээсэн хэвээр байна. Үүнийг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас зарласан хэвлэлийн эрх чөлөөний индексээс харж болно. Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ манай улс 180 орноос 68 дугаар байрт бичигдэж, өнгөрсөн оноос 5 байр урагшилжээ. Энэ төрийн үйл ажиллагаа гэхээсээ мэргэжлийн редакцууд хөгжиж байгаатай холбоотой үзүүлэлт юм. Гэвч манай улс хэвлэлийн эрх чөлөөний хувьд “мэдэгдэхүйц асуудалтай” орнуудын тоонд хэвээр байна. Мэдэгдэхүйц асуудал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар энэхүү бичвэрт тодруулахыг хичээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button