Хамгийн өндөр настай онгоцны үйлчлэгч 86 настай

Нисэхийн салбарт амьдралынхаа 65 жилийг зориулсан хамгийн өндөр настай онгоцны үйлчлэгч өдгөө 86 настай. Тэрбээр Бостон хотын оршин суугч ба дэлхийн хамгийн олон жил онгоцны үйлчлэгчээр ажиллсан тул Гиннесийн номонд бичигдлээ.
Өдгөө 86 настай Бетт Нэш 1957 онд америкийн “Eastern Airlines” компанид онгоцны үйлчлэгчээр ажилд орж, өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгааг нь Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэж, баталгаажуулав.
Нэш хэлэхдээ, тэрбээр ажлынхаа ихэнх хугацаанд Нью-Йорк-Бостон-Вашингтон гэсэн чиглэлд онгоцны үйлчлэгчээр ажиллажээ. Холын чиглэлд ажилладаггүй нь хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ асрахын тулд шөнө заавал гэртээ буцаж ирэх ёстой учраас тэр аж.
Түүний хэлснээр, онгоцны үйлчлэгчийг шалгаруулж авах явц өнгөрсөн үеийнхээс эрс өөр болсон гэв.
“Биеийн өндөр, жинд хүртэл тодорхой хязгаар тавьдаг байв. Миний үед аймшигтай байсан. Жин нэмэгдчихнэ. Тиймээс байнга л жингээ үзнэ. Заасан жингээс илүү гарвал ажлаасаа халагдана. Одоо харин америкийн агаарын тээвэрт ажиллах нь тийм ч хэцүү биш байна” гэж Нэш ярив.
Эх сурвалж: АВС News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.