Зөвлөгөө: Гэрээ хэрхэн тухтай цэвэрлэх вэ
Битүүний өмнөх өдөр айл өрхүүд гэрээ цэвэрлэж, хир буртгаа гөвж, шинэ жилдээ бэлдэцгээдэг. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-ний ням гараг бол битүүний урд өдөр.
Иймд гэрээ хэрхэн тухтай, амар хялбар байдлаар цэвэрлэх талаар зөвлөмж хүргэж байна.
НЭГ: Эхлээд эд зүйлсээ эмх цэгцэд оруул
Мэдээж та өдөр бүр нүдэнд ил харагдахгүй шүүгээ, хаалганы дээд хэсгийн тоосыг арчихаас эхэлнэ. Бас тоосоо соруулж, нойтон цэвэрлэгээ хийх нь ойлгомжтой. Гэхдээ их цэвэрлэгээний үеэр ингэж цэвэрлэсэн ч таны эргэн тойрон дахь зүйлс эмх замбараагүй байвал хийсэн бүхэн нурлаа гэсэн үг. Тиймээс хүүхдийнхээ тоглоомыг байранд нь тавьж, эд зүйлээ эмхлээрэй. Ингэснээр толгой доторх замбараагүй бодлууд ч цэгцрэх болно.
ХОЁР: Хэрэггүй "хог"-оо хаяарай
Ер нь гэр доторх бүх зайг нөхөх гэж хичээх хэрэггүй. Нэг цонхонд арав юм уу таван хөшиг өлгөх шаардлагагүй шүү дээ. Иймд илүү байгаа, хэрэггүй зүйлүүдээ цэгцэлж, хэрэгтэй хүнд нь өгөөрэй. Ингэснээр таны амьдрал хэрэгтэй, хэрэггүй "хог"-оос салж, сар шинийн өмнөх цэвэрлэгээний утга учиртайгаа ч нийцэх болно.
ГУРАВ: Гэрт ирэх зочдодоо зориулж зохион байгуулалт хий
Өнөөдөр хэчнээн цэвэрлэлээ ч сар шинийн баяраар гэрт ирсэн зочид босгоор алхах төдийд л орчин тойронд эмх цэгц үгүй болох шиг санагддаг уу. Тэгвэл үүнийг шийдэхийн тулд тэдний ойр хавьд хогны жижиг сав байрлуулаарай. Идсэн жимсний хальс, чихрийн цаас гэх мэтийг шууд л хийж болохоор тавих хэрэгтэй.
ДӨРӨВ: "Зам зуур" гэрээ цэвэрлэх нь
Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү явах замдаа эргэж харж, хянаж, замдаа цэгцэлж болох зүйлсээсээ эхлэх хэрэгтэй.
Сандал дээр өмд, цамц, шалан дээр оймс байна уу гэдгийг шалга. Хэрэв байвал тэр дор нь авч угаах сагс руугаа хийх жишээтэй. Бас бохир аяга таваг байвал гал тогоондоо очоод угаачих ч юм уу. Ингэж “зам зуураа” гэрээ цэвэрлэх нь танд ажил хийсэн мэт сэтгэгдэл төрүүлэхгүй, илүү амар байх болно.
ТАВ: Дуу сонсонгоо цэвэрлэх
Гэрийн ажлыг хялбар аргаар хийвэл тийм ч хүнд, хэцүү ажил биш. Харин хэцүү, залхуутай гэж бодоход л хэцүү болчихдог. Хэрэв хэцүү санагдаад байвал дуртай дуу хөгжмөө чангахан тавиад, хэмнэлд нь хөнгөхөн бүжиглэнгээ гэрээ цэвэрлээд үзээрэй. Ингэснээр та нэг мэдэхэд л гэрээ цэвэрлээд дуусчихсан байна.
Г.САНСАРМАА
Эх сурвалж: womanhit.ru












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.