Ж.Эрдэнэцэцэг: Иргэд няхуур, хашир байснаар цахим залилан буурна

Цагдаагийн байгууллагад орон нутгаас нэгэн иргэн ханджээ. Ингэхдээ “Манай гэр бүлийн зургийг цахим сүлжээнд ашиглаж, залилан хийсэн байна. Эзнийг нь олж тогтоож өгнө үү” хэмээн ханджээ.
Тухайн гомдлын мөрөөр шалгахад гомдол гаргагч иргэний гэр бүлийн зургаар фэйсбүүк нээж “Тарваганы тулам зарна” гэх зарыг байршуулжээ. Гэвч энэ бол залилан мэхлэх зорилготой хуурамч зар бөгөөд энд 30 иргэн тус бүр 70 мянган төгрөг шилжүүлж, залилуулсан байна.
Залилах гэмт хэрэг он гарсаар буюу 2023 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2402 тохиолдол бүртгэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 тохиолдлоор өссөн байна. Сүүлийн 10 жилд манай улсад залилах гэмт хэргийн улмаас иргэн, ААН-үүдэд 690 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 28 хувь буюу 193 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Залилах гэмт хэргийн 65,5 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна.
Бид энэ удаад баянгол дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч дэслэгч Ш.Эрдэнэцэцэгтэй “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” аяны хүрээнд ярилцлаа.
-Цахим залиланд ямар төрлийн үйлдэл зонхилон тохиолддог вэ?
-Нийт гарч буй залилах гэмт хэргийн 65 хувь нь цахим залилан эзэлж байна. Ингэхдээ байр түрээслэнэ, зээл олгоно, олон улсын илгээмжийн азтан, машин зарна, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн лизингээр өгнө гэх мэт маш олон төрлийн хуурамч заруудыг иргэд нягтлахгүй итгэлцлийн харилцаа үүсгэж залилуулсаар байна. Энэ бүхний цаана хүний итгэл дээр үндэслэж амар хялбар аргаар мөнгө олох зорилготой хүмүүс байдаг. 2018-2022 онд залилах гэмт хэрэг үйлдсэн 615 хүн хорих ял, 2559 хүн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдээд байгаа. Энэ нь хуулийн байгууллага тухайн хүний залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа гэсэн үг. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын хохирлыг барагдуулна гэсэн үг биш. Тиймээс иргэд цаг, мөнгө хэмнэх гэж, эсвэл бас амар хялбар аргаар мөнгөтэй болох гэж, аливаа мэдээллийг нягтлахгүйгээр бусдад итгэх зэргээр хохирмооргүй байна.

-Хэн хэн ихэвчлэн залилуулдаг вэ. Та сая иргэд бас амар хялбар аргаар мөнгө олох гэж гэлээ?
- Судлаад үзэхээр 30-45 насныхан илүү их хохирогч болж байна. Банк бус санхүүгийн байгууллага гэсэн хуурамч хаяг нээгээд “Зээл олгоно” гээд зар нийтэлдэг. Хэдхэн минутад орлого нотлохгүй хүссэн зээлээ ав гэхээр хүмүүс хууртдаг. Холбогдохоор нь та урьдчилгаа төлж өөрийгөө зээл тэлэх чадвартай гэдгээ батална уу гээд шилжүүлэг хийлгүүлдэг. Тэр мөнгийг нь шилжүүлчихээр та гүйлгээний утгаа буруу хийжээ, дахиад шилжүүл бид баталгаа болгож аваад буцаалт хийнэ гэх мэтээр 200-300 мянган төгрөг авсан тохиолдол байна. Мөн сүүлийн хүмүүст мөнгө төлж дансыг нь ашиглаж залилан хийдэг хэрэг бас нэлээдгүй гарч байна. Өдрийн хэдэн төгрөг өгье гэхээр дансны мэдээллээ өгчихдөг, тэр дансаар нь залилагч залилан хийдэг. Чатаар найз нөхөд, ойр дотны хүн нь мөнгө зээлээч гэхээр бичсэн данс руу нь шууд шилжүүлдэг. Энэ мэтээр иргэдийн няхуур, хянуур бус байдал залилагчдад байнгын боломж олгосоор байна. Залуус ажил хийх дургүй болсон учраас залилагчдад дансаа ашиглуулдаг нь хэргийг илрүүлэхэд ээдрээ төвөгтэй болоод явчихдаг. Архи уудаг хүмүүс бас цахим гэмт хэрэгт ихээхэн орооцолдох болсон. Залилагчид тэдэнд архи авч өгч, дансыг нь ашиглах, дансны мэдээллийг нь авах зэргээр ашигладаг.
-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол мэдээлэл өгч харагддаг. Гэвч гэмт хэргийн үйлдэл улам өссөн байна. Тэгэхээр иргэдэд л учир байна гэж харлаа?
-Цагдаагийн байгууллагаас ятгах тусам нягтал, залилагчдад боломж бүү олго гэх мэт урьдчилан сэргийлэх олон ажил зохион байгуулж байгаа ч иргэд өөрсдөө урьдчилан сэргийлж чадахгүй байна. Иргэд энэ төрлийн мэдээлэлд шүүлтүүртэй, хариуцлагатай, няхуур хандвал залилагчдад боломж олдохгүй.
-Хамгийн сүүлд л гэхэд тань дээр ямар хэрэг бүртгэгдэв?
-Тарваганы мах зарна гэх зараар мөнгө шилжүүлсэн хохирогч нь 33 хүн тогтоогоод явж байгаа. Эдгээр иргэд тус бүр 70 мянган төгрөг шилжүүлсэн. Дээрээс нь хууль бус наймаа учраас хохирсон ч өөрөө асуудалд орно гээд хаячихсан. Энэ хэрэг манай гэр бүлийн зургийг ашиглаад байна гэж гомдол ирснээр аргаж байж илэрсэн. Тэгээд бусад хохирогчийг дансны дугаараар олж, хэрэг бүртгэл нээгээд явж байна.
-Цаашид залилагчдад огтхон ч боломж олдохгүй тийм нөхцөл байдал бий болох болов уу?
-Хязгаарлаж боломжгүй. Тийм учраас цагдаагийн байгууллагаас иргэдийг анхаарал сэрэмжтэй, хашир, мэдээлэлд шүүлтүүртэй хандаач гээд тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Хүн бүр данстай, фэйсбүүк ашиглах болсон энэ үед хэн залилагч, хэн худалдаачин, ААН вэ гэдгийг ялгах хэрэгтэй. Иргэдийн завгүй, ачаалалтай амьдрал цахим орчноос хамааралтай болчихсон. Үүнийг залилагч нэр ашиглаж байна. Цахим залилангийн хохирол барагдуулах боломж маш бага. Хэрэг бүртгэл нээгээд дансанд барилт хийдэг ч энэ нь тийм үр дүнтэй арга биш, иргэд л хохироод үлддэг.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүмүүс яагаад ийм гэнэн юм бэ хүргэлтээр ирэхээр нь баруун зүүнээр солино гээд болоо юм бишүү газар дээр нь ш�##�гаад мөнгий нь өглөө урьдчилч мөнгө хий гэсэн хүмүүстэй харьцахгүй л байх хэрэгтэй шдээ
FACEBOOK geech ulnii xumuusiin xogiin savand itgej xamag munguu aldaj baidag denduu genen bolgoomjgui archaagui uxaan muutai xumuus baina daa