Малчин Б.Эрдэнэбаатар: Насанд хүрсэн хүн өдөрт дээд тал нь 15 ямаа самнах боломжтой

Ноолууурын улирал эхэлж байна. Цахим орчинд нэг ямаа 10 мянган төгрөг, өдөрт 50 ямаа самнахад сард 15 сая төгрөг олно гэсэн тооцоолол бүхий мэдээлэл түгээд буй. Энэ мэдээлэл нь иргэдэд ямаа самнаад их хэмжээний мөнгө олох боломжтой юм байна гэсэн сэдлийг төрүүлнэ.
Гэвч бодит байдал дээр өдөрт 50 ямаа самнах боломжтой эсэх талаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын малчин Б.Эрдэнэбаатараас асууж, тодрууллаа. Тэрбээр олон жил ямаагаа хувь хүмүүсээр самнуулжээ.
-Сайхан хаваржиж байна уу, та. Ноолуурын үе эхэллээ. Говь руу ямаа самналт хэдийнээс эхлэв?
-Хаваржаа сайхаан. Манай ийшээ гуравдугаар сарын 20-ноос ямаагаа самнаж эхэлсэн. Самналт 15-20 хоног үргэлжилдэг дээ.
-Энэ жил ямаа самналт ямар үнэ ханштай байна?
-Дундажлаад хэлэхэд шүдлэн эм ямаа 10 мянган төгрөг, үүнээс бага бол ханш доошилно. Эр ямаа том биетэй, ноолуур ч ахиу гардаг учраас 2-3 мянган төгрөгөөр илүү байдаг.
-Нэг ямааг 10 мянган төгрөгөөр үнэлүүлээд өдөрт 50 ямаа самнахад сард 15 сая төгрөгтэй болно гэж тооцоолсон зар олны анхаарлыг татаж, ямаа самнах ажлыг хүмүүс сонирхож байна?
-Сонсоход амархан санагдаж болох л доо. Гэхдээ ямаа самнана гэдэг тийм хялбар ажил биш шүү дээ. Нийтлэг байдлаар нэг хүн өдөрт 10-15 ямаа л самнадаг. Эмэгтэйчүүд, идэр насны гаршсан хүмүүс 15-ыг гаргачихдаг. Хамгийн дээд тал нь гоц гойд авьяастай хоёр ямаагаар зэрэг самнадаг хүмүүс өдөрт 30 хүргэдэг гэж сонсож байсан. Яахав, амаргүйн хэрээр ажиллаж тодорхой ажилгүй хүмүүс ноолуурын үеэр хэдэн төгрөг олчихдог.
-Ихэвчлэн ямар хүмүүс ирдэг вэ?
-Янз бүр дээ. Тогтсон ажилгүй, улирлын чанартай ажил хийдэг хүмүүс баг болоод явдаг. Манай эндхийн айлуудад Чойроос баг ирдэг. Тэд нар бол бас ч гэж овоо зүгширчихсэн, мал зовоогоод байхгүй, ер нь дажгүй шүү. Ямаа урахгүй, ноолуурыг саманд байхад нь шороо тоосыг нь цэвэрлэчихдэг, бүтэн самначихдаг байх хэрэгтэй. Гэвч мөнгө тооны хойноос хөөцөлдөөд тэр болгон санаснаар болохгүй дээ.
-Ноолуур хөөрчихөөр самнахад хялбар гэдэг. Гэтэл хөөрөөгүй байхад нь самнаж эхэлдэг нь юунаасаа хамаардаг юм бол?
-Өвөл мал тарган ороод хавар дулаахан байвал ямаа сайхан хөөрөөд самнахад хялбар байдаг. Цаг агаарын нөхцөл байдлаас болоод сайн хөөрөөгүй ч ноолуурын үнэ ханш, малчдын хаврын ажил зэргээс хамаараад самнах цагтаа л самнана шүү дээ.
-Танай тийшээ ноолуур хэдтэй байна?
-Манай говийн ноолуур шороо тоостой, бараан өнгөтэй, бүдүүн ширхэгтэй гээд ер нь арай л хямд байдаг. Энэ жил л гэхэд 120 мянга байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.