
Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн сард амиа алдсан эмэгтэйн элэг, бөөрийг донор болгох хүсэлтийг холбогдох албаныхнаас ар гэрийнхэнд нь тавьж, зөвшөөрснөөр донор болгосон байдаг. Гэвч ар гэрийнхэн нь "Гэрээнд тусгаснаас өөр эрхтнүүдийг нь донор болгосон буюу талийгаачийн өвдөг, шагайг зүсэж, шөрмөсийг нь авсан талаарх мэдээлэл цацагдаад байна.
Улмаар Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун мэдээлэл хийж “Талийгаачийн эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авсандаа уучлалт хүсэж байна" хэмээсэн.
Энэ хэрэгтэй холбоотойгоор манай улсад Донорын тухай хуулийн зохицуулалт ямар байдаг тухай хүргэе.
12 дугаар зүйл.Донорт тавигдах шаардлага:
12.1.Донор нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан цус, эс, эд, эрхтнээ өгөхдөө ашгийн төлөө бус, авлагагүй, сайн дурын байна.
Сайн дурын, ашгийн төлөө бус донорын тусламж үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа учраас эд, эрхтний наймааны асуудал огт гардаггүй гэж энэ салбарынхан тайлбарладаг.
-Амьд болон амьгүй донор, эрхтэн суургуулах өвчтөнтэй холбоотой бүхий л асуудлыг эрүүл мэндийн байгууллага хүлээнэ-
Эрүүл мэндийн байгууллагын эрх, үүргийг хэрхэн тусгасан тухай:
10.1.6.амьгүй донороос эс, эд, эрхтнийг авсны дараа цогцсын гадаад байдлыг цэгцлэх үүргийг цогцос хадгалж байгаа эрүүл мэндийн байгууллага хүлээх.
10.2.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах эрүүл мэндийн байгууллага дараахь эрх, үүрэгтэй:
10.2.1.амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажиллагааг стандартын дагуу гүйцэтгэх
10.2.2.реципиент болон донортой холбоотой мэдээллийг зохицуулах албанд тухай бүр мэдээлэх.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллахаар тусгасан. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны явцад гарч болох ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон харилцааг зохицуулах үүрэг бүхий эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хороог эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулах шаардлагатай.
-Санхүүжилтийн тогтолцоо: -
11.2.Донорын эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагааны санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, реципиентийн төлөх төлбөр, Засгийн газрын тусгай сан, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
11.3.Донорын цус, цусан бүтээгдэхүүн болон донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний үнийн жишгийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоосон.
Амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоосон.
Тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
-Амьд донор: 21 нас хүрсэн иргэн өөрийн хүсэлтээр эрхтнээ бусдад шилжүүлэхийг зөвшөөрнө, шийдвэрээ өөрчилж болно-
"Амьд донор" гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг;
13.2.Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно.
13.4.Эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ иргэн өөрчилж болно.
14.1.Энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангасан, сэтгэцийн хувьд эрүүл, 21 насанд хүрсэн, эс, эд, эрхтнээ өгөх тухай зөвшөөрлөө бичгээр гаргасан донороос түүний амь насанд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд эс, эд, эрхтнийг авна.
14.2.Хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг урьдчилан авсан байна.
13.1.5.амьд донор эрхтнээ өгсний дараа хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43.5-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох;
Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах тухай 2022 онд шинэчлэн баталсан. Манай улсын хувьд донор болох насны доод хязгаар бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогддог байна.
-Амьгүй донор: Ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр донор болгоно.
"Амьгүй донор" гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг;
15.1.Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
15.2.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
15.4.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч энэ хуулийн 10.1.2-т заасан багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно.
"реципиент" гэж амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгуулах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зайлшгүй шаардлагатай хүнийг хэлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.