Top StoriesНийгэм ярилцлага

Умзад Ч.Гүнзээ: Луу жил хөдөлмөрч хүнийг ивээж, шагнана

Монголын буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбооны тэргүүн, умзад, номын багш, орчуулагч Ч.Гүнзээтэй ярилцлаа. Тэрбээр бага насандаа бурхны номыг зөн совингоор мэдэрч,  “Дарь эх”-ийн сүмд шавилан суусан. Улмаар 17 насандаа Бакула Ринбүчи багшаас сахил хүртсэн анхны 11 эмэгтэйн нэг болж, Энэтхэг улсад 13 жил суралцжээ.

Ч.Гүнзээ 2015 онд Буддист эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалтаар зөвшилцсөний дагуу “Буман ханд” холбоог байгуулж үйл ажиллагаа явуулж байна.

-Монголчууд жил жилийн өдийд засал номд ихээхэн анхаарлаа хандуулдаг. Чухам хэрхэн хандваас зөв зохистой үйлдэл гэж ойлгох вэ?

-Би бол бурхны ном заадаг. Засал номын тухайд заавал, ёстой гэдэг үгээр бусдыг шахдаггүй. Шаардлагатай тохиолдолд гүрэм засал хийлгэвэл сайн. Учир шалтгааны ухаанаа олоход болно. Хүмүүсийг ажиглахад хэт их сэжигч, амархан сэвтдэг хүмүүс засал хийлгэвэл зохистой гэж боддог. 

-Учир шалтгааны ухааныг өгөх, олохын тухайд хэрхдэг вэ?

-Хүн энэ амьдрах хугацаандаа билиг оюун, өөрийнхөө ухаанаар л амьдрах чухал. Өөрөө билиг ухаан сайн бол бусдаар зааварлуулж чиглүүлээд байх шаардлагагүй болов уу. Өөрөө ухаалаг бөгөөд зөв амьдарч байвал тэр нь амьдралын том философи, ухаанаа олжээ гэж боддог. Би хүмүүст ном уншиж өгдөг. Хэн нэгэн бусдад бэрхшээл зовлонгоо нээж ярьж чаддаггүй бол сонсож тайтгаруулахыг зорьдог ба тэр үед туслах юмсан гэсэн бодол төрж амьдралын зөвлөгөө, сэтгэл зүйн эмчилгээ өгөхөөр харилцан ярилцаж асуултаар засахыг хичээдэг. Ингээд боломгүй бол ном засал руу орно. Бурхан багш 84 мянган муу  сэтгэлийг засах арга ухааныг сургааль номоор айлдсан байдаг. Түүнээс 404 нь  өвчин, үүн дотроос сэтгэлийн болон  хорлолын маш олон төрлийн өвчин ад бий. Эдгээрийг эмээр засахад хэцүү. Харин бурхны ном, агь тарнийн ёсоор гүрэм заслын аргуудаар засна .

Хийморь лундаа, цог жавхаа, үйлийн үрийг өөрт нь ойлгуулаад өөрөөр нь засуулах ухааныг бурхан шашны ухаанд дэлгэрэнгүй нарийн тайлбарласан байдаг. 404 өвчинд багтах 100 гаруй нь сэтгэлийн болон ад хорлолын өвчин сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг гэдэг үгтэй маш холбоотой. Үүнийг засах олон арга ухаан бий.  

-Жаахан тодруулбал...?

-Тэр бүхнийг бурхны номоор засдаг. Бид нарын амьдралд лус их ойрхон байдаг. Байгалийн гамшиг болж байна. Тэрний уршиг гэж нэг юм байгаад байдаг шүү дээ. Гэтэл уршигаа бид өөрсдөө тарьчхаад хэн нэгэнд хорлуулсан юм шиг ярьцгаадаг.  Яг үүн дээр л гэхэд намчинчилга юм уу лусын олон янзын заслыг хийдэг. Үйлийн үр гэж бий. Хариугаа авсан үйлийн үрээр холбогдсон хийн биетнүүд байдаг. Гэтэл үүнийг номоор тайлбарлаад ч засагдахын аргагүй. Харин үүнийг ухаарал сэхээрэл, уучлах наминчилга, бусад уншлага, гүрэм заслын аргаар тухайн хүнийг аврах тохиолдол бий.

-Гүрэм засал гэдэг нь...?

-Анагаах ухаан, эм тангаар засагдаж дийлдэхгүй хэцүү өвчнүүд бий. Онош нь тогтоогдож чадахгүйд лам багшаас арга чарга асууж онош нь олдоод гүрэм засал хийвэл ад зэтгэр нь буцаагддаг.  Жишээ нь, миний бие олон жил хүнд зориулан ном уншиж, зааж хөтөлдөг хирнээ өөрийгөө орхичихсон байсан. Тэгээд сүүлийн 7-8 жил засал гүрэм засал хийлгэхэд эрс өөр болсон шиг санагдаад байгаа. Засал хийлгэсэн, хийлгээгүй байдал огт өөр болохыг би өөр дээрээ мэдэрсэн. Маш олон жил бурхан номыг нь ёсоор нь үзэж бүтээл хийсэн лам хүний тарни уншлага  хүчтэй болдог. Гүрэм засал гэдэг нь үгний хүч эрхшээл. Тарнидаа бүх хүчээ буулгачихсан. Гүрэм засалч бол хүний тусын тулд ажилладаг гэдгийг тэр үед л би ойлгосон.

-Эмээр засагдаж болохгүй сэтгэл, ад хорлолын өвчнүүд бие дээр хэрхэн илэрдэг вэ?  Хүн яаж ойлгож мэдрэх вэ?

-Ад хорлолд өртөгдсөн хүмүүсийн ажил үйлс бүтэхгүй, бие үргэлж өвдөх, бие хүнд болох, сэтгэл санаа гаслантай, согтууруулах ундаа ихээр хэрэглэх,  хэрүүл тэмцэлд дурлах, муу зүйлд амархан автах, хэрцгий болж муу авир гаргах, муу хүмүүст уруу татагдах тэргүүтэй амь нас эрүүл мэндийн асуудалтай шинж тэмдгүүд илэрдэг.

Өөрийгээ хэрхэн өөрчлөгдөж доройтсоноо мэдсэн хүн бусдаас аврал эрж түүнээс гарах арга зам хайдаг. Мэдээж энэ төрлийг эмчилдэг, домнодог, увдисаа тэр дор нь гаргадаг хүн байна уу гээд өөрсдөө хайдаг байх. Бурханы номоос засал зан үйлийн олон ном байдгаас догжирын төрөл буюу хариулгын ном, сахиусны номууд өөр бусад олон янзын гүрэм бий.

Ингээд өөрөө ерөөл, барилдлагатай хүнээр заслаа хийлгэвэл амархан эдгэдэг.  

-Тан дээр ирж байгаа хүмүүс голчлон ямар асуудал дээр гарц гаргалгаа, аврал хайдаг вэ?

-Өдийд хүүхдүүд 13-ны жилийн заслаа хийлгэх гээд ирдэг. Энэ насанд хүүхдийн сэтгэлзүйд өөрчлөлт ордог учир засаад өгөх юмсан гэж өөрөө үр хүүхэдтэй болохоор энэрэл хайраар ханддаг. Хүүхэдтэй болохгүй байна эсвэл жирэмсэн эмэгтэйчүүд ирнэ. Би эмэгтэй хүн, эх хүн болохоор эмэгтэйчүүдийн бас хүүхдийн зовлонг ойлгодог. Айл болгоны гэрт юу л болдог билээ, тэр бүрийг бүтэн болгоод өгчих юмсан гээд сэтгэлээс уяатай явна Ажил үйлс бүтэхгүй байна гэвэл зурхайн ухааны үүднээс хайна. Од гараг, эрхэс хүний амьдралд сайн, муугаар нөлөөлдөг. Тэгэхээр зурхайд хэрхэн бууснаар жилийн заслыг нь уншиж өгдөг. Зарим тохиолдолд хойноос юм дагаад, буяны ажилд яваад сэвтчихлээ, улаан махын бузар болчихлоо гэх зэргээр хандана. Эдгээр тохиолдолд явдал мөрийг нь хөөгөөд асууж, засдаг.

-Аливаа зүйлийг үл ойшоох нь мэдэхгүйн зовлон-

-Жилийн заслыг шинийн 15-ны дотор хийлгэх ёстой гэж ойлгодог хүмүүс байдаг. Засал номд хувь хүн өөрөө ямар мэдээллийг авч, хаана хэнд хэрхэн хандвал илүү сайн засал болох вэ?

-Дэлхийн олон оронд цагаан сар, шинэ жилээр нийтээрээ өөрөө өөрийгөө, бусдыг засдаг  дом заслын үйл байдаг юм билээ. Үүний адил монголчууд  цагаан сарын өмнө, хойно заслын зан үйл хийдэг. Хийдүүд хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор тухайн жилийнхээ хамгийн том ном хурал хурдаг.

Тэр  хуралд багтчих юмсан гээд даган баясдаг хүмүүс олон тэр үеэс тогтсон юм болов уу. Нөгөө талаас шинэ он гэдэг утгаараа тэр жилдээ сайн сайхан явахын тулд засал ном хийлгүүлдэг. Би ч гэсэн хийлгүүлдэг, хурал даган баясах юмсан өөрөө ч гэсэн бусдыг сайн сайхан явахын тулд залбирах юмсан гэсан залбирал эртнээс нааш тогтсон л байдаг. Ер нь бол засал хийлгүүлэхгүй байсан ч болно. Хүн өөрийгөө зөв яваад өөрийгөө засаад удирдаад явж чадаж байвал болно шүү дээ. Заавал засал хийлгэ гэдэг үгийг ямар ч ламаас сонсож байсан удаагүй. Засал ном хийлгүүлэх нь сайн. Одоо маш их ач тустай үр өгөөжтэй гэдэг талаасаа. Миний хувьд ах дүү нарын хамт ном заслаа 15-ны дотор хийлгүүлэх гэж байгаа. Тэгээд яагаад хийлгүүлэх гэж байна гэхээр нь зарим нь дуртай, зарим нь дургүй байдаг. Зарим шашингүй үзэлтнүүд бүр дургүй байдаг. Тэгэхээр төрөл садан дундаасаа засал номонд ч илүү их сүжиглэж ханддаг нь арай илүү сайхан амьдарч  яваад байгаа юмшиг санагддаг. Аливаа юмыг үл ойшоодог мэдэхгүйн зовлон байдаг ш тээ. Тэрүүнээсээ болж амьдралд бэрхшээл их тулгардаг хүмүүс бас их байна. Тэгээд үүний ялгааг би ах дүү нартаа хэлж өгсөн чинь нээрээ тийм юм байна одоо үүнээс хойш анхаарья гэдэг болсон.

-Хэдийгээр хувь хүн заслаа хийлгэх эсэхээ өөрөө мэдэх ч гэсэн гараг эрхэсийн тохиол хэнд ч байсан нөлөөлөх л юм байна?

-Тийм ээ. Бидний нүдэнд үл үзэгдэх хийн биетүүд, лус гэж байна. Хүмүүс лус хилэгнүүлсэн чинь ингэчихлээ гээд бодитой зүйл ярьж байна. Тэгэхээр бид нар итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй.

-Танай төвөөр ирж байгаа сүсэгтэн олондоо та засал номын талаар хэрхэн зөвлөдөг вэ?

-Хүн аливаа зүйлд итгэдэг байх хэрэгтэй гэж боддог. Тэгэх юмбол тэр итгэлээ өөртөө хадгалаад өөртөө итгэх итгэл нь улам их нэмэгддэг болов уу. Юм болгоныг цээрлэдэг тэрнээсээ болж сэвтдэг бол тэр дор нь өөрөө арилгаж сурах хэрэгтэй. Бурхан номд итгэдэггүй ч гэсэн өөрийнхөө оюун санааг засдаг болчих ёстой гэж боддог.

-Тэгэхээр засал гэдэг бурхны номоор, гүрэм заслаар бас өөрөө өөрийгөө ч аргалж сурах гээд өргөн хүрээнд ойлгож болох нээ?

-Засал гэдэг бие, хэл, сэтгэлийг засахыг хэлдэг. Ном гэдэг нь бурхны засал ном. Хэрвээ та өөртөө эзэн байж чадвал үнэхээр сайн. Харин амьдралын бэрхшээл ч юмуу эсвэл өөрөө олж чадаж, мэдэхгүй байгаа зүйлээ бусдаас эрж хайж улмаар түүндээ итгээд бусдаас хүч аврал гуйж засал хийлгэвэл мэдээж сайн болно. Яагаад гэхээр засал ном бид нарын амьдралд хэрэгтэй учраас зурхай ухаанд танд тохиолдсон мэдээлэл гарч ирдэг. Манай төв бусдыг оюун ухаанаа илүү сайн хөгжүүлэх, өөртөө авралыг дууддаг, өөртөө эзэн болгох талыг хичээл сургалт, хөтөлбөр явуулдаг. Бурхны ном тайлбараар бусдад туслахыг хичээж байна.

-Та сүүлийн 8 жил гүрэм заслыг бусдаар хийлгэж байгаа гэсэн. Танд ямар үр дүн гарсан бэ?

-Хэдийгээр би өөрөө ном уншдаг ч гэсэн хөндлөнгөөс “Та минь тэгсэн байна шүү” гээд номын нөхдүүд хэлээд өгдөг. Нөгөөтэйгүүр би номын багш ч бусдын нь л адил хүн гэдэг утгаараа бэрхшээл тохиолдоно. Тэр үед өөрөө өөртөө оточ, эмч болж чаддаггүй юм билээ. Загасчны морь усгүй гэдэг шиг хэдийгээр өдөр болгоны уншлагаа даатгаад явдаг ч гэсэн бусдаар уншуулах нь хүч чадал огт өөр байсан. Хүмүүс үзмэрчдийг буруушаадаг. Гэтэл яг амьдралд итгэл, аврал хайгаад ирэхээр эхлээд үзмэрч дээр л очдог юм байна лээ. Тэндээс нэг гаргалгаа олж авна, нийтээрээ л ийм. Тэд өөрсдийн мэдлэг ухаанаар эцэг өвгөдөөс эсвэл лусын нөлөө гээд ямар шалтгаан байгааг хэлээд өгдөг. Тэрийг нь олж хараад засал ном хийлгүүлээд явсан.

-Сүсэгтэн эмэгтэйчүүд хамгийн эхэнд өөртөө ямар мэдлэгийг авсан байх ёстой юм бол.

-Өөрийнхөө сэтгэлийг, өөрийгөө ажиглах таньж мэдэх. Юу болж, юу болохгүй байна тэрийгээ ухамсартайгаар өөртөө хүлээж авах. Ямар нэгэн зүйл болохоо болихоор хэн нэгэн хорлож байгаа юм болов уу гэж боддог хүмүүс маш их. Тэр бол эхлэж бодох зүйл биш юмаа.  

-Харин түүний оронд... ?

-Хамгийн түрүүнд би юуг буруу хийсэн юм бол гэдэгт анхаарч өөрийнхөө явдал мөрийг сайн ажиглах хэрэгтэй. Ажиглаад байхад маш их буруу, зөрүү ярьдаг хүмүүс их байна. Бусдыг их доромжилдог. Хэлж ярьж байгаа үгээ оновчтой сонгохгүйгээс болж бусдын сэтгэлийг гомдоох, сэтгэлд нь сэв суулгах, сэтгэлийг хямраасан зовлонд унагасан байдаг. Нөгөө траума гээд өвчинд үгнээс болж унагадаг. Ингээд үйлийн барилдлага үүсчихдэг. Тэгээд тэр үйлийн үр нь өөрөө хариугаа авах буюу зөвхөн өөрийг нь хорлодог. Тиймээс болохгүй байгаа асуудлынхаа ерөндөгийг өөрөөсөө хайх нь маш чухал. Бүр олж мэдэж чадахгүй бол бусдаас хай, зөвлөгөө хүс. Бурхан шашны тухайд хамгийн түрүүн итгэл хэрэгтэй, аврал одуулах хэрэгтэй. Бурханы шашинд ном, хувраг, эрдэнэ гэж бий. Өөрийн гэсэн багштай болчихвол их тустай. Бусдаас аврал хайж байгаа бол эргээд хариу өгдөг байх хэрэгтэй. Хэцүү бүхнээ багшдаа тоочоод байж боломгүй санагддаг.

-Ард түмэн авахыг л хүсч, материаллаг зүйлд горилох болсон-

-Сүсэгтэн хүмүүс сүслээд байгаа зүйлийнхээ утга учрыг олж, арга замаа мэдэж байгаа байдлыг хэр сайн гэж та хардаг вэ. Сүсэгтэн олноо мэдээллээр хангах нь дутуу дулимаг санагддаг?

-Манай улсад бурхны шашны сүм хийд, ТББ маш олон байх бөгөөд тэд дор бүрнээ нийтийг хамарсан буян номын ажлуудыг хийдэг. Олон байгууллага дэргэдээ сүсэгтний холбоотой. Номын төвүүд аливаа учир шалтгаан, бурхны ном сургаалийг тайлбарладаг. Тэдний нэг нь манай байгууллага юм. Хамгийн гол бид ингэж ажиллаж байна гэх мэтээр мэдээлэхээр хүмүүс буруугаар хүлээж авдаг. Буян  үйлдэж байгаа бол дуугүй л хий л дээ гэдэг ч юмуу. Тийм учраас олон түмэнд хийсэн бүхнээ, бас энэ сайхан үйлсүүд нээлттэй явагддагийг зарлаад байдаггүй. Тэгэхээр дутуу дулимаг гэж ойлгох нь учир дутагдалтай. Хүмүүсийг хараад байхад улсаас тусламж хүртэх, бусдаас дандаа авахыг л зорьдог, материаллаг зүйлд горилж байгаа. Тэрнээс биш оюун санааг минь чиглүүлж өгөөч ээ гээд хайвал маш олон хаалга нээлттэй бий.

-Жишээ нь, “Буман ханд” холбоо мэдлэгийг хэрхэн өгч байгаа вэ?

-Манайх 2023 оноос хоёр жилийн бурхны шашны мэдлэгийг олгох хөтөлбөр зарласан. Үүний дагуу сургалт явагдаж байгаа. Мөн сайн муу явдал мөрөө ялгах, бие хэл сэтгэлийг таньж мэдэх, билэг оюуныг хөгжүүлэх, бурхны сургааль ном гэж юу вэ, аврал итгэл одуулах гээд олон төрлийн сургалт хичээл тасралтгүй явуулдаг. Монгол өв уламжлалаа дэлгэрүүлэх, Төвөд хэл тэргүүтэй сайн багш нар зааж байна.

-Хамгийн том өөрчлөлт юу мэдрэгддэг вэ?

-Олон хүмүүс зорьж ирэхдээ сэтгэл дотроосоо хүсээд байгаа зүйлээ хайж эхэлдэг юм билээ. Жишээ нь зөн совингийн татаад бүр цаанаасаа хүсч хайж явсаар гээд ирдэг. Тэрийгээ олсондоо их баяртай байна гээд талархлаа илэрхийлдэг.

Өнөөдөр нийгмийн өвчин буюу стресс депресс гэж нэг хэцүү зүйл байна. Сэтгэлийн өвчин, сэтгэл ханамгүй байхын өвчин бас их. Сэтгэлийн хор мунхаг, уур, шунал, атаа, бусадтай мөчөөрхөх сэтгэлээс улбаалж зовлон бий болдог. Энэ таван хорын ерөндөгийг бид нээгээд тайлбарлахаар сэтгэлээс зууралдаад байсан зовиурууд арилдаг. Хүний сэтгэлийн зовлон арилчих юмбол бие хаа холдохов дээ. Тэгэхээр энэ хамгийн чухал. Сэтгэлтэй нь л тулж ажилла, үүнээс маш их тайвшрал, амар амгаланг олж амсана.

-Та ярианы эхэнд асуултаар засах гэж хэлсэн дээ. Үүнийг тодруулан асууж болох уу?

-Сүүлийн үед бүхий л салбарт көүчүүд бий болсон. Бурхны шашинд ч мөн  хэрэв гарц гаргалгаагаа олж чадахгүй аливаа зүйлийг буруугаар ойлгоод, нэг тийм буруу ухаанаар амьдраад байвал чиг гаргалгааг нь асуултаар гаргаж өгөхийг хичээдэг. Ингэхдээ асуултыг нь сөргөөж өөрт нь тавиад, зүг чигээ олчих боломжтой оновчтой асуултаар хоорондоо ярилцана. Тэгээд сэтгэлийг нь эдгээх талаас нь хайрлаж ганцаардсан сэтгэлийг нь чиглүүлээд зөвлөөд нуруун дээрх хүнд ачааг нь засахад нь тусалдаг.

-Үйлийн үрийн засал гэж бас байдаг гэсэн?

-Бидний бие өвдөх, амьдралын зарим нэг бэрхшээлүүд урьдын үйлийн үртэй холбоотой. Өмнөх төрөлдөө хэн нэгнийг үгээр шархлуулсан, биеийг нь занчсан бол тэр үйл нь боловсроод хорлол мэтээр биед нь тусдаг. Тэрийг засахын тулд тэр хүнд ойлгуулна. Уучлалт гуйж наминчлуулна. Үйлийн үрийн гинжин холбоосыг бодлоороо, сэдлээрээ таслах арга ухааныг чиглүүлнэ. Зөвхөн энэ арга ухааныг зааж өгөх 10 хоногийн сургалт явуулдаг.  Маш үр дүнтэй. Өөрөө өөрийгөө уучлах, бусдад санаатай, санаандгүй хор учруулсан бол уучлалт хүсэх, бодитоор амаараа уучлалт гуйна. Эсвэл номын аргаар сэтгэлээр уучлалт гуйх үүнийг наминчлах гэдэг.

Мөн бид “Дарь эх”-ийн хөтөлбөр хичээл заадаг. Дарь эх бурхан бол энэрэн нигүүлсэнгүй байдлыг бүсгүйн дүрээр эрхшээсэн эмэгтэйн дүрт бурхан. Дарь эхийн үүднээс бясалгангаа өөрийгөө засах  10 өдрийн хичээлээр 10 янзын ухаан зааж өгнө. Амьдралд өөрийгөө чөлөөлөх гэдэг үгийг мэддэггүй хүн байж болно. Өөрийнхөө сэтгэлийг эрх чөлөөтэй болгох гэдгийг мэддэггүй хүн бас байж болно гэх мэтээр эдгээр нэр томьёо нь өөрөө маш үнэ цэнэтэй. Өөрийгөө гэтэлгэе, засья, чөлөөлье, өнгөрсөнтэй зууралдсан гинжин хэлхээс бодлын боол байхаас чөлөөлөгдөх гээд сэтгэл заслын ухаан бурханы сургаалиар дэлгэрэнгүй тайлбарлаж хэлдэг.

-Одоо цагт хүн бүр карма гэж ярьдаг болсон. Бараг өөрсдөө мэдээд ч байгаа юмшиг...?

-Карма байдаг. Одоо ч бид нар үйлийн үрийг тарьж, өмнө нь тарьсан үйлийнхээ үрийг амсаад явж байгаа. Ирээдүйд яах нь өнөөдрөөс шалтгаална. Миний хувьд ирээдүйд хүүхдүүд, төрөл төрөгсдөдөө, хайртай хүмүүстээ Гүнзээ муу хүн байгаагүй шүү гэж хэлүүлэх хүртлээ зөв явах ёстой. Тийм учраас хичээх хэрэгтэй. Хичээхийн тулд би кармаг маш сайн ойлгож мэдэж авсан. Энэ тухай бурхны номонд ялангуяа “Бодь мөрийн зэрэг”-т эхнээс нь эцэс хүртэл дэлгэр номлосон байдаг.

-Луу жил айл гэр, хувь хүн ямархуу байвал хамгийн зөв зохилтой вэ?

-Луу жил их онцлогтой. Миний хувьд үнэхээрийн гоё зүйлүүдийг тэсэн ядан хүлээгээд байгаа юмшиг санагдаж байна. Модон ногоон луу жил 60 жилд нэг тохиодог гэнэ. Энэ жил хөдөлмөрч байгаа хүнийг луу жил ивээнэ. Тийм учраас бид хэн нэгнээр тэжээлгэх, хэн нэгэн намайг үнэлэхийг хүлээх шаардлагагүйгээр ажлыг тултал хийгээсэй гэж хүсч байна. Өөрсдийнхөө зорилгыг биелүүлнэ, нийгмийнхээ төлөө, дэлхийн төлөө, үр хүүхдийнхээ төлөө маш том зорилгыг агуулаад тэрнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр юу ч бодохгүй тэмүүлээд зүтгэх юмбол энэ луу жил үнэхээр шагнана гэж харж байгаа. 

-Харин сүсэглэхийн тухайд?

-Сүсэглэхийн тухайд бид нар сүсэг байхгүй бол сэжиг үнэхээрийн их дэвэрдэг. Тэгэхээр сүжиг гэдэг  маш их далайцтай. Мэдэхгүйгээс мэдэх хүртлээ явах нь сүжиг юм. Би анх бурхны номонд орохдоо юугаа ч мэдэхгүй байсан. Гэхдээ цаанаа юу байгааг харахыг хичээсэн. Хичээснээр маш олон зүйлийг олж харсан, мэдсэн. Үүнийгээ бусадтай хуваалцахыг хүссэн. Энэ бол сүжгийн үр дүн. Тэгэхээр бүх үйлд сүжиг л байх хэрэгтэй. Тэр бол зөв сүжиг.

-Өөр та юуг нэмж хэлмээр байна вэ?

-Монгол түмэн сар шинээ сайхан угтаад шинэлээд, модон луу жилийг гарах гэж байгаа дөрвөн улирлыг дөрвөн янзын өнгөөр өөрийгөө хүчжүүлж, чимэгжүүлж, үр бүтээлтэй олон ажил үйлс  хийгээсэй, бие биенээ хайрлаасай гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2024 14:09

bitii shaa yun zasal

Зочиn apd tvmnee awraachee ta. tiim myndag yumyy
Зочиn apd tvmnee awraachee ta. tiim myndag yumyy
2 сар 8, 2024 14:48

Ta tiim myndag yum bol mongoliin ard Tvmend tyclaarai

Зочин
Зочин
2 сар 8, 2024 17:54

БИЕ СЭТГЭЛ 2 НЬ САЛЖ НИЙЛЖ ЭТР ХУЦААРАЙ

Зочизочиннзо
Зочизочиннзо
2 сар 9, 2024 00:23

БАКУЛА РИНБУЧИЙГЭЭС САХИЛ ХУРТСЭН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЭЧИХЭЭД УР ХУУХЭДТЭЙ ГЭХЭЭР ОЙЛГОХГУЙ ЮМ САХИД ХУРТЭН ГЭДЭГ УР УДАМАА ГАЗАРТТ УЛДЭЭХГУЙ Бөгс бөөрны ажил хтйхгуй гд ам танграг тавьж ба аа гэсэн уг биз дээ

Зочин
Зочин
2 сар 9, 2024 23:34

Хол очиж хуц чи. Монголд эмэгтэй битгий хэл гэлэн эрчүүд ч ховор шүү!

Холбоотой мэдээ

Back to top button