Уламжлалт тоглоом наадгай нь хүүхдийг ажигч гярхай, санхүүгийн мэдлэгтэй болгодог

Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадам зүй ёсоор орно. Тэгвэл энэхүү наадгай нь чулуун тоглоом, аман тоглоом, шагайн наадам, уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, өрж эвлүүлдэг тоглоом зэрэг арвин баялаг сантай.
Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд болон насанд хүрэгчид хамтдаа шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн уламжлалтай. Алаг мэлхийд орох шагайны тоо, өнгө, тэдгээрийг өрөх, мөн тоглох нь нарийн дэгтэй.
Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн ховор биз. Эрт дээр үед анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байжээ.
Ийнхүү та бүхэнд монгол наадгайг танилцуулъя.
-Алаг мэлхий-
Монголчууд шагайг “Эрхийн чинээ биетэй, эрхэм дөрвөн нэртэй” гэх буюу алт, мөнгөн шагай гэх мэтээр оньсого таавар, үлгэр домогтоо оруулан хүндэтгэж, өсөхөөсөө эхлэн өтөлтлөө тоглосоор ирсэн сайхан уламжлалтай ард түмэн юм. Алаг мэлхий өрөх, тоглох журам нь энгийн өрөг тоглохтой адилхан боловч нийт 108 шагайгаар тоглодог.

Энгийн өрөг нь хэдийд ч, хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг. Мэлхийний нурууг хааш хааш зургаа үелсэн, бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр дөрвөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэ буюу нийт 16 шагайг өрнө. Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрд тав буюу нийт 20 шагай өрнө. Нурууны дээд талд нь хүзүү болгож зургаан шагайг хоёр эгнээгээр өрнө. Хүзүүний дээд талд нь толгой болгож гурван шагайг өрөөд хоёр талд нь нүд хоёр, чих хоёр болгож өрнө. Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө. Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсгийн нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.
Тоглогчид тохиролцсоны дагуу нэг нь эхэлж шоо хаяхад дээш харж буусан шооны нүхний тоотой тэнцүү шагайг мэлхийн эрхтнүүдээс нэрлэн авна. Хамгийн түрүүнд шагайгаа өрж дуусгасан нь хождог.
Хүндэтгэлийн өрөг нь зөвхөн хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар хоймортоо бурхан тахилынхаа өмнө алаг мэлхийг тусгай олбог болон ширээн дээр өрж хонуулаад шинийн нэгний өглөө золгосныхоо дараа тоглодог билээ.
-Дөрвөн бэрх-
Дөрвөн бэрхийг тоглохдоо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлэн дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, түрүүлж 100 оноо авсан хүн хожно. Хэдэн оноогоор тоглохоо дараах байдлаар тогтооно.

- Дөрвөн морь – 100 оноо
- Дөрвөн тэмээ -95 оноо
- Дөрвөн бэрх – 80 оноо
- Гурван морь, нэг хонь – 75 оноо
- Гурван тэмээ, нэг ямаа – 45 оноо
- Нэг морь, гурван хонь – 25 оноо
- Нэг тэмээ, гурван ямаа – 15 оноо
- Дөрвөн хонь, дөрвөн ямаа (тус бүр), хоёр хоёроороо ижил бол – 2 оноо авна.
Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгохын зэрэгцээ нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна.
-Үйчүүр тоглоом-
Цагаан сарын шинийн нэгэнд тоглодог ихэд хүндтэй тоглоомын нэг нь үйчүүр юм. Үйчүүрийг шоо хаяж тоглох бөгөөд шооны нүд бүр нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг. Хөзрийн эртний хэлбэр хэмээдэг энэхүү тоглоомыг нутаг нутагт өөрөөр хийсэн нь ажиглагддаг. Нийтлэг нь цаасан үйчүүр бөгөөд өнгө өнгийн будгаар арслан, бар, ирвэс, нохой, үнэг, буга, харцага, хүдэр, туулай, бялзуухайн дүрс бүхий 134 ширхэг мод, 512 лангийн үнэлгээтэй амьтад байдаг. Амьтдыг ямар нэгэн хэв загварт баригдалгүй уран сайхны зохиомжтойгоор өнгө ялган дүрсэлдэг. Мөн тэмээний яс, модон дээр дээрх амьтдыг сийлж хийсэн нь эдэлгээ удаан бөх бат байдаг.
Үйчүүрээр зун тоглодоггүй.

Үйчүүрийг тоглохдоо тоглогчид хоёр тал болон хуваагдаж нэг нь ахлан удирдаж, шоог цар дотор орхиж тоглоно. Хүн сондгойрвол хүн дутуу тал нь эзгүй байгаа хүнийхээ нэрийн өмнөөс төлөөлж шоо орхин тоглож болдог.
Үйчүүр тоглоомд ханшийн дэс бүхий 8 зүйлийн амьтан орох бөгөөд харцага, нохой хоёрыг хамтатган нэгэн зүйлд авдаг онцлогтой. Дүрсийг лангаар үнэлэх ба тоглоом эхлэхдээ арслангаар толгойлон ханш, дэсийн дарааллаар бүх амьтдаа өрж тавьдаг.
Үйчүүрийн ханш, дэсийг жагсаавал:
- Шувуу 64 ш, тус бүр 1 лангийн үнэтэй, нийт 64 лан
- Туулай 32 ш, тус бүр 2 лангийн үнэтэй, нийт 64 лан
- Хүдэр 16 ш, тус бүр 4 лангийн үнэтэй, нийт 64 лан
- Буга 8 ш, тус бүр 8 лангийн үнэтэй, нийт 64 лан
- Харцага 4 ш, тус бүр 7 лангийн үнэтэй, харцагатай нийлнэ
- Нохой 3 ш, тус бүр 12 лангийн үнэтэй, харцагатай нийлээд 64 лан
-Хорол тоглоом-
Хорол нь бэлгэдлийн хээ дүрс бүхий дөрвөн зүйлийн гарын мод нь тус бүр дөрвөн ширхэг, нийт 16 ширхэг байдаг бол 12 жилийн амьтдын дүрс бүхий газрын моднуудаас хулгана, бар хоёр нь тус бүр хоёр ширхэг, бусад нь дөрөв дөрвөн ширхэг, бүгд нийлээд 44 ширхэг мод байдаг.
Тоглох журам: Гарын мод нь бүх газрын модоо ахлах ба гарын модны зиндаандаа хорол ахалж, чандмань удаалж, дараа нь хас нэвс хоёрын ханш тэнцэх байдлаар үнэлэгддэг бол газрын модны 12 жилийн амьтдын хувьд хулгана ахалж, үхэр удаалах гэх мэтээр үргэлжлэн гахай сүүллэх дараалалтай буюу яг жилийн дарааллаар нь ахлуулж, “жил дарах” журмаар тоглодог. Жил дарна гэдэг нь тухайн жилийн амьтан өөрийн удаах жилийн амьтнаа л ахлах буюу бусад модыг идэх ёсгүй гэсэн үг юм.

Тоглоомд 2-4 хүн, эсвэл 6 хүн оролцон тогловол толгой толгойгоо мэдэж тоглодог бол 4,6 хүн тогловол талцан тоглодог. Жаран ширхэг модоо тав таваар нь давхарлан 12 овоо босгож, тойрог болгон өрнө. Тоглож эхлэхийн өмнө хамгийн бага настай тоглогч нь 12 жилээ магтах ба жилийг магтахдаа тооллыг тэргүүлэгч хулгана жилээс эхлэн магтаж дуулна. Дараа нь тоглоомд оролцогчид нь нар зөв эргэх дарааллаар овоогоо хуваан авч тоглоно. Үүнийг овоо сөхөх гэнэ.
“Хорол” тоглоомын тоглох цаг хугацаа, журам дэг нарийн бөгөөд тэнгэрийн дуутайд тоглох нэн цээртэй. Өвөл гол хөлдөхөөс нааш хорол задлахыг ихэд хориглож, хавар цагаан сарын шинэдээр ахан дүүсээрээ дэлгэн тоглоод хураадаг. Энэ нь тоглоомыг хавтгайруулан тоглохыг хориглох төдий хэрэг бус луу, могой гээд лусын амьтдаар наадаж буй болохоор лус ичсэн цагт л тоглодог.
Монголын уламжлалт тоглоомыг 15 бүлгийн 800 гаруй төрөлд багтдаг гэж судлаачид үздэг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УЛАМЖЛАЛТ ОНЬСОН ТОГЛООМЫГ ОЮУН УХААНЫ МУЗЕЙН ШУНАЛТАЙ НӨХДҮҮДИЙН ОЮУНЫ ӨМЧӨӨС ГАРГАЖ ӨГӨӨЧЭЭ, ОНЬСОН ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛ УСТЛАА ШДЭЭ ХЭН Ч ТОГЛОХОО БОЛИЛОО, ЯАХААРАА АРДЫН УЛАМЖЛАЛТ ТОГЛООМЫГ ТҮРҮҮЛЖ ХӨДӨЛСӨН НЭГ ШУНАЛТАЙ ХҮНД БҮХЛЭЭР НЬ ӨМЧЛҮҮЛЧИХДЭГ ЮМ БЭЭ ???