Ховдын I сургуулийн газрыг 17 багш хувьчилж орон сууц барих ажил үргэлжилж байна
Ховд аймгийн төвийн нэгдүгээр сургуулийн хашаан доторх газраас Засаг дарга нь 2019 оны дөрөвдүгээр сард таслан авч хувьд шилжүүлсэн өгсөн байна. Улмаар тухайн газар дээр орон сууц бариулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, тус сургуулийн 17 багш сургуулийнхаа дотуур байрыг хувьчилж аваад сумынхаа засаг даргаар зориулалтыг нь орон сууц хэмээн өөрчлүүлж барилга барьж эхэлсэн байдаг. Тухайн асуудалд БШУ-ны яам оролцож, ажлыг нь зогсоолгож, холбогдох шалгалтыг явуулж эхлэх тухай энэ оны наймдугаар сард яригдаж эхэлсэн.
Тэгвэл тухайн барилгыг архитектур батлаагүй, холбогдох байгууллагаас шаардлагатай зөвшөөрөл ч аваагүй атал барилгын ажил зогсолгүй, үргэлжилж байгаа тухай эх сурвалж мэдээлж буй.
Бид тухайн асуудлыг тодруулахаар Ховд аймгийн нэгдүгээр сургуулийн захирал У.Саруулзаяатай холбогдоход "Тухайн барилга баригдаж буй талбай манай сургуулийн эзэмшлийнх гэдгийг газрын бичгээс харж болно. Гэтэл хувь хүмүүс өмчилж аваад орон сууц барих ажлыг эхлүүлчихсэн. Уг нь энэ газар дээр орон сууц бус сургуулийн байрны өргөтгөл барих шаардлагатай шүү дээ" хэмээсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01-дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 10 тогтоолын 7-д,
"Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доорх газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн нэр дээр олгосныг цуцалж, тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр баталгаажуулах, газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах арга хэмжээг 2020 онд багтаан авч хэрэгжүүлэх, цаашид төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газраас хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг аймаг, нийслэлийн засаг дарга нарт даалгасугай" хэмээн заасан байдаг.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.