УРЛАГЭнтертайнмент

ПОДКАСТ: Театрын шинэ төрөл “Уншлагын театр”-аар анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан А.Тэргэлтэй ярилцлаа

https://soundcloud.com/artpodcastmongolia/unshlagyn-teatr-gekh-teatryn-shine-trlr-erdmiyn-zereg-khamgaalsan-atergel

ЯРИЛЦАГЧ /Gerelmaa Baasanjav/

ЗОЧИН: /Tergel Luna/


УНШЛАГЫН ТЕАТР ГЭНЭТ Л МОНГОЛД БИЙ БОЛСОН УУ?

1945 онд “Уншлагын театр”  гэж өөрсдийгөө нэрлэсэн  уран бүтээлчид уран бүтээлээ туурвин үзэгчдэд хүргэх болсноор уншлагын театр гэдэг театрын нэгэн хэлбэр  нь үзэгчдийн сонирхлыг татаж эхэлсэн бөгөөд энэ цагаас уншлагын театр дэлхий даяар түгэн дэлгэрсэн юм. Уншлагын театрын тухай 1940 онд АНУ-н театр судлаач Л.И.Когер “Уншлагын театр” хэмээх эрдэм шинжилгээний бүтээлдээ бичиж тэмдэглэсэн байдаг ба түүний судалгааны бүтээлд уншлагын театрын онцлогийг дурдахдаа  жүжигчин зохиолын бичвэрийг цээжлэх шаардлагагүй бөгөөд хөдөлгөөнт буюу хаана ч очоод тоглох боломжтой  уламжлалт театрын жүжгийг бодвол харьцангуй өртөг багатай театрын нэгэн хэлбэр хэмээн бичсэн байдаг. Мөн тэрээр уншлагын театр бол найруулагч гэхээсээ илүү зохиолчийн театр хэмээн тодотгосон юм.


УНШЛАГЫН ТЕАТР ГЭЖ ЮУ ЮМ БЭ?

Уншлага бол өвөрмөц нэгэн төрлийн жүжиг. Уншлагын театр нь ширээний уншлага буюу тайзны ярианаас улбаатай  гэгддэг бөгөөд театрын урлагийн онцгой нэгэн төрөл гэж судлаачид үздэг байна . “Уншлагын театр”-т хүний дуу хоолой нь зохиолыг  үзэгчдэд хүргэх гол хэрэглэгдэхүүний нэг болдог илэрхийлэх байна. “Уншлагын театр” гэж жүжигчид нь  зохиолынхоо бичвэрийг цээжилдэггүй бөгөөд эх зохиолыг хамгийн бага зардлаар тайзнаас /тайзгүй байж болно/ үзэгчдэд бүрэн эхээр нь  хүргэх театрын үзвэрийн  нэг хэлбэр юм”  гэж театр судлаачид тодорхойлсон байна.

“Уншлагын театр”-ын гол зорилго нь бичвэрийг бүрэн эхээр нь үзэгчдэд хүргэх учраас “уншлагын театр”-ын тухай авч үзэхэд  хамгийн түрүүнд бичвэр, өгүүлэмж, нарратологи /өгүүлэгч/-н  онолыг өгүүлэх шаардлагатай байдаг.

Утга зохиол судлаачид бичвэрийн онолыг авч судлахдаа жүжгийн зохиол нь тайзны бүтээлийн үндэс болохын зэрэгцээ уншихад ч зориулагдсан байдаг тухай онол боловсруулахдаа яруу найраг, туульсын бүтээлийн хамт уран зохиолын үндсэн төрлийн нэг гэдэг утгаар нь тайзан дээрээс үзүүлж болох бүтээл мөн гэж үзсэн байна.

Уламжлалт театрт найруулагчийн тавилтад тулгуурлан баригдмал болон хэт задгай хэв шинжид орох зэргээс шалтгаалан эх зохиолын дотоод шүтэлцээ алдагддаг. Харин “уншлагын театр”-т эх зохиолыг үзэгчдэд шууд хүргэдэг давуу талыг чухалчлан авч үздэг тул эх бичвэрийн дотоод шүтэлцээ болон зохиолчийн хэлэх гэсэн санааг бүрэн дамжуулдгаараа давуу тал нь болдог хэмээн үзэхэд хүргэж байна.

“Уншлагын театр”-ыг найруулагчийн гэхээсээ илүүтэй зохиолчийн театр хэмээн тодотгодог.  Энэ ч үүднээс үзэгчийг эрэл хийлгэх, тунгаан бодох, зохиолын логикийг хөөн бодох боломжуудыг олгодог.  Үзэгчид  зохиолын үйл явдлын ээдрээ орооцолдоон дунд гайхан алмайрч, эргэцүүлэн бодох, ямар нэгнийг ухааран мэдэх, төөрөгдөх явдал байдаг . “Зохиол гэдэг зохиолчийн бичсэн бичвэрийг хэлэх бус харин уншигчийг өөртөө   хаман авч байгаа тэр хүч чадал, дүр зураг, үйл, хэл ярианы бүхэл бүтэн амьд тогтолцоот ертөнцийг хэлнэ.” Тиймээс “уншлагын театр”-т зохиолч өөрийн бүтээлээ толилуулснаар өөрийн зохиол дахь өгүүлэмж хэдий цар хүрээтэй байна, үзэгчид хэрхэн хүлээн авч байгаа зэргээс өөрийгөө дүгнэн, алдаа оноогоо цэгнэх боломжийг олгодог.


УНШЛАГЫН ТЕАТР – ГҮН УНШЛАГА

Утга зохиолд гүн  уншлага  /анг. close reading, орос. Тщательное прочтение/ гэсэн ойлголт байдаг ба энэ нь өдөр тутмын бодит хүрээллээс  уншигч өөрийгөө чөлөөлж идэвхтэй уншлага хийх хэлбэр юм. Гүн уншлагын ерөнхий зарчим бол зохиолыг эхнээс нь анхааралтай, үг үсэг, өргөлт, дүрслэл,  ярианы өргөлт, бууралт, өнгө аяс, хандлагыг нарийн мэдэрч зохиолын дотор  орж унших үйл явцыг хэлнэ. Ийм уншлага нь тодорхой зохиолд задлан  шинжилгээ хийхэд үйл  явдлыг хөөх бус сэрэл, мэдрэхүйд өртөх уран сайхны хүчин зүйлс ба бүтцийн холбоо хамаарлыг тогтооход чиглэдэг. ”

Энэхүү гүн уншлагын нь  бодит байдлаас өөрийгөө чөлөөлж, зохиол дотор орж уншдаг хэлбэр  нь  уншлагын театрын жүжигчин хийгээд үзэгчдэд нөлөөлөх нөлөөлөлтэй дам холбогдож байна хэмээн үзэж байна. Уран зохиолын бүтээл нь уншлагын театрын үзвэр болж хувирахдаа “гүн уншлага” гэх ойлголтыг өөртөө агуулан иржээ.

“Уншлагын театр”-т уншигчид, үзэгч болж байгаа мэт боловч үзэгчээс анхаарал төвлөрөл болон  төсөөлөн бодох чадварыг шаарддагаараа энэ нь   гүн уншлагатай адил  мэдрэмжийг төрүүлдэг байна


ТОГЛОЛТ – УНШЛАГЫН ТЕАТР ХОЁРЫН ЯЛГАА

Тоглолт  ба “уншлагын театр”-ын ялгаа нь гэвэл тайз засал гэрэл тавилт үгүй олон төрлийн хувцас хэрэглэдэггүй. Жүжиг нь тухайн бүтээл  тайзнаа хэрхэн тавигдах байдлаар нь зориулж бичсэн зохиолтой, найруулагч зориулж тусгай зохиол гаргаж, дүрийн хэлэх үг, биеийн үйлдэл, тайзны засал зэргийг тус тусад нь тодорхой бичсэн байдаг. Хэдий ийм онцлогууд байдаг ч уншлагын  театр нь  унших текстийг аль болох эх хэлбэрээр нь нэмэлт оруулалгүй уншдаг.

 1.Тайзны засал, жижиг хэрэглэл уншлагын театрт тийм ч чухал зүйл биш.

2. Уншигч бүр текстийн өөрийн хувийг барьж унших тул үгээ цээжлэх шаардлагагүй.

3. Хоёр буюу түүнээс олон уншигч зэрэг уншиж байгаа бол дууны өнгө, интонаци, унших хурд ижил байж аль нэг уншигчийн хоолой давамгайлах ёсгүй.


УНШЛАГЫН ТЕАТРТ МОНГОЛД...

Монгол улсад  2012-2018 онд зохион байгуулагдсан  4 удаагийн уншлагын театрын тоглолтод ажиглалт хийсэн бөгөөд 2012, 2013 онд тоглогдсон найруулагч  Б.Мөнхдоржийн  “Том ах”, “Хожимдоогүй” нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан залуу уран бүтээлчид хүний эрхий төлөө дуу хоолойгоо нэгтгэн. үзэгчдэд тулгарч болох эрсдэлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх  хамгаалах болон хүний эрхээ  эдэлж чадахгүй байгаа иргэдийн дуу хоолой болж энэхүү уншлагаа хийсэн. Энэ нь нийгэмд чиглэсэн уншлага юм.

2018 онд Бид театрт хайртай ТББ  2 удаагийн “уншлагын театр”-ын тоглолт зохион байгуулсан ба энэ уншлагаар урлагийн олон салбарын залуу уран бүтээлчид нэгдэн  техник технологийн дэвшлийг ашиглан, урлагийн өөр өөр төрлүүдийг хослуулан зохиолыг сонирхолтой байдлаар үзэгчдэд хүргэх туршиц хийсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж  2 удаагийн тоглолт танхим дүүрэн үзэгчидтэй байсан. 

Жишээ нь Г.Аюурзанын “Цасны роман” “Уншлагын театр”-ын тоглолтын үзэгчид нь зохиолчийн номонд шимтэн уншигчид түлхүү байсан бол,  Франц Кафкагын “Хувирал” туужаар хийсэн тоглолтын үзэгчид  “Тагтаа” хэвлэлийн газрын эрхлэн гаргадаг номуудын уншигчид байсан. Үүнээс үзэхэд “уншлагын театр”-н тоглолтыг салбар чиглэл, нийгмийн бүлгүүдэд тус тус зориулан тусгайлан тоглох боломжтой юм.

“Уншлагын театр”-н судалгааны ажлын сэдэв сонгох үндэслэл хэсэгт өгүүлснээр тус театрын хэлбэр дэлхийн II дугаар дайны дараах жүжиг тавих нөхцөл боломж хомс үед театрын уран бүтээлчид үзэгчдэд чанартай уран бүтээл хүргэх гэсэн театрын нэгэн эрэлхийлэл байсан. Тэгвэл бүх зүйл нээлттэй, өргөн боломжтой болсон өнөө цагт “уншлагын театр”-г хөгжүүлэх хэрэгцээ шаардлагын тухайд “уншлагын театр” гэдэг театрын нэгэн хэлбэр нь залуу уран бүтээлчид өөрсдийгөө нээн таниулах боломжийг олгодог,  хаана ч очоод тоглож болох хөдөлгөөнт хэлбэр нь сургуулиа төгсөөд   мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа уран бүтээлчдэд том боломж нэгэн гарц нь байх боломжтой.

 “Уншлагын театр”-ыг хаана ч очоод тоглох боломжтой, нүсэр тайз декораци шаардлагагүй гэх зэрэг үндсэн агуулгаар нь авч үзвэл “Юу ч тавьж дүүргээгүй орон зайг хоосон тайз гэж нэрлэж болно. Энэ орон зайд хэн нэгэн гарч ирж, өөр нэгэн хүн хажуунаас нь харж байвал театрын үйл явдал өрнөхөд хүрэлцээтэй нөхцөл бүрдлээ гэсэн үг” гэх  Питер Брукын  үзэлтэй “уншлагын театр”-ын үндсэн зарчим нийцэж байна.  Гэвч орчин цагт энэхүү зарчим эвдэгдэх нь зайлшгүй болж байгаа нь “Сартай уншлага” уншлагын тоглолтуудаас харагдаж байна.  Өнөө цагийн үзэгчид шинэ сонирхолтой тавилт хийгээд урлагийн олон хэлбэрийг нэг дор үзэж сонсох, шинэ зүйл туршиж үзэхийг илүүтэй сонирхох болсонтой холбоотой.  Үүнээс гадна байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа сурталчлах, болон байгууллага доторх асуудлаа шийдэх нэгэн гарц нь байж ч болно.

Орчин үеийн техник технологид тулгуурлан урлагийн олон төрлүүдийг “уншлагын театр”-н тоглолтуудад ашиглан сонирхолтой тавилттайгаар үзэгчдэд хүргэх боломжтой гэдэг нь дээрх судалгаанаас  харагдаж байна.

А.Тэргэлийн “Уншлагын театрын хэлбэршлийн асуудал” судалгаанаас...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button