Судалгаа: Шинэ, мэдэхгүй газраар явахад идэвхждэг луужин шиг тохируулга тархинд байдаг
Эрдэмтэд хүний тархинд шинэ, мэдэхгүй газраар явах үед идэвхждэг луужин мэт тохируулга байдгийг илрүүлжээ. Энэхүү судалгаа нь Альцхаймерийн өвчин тусан хүмүүс эхлээд зүг чиг олох чадвараа алддагийг ойлгоход тус болж магадгүй юм.
Тус судалгаа арванхоёрдугаар сарын 4-нд "Nature Communications" сэтгүүлд нийтлэгдсэн байна. Эрдэмтэд тэрхүү судалгааг явуулахдаа өндөр хүчин чадалтай сканнер болон виртуал бодит байдал (VR) ашиглажээ. VR ашигласнаар танил болон танил бус орчинд хүний тархинд юу болдгийг нарийн судалж чадсан байна.
Тус эрдэм шинжилгээний ажлыг хамтран бичсэн БНХАУ-ын Фудан их сургуулийн мэдрэл судлаач Дениз Ватансевер "Live Science" сайтад "Шинэ хотод нүүж очих эсвэл аялах үед хүн шууд дасдаггүй. Орчиндоо дасахын тулд эхлээд газраа судлах хэрэгтэй болдог" гэж хэлжээ.
Тэд 20-37 насны эрүүл 56 сайн дурын хүнийг судалгаанд оролцуулахаар сонгож авсан байна. Оролцогчид сканнерт хэвтэнгээ виртуал ертөнцөөр аялжээ. Тэрхүү виртуал орчин нь уулсаар хүрээлэгдсэн зүлэгтэй талбай байв. Оролцогчид тэр виртуал ертөнцөд нуусан зургаан эд зүйлийг хайхад тэд виртуал ертөнцөд аялж байхдаа Ватансеверын баг тархины үйл ажиллагааг нь функциональ MRI ашиглан хянасан юм. Функциональ MRI ашиглан тархин дахь цусны урсгалыг нарийн хянаж болдог.
Эрдэмтэд ой санамж болон зүг чиг олоход чухал үүрэг гүйцэтгэдэг тархины хипокамп гэх хэсгийн анхааралтай ажиглажээ. Хипокампт ямар нэгэн газар зүйн байршлыг танихад идэвхэждэг тусгай эсүүд их хэмжээтэй байдаг. Өмнөх судалгаанууд хипокампын нэг үзүүр нь хот дотор баримжаа олох гэх мэт ерөнхий байршлыг бодоход идэвхэждэг болохыг тогтоосон. Харин нөгөө үзүүр нь гал тогоонд аягаа хаана тавьсан вэ гэх мэт маш тодорхой байршлыг санахад ажилладаг аж.
Хипокампын толгой болон сүүл хэсгийн хооронд ерөнхий болон нарийн мэдээллийг шилжүүлдэг холбоос байдаг. Гэхдээ шинэ болон танил газрыг ялгахад эсүүд ямар зохион байгуулалттай ажилладаг гэдгийг өмнө судалж байгаагүй юм.

Судалгааныхаа явцад Ватансеверын баг нэг сонирхолтой зүйл илрүүлжээ. Хипокампын толгой хэсэгт байрлах эсүүд өмнө нь очсон танил газруудыг харах үед идэвхжиж байсан аж. Харин сүүл хэсгийн эсүүд шинэ газар очиход идэвхжиж байжээ. Мэддэг газруудыг таньдаг эсүүд танил бус газрын эсүүд руу шилжсэн, ууссан бүтэцтэй хипокампт байрладаг гэдгийг эрдэмтэд илрүүлжээ. Ватансевер "Нэг захаас нөгөө зах руу явахад мэддэг газрыг таньдаг эсүүдээс мэддэггүй эс рүү шилжиж байгааг харж болно" хэмээжээ.
Лондоны их сургуулийн коллежийн танин мэдрэл судлаач Зита Патай "Өмнөх судалгаанууд холимог үр дүн үзүүлж байсан. Харин энэ судалгаагаар тэр холимог үзүүлэлт нь эсүүд шилжиж, ууссан бүтэцтэй байрладгаас үүдэлтэй байж магадгүйг харууллаа" гэсэн байна.
Тархины бусад хэсгүүд ч шинэ болон танил газруудад өөр өөр хариу үйлдэл үзүүлж байжээ. Жишээлбэл сэтгэхүйг хариуцдаг их тархины гадаргуу хэсэгт конус хэлбэрийн бүтэц ажиглагджээ. Ватансеверын хэлснээр бол тэр хэсгийн яг төв цэг нь танил газрыг харахад ихээхэн идэвхжсэн аж. Харин төвөөс гадагшлах тусам шинэ газрыг харахад идэвхжих нь нэмэгдэж байжээ.
Эрдэмтэд танил болон танил бус газраар явахад тархины сүлжээнүүд хэрхэн ажилладгийг мөн сонирхсон аж. Танил газраар явахад хөдөлгөөн болон ой санамжийг зохицуулдаг сүлжээнүүд идэвхжиж байв. Харин шинэ газраар явахад анхаарал төвлөрөл болон мэдрэхүйтэй холбоотой сүлжээнүүд түлхүү ажиллажээ.
Ийнхүү өөр сүлжээнүүд ажиллах нь шинэ орчинд дасан зохицоход тусалдаг гэж Ватансевер үзэж байгаа юм. Шинэ орчинд бидний тархи нарийн ширийн зүйлсийг анхаарч, мэдээллийг тархиндаа шингээж авдаг. Дараа нь тухайн газар танил болох үед ой санамж, хөдөлгөөнийг зохицуулдаг сүлжээнүүд хамтарч замаа олоход тусалдаг байна.
Энэ судалгааны үр дүн зөнөх өвчний эхний шинж тэмдгүүдийг тайлбарлахад тусалж магадгүй юм. Альцхаймер өвчний үед хамгийн түрүүнд гэмтдэг хэсгүүдэд их тархины гадаргуу болон хипокампын эсүүд багтдаг. Хипокампын урд болон хойд хэсэг хоёулаа зөнөх өвчний эхэн үед адилхан өртөмтгий байдаг юм.
Зүүн Английн их сургуулийн мэдрэл судлаач Луи Реноулт "Энэ судалгаа зүг чигээ олох чадвар болон ой санамж хоёр хоорондоо ямар хүчтэй холбоотойг харууллаа" гэж дүгнэжээ.
Эх сурвалж: Live Science















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huniig hari garigiihan buteesen baij bolohiig zarim erdemted sudalgaa garagsan baidag