Офицеруудын ордон-Таван шар чиглэлийн иргэдэд давхар автобус үйлчилж эхэллээ

Хоёр давхар автобус өнөөдөр Ч:1 буюу Офицеруудын ордон-Таван шар чиглэлд иргэдэд үйлчилж эхэлжээ. Тус автобус нь 207 мянган ам.доллар буюу 584 сая төгрөгийн үнэтэй байна. Харин энгийн автобус нь 140 мянган ам.доллар буюу 395 сая төгрөгийн үнэтэй аж.
Хоёр давхар автобусанд 70 зорчигчийн суудалтай тул зорчигчид тав тухтай үйлчлүүлнэ гэдэгт найдаж буйгаа холбогдох албаныхан илэрхийлжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орох, гарах шаттай тул хаана, хаанаа хүндрэл учрахгүй давуу талтай байна.
НИТХ-ын дарга Р.Дагва хэлэхдээ,
"Нийслэлчүүдийн хувьд сонирхолтой, шинэ төрлийн автобус анх удаа үйлчилгээнд явж эхэллээ. Энэ автобуснуудыг Хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр оруулж ирж буй юм. Зургаан жилийн хугацаанд энэхүү автобус нь өөрийнхөө өртгийг орлогоороо бүрэн барагдуулах боломжтой.
Цахилгаан автобус нь агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилтыг биелүүлэхийн тулд бид дизель хөдөлгүүрээс татгалзах шаардлагатай. Нийтийн тээврийн үйлчилгээг олон төрөлтэй болгох эрхэм зорилгын эхний алхам нь энэ юм” гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.