Израиль улс гуравдугаар сарын сүүлээр хүн амынхаа ихэнхийг вакцинжуулна гэв

“КОВИД-19”-ийн дархлаажуулалтаар Израиль улс тэргүүлж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус улс хүн амынхаа 20.93 хувьд вакцин тарьсан байна. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар бол хүн амынхаа 60-аас 70 хувийг дархлаажуулж байж “КОВИД-19”-ийн тархалтыг зогсоох хэмжээнд хүрэх юм.
Тэгвэл Израиль улс гуравдугаар сарын сүүл гэхэд 16 болон түүнээс дээш насны иргэдээ вакцинжуулж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр тус улс хүн амаа “КОВИД-19”-ийн дархлаатай болгосон анхны орон болох магадлалтай юм.
Израиль улс өчигдөр “Pfizer/BioNTech”-ийн вакцины нэмэлт тунг хүлээн авсан бөгөөд үүнийг тохиолдуулан Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Бид вакцины тунг ар араас нь зөөвөрлөн авчирч Израиль улсын 16-аас дээш насны бүх иргэдийг гуравдугаар сард дархлаажуулж дуусгана” хэмээжээ.
Өнгөрсөн долоо хоногт Нетаньяху улсынхаа насанд хүрсэн иргэдийг бүрэн вакцинжуулах хэмжээний тун худалдан авах гэрээ “Pfizer” компанитай хийсэн байна. Одоогийн байдлаар тус улсын эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон “КОВИД-19”-ийн хүнд хэлбэрийг тусах магадлалтай хүмүүсийн 72 хувийг дархлаажуулсан ажээ.
Эх сурвалж: Business Insider
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.