С.Эрдэнэ: М.Энхсайхан бол хамгийн түрүүнд шийтгэл авах хүний нэг

Монгол Улсын Ерөнхий сайд асан М. Энхсайханыг АТГ-аас мэдүүлэг аван, урьдчилан хорих 461-р ангид саатуулаад буй. Түүнийг Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ нарын гурван хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байна.
Уг асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнээс тодруулга авлаа. Тэрбээр Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ Засгийн газрын түвшинд яригдаж байх үед уг асуудлыг хүчтэйгээр эсэргүүцэж байсан нэгэн юм.
-Танаас Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбогдох хэргээр гэрчийн мэдүүлэг авсан гэж үнэн үү?
-М.Энхсайхан дээр АТГ-аас хэрэг үүсгэсэн юм билээ. “Та энэ хүнийг юу гэж бодож байна” гэх утгаар асууж байна лээ. Би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. 2015 онд юу болсон бэ гэдгийг ярьсан юм. Үнэндээ бол 2015 онд чинь арга барагдсан л ажил явагдах гэж байсан. Тэр тусмаа өнөөдөр ийм ашиг өгнө гэдгийг эдийн засагч хүн тооцоолсон байх ёстой.
"Булавч бултайна, даравч далдайна" гэдэг. Тиймээс энэ мэт асуудлууд ямар нэгэн аргаар илэрнэ гэж би боддог. Тухайн үед бид М. Энхсайханыг огцруулах жагсаал цуглаан, хэвлэлийн бага хурал удаа дараа хийж байсан. Энэ талаараа л ярьсан, нууцсаад байх юм байхгүй. Яг хуулийн дагуу ямар хэрэг үүсгэж байгаа талаар мэдэхгүй байна. М.Энхсайхан бол хамгийн түрүүнд шийтгэл авах хүний нэг. Өндөр албан тушаалтнууд хэргээ хүлээхгүй байгаагаас нийгэмд хортой, эмх замбараагүй байдал үүсгэж байна.
-“Эрдэнтэс Тавагтолгой”-г “Энержи ресурс”-т өгөх гэж байсан нь ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй гэгдээд байгаа?
-Ямар ч байсан Монгол Улсад ашиггүй байсан. Хувийн компанид өгөх гэж байсан асуудал байсан. Манай компанид орж ирж ширээ сандал тоолж, бүртгэж аваад “Одоо манайхан орж ирлээ” гээд сэтгэлзүйн дарамт үзүүлж байсан. Тэд нар бүх зүйлээ тооцоолсон байсан. Харин ажилчид “Үйлдвэрчний эвлэл”-ийг тэмцэнэ гэдгийг тооцоолоогүй байсан. Хамгийн сүүлд 11-р сарын 13-ны өдөр би жаахан сахилгагүйтчихлээ. Тэгээд миний дараагийн хүнийг тэр гэрээг хийсэн хүмүүсийн дараагийн хүнийг томилчихлоо. Одоо ч манай компани ашиггүй ажиллаж байгаа. Энэ талаар би хууль хүчний байгууллагад хэлсэн гомдол гаргасан. Хариу ирээгүй, шийдвэрлэсэн юм байхгүй. Монгол Улс хохирдгоороо хохироод явж байна. Гэхдээ компаниа авч үлдэж чадсан нь манай уурхайчдыг хамтын тэмцлийн үр дүн л гэж ойлгож байна.
-Тухайн үеийн нөхцөл байдлыг сануулбал ?
-Монгол Улс “Энержи ресурс”-т Таван толгойн ордны дөрвөн хувийг өгсөн байсан. 2014 онд тухайн үед манай компанийн удирдлагууд намайг очиж магдалаач гээд би үзсэн. Уул геологийн олборлолтын хувьд хэцүүхэн л газар байсан. “Энержи ресурс”-ийн авсан гол цөм нь олборлолтын үед томоохон модны нүх ухаж байгаа юм шиг. Тэгээд авчихсан. Уулын геологийн нөхцөлийн хувьд босоо уналттай, зардал ихтэй. Олон процесс байсан. Тэр үед ашигтай байсан. Ийм зүйлийг ашиггүй бүр өртэй болгож байгаа нь улсын дайсан болно. Баривчилсанд баяртай байгаа. Нэг мөсөн болохгүй л дээ.
-“Тавантолгой”-той холбоотой хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас мэдүүлэг авч, байцааж эхэлсэн гэсэн мэдээлэл яваад байгаа энэ асуудалд холбоотой юу?
-Байсан л гэж үзнэ шүү дээ. Ерөнхийлөгч байхад нь албан тоот явуулж байсан. Эх орон чинь ийм болчихлоо гээд. Би эд нарыг 1990 оноос мэднэ. Эх оронч сэтгэлгээгээр хандахад тоохгүй, шийдвэрлэж өгөхгүй байна. Бид байгаа боломжоороо тэмцсэн. Байж болох эрсдэлтэй алхмуудыг хийсэн. Ц.Элбэгдорж оролцож байсан гэж л би хэлнэ. Манайх 100 хувь эрх авах гэж байсныг саатуулсан. Өөр компанид өгүүлж алдагдалтай гэрээ хийлгэсэн. Тухайн үед үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал н.Мягмар- Эрдэнэ гэдэг хүнд ч би хэлсэн. Хууль зөрчсөн гээд бид нарыг барьж авч зодож, нүдэхдээ тулсан. Манай ажилчид харж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч цаанаас нь шахаад байхад яах юм бэ гэж ам алдсан. Би юм идээгүй, аваагүй. Гэмтэлд сар гаран байсан. Л.Наранбаатар 289 сая төгрөгийг завшсан гэж ярьсан. Солонгост эмчлүүлсэн эмчилгээний зардал байсан.
-Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн талаар?
Тэр үед хүмүүс гэрээг мэдэхгүй байсан. Одоо бол хүмүүсийн мэдлэг дээшилж, гэрээ хэлэлцлйиг мэддэг болсон. Эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, нийгмийг хохироосон хүмүүсийг илрүүлж байгаад талархдаг. Баримт нотолгоон дээр тулгуурлаж хандах хэрэгтэй.
-Танаас гадна хоёр хүнээс мэдүүлэг авсан гэсэн ямар хүмүүс байгаа вэ?
Манай ажилчид л байгаа байх. Өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх олон хүн байгаа.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.