“ДЭЭДЭС”-ийнхээ харцанд багтдаг сөрөг хүчнийнхэн хувь үзэл баримтлалаа ч гээжээ

Монголын улс төр сөрөг хүчнээ үгүйлэн нэхсээр намрын чуулгантай золгох нь. Өнгөрсөн хавар бүхий л өрнөл МАН-ын сценээр явж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нь зөвхөн Х.Баттулга гэдэг нэг хүний төлөө талбай дээр өлсгөлөн зарлаж, сүржигнэж байв. Харин ардчилсан үзлийн төлөө биш.
Улс төрийн үзэл баримтлалын хувьд хувь улс төрчийн байр сууриа ил илэрхийлдэг, сөрдөг хүн цөөджээ. Н.Алтанхуяг, Т.Доржханд, С.Ганбаатар нарын гишүүд парламентыг арай амьтай болгох нь дээ гэсэн хүлээлт үүсгэсэн. Гэвч Н.Алтанхуяг АН-ын гишүүнчлэлээ сэргээж, Т.Доржханд МАН-тай олон талаар нэгдэн нийлж, С.Ганбаатар мөн АН-л элсчихсэн.
УИХ дахь АН дуугардаг гишүүдээр бүлээ нэмсэн ч улам чимээ имээгүй болчихсон гэлтэй. Арай нэг зарчимтай, зоригтой дуугардаг нь Ж.Батсуурь гишүүн ч бас л сураг ажиг алга. Зун ерөөс амарч, зугаалаад л тэд алга болов.
Гэтэл сөрөг хүчний хувьд дуугарах цөөнгүй асуудал энэ зун өрнөсөн. Нийгэм, эдийн засгийн олон асуудал байна. Тянжинд гацсан ачаа, хаагдсан нүүрс тээврийн боомтууд дээр Засгийн газрыг ажлаа хийгээч гэж дуугарсан нэг ч АН-ын гишүүн алга. Шүүмжлэлт өнцгүүд дээр дуугардаггүй, харин нэг эрх ашгаар нэгдсэн үедээ л ил гардаг ийм сөрөх хүчгүй сөрөг хүчин нэгэнт төлөвшчихлөө.
Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр болоход зарчим ярьж дуугарсан хүн гарч ирсэнгүй. АН-аас ч, МАН-аас ч гарсангүй. АН-ынхан нь хавар Х.Баттулгыг МАН-ын савраас татан аврах гэж буй аятай бөөн сенсаци дэгдээж байсан. Нөгөө хүн нь эргээд МАН-ын Засгийн газрын тэргүүний зөвлөхөөр оччихоод байхад загас шиг дуугүй. МАН-аас Ч.Хүрэлбаатар гишүүн жиргэснээс бусдаар мөн л энэ үйл явдал дээр дуугарсангүй.
Нэг үгээр хувь үзэл баримтлалаа гээжээ, гишүүд. Зүгээр л бодлогоор, намын эрх ашгийн үүднээс амаа нээдэг, бусад үед хамхидаг аминчхан улс болжээ. Сөрөг хүчин нь ч, МАН-ын гишүүд нь ч ялгаагүй. “Амьгүй албатууд” гэгчээр улс төржих төлөвлөгөөт сэдвээ тохирохгүй л бол бусдад нь “Дээдсүүд мэдэж байгаа биз” гэсэн аятай хэдхэн хүний харцанд багтаж улс төр хийцгээх болжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.