Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: "Үжин” төв хаалгаа барих нь, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд хаачих вэ

Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх “Үжин” төвөөс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ. Биднийг Хүүхдийн эрх хамгаалал төвийн дэргэдэх Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин төв”- ийг үүсгэн байгуулагч Д.Ундраа хүлээн авсан юм.

-УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ, НӨХЦӨЛД БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАН ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЧИГ ӨГСӨН Ч, НӨХЦӨЛ БАЙДАЛ ИЛҮҮ ДОРДЖЭЭ-

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд гэр бүл, хүүхдийн эрх ашгийг төр хамгаална гэсэн заалт бий бөгөөд энэ нь төрийн үзүүлэх ёстой үйлчилгээ юм.  Харин уг үйлчилгээг үзүүлж буй цөөн газрын нэг бол “Үжин төв” .

Уг төв нь 2018 оны 11 дүгээр сарын 01-нд анхныхаа хохирогч хүүхдийг хүлээн авч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд 32 хүүхэд уг төвд байршиж, цогц үйлчилгээг аван эргэн харьсан бол сар бүрийн давхардсан тоогоор 94 хүүхэд үйлчилгээ авч чаджээ. Үжин төвийн хувьд одоогийн нөхцөл байдал нь хүнд буюу санхүүгийн бэрхшээлд орсон учир зайлшгүй шаардлагатай байх ёстой таван хүүхдээ авч үлдэн нөхөн сэргээх эмчилгээгээ хийж байгаа гэлээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэн нийгэмд хөл нийлүүлэхэд маш их асуудалтай тулгардаг. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлж, бүрэн анхаарах явдал бага.

Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр ирж, ямар нөхцөлд байдалд ажиллаж байгаатай танилцаж, тавдугаар сарын 08-нд Төрийн ордны хэлэлцүүлэгт урьж оролцуулсан. Энэ үеэр холбогдох албаныханд Үжин төвийг орон байртай болгоход төр анхаарах хэрэгтэй гэдгийг хэлсэн байдаг. Гэвч бодит байдал дээр тэдний нөхцөл байдал сайжирсангүй царцсан байдалд орж, үүд хаалгаа барьж ч магадгүй болжээ.

Үжин төвийн үйл ажиллагааг явуулахад Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зургаан сарын туршилтын хугацааны санхүүжилт хэмээн 49 сая төгрөг олгосон нь 04 дүгээр сарын 30-наар дуусгавар болсон. Өнгөрсөн хугацаанд гурван удаа тендер зарлагдсан бөгөөд хоёр нь сонинд, нэг нь цахимаар зарлагдсан. Ингэхдээ 2-3 газар мэдүүлгээ ирүүлсэн гэж Үжин төвд мэдэгдсэн бөгөөд одоо ч тендер эцэслэгдэн шийдээгүй байгаа аж.

-ҮЖИН ТӨВД ЭРСДЭЛИЙН ТҮВШИН ӨНДӨР ХОХИРОГЧ ХҮҮХДҮҮД ИРДЭГ-

Үжин төвд 21 аймаг, 9 дүүргээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсээр дамжиж Хүүхдийн тусламжийн утас 108 төвийн хамгаалах байранд 3-7 хоногийн үйлчилгээ авсан эрсдэлийн түвшин өндөр хохирогч хүүхдүүд ирдэг. Уг төвийн онцлог нь бага насны хохирогч хүүхдийг хүлээн авдаг гэдгээрээ онцлог. Гэвч тэд амиа хорлох оролдлого хийчихсэн, бэлгийн мөлжлөгт өртсөн гэх мэт эрсдэл өндөртэй охидыг авч олон сараар цогц үйлчилгээ үзүүлэн төвдөө байлгасаар байгаа ажээ.  

Үжин төвд 15 нас 9 сартайгаасаа төрсөн эцэгтээ жилийн турш хүчирхийлүүлсэн охин байх бөгөөд тэрээр уг төвийн хамгийн том хүүхэд. Түүний хувьд хуулийн болон сэтгэл зүй, сэтгэл засал, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээнүүдийг бүрэн авсан. Одоо эрүүл мэндийн үйлчилгээ буюу хярзан оёулах, онгон хальс нөхүүлэх эмчилгээг хийлгэхээр хүлээж буй.

Тэрээр ээжийгээ өнгөрсний дараа ахдаа өөрийгөө хүчирхийлэлд өртөж байсан талаар хэлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулан Үжин төвд ирсэн байна. Энэ хэрээрээ түүнтэй холбоотой хэрэг хурдан шийдэгдэж чадсан байна. Тэрээр би Үжин төвд ирснээр ирээдүйгээ өөдрөгөөр харж чадсан, ирээдүйд сэтгэл судлаач болно гэх мөрөөдлөө хуваалцаж байсан юм.

-ГУРВАН ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ҮЖИН ТӨВИЙН НӨХӨН СЭРГЭЭХ ЦОГЦ ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАХЫГ ХҮСЖЭЭ-

Үжин төвд хамгийн багадаа таван настай хүүхэд ирж байжээ. Хөвгүүд хандаж нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахыг хүсэж байсан уу гэх асуултад орон байрны хувьд хүрэлцээ муу учир боломжгүй байгаа. Эрэгтэй хүүхдийн зүгээс гурван удаа хүсэлт ирж байсан. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15 настай хүүгээ эмчилгээнд оруулахыг хүссэн ээж. Мөн анх эрэгтэй хүний бэлгийн хүчирхийлэлд өртөж яваандаа бэлгийн чиг хандлага нь өөрийн мэдэлгүй өөрчлөгдсөн хүүгийн гэр бүлээс хүсэлт гаргаж байлаа. Түүнчлэн бид өнгөрсөн жил гарсан нэг ой 10 сартай хүүгийн ар гэрт хүсэлт тавин эмчлүүлэхийг санал болгосон ч тэдний зүгээс татгалзсан хэмээлээ.   

Мөн тэдний хувьд байр сав, санхүүгийн хүрэлцээтэй нөхцөл байдалтай бол бид бага насны болон эрэгтэй эмэгтэй хүүхэд хамаарахгүйгээр цогц эмчилгээгээ хохирогч хүүхэд бүрд хүргэмээр байна. Өдрөөр зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдээс илүү байрлан цогц үйлчилгээ авсан хүүхдүүд үр дүнтэй байж чадсан. Учир нь тэд биднээс зөвлөгөө аваад гарсан ч, эргээд очих нийгэм орчин нь хэвээр бол өөрчлөлт тун бага байгааг дурдсан юм.

Тэд энэ сарын дундуур Үжин төвд эмчлүүлэн эргэн харьсан 32 хүүхдийн гэр бүлийн орчинд очин, судалгаа хийж ажиллахаар болсноо дуулгасан юм. Ингэснээр тэд бодит байдал дээр дүгнэлт хийж, ар гэртэй нь илүү ярилцан гэр бүл төвтэй эмчилгээ зөвлөгөөг өгөхөөр төлөвлөн ажиллахыг зорьж байгаа гэв.

Ямартай ч цогц эмчилгээ авсан 32 хүүхдээс буцаж ирсэн хүүхэд байхгүй гэдэг нь давуу тал хэмээж байлаа.

-ХҮҮХЭД ТӨВТЭЙ, ТААТАЙ ОРЧНЫГ БҮРЭН ХАНГАЖ, ӨӨРИЙГӨӨ БҮРЭН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ-

Уг төв нь хоёр давхар 150м2 орчим байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байрны урсгал зардалд сардаа хоёр сая дөрвөн зуу мянга орчим төгрөг зарцуулдаг байна.

Тэдний хувьд хүүхэд хүлээн авах хүчин чадлаа өөрсдийн боломжоороо нэмэгдүүлэн 15 ортой болгосон. Аль болох урсгал зардлаа бага болгохын тулд өөрсдөө талх хийх, ногоо тарих зэргээр боломжид нөхцөлүүдийг давхар хайж байгаа гэв.

Үжин төвийг анх тохижуулан нээхдээ ч төрөөс ямар нэгэн төсөв мөнгө авалгүй өөрсдийн бололцоогоор тохижуулсан гэх бөгөөд бүх насныхан байхад тохиромжтой гэрийн таатай уур амьсгал бүрдүүлж чадсан байлаа.

Д.Ундраагийн хэлж буйгаар бид эдгээр хүүхдийг хохирогч гэж харахаасаа илүү цаашдаа ээж хүн болно, нийгэмд хөл тавина гэдэг үүднээс илүү их зүйлийг сурч, мэдээсэй гэж хүсэн, төвөө тохижуулсан гэв. Тухайлбал, охидын ариун цэврийн өрөө гэхэд л тусдаа хоёр ч тосгууртай. Энэ нь тэднийг хувийн ариун цэвэртээ тусгайлан анхаарахад зориулжээ.

Түүнчлэн сэтгэл заслын өрөө ихэд тухтай бөгөөд эмчийн өрөөнд байгаа бус өөрийн гэртээ мэт, таатай орчныг бүрдүүлж, хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдэд тусгайлан зориулсан хүүхэлдэй хүртэл байлаа. Энэ нь тэднийг хууль хяналтын байгууллагад байцаалт өгөхөд тус болдог. Хууль хяналтын байгууллагынхан ч уг хүүхэлдэйнүүдийг хаанаас олж авсан, манайд өгөөч гэх мэтээр асууж сурагладаг гэв.

Мөн хохирогч хүүхдүүдийн амралтын өрөөнд телевизороос эхлээд бүх зүйл байна. Гэхдээ тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх телевизийн мэдээ, интернэт орчныг хэрэглэдэггүй гэх бөгөөд хүүхдийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх кино, нэвтрүүлэг зэргийг үзүүлдэг байна. Үүгээр ч зогсохгүй охидыг өөрсдөө хоол хийж суралцах боломжтой гал тогоо болон бие даан суралцах гар урлал, хичээлийн танхим зэргийг бүрэн хангасан байлаа.

-ТӨРӨӨС БИД САНХҮҮ ТӨСВӨӨ ЗУУН ХУВЬ БУС ЯДАЖ ТАВИН ХУВЬ ДЭМЖЭЭД, БУСАД ТАЛ ДЭЭР ХАРЖ ҮЗЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА-

Ер нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ихэвчлэн дундаас доош амьжиргааны бүлгийн хүүхдүүд байдаг. Иймд бид хоногийн таван удаагийн хоолтой байхаар анхаардаг. Гаднаас цагийн багш нар хөлслөн төвдөө авчран хүүхдүүдэд тусгайлан сургалт явуулснаар тэдний сурлага болон суралцах эрмэлзэх дээшилсэн гэж байлаа.  

Тэдний бодит үйл ажиллагаа сайн яваа хэдий ч санхүү асуудал болжээ. Гэвч өнгөрсөн тавдугаар сараас хойш өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан түрээсээ төлж, хүмүүсээ цалинжуулаад, хүүхдүүддээ хооллож хувцаслаад болгож байгаа. Бид төрөөс зуун хувь дэмжихийг шаардсангүй. Ядаж тавин хувийг нь дэмжиж туслахын сацуу төрийн мэдэлд буй маш олон зарагдахгүй байрнаас уг төвд хямд үнээр түрээслүүлэх, цахилгааны зардал гэх мэт зүйлсийг хөнгөвчилж өгөх гэх мэт уян хатан байдлаар дэмжиж өгөөсэй л гэж хүсэж байна хэмээн онцолсон юм.

Түүнчлэн өнгөрсөн зун зарлагдсан тендер одоо ч шийдэгдээгүй гурван удаа боллоо. Энэ талын үйл ажиллагаа явуулдаг цөөхөн байгууллагатай байж тэднийгээ дэмжих ажиллахаа бодохгүй цаг авч, байгаа хэдхэн байгууллагадаа хүндрэл үүсгэж байна. Ядаж л богинохон зарлагдаад байгаа тендерийн хугацаагаа 2-3 жил болгож өгмөөр санагдсан. Мөн зарим санхүү төсвийн мөнгө гацах юм. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт үнэхээр чирэгдэлтэй байдаг хэмээн хуучилсаар биднийг үдсэн юм.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 10, 2019 17:51

хэрэгтэнгүүдээ цаазаар аваачаад байх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button