Ярилцлага

Ж.Батбаясгалан: Би тэр “ноль” руу шагайж ч үзээгүй

Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан “нолийн өрөө” засуулан, зөвхөн өөрөө бие засахаар цоожлуулсан гэх мэдээлэл сошиал орчинд цацагдсан билээ. Уг асуудлаар тодруулга авлаа.

-Та хотын орлогч болонгуутаа НЗДТГ-ын байранд тусгайлан ариун цэврийн өрөө тохижуулан, зөвхөн өөрөө орж байхаар түгжээ хийсэн гэх мэдээлэл сошиал орчинд цацагдсан.  Үнэхээр үнэн юм уу?

-Миний сууж байсан өрөөнд хотын дарга асан Э.Бат-Үүл конторлож байсан. Тэр үед ямар ч “нолийн өрөө”-ний асуудлаар шүүмжлэл байгаагүй. Үнэхээр тэгж хардаж байгаа бол газар дээр нь очоод, одоо “нолийн өрөө”-нийх нь хаалгыг онгойлгоод үзэх хэрэгтэй. Надад нэг “ноль” өмчлөөд сууж байх зав үнэхээр алга. Ажлаа авснаас хойш өрөөндөө ч нэг тогтож сууж амжихгүй, гадуур ихэвчлэн ажиллаж байна. Сүүлийн хэдэн жил огт засагдаагүй, “ноль” байсан. Засуулснаар харин ч ажилчдад илүү тав тухтай орчин бүрдсэн. Тэр “ноль” тань 2012 онд Э.Бат-Үүл дарга ажлаа хийж байхад байж л байсан ажилчдын бие засах газар.

-Та гэхдээ ажилчдыг оруулахгүй, ганцаараа хэрэглэж байхаар тооцоод, цоожилчихсон байсан юм биш үү?

-Огт тийм зүйл болоогүй. Тухайн өдөр засварчин нь аминдаа ажлаа хүлээлгэж өгөх гээд л зогсож байсан юм билээ. Намайг харлуулах гээд зориуд тэр үед нь зураг аваад, явуулчихсан юм билээ. Би  тэр зургийг сошиал орчинд цацагдсаны дараа бүр гайхаад, НЗДТГ-ынхнаас “Та надад ноль өгөх гээд байгаа юм уу” гэж асуусан юм.  Тэгсэн “Үгүй ээ, та ардаа “ноль”-той учраас нийтийн нолийг засуулсан юм” гэж тайлбарласан. Би яг үнэндээ тэр Ж.Батбаясгалангийн ноль гэгдээд байгаа өрөөнд тань бие засч ч үзээгүй. Шагайж ч үзээгүй.

-Таныг өөртөө зориулаад нолийн өрөө тохижуулчихлаа гэж ойлгогдсон?

-Надад эмзэглээд  байх зүйл алга аа. Би Нийслэлд 12 жил ажиллаж байна. Хаана ч явсан ноль засч, энэ асуудалд анхаарсаар л ирсэн.  Ялангуяа сүүлийн гурван жил гэр хорооллын нолийн асуудлаар өчнөөн л ажил хийж байгаа. Тоох ч юм алга. Би Нийслэлд 10 гаруй жил ажиллахдаа ганц сандал ч сольж үзээгүй хүн. Надад нолиос өөр наах сэдэв олдоогүй байх л  гэж харсан.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button