Ярилцлага

МУГТ О.Насанбурмаа: 2020 он бол миний эцсийн зогсоол

-ААВЫНХАА ҮГИЙН ХҮЧЭЭР БЭЛТГЭЛДЭЭ ЭРГЭЖ ОЧСОН-  

Надад гэмтэл аваагүй хуруу, нуруу, өвдөг, тохой гэж  байхгүй... хэмээн цагаахнаар инээмсэглэн өгүүлэх энэ хүн бол ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн монголын цорын ганц тамирчин. Аав, ээжийнхээ нуруунаас ачааг нь хөнгөлөх гэж ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж эхэлсэн гэж ярих О.Насанбурмаагийн ажил, амжилт, хувийн амьдрал, чөлөөт бөхийн ертөнцийн талаар хөөрөлдлөө. Бид хотоос зайдуу орших “Экс” спорт цогцолборт бэлтгэлд гарсан үеэр нь уулзсан юм.

-Ямар тэмцээний бэлтгэлд гарч байна?

-Манай чөлөөт бөхийн баг тамирчид Хасу мегаватт группийн “Эко” спорт цогцолборт насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд гарчихсан байгаа. Тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ноос БНХАУ-д  эхэлнэ.

-Энэ оны хэд дэх тэмцээн бэ?

-Миний хувьд бол энэ азийн аваргад оролцохгүй. Азийн аваргад би 2013 онд түрүүлж байсан. Нийтдээ дөрвөн удаа оролцож алт, хошой мөнгө, хүрэл медаль хүртсэн. Харин одоо тавдугаар сард болох Буриадын ерөнхийлөгчийн цомын тэмцээн, зургадугаар сард насанд хүрэгчдийн УАШТ-нд бэлдэж байна. УАШТ тамирчдын хувьд өндөр ач холбогдолтой. Энд түрүүлсэн тамирчин ДАШТ-нд явна. Манай олимпийн эрх олгох тэмцээн ДАШТ –ээр эхэлж байгаа.

 -Барилдахаас өөрөөр ямар нэг ажил төрөл эрхэлж байна уу? Ямар сургууль төгслөө, хувийн амьдрал талаасаа өөрийгөө танилцуулаач?

-Би долоон хүүхэдтэй айлын отгон нь. Хан-Уул дүүргийн биокомпинатад бага насаа өнгөрөөсөн. Чөлөөт бөхийн мэргэжлийн сургалттай 73 дугаар сургуулийг төгссөн. 2003 онд МУ-ын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Т.Дамбарагчаа багшийнхаа удирдлага дор “Замчин” спорт клубын тамирчин болсон. Эгчийгээ дагаж орж байлаа.  Дараа нь ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг тээврийн удирдлагын менежмент,  Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр тус тус төгссөн. Өнгөрсөн жил Удирдлагын академи төгсслөө. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт 2005 онд анх орсон. ЦЕГ-ын харьяа Хүч спорт, төмөр замын цагдаагийн газар давхар харьяалагддаг. Цагдаагийн ахлах дэслэгч цолтой. “Алтай” констракшны Бат-Эрдэнэ захирал ивээн тэтгэдэг.

-2020 он хүртэл хувийн амьдралаа хойш  тавилаа гэж ярьсан шүү дээ? Тэр талаар?

-Энэ спортоор 16 дахь жилдээ хичээллэж байна. 16 жил хичээллэсэн юм чинь 16 сар гүрийнэ гэж бодож байгаа. /инээв/ Тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл, зорилго бол олимп байдаг. Миний хувьд анхны олимпдоо эрхээ хасуулаад оролцож чадаагүй. 2016 оны олимпт шагналт байранд орсон. Медаль авах шанс байсан ч алдсан.  Спорт бол ид залуу насны ажил. Үлдэж байгаа амьдралдаа харамсахгүйн тулд ямар ч байсан чадахаасаа чадахгүй хүртлээ барилдана гэж боддог. Тэр болтол  хувийн амьдралаа хойш нь тавьсан.

-О.Насанбурмаа нас явсан гэлтгүй үзэж байна гэж бичсэн байсан..?

-/инээв/  Хэрвээ формоо өндөр түвшинд барьж бэлтгэл сургуулилтаа тогтмол хийгээд явбал би болоогүй ээ. Манайханд нэг тийм ойлголт байдаг л даа. 28 настай тамирчинг харьж яваа гэж хэлдэг. Гадны тамирчид бол хэн чадаж байгаа нь явж л байдаг. Миний хувьд өөрөө чадна гэсэн итгэл байна. Уулын бэлд ирчихсэн хүн оргил дээр гарья гэж хүснэ биз дээ.  Намайг Азийн наадмаар хожигдоход  29 нас хүрчихээд барилдлаа, зодог тайл гэж хүртэл хэлж байсан. Тэгэхээр би хүний өмнөөс амьдраагүй, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө яваа. Намайг барилдахад миний аав ээж, ах дүү гээд олон хүн омогшдог, бахархдаг. Тэр хүмүүсийг сэтгэлийг баярлуулахыг маш их хүсдэг. Тэр хүмүүсийн хэлсэн үг намайг илүү ихээр хурцалсан.  Би их шазруун зантай л даа.

-Зөв шазруун байна. Та ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн хосгүй амжилтын эзэн шүү дээ?

-Монголын спортын түүхэнд ДАШТ-ээс төрсөн анхны дөрвөн медальтай тамирчин. Энэ медалийг уг нь  2015 онд авчих байсан. Ер нь шанстай олон тэмцээнээ алдсан даа.  2010, 2015 оны ДАШТ, 2016 оны олимп байна. 5, 10 секунтын тактикийн алдаа, буруу тооцооллоос болж байсан.

-Хөндүүр оргиод л байх уу?

-Гайгүй ээ. Хүн хүний идэх хоол хэмжээтэй, миний цаг ирээгүй байна гэж өөрийгөө тайвшруулна.   Хэдийгээр харамсалтай санагддаг ч үүнээс илүү амжилт гаргана гэж зорилго тавина. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад азтай одтой байсан. Болох ёстой юмшиг санагдаад л, аварга болоогүй ч гэсэн хожигдохоор барилдаанууд зөндөө байсан ч бүгд миний талд шийдэгдсэн. Тэгээд эргээд ирэхэд миний аав юу гэж хэлсэн гэж бодно. Тэгэхэд аавын нүдэнд дүүрээд “Аав нь яагаад нэг ч удаа бие өвдлөө гэж хэлдэггүй гээч. Охиныхоо сайн сайхан явааг харахаар  бие эрүүлждэг. Миний охин аавыгаа өдий наслатал өвтгөхгүй явна” гэсэн. Миний аав одоо 80 настай. Тийм учраас би аав ээж хоёрыгоо ахиад баярлуулахыг маш их хүсч байна. 

-Эмэгтэй хүнд маш хатуу ертөнц шүү дээ. Аав ээж нь энэ талаар хэлдэг үү?

- Миний аав ээж хоёр насаараа Биокомпинатад мал маллаж амьдарч байгаа. Би айлын бага, ээж аавдаа туслах ёстой хүн нь ч спортын зам сонгоод явчихсан. 2012 онд би барилдахаа болилоо гээд аав ээж хоёр дээрээ уйлаад очсон. Спортын амьдралын минь хүнд үе л дээ. Уйлаад л, намайг уйлахаар тэнгэр сонсоод мэт бороо зайгүй ороод л. Гурав хоног хэнтэй ч ярихгүй, хоол ч идэхгүй хэвтсэн. Гэтэл аав минь хоол барьж орж ирээд, миний охин бэлтгэлдээ яваа гэхэд нь “явахгүй ээ” л гэсэн. Аав “Миний охин энэ спортод ороод чамгүй удлаа. Чиний үеийнхэн дунд унах унаа битгий хэл унадаг дугуйгүй, орох орон бүү хэл оочих аягагүй яваа хүмүүс олон байгаа.Чиний амьдралыг энэ спорт л бүтээж байгаа” гэсэн. Тэгээд шууд босоод хувцсаа өмсөөд гарсан. Аавынхаа үгийн хүчээр бэлтгэлдээ эргэж очсон ч нэг хэсэг хэцүү байлаа.

-2012 оны олимпийн өмнөх явдал байх нь?

 - Тийм ээ. Тэр олимпт 28 тамирчин оролцох эрхээ аваад 27 нь оролцсон. Ганц үлдсэн нь би. Миний оронд нэг жинд барилддаг хөдөлмөрийн баатар Батцэцэг маань явж байсан. Тухайн үед МЧБХ-ны удирдлагууд сорил тэмцээн ч хийгүйгээр явуулсан. Тэр олимпод орох эрх авсан анхны тамирчин болохоор ч тэрүү итгэл тээр өндөрт хөөрчихсөн  байсан л даа. Түүхэндээ тасарсан олимпийн медалийг аваасай гэж сэтгэл зүрхнээсээ хүсч байсан учраас явж үзсэн. Батцэцэгийгээ медаль авахад л тайвширсан юмдаг. /инээв/ 2013 оноос эхлээд орсон бүх тэмцээндээ түрүүлсэн.

-Тэр явдал чамайг маш ихээр хурцалж дээ?

-Тэмцээнд түрүүлээд ирэхээр хүний сэтгэл санаа өөдрөг болдог. 2013 онд би 11 тэмцээнд орсноос  есөд нь түрүүлж алтан медаль авч, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл, Оюутны универсал наадмаас мөнгө хүртсэн. Тамирчин хүний ганц дайсан бол бэртэл. Надад  бэртээгүй үе, мөч, яс гэж байхгүй. Маш их хэцүү байсан ч, уйлаад л бүхнийг тэвчиж, би бүхнийг давах ёстой гэсээр өдий хүрсэн. Магадгүй, ээж аав минь намайг хатуужилтай хүн болгож өсгөсөн болохоор тэр бүгдийг даван туулсан байх. Өнөөдөр  бол маш сайхан байна. Би дуртай юмаа хийж байна, зорьсон зорилготой байна. Өөр юу хэрэгтэй гэж.  

-П.ОРХОН МИНИЙ ДОТНЫ, ХАЙРТАЙ ДҮҮ НАРЫН МИНЬ НЭГ -

-Ард түмэн тамирчдаараа бахархаад, омогшоод л гоё шүү дээ. Гэтэл тэр гал тогоонд гал гарч байдаг бололтой юм. Та шигшээ багийн ахлагчийн хувьд юуг хэлэх вэ?

- Манай чөлөөт бөхийн холбооны талаар маш олон таагүй мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан. Миний мэдэж байгаа зүйл бол холбооны удирдлагууд, үндсэн циклийн багш нарын хооронд маргаан үүссэн асуудал байх. Та хувь хүний байр суурийг сонирхож байгаа бол би зүгээр больчихоосой л гэж боддог. Асуудал байвал хэлэлцэж яриад  учраа олж болдоггүй юмуу.  Бид нарын эцсийн үнэн нь бол Монголын чөлөөт бөх гэсэн ганцхан цэг л бий. Тэнд “Алдар”, “Женко” гээд хэний тамирчин байх нь  огт хамаагүй шүү дээ.  Гэхдээ энэ асуудал хэвлэл мэдээллээр л шуугиад байгаагаас биш тамирчин бид нарт онц ноцтой хор хохирол учруулаад байдаггүй. Угаасаа спорт хүнийг маш сайн төлөвшүүлдэг учраас тамирчид энэ бүх асуудалд эмзэг хандахгүй. Хүн бүрийн дотор хэн нь хэн бэ гэдэг суурь бодол байгаа.  Бид нар одоо жаахан хүүхдүүд биш шүү дээ.

-Орхон допинг хэрэглэсэн асуудлаас үүдэж холбооны талаарх олон мэдээлэл ил болсон. Та Орхоны асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

П.Орхон миний дотны, хайртай дүү нарын маань нэг. Тэмцээн уралдаанд  бид үргэлж л хамт явдаг. Сайн төлөвшсөн, илүү дутуу үггүй, өөрийн гэсэн бодолтой мундаг охин.  Дотроосоо хорлосон энэ тэр гээд янз бүрийн хэл ам гарсан. Тэр Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр А.Батцэцэг, П.Орхон, бид гурав нэг өрөөнд байсан. Азийн наадам сонголтын хоолтой болохоор өөр өөрийнхөө хоолыг аваад иднэ, заримдаа өрөөндөө хоол хийж тойрч суугаад идэж л байсан. Би баг хамт олон дундаас тийм зүйл хийнэ гэдэгт хэзээ ч итгэхгүй. Тэр ч бүүхэл Монголын чөлөөт бөхийн түүхэнд  ийм зүйл болж байсан гэвэл ч итгэхгүй. Тамирчин хүний сэтгэл зүрх, сэтгэл зүй гэдэг аугаа байдаг. Би яг  санаагаа тодорхой гаргаж хэлж чадахгүй байна. Ямар ч байсан тамирчин хүн хэзээ ч тийм муухай зүйл хийж чадахгүй. Би алтан үеийнхэнтэй явж байсан, би өөрөө мөнгөн үеийн тамирчин,  одоо хүрэл үетэйгээ явж  байна. Батцэцэг бид  хоёр олон жил нэг жинд барилдсан,  Ш.Түмэнцэцэг ч адилхан. Тамирчдын дунд тийм юм байдаггүй. Миний хайртай дүү одоо сэтгэл санааны хувьд хүнд хэцүү л байгаа. Мэдээж шүү дээ, амьдрал орвонгооороо эргэх хэмжээний асуудал шүү дээ.

-Тамирчид ямар ч асуудал байсан хүнээрээ үлдэж чаддаг юм байна. Санаа бодолоо хэлэх эрх нь хэр нээлттэй байдаг вэ?

-Хэлж болно. Би эмэгтэй багаа төлөөлөөд өөрөө  хэлж болно. Эсвэл багш дасгалжуулагчаараа дамжуулж ч болно. Өмнөх найман жилд Д.Батбаяр, Т.Сүхбаатар, З.Дүвчин багш нар маань удирдаж явсан. Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн жилүүдэд багш нар хоорондоо ярилцаад амжилт гаргах бөхөө явуулдаг байсан.  2017 оноос хоёр удаа сорил хийж, олон улсын тэмцээний амжилтыг нь цуглуулж ДАШТ-д явуулдаг болсон байгаа. Яагаад эдгээрийг яриад байна гэхээр бидний мэдээгүй маш олон зүйл хэвлэл мэдээлэл болон сошиелоор тархдаг. Нэг удаа  бэртэл авчихаад арав хоногийн чөлөө аваад хөдөө явсан. Ирсэн чинь холбооноос азийн аваргад намайг явуулахаар сонгочихсон, тэрнээс нь болоод хэл ам гарчихсан байсан. Тэр үед би сорил хийгээд хэн хэнийг хохиролгүй шийдчихье гэхэд  хэн ч миний саналыг хүлээж аваагүй. Тэгээд намайг ялагдаад хөлс хатаагүй байхад фээсбүүкээр аргагүй шүү тээ,  Завханд хадамлаж явсан хүнийг явуулсан юм чинь” гэсэн утгатай пост тарсан. Надад маш муухай санагдаж гомдсон. Дараа нь шигшээгийн бэлтгэлийн үеэр  шагайндаа гэмтэл авч буусан. Тэгээд Сүхээ багш дээрээ бэлтгэл хийж байгаад ДАШТ-д яваад мөнгөн медаль хүртсэн. Үүний дараа бас л бөөн сенсааци. МЧБХ Насанбурмаад 25 сая төгрөг, Орхонд 3 сая төгрөг өглөө гээд л. Нэгдүгээрт Орхон бид хоёр нэг жил ДАШТ-ээс медаль хүртээгүй. Нөгөө талаас холбоо намайг түүхэн амжилт гаргасныг маань үнэлсэн байх гэж бодсон. Бас тухайн үеийн санхүүгийн байдал ч нөлөөлсөн байж болно. Би нарийн учрыг бол мэдэхгүй. Ер нь бол бүгд ажлаа сайн хийж байгаа ч хоорондоо нэгдэж чадахгүйд учир бий.  Миний анзаардаг нэг сонин зүйл бас бий. Үнэхээр ингээд хоорондоо муудалцаад асуудал хурцдаж байгаа юм болов уу гээд бодохоор хурал, тэмцээн гээд олныг хамарсан арга хэмжээн дээр манай удирдлага, багш нар энгийн харилцаатай байдаг. Магадгүй  энэ миний мэдлээс давсан асуудал байх. 

-Та бүхнийг холбооноос хэрхэн дэмждэг вэ?

- 2014 онд МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Алтай контракшн” ХХк-ийн захирал Х.Бат-Эрдэнэ захирал  надад гурван өрөө байр өгсөн. Ер нь бол Алтай констаркшн компани чөлөөт бөхийн тамирчдад тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.  Надад, бас Бэхбаярт гурван өрөө, Цэрэнчимэдэд хоёр өрөө, С.Батцэцэгт гурван өрөө байр, Бэхийгийн багшид байрны 50 хувийн хөнгөлөлт өгсөн. Батбаяр багш энэ олон хүнтэй уулзаж манай энэ хүүхдийг дэмжээч, туслаач гэх мэтээр ажлаа бүтээдэг. Би Батбаяр багшид насаараа баярлаж явах ёстой хүн. “Алдар”-ын тамирчдыг ч гэсэн олон компани ивээн тэтгэж сайхан авч явдаг.

-2020 ОН БОЛ МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ-

- ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн амжилтын эзэн болохоор таныг Хөдөлмөрийн баатар болох байх гэж болон хүн хүлээж байгаа?

-Төрийн хайр хишиг гэдэг маш том хүндэтгэл. Тэрийг дааж явна гэдэг хатуухан хэлэхэд хүнд ажил. . Би 2008 онд  ДАШТ-ээс хүрэл медаль авсан. ДАШТ-ээс медаль авахаар авьяат тамирчин өгдөг байсан учраас өөрийгөө авна гээд итгэчихсэн ирсэн. Гэтэл хоншоороороо тасдуулаад тэр үеэс хойш ДАШТ-ээс хоёр медаль авсан тамирчинд гавьяат өгдөг болчихсон. Гэхдээ манайхаас одоо ДАШТ-ээс медаль авсан хирнээ гавьяат болоогүй хүмүүс байж л байна. Ямархуу шалгуураар яаж авдгийг би мэдэхгүй. Хөдөлмөрийн баатрын тухайд бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байхад болно байх аа. /инээв/ Нээх яарсан юм алга. Анх ДАШТ-ээс хүрэл меадль аваад алтан гадас, Дэлхийн цомоос мөнгөн медаль аваад хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан.

-Дэлхийн дэвжээн дээр эх орныхоо нэрийг гаргаад зогсоход танд юу бодогддог вэ?

-Сайхан. Саяхан би өөрийнхөө амьдралаа бодож суулаа. Түрүүн танд хэлсэн даа. Надад бэртээгүй хуруу, өвдөг, нуруу байхгүй гэж. Гэвч энэ бүхнийг даван туулсны эцэст дэлхийн дэвжээн дээр медаль аваад зогсоход бүхнийг мартдаг. Нөгөө өргөс авсан юмшиг гэж ярьдаг даа, яг л тийм. Тэр их нулимс, тэр  их шазуур зөвхөн тэнд мартагддаг.  Бушуухан эх орондоо, аав ээждээ очмоор санагддаг.

-Хадамчилж явсан хүнийг тэмцээнд явуулаад гээд ярьсан даа. Завханы бэр юмуу?

-Тийм ээ. Аймгийн начин Доёддорж гэж хүн бий. Бид хоёр үерхээд таван жил болж байна.

-Хувийн амьдралаа төвхнүүлэх хугацаа болж дээ. Мэдээж хүүхдийн асуудал?

- Бид хоёрын ер нь гол асуудал тэр дээ. Манай хүн чи карьер хөөгөөд явсаар байх юмуу  гэдэг. Би ер нь хулхидаад л яваад байгаа ш тээ. 2016 оноос хойш ганц за одоо ганц тэмцээн, одоо ганц гээд яваад байсан. Тэгээд сүүлдээ 2020 он хүртэл барилдчихья гээд л гүрийчихсэн.  

-2020 оноос хойш яах бол, тэр төлөвлөгөө?

-2020 он бол миний эцсийн зогсоол. Тамирчны амьдрал энд ирээд зогсоно. Хувийн амьдралаа бодно. Гадны тамирчид 37 настай олимпоос, дэлхийн аваргаас медаль авч л байна. Надад боломж байна, би 30 нас л хүрч  байна.  Японы дэвжээг бэлэгшээдэг. Анхны дэлхийн аваргын медаль, хамгийн анхны өсвөрийн азийн аварга гээд л Японы дэвжээ надад ээлтэй. Би хоосон буцаж байгаагүй. Унгарын Будапештийг  бас их бэлэгшээдэг.

-Спорт танд алдар нэр, гавьяа шагналаас өөр юуг өгсөн бэ?

-Би энэ спортод ороогүй бол хэн байх байсан бэ гэж их боддог шүү. Спорт надад хамгийн түрүүн эх орноо гэсэн сэтгэлийг бий болгосон. Хүн бүхэн эх орон гэж ярьдаг ч яг эх орныхоо төлөө  тамирчин хүний зүрх илүү хүчтэй цохилдог. За тэгээд мэндлэх хүндлэх ёс, эрэмбэ дараа, даруухан байх гээд олон үнэт зүйлийг өгсөн. Амжилт гаргаж алдарт хүрээд хөөрч болохгүйг спорт надад сургасан. Намайг хүмүүс мундаг тамирчин гэж хардаг байх. Гэхдээ сайн болоогүй гэдгээ, өдөр бүр дутуугаа мэдэрдэг. Суралцах зүйл маш их бий. Би их шударга, илэн далангүй зантай. Бодсон санасан юмаа шууд л хэлчихнэ. Харин үүнийхээ тунг хэрхэн тааруулахыг спорт бас надад сургасан.

-Хүмүүс их танина биз?

- 13 настайгаасаа амжилт гаргасан болохоор миний нэрийг их сайн мэддэг. Харин сүүлийн үед таньдаг болсон. Таксинд суухад ч гадуур явахад ч хүмүүс их таньж зарим нь ихэд бэлэгшээдэг нь урам өгдөг.

-Хамгийн анх таны мөрөөдөл юу байсан бэ?

-Миний эгч чөлөөт бөхийн ОУХМ О.Мягмарсүрэн гэж хүн бий. Би өмнө нь хүндийн өргөлтөөр хэсэг хичээллэсэн. Бид нар чинь хангалуун цатгалан баян айлын хүүхдүүд биш шүү дээ. Мал маллаад морио унаад л хөдөө ахуйд бужигнаж өссөн эгэл бор айлын хүүхдүүд. Тэгээд эгч нэг удаа миний дүү аав ээжийгээ зовоохгүй явья гэвэл  ганцаарчилсан спортоор хичээллээд үз гэж зөвлөснөөр чөлөөт бөхийн ертөнцөд хөл тавьсан. Ер нь аав ээжийнхээ нуруунаас ачааг нь хөнгөлье гэсэн зорилготой орсон.

-Ачааг хөнгөлөх бүү хэл бахархал нь болоод явж байна шүү дээ?

- Манай эгч, ээж, аав гурав амьд явах шалтгаан минь чи шүү гэж хэлдэг. Үргэлж биш ч хааяа нэг сонссон сайхан үг хүнийг тэр чигээр нь тэжээдэг. Би үргэлж л аав ээжийгээ баярлуулах юмсан гэж бодож явдаг.  

-Ойр ойрхон очиж чадаж байна уу?

-Жаахан байхдаа био руу зайгүй гүйдэг байлаа. Эгчтэйгээ энд тэнд байр хөлслөөд эгчийгээ дагаад олон жил явсан. Тэгж явсаар эгч тусдаа гараад,  дараа нь би байртай болсон. Тэмцээнээс буцаж ирээд хамгийн түрүүн гэртээ очдог. Миний ээж их сүсэг бишрэлтэй. Намайг барилдах үеэр унтдаггүй, сүүгээ өргөөд л байдаг гэсэн.

-Тэмцээнийг нь үздэг үү?

-Манайхан чинь их сонин хүмүүс. Нэг ч удаа зааланд ирж тэмцээн үздэггүй.  Дээр үед миний ах анх удаа ирж нэг тэмцээнийг үзсэн чинь би хожигдчихсон. Тэгээд харш жилтэй болохоор би дүүгээ хожигдуулчихлаа гээд дахиад үзээгүй. Аав ээж хоёр эгчийг барилдаж байх үед ганц нэг тэмцээнийг нь үзээд эгч хожигдсон. Тэгээд дахин  үзэхээ больсон. Зурагтаар гарахаар орж гараад тогтож ядаад байдаг гэсэн. Би ер нь муу ч барилдсан, сайн ч барилдсан хамгийн түрүүн аав ээж хоёр руугаа ярьдаг.  Аав миний охин дандаа л медалийн төлөө барилдах боллоо гэж ярьдаг гэж хэлдэг.

-Яагаад Ука гэж нэрлэдэг юм бэ?

-Намайг жаахан Улаанаа гэнэ, сүүлдээ тэр нь Ука болсон. Их улаан хүүхэд байсан юм байлгүй. Намайг ээж хүн болох хувьтай хүүхэд гэж ярьдаг. Өлгийтэй байхад аав ээж хоёр хадланд явахдаа үлдээгээд явсан байгаа юм. Тэгсэн ах эгч нар майханд орхиод жимсэнд явчихаж. Тэр хоорондуур хэдэн зэрлэг гахай майхан дотор хэдэн ороод над дээр овоорсон байсан гэсэн. Азаар тэндхийн нэг эмээ хараад намайг авсан гэдэг. Нөхдүүд над дээр найрлаж гэж байсан юм бишүү. Яаж энд тэндээс нь хазчихаагүй юм. Дараа нь нэлээн том болсон хойно манай эгч нар намайг ваннд хийж голд урсгаж байгаад хөмөрчихсөн. Тэгээд ард урдаас хөөцөлдөж байж яаж л гаргаж авсан юм бүү мэд. Хальт хульт санадаг юм. Тэр ч бүү хэл гэдсэнд байхад хүртэл төрүүлнэ, төрүүлэхгүй гэж ярьж байсан гэж ээж хэлдэг. Ус уух хувьтай байгаа биз. /инээв/

-Миний асуугаагүй, таны хэлмээр байгаа зүйл юу байна?

-Хэр баргийн аавын охин, ээжийн хүү энэ спортыг сонгоод хичээллээд ороод ирнэ гэдэг хүнд. Тууштай яваад амжилт гаргана гэдэг тэрнээс илүү хэцүү. Эргээд бодоход 16 жил тасралтгүй яаж ингэж явж чадав аа гэж бодох үе бий.  Гэхдээ би ганцаараа чадаад, ганцаараа амжилт гаргаад яваад байгаа юм биш. Миний ард маш олон хүний сэтгэл, зүтгэл,  хөдөлмөр  бий. Аав ээж, ах дүүс, найз нөхөд, чөлөөт бөхийн хамт олон, бэлтгэл хангаж байгаа портнёр, ивээн тэтгэгч байгууллага, Алтай констаршкны Батэрдэнэ захирал, Батбаасан захирал ЦЕГ, ЦЕГ-ын харьяа төмөр замын цагдаагийн хэлтсийн хамт олон, Үндэсний шигшээ баг, Монголын үндэсний олимпийн хороо, Чөлөөт бөхийн холбоо энэ бүхэнд би үргэлж баярлаж талархаж явдаг. Сайн сайхныг бодоод сүсэглэн залбирч явахад бүх юм бүтнэ гэж би итгэдэг. Надад аав ээжтэй минь адил урмын сайхан үг хэлж, үргэлж ирлэж, хурцалж өдий хүргэсэн Монгол улсын гавьяат дасгалжуулагч Сүхбаатар, Дамбарагчаа багш нартаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Би хайран дунд өссөн хүүхэд болохоор хатуу үг сонсож чаддаггүй. Миний багш нар намайг яг л аав, ээжийн минь арга барилаар өдий өндөрлөгт хүргэсэн.

-Цаг зав гаргаж нээлттэй ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Comprar Cialis Soft Online How To Order Flagyl In Hampton [url=http://cheapviapill.com]viagra prescription[/url] Synthroid Online No Rx Isotretinoin mastercard accepted with free shipping store Low Dose Levitra

Холбоотой мэдээ

Back to top button