НийгмийнЯрилцлага

Хүнсний инженер О.Гал-Очир: Формальдегид хамар салстад хорт хавдар үүсгэдгийг 100 жилийн дараа мэдсэн

Хүнсний инженер О.Гал-Очиртой цаг үеийн болон хүнсний аюулгүй байдлын талаар ярилцлаа.

- ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУЛГУУР НЬ ТӨРИЙН ЗӨВ БОДЛОГО, ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГА, ИРГЭДИЙН МЭДЛЭГ -

-Та шинэ зууны хүнсний инженер гэдэг нэрээрээ олон танигдсан мэргэжилтэн. Ярианы эхэнд өөрийнхөө талаар мэдээлэл өгөөч?

-ШУТИС-ийг хүнсний технологич инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ нэг жил ажиллачхаад, уул уурхайн химийн лаборатори байгуулж арав гаруй жил ажилласан. Дараа нь эргээд хүнсний салбартаа орж ирсэн. Хүнсний талаар хамгийн сайн мэдлэгийг олж авья гэвэл хими мэддэг хэрэгтэй. Эсийн түвшинд биохимийн урвалыг явуулахын тулд хүмүүс хоол тэжээл идэж, эндээс энерги үүсдэг. Миний хувьд иргэдэд мэргэжлийн зүгээс хамгийн зөв мэдээллийг химийн шинжлэх ухаанд үндэслэж өгөхийг хичээдэг. Ингэхдээ уншигчдад ойлгомжтой байлгахын тулд химийн томьёо бичдэггүй, аль болох энгийн, хар ухаанаар ойлгочих хэмжээнд бэлтгэн хүргэдэг.

-Хүнсний инженер гэдэг нэршилийг манайхан хэрэглээд байдаггүй. Та л энэ үгийг дэлгэрүүлж байх шиг байна?

-Хүнсний инженерүүд бусад салбарын инженерүүдтэй адилхан ШУТИС-д 4-5 жил сурч, төгсдөг. Иргэд хүнс яаж бий болдгийг анзаардаггүй учраас бидний мэргэжлийг ойлгодоггүй, ойшоодоггүй. Тэгэхээр би ганц өөрийгөө биш салбарынхаа бүх хүмүүсийг хүнсний инженер гэж нэрлүүлж, нийгэмд таниулж, үнэлүүлэх зорилготой хүн. Барилга, техник, эрчим хүчний салбар шиг л хүнсний салбар инженерүүдийн нуруун дээр, бидний ур чадвар, мэдлэг оюун ухаан дээр хөгжиж явдаг. Өнөөдөр хүн бүрт хүнсэнд итгэхгүй айдас байна. Гэтэл үнэндээ ганц печень ч байсан инженерийн түвшинд мэргэжилтнүүд судалж, шинжилж бүтээдэг гэдгийг л ойлгуулах гээд л явна.

-Тийм ээ. Айдаст нийгмээрээ автаж байна. Сая танд найруулж өгсөн кофены сүүг л гэхэд хиймэл, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэх. Үйлдвэрийн сүү хортой, ундаа хортой. Тэгэхээр бид яах ёстой юм, юу мэдэж байх ёстой юм бэ?

-Нөгөөдөр буюу Мягмар гарагт Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган болно. Би тэнд оролцож, хүнсний аюулгүй байдал буюу тулгын гурван чулуу гэдэг мэдээллийг өгөх зорилготой яваа.

-Тулгын гурван чулуу гэдэг нь?

-Нэгдүгээрт төрийн бодлого, хоёрдугаарт үйлдвэрлэгчийн хариуцлага, гуравдугаарт иргэдийн мэдлэг. Энэ гурвын аль нэг нь дутвал аюулгүй байдал тогтнож чадахгүй. Бодлогын тухайд стратегийн хүнсээ гаргаж ирэх, бодлогоор дэмжих. Үйлдвэрлэгч хариуцлагатай байж, найдвартай түүхий эдээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэд нь мэдлэгтэй байх ёстой. Витамин, амин дэм, эрдсийн сайныг олж хэрэглэе гэхээсээ илүүтэй өдөрт зарцуулж буй энергидээ тохирсон хоол хүнс хэрэглэх, эрүүл органик хүнс  гэж хошуурахаасаа өмнө өөртөө өдөрт авах илчлэгийн талаар мэдлэгтэй байх ёстой.

-Жишээ нь...?

-Нягтлан бодогч, ачигч хоёр байна гэж бодьё. Үдийн цайнаар өдрийн хоолондоо яг адилхан хоол иднэ. Гэтэл ачигч өдөржингөө бараа ачиж, буулгаж, зөөнө. Нягтлан өдөржин тоо бодож сууна. Тэгэхээр яадаг вэ гэхээр ачигчид илчлэг хүрэлцэхгүй өлсөнө, ядарна харин нягтланд илүүдэж таргалалт үүснэ. Иргэд зохистой хэрэглээгээ мэдэж байвал тухайн хүнс хаана үйлдвэрлэсэн байх нь асуудал биш байхгүй юу.

-БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨӨР БАЙГАА НЬ САЙН, МУУГИЙН ИЛЭРХИЙЛЭЛ БИШ-

-Зохистой хэрэглээ гээд бид нийтээрээ бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн ч юмуу, шар тосоо хэрэглээд байдаг нь зөв үү?

-Цагаан гурил биед муу гэж ойлгож болохгүй. Цагаан гэдэг хальсыг маш сайн цэвэрлэж хивгийг юу ч үгүй зайлуулсан л гэсэн үг. Хивэг буюу эслэг нь биед шингэдэггүй, хоол боловсруулах замд орж гэдсийг гүрвэлзүүлж цэвэрлэдэг. Хүн болгон өглөө, өдөр, орой бие засч биологийн процессоор хурдан хугацаанд гадагшлуулж байвал эрүүл мэндийн хувьд асуудалгүй амьдардаг.

-Ургамлын тосыг бас хортой, хэрэглээнээс халья гэдэг шүү дээ?

-Тос гэдэг нь янз бүрийн хүчлээс бүрддэг. Ямар тосны хүчил агуулж байгаагаасаа шалтгаалаад ханасан, ханаагүй гэж ангилдаг. Ургамлын тос ханаагүй тосны хүчил давамгайлсан учраас шингэн төлөвтэй байдаг. Ханаагүй тос шингэц сайтай. Хүмүүс өдөр тутамдаа төрөл бүрийн хоол хүнсээр дамжуулж ургамлын тосыг нуугдмал хэлбэрээр байнга авдаг. Жишээ нь, 100 гр ямар ч өөхгүй махны 25 хувь нь тосны хүчил байдаг.  Тэгэхээр ургамлын тосыг хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй, бас хортой гэж айх хэрэггүй.  

-Оливын тос үнэтэй, ургамлын тоснууд илүү хямд үнээр зарагддаг. Энэ нь чанарын ялгаа биш үү?

-Наранцэцэг, рапс, шар буурцаг, далдуу мод, чидун жимсний тос бүгд өөр өөрийн онцлог найрлагатай. Үнэ өөр харилцан адилгүй байна гэдэг нь сайн, муу гэсэн тодорхойлолт биш.  Тариалалт, түүхий эдийн хангамж хүртээмжээсээ шалтгаалж үнэ тогтдог.

-Бидний өдөр тутамдаа нийтлэг хэрэглэдэг маслог транс тос гээд бас болгоомжлол үүсээд байгаа...? 

-Маш олон хүн масло, кофены сүүг асуудаг. Бид нийгмээрээ аль нэг хүнсийг онцолж муулах хэрэггүй. Хамгийн гол нь бүх юмыг зохистой хэрэглэхэд учир байгаа юм. Хүмүүс хэтрүүлэн  хэрэглэснээс асуудал үүсээд байгаа болохоос биш ургамлын тос, масло, чипс идснээр өвдөөд байгаа юм биш шүү дээ. Амьтны гаралтай тос хатуу, ургамлын гаралтай тос шингэн төлөвтэй байдаг. Ургамлын тосны ханаагүй холбоог ус төрөгчжүүлж, хатуу төлөвтэй болгож байгаа нь масло шүү дээ. Юмсыг хэтрүүлэн хэрэглэх юу ч байсан хортой, цаашлаад янз бүрийн өвчин үүснэ. Шар тос, өрөм зөөхийгөө хэтрүүлэн хэрэглэх нь ч бас хор. Ингэж л ойлгох хэрэгтэй. 

-Хүмүүс хөдөөний ориг сүү уумаар байна гэж ярьдаг. Үйлдвэрийнхийг болохоор хуурай сүү учраас биед ямар ч нэмэргүй гэж дүгнэдэг. Энэ хэр оновчтой мэдлэг вэ?

-Сүү их эмзэг бүтээгдэхүүн. Жижигхэн тугалны ходоодод зориулагдсан энгийн шингэн. Манай монгол хэдэн сая малтай ч тархаж суурьшсан, зам харилцааны хувьд малчид сүүгээ цаг тухайд нь худалдан борлуулах боломжгүй. Тийм ч учраас цагаан идээ болгодог. Манай сүүний үйлдвэрүүд зундаа хот орчмоос сүүгээ цуглуулна. Өвөлдөө хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд хатаамал сүү импортолж, сэргээж хэрэглэдэг. Бидний махаа борцлоод дараа нь нүдэж, дэвтээгээд иддэгтэй адилхан. Сүүг тоосруулж хатаадаг болохоор 99 хувь эргэж сэргэдэг. Өөрөөр хэлбэл таны яриад байгаа хөдөөний ориг сүүтэй адилхан гэсэн үг.  Давуу тал нь ариутгаж савлана, бүх найрлага нь жигд болно.  

- ФОРМАЛЬДЕГИДИЙГ ХАМАР САЛСТЫН ТОГТОЛЦООНД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ БОДИС БОЛОХЫГ 2016 ОНД ТОГТООСОН-

-Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрүүд дээр хийсэн шалгалт ард иргэдийг айдаст автууллаа. Иргэд хорт хавдараар өвдөж эндсэн бусдынхаа амийг нэхье гэж ч дуу хоолойгоо нэгтгэж байна. Энд таны байр суурь...?

-Эхэндээ би энэ асуудлыг хүнсний нэг үйлдвэрийн хариуцлагагүй, стандарт зөрчсөн байдал гэж харсан. Гэтэл цаашлаад цардуулын өндөр агууламжтай нунтаг цагаан бодисоос формальдегид илэрсэн гэхээр бараг цочирдолд орсон. Формальдегид Е240 гэдэг хүнсний нэмэлт кодтой, хүн төрөлхтөн 19 дүгээр зууны сүүлчээс эхлэн сүү, мах, загас хадгалахдаа хэрэглэж байсан хүчтэй ариутгах шинж чанартай бодис. Дэлхий нийтээр формальдегидийг судалж явсаар 2011 оноос АНУ-ын Хүнс эмийн хорооноос хориглосон. Дараа нь 2016 онд Европт хүний биед хорт хавдар үүсгэгч бодис мөн юм байна гэж тодорхойлж ДЭМБ-аас хориглосон. Формальдегид хамар салстын тогтолцоонд хорт хавдар үүсгэгч бодис гэдгийг тогтоосон учраас хүнсэнд хэрэглэхийг дэлхий даяар хориглосон. Тэгэхээр одоо дэлхийн  хаана ч хүнсэнд огт хэрэглэж болохгүй гэсэн үг. Энэ тохиолдлыг маш сайн шалгаж тодруулах шаардлагатай. Үнэхээр хэрэглэчихсэн байвал уучилж болохгүй, амь нас нэхэх байтугай асуудал үүсэх ёстой. Цардуулын өндөр агууламж гэдэг нь жингийн алдагдал бууруулах зорилгоор махыг цардуултай усанд дэвтээх, тарих нь аль ч үйлдвэрт байдаг л зүйл.

-Хилээр гарах боломжгүй байсан энэ үед зах зээлд нийлүүлсэн байвал хэн хэрхэн хэрэглэх боломжтой вэ? Хиамны үйлдвэрүүдэд өгсөн байх гэсэн хардлага таамаглал яваад байна?

-Манай монголд энэ төрлийн мах  хэрэглэдэг уламжлал байхгүй. Иргэд хиам, бууз руу орчихлоо ч гэж хардаж байна. Хиамны улаан өнгийг нитрит гэдэг бодисыг түүхий маханд хийхэд уураг нитриттэй урвалд орж фегмент үүссэнээр гардаг. Нэгэнт борлуулчихсан маханд нитрит хэрэглээд улаан өнгө үүсэхгүй учраас хиамны үйлдвэрт хэрэглэх боломжгүй. Тэгэхээр үнэхээр махандаа хийсэн үү, хийсэн бол тэр мах хаачсан гэдгийг ул суурьтай шалгаж, нэн даруй эцэслэх ёстой.

-Дулааны аргаар боловсруулсан махын талаар мэдээлэл өгөөч?

-Яагаад дулааны аргаар боловсруулж байна вэ гэхээр манайд шүлхий, цэцэг, боом  гээд малын өвчин элбэг тохиолддог болохоор махаа шууд гаргахад удаа дараа хориг тавиулж байсан. Тэгээд анхан шатны дулааны боловсруулалт хийж, гаргаж эхэлсэн. Нөгөө талаас хятадууд өөрсдөө махны шүүсийг арилтал угааж, усанд бүр архиндаа хүртэл чанаж  болгосны дараа амталж хоол хийдэг болохоор дулааны аргаар боловсруулсан махны зах зээл урд хөршид л байна гэсэн үг.  

-Формальдегид бодисыг хүнснээс бусад юу юунд ашигладаг вэ?

-Монголчуудын хамгийн их айх зүйл бол мэдэхгүй эх үүсвэрээс хордох асуудал. Бид тавилганаасаа ч хордох боломжтой. Формальдегид хамгийн ихээр агуулдаг зүйл бол барилгын үртсэн шахмал хавтан. Үүний цавууг формальдегидийн давирхайгаар хийдэг. Би өөрийн биеэр үзсэн. Зарим  нэг тавилгын үйлдвэр, эсвэл ДСП, ОСБ хавтангаар доторлосон байшинд ороход хамар битүүрч, нүд загатнадаг. За мөн, хүнсний бус зориулалттай хуванцар савыг хүнсэнд ашигласнаар формальдегидийн аюулд өртөнө. Тамхинд бас агуулагддаг. Хүнс үйлдвэрлэхэд маш олон шалгуурыг давж гарч байж хүний гар дээр ирдэг. Тэгэхээр хүнснээс хордоод байна гэж айхаасаа илүү хүнсийг зохицуулж хэрэглэх нь зүйтэй. Харин бид хүнснээс өөр ямар сувгаар хордохыг маш сайн хянаж байх хэрэгтэй. Утаа, тоос, нүхэн шорлон, хөрсний бохирдол гээд зөндөө асуудал байна. Нийслэлийг нүхэн жорлон бүр хэрчихсэн, ус хөрс өнгөөрөө ч тэр, гүнээрээ ч тэр асар их бохирдсон. Энэ болгоноо мэдэж байх ёстой.

-ЛАБОРАТОРИД ХҮНС ШИНЖЛЭХДЭЭ МЭДРЭХҮЙН ҮНЭЛГЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХИЙДЭГ -

-Хорт хавдар гэдэг өвчин монголчуудын дунд харанга дэлдэж байна шүү дээ. Бид юуг анхаарах ёстой вэ?

-Генийн гэмтэл шүү дээ. Өөрөөр хэлбэл таны үс, нүдний өнгө, биеийн өндөр гээд бүх юмыг чинь хэдхэн амин хүчил кодлож байдаг. Таны нэг эс амьдралынхаа турш хэд хуваагдахыг хүртэл кодолсон байдаг. Тэр хэсэг өөрөө гэмтвэл эс хязгааргүй хуваагдаж, хавдар үүсдэг. Хорт бодис, шим бодис хэтрүүлж хэрэглэснээс үүссэн таргалалт, шим бодисын дутагдал, цацрагийн хэрэглээ, рентген туяа, хэт ягаан туяа үүсгэгч гол хүчин зүйлс нь. Хавдар удамшдаг. Формальдегидийг сайн ариутгадаг бодис гээд 100 жил хэрэглэчихсэн. Өнөөдөр бидний үе дээр хавдрын тохиолдол олон байгаа нь өмнө нь хэрэглэж ген нь гэмтэж удамшаад 3 4 дүгээр үедээ илэрч байхыг үгүйсгэхгүй.

-Эцэст нь та уншигчдад хандаад юуг хэлэх вэ?

-Хүмүүс хүнс худалдаж авах болгондоо шинжилгээ хийлгэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр эх сурвалжаа нягтлах хэрэгтэй. Мэдрэхүйн эрхтний үнэлгээ маш чухал. Лабораторийн шинжилгээнд ч мэдрэхүйн эрхтний үнэлгээг хамгийн түрүүн хийдэг. Өнгө, үнэр, амт нь ямар байна. Хугацаа нь хэзээ үйлдвэрлэж, хэдийд дуусах вэ гэдгийг нягтлах хэрэгтэй. Зохистой, зөв хооллолт гэдэг нь тухайн хүндээ л зөв болохоос биш нийтээр дагаж мөрдөх нь өрөөсгөл. Органик хүнс гээд ярьдаг. Илүү цэврийг илэрхийлж байгаа болохоос биед сайн гэсэн үг бас биш. Энэ бүхнийг ялгаж, салгаад ойлгочихсон байхад хүнс талдаа стрессгүй, айдасгүй амьдарна.

Ярилцсанд баярлалаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

100 жилүү????

Зочин
Зочин

Тэр мах яасан байх нь уу. Форм�##�ьдгидены ямар юмны нөлөөгөөр манайхан хорт хавдар тусаад байгаам бишийн биш үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сайн уншаач ээ. Хэлээд өгч байхад ойлгохгүй иймэрхүү хүмүүс л элдэв яриа тараагаад байна

Зочин
Зочин

Тамхи хамгийн их хортой юм бна шдэээ бурхан минь

Зочин
Зочин

Маш их хэрэгтэй мэджэлэо бна баярл�##�ааа

Зочин
Зочин

Мэргэжлийн хүний ийм мэдээлэл маш их дутагдаж байна. Монголчууд ховын үгэнд итгэж бие биедээ цуу яриа их тарааж байна

Зочин
Зочин

Мэргэжлийн хүний ийм мэдээлэл маш их дутагдаж байна. Монголчууд ховын үгэнд итгэж бие биедээ цуу яриа их тарааж байна

Холбоотой мэдээ

Back to top button