Цагдаагаас тоглолтоос өмнө "Ice top" хамтлагийнхныг дуудаж уулзжээ

26 жилийн ойн тоглолтоо /2022.06.18/ цэнгэлдэх хүрээлэнд хийсэн "Ice top" хамтлагийн гишүүнээс мансууруулах бодис илэрч, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсээс баривчилсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд анхаарлын төвд байлаа.
Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр тоглолтын үеэр цагдаагийн байгууллага хэв журмыг сахиулан ажилласан. Мөн Хар тамхитай тэмцэх газраас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 20 хүнээс биологийн шинжилгээ авсан. Улмаар гурван хүнээс хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрсэн. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Харин ICE TOP хамтлагийн дуучдаас буюу тоглолт зохион байгуулагчдаас хар тамхи илрээгүй хэмээж буй юм.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн байгууллагаас тоглолт болохоос гурав хоногийн өмнө "Ice top" хамтлагийнхныг дуудаж уулзсан байна. Ингэхдээ хар тамхины асуудал гаргаж болохгүй шүү хэмээн анхааруулж, сэрэмжлүүлээд явуулсан гэх мэдээлэл байна.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.