Ярилцлага

Б.Баярмаа: Гадуур явахдаа нүүр, биеийн ил гарсан хэсгүүдэд нарны хамгаалалттай тос түрхэх шаардлагатай

Ургамлын болон нарны харшлын “идэвхтэй үе” эхэлж байгаатай холбоотойгоор сэргийлэх арга зам болоод илрэх шинж тэмдэг, эмчилгээний талаар “Арьс өвчин судлалын үндэсний төв”-ийн Поликлиникийн тасгийн их эмч Б.Баярмаатай ярилцлаа.

ХҮНСНИЙ ХАРШИЛ ИХЭВЧЛЭН ХҮҮХДҮҮДЭД ИЛЭРДЭГ

-Ихэвчлэн ямар төрлийн харшлууд зонхилон тохиолддог вэ?

-Амьсгалын замын харшлын хувьд ургамлын тоос тоосонцрын харшлын өвчин, гэрийн тоосны хачгийн харшил элбэг. Арьсны харшлын өвчнүүдийн хувьд чонон хөрвөс, хордлого харшлын дерматит, нарны харшил зэрэг зонхилдог.

Зун илэрдэг харшлын төрөлд ургамлын болон нарны харшил элбэг. Манай улс зуны саруудад нарны эгц тусгалтай учраас  нарны харшил их тохиолдож байгаа. Наранд удаан хугацаагаар байснаас болоод арьс улайх, загатнах шинж тэмдэг илэрч, цэврүүтээд тууралт үүсдэг. Гадуур явахдаа нүүр болон биеийн ил гарсан хэсгүүдэд нарны хамгаалалттай тос түрхэх шаардлагатай.

Ургамлын харшил дөрвөн сараас идэвхждэг. Ямар ургамлын харшилтай байна гэдгээс хамаараад хүн бүрт эмнэлзүйн шинж аль саруудад илрэх нь тодорхой болдог. Тухайн сардаа харшилж буй ургамал нь цэцэглэж, нахиалах, тоосоо гөвөх үед хамар битүүрэх, нүднээс нулимс гоожих зэрэг шинжүүд илэрдэг.

-Хүүхдүүдэд ямар төрлийн харшил их тохиолдож байна вэ?

Хүнсний харшил ихэвчлэн хүүхдүүдэд илэрдэг. Сүүлийн үед ургамлын харшил их илэрч байна. Ургамлын харшилтай бол гурван сараас өмнө сорилоо тавиулаад дөрвөн сараас вакциндаа тогтмол хамрагдвал шинж тэмдэг бага илэрнэ. Жил бүр давтаж хийлгээд байвал илрэх шинж багасдаг. Нарны харшил зундаа их илэрнэ.

-Амралт зугаалгаар хөдөө нар салхинд явахдаа харшлаа сэдрээхгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Нарны харшилтай хүмүүс эхний ээлжинд нарнаас халхлах том саравчтай малгай, урт нимгэн даавуун бээлий болон биеийн аль ч хэсэг ил гарахааргүй хувцас өмсөх хэрэгтэй.

Ургамлын харшилтай хүмүүс шинж тэмдэг илэрсэн сардаа эмчид үзүүлээд зааврын дагуу эмчилгээ хийлгэнэ. Харшилтай эсэх нь тодорхой болчихсон хүмүүст манай эмнэлэг дөрвөн сараас эхлээд ургамлын харшлын эсрэг вакцинд хамруулдаг. Вакцинд хамрагдсан хүмүүс маань зуны туршид цацлага байдлаар хэрэглэнэ. Эсвэл Антиполин, сийвэн, плазмаферез зэрэг эмчилгээнүүдэд хамрагддаг.

-Ургамлын харшлын эсрэг вакцин яаж хийлгэх вэ? Хориглох заалт бий юу?

-Гурван сард сорилоо тавиулна. Сорилыг зургаан наснаас доош, 75-аас дээш насны хүмүүс, хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд, уушгины багтраатай хүнд хориглох заалттай. Шаарлагад нийцсэн бол харшил илэрснээс хойших сүүлийн 72 цагт харшлын эсрэг эмчилгээ эм тариа хэрэглээгүй, арьсан дээр тууралтгүй үед сорил хийлгэж болно. Дөрвөн сараас вакциндаа тогтмол хамрагдвал шинж тэмдэг багасна.

   ХАРШИЛ ДАРХЛААНЫ ТОГТОЛЦООТОЙ ХОЛБООТОЙ УЧРААС                                    ОГТ ЭДГЭДЭГГҮЙ

-Өрхийн эмнэлэг дээр харшил эмчилдэг үү?

-Өрхийн болон сум дүүргийн эмч нар ургамлын харшил илэрсэн тохиолдолд  “Харшлын цацлага” байдлаар шинж тэмдгийн эмчилгээг хийдэг.

-Харшил болон хамрын ханиад хоёроо ялгахгүй буруу эмчлэх тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Харшлын шинж тэмдэг хамрын ханиадтай төстэй. Эхний ээлжинд шинж тэмдгээрээ ялгарна. Ханиад нь эмнэлзүйн хордлогын шинжээрээ буюу ядрах, сульдах, хоолонд дургүй болох зэргээр ялгардаг.

Ургамлын харшил байвал нүднээс нулимс гоожих, хамар битүүрэх зэргээр харин нарны харшил нь тууралт гардаг. Биед тууралт гарсан тохиолдолд эмчид үзүүлэх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд эмчилж болохгүй. Өрхийн эмчдээ үзүүлээд зөвлөгөөний дагуу эмчилгээнд хамрагдана.

-Голионы бэлдмэл хэрэглэх хэр үр дүнтэй вэ?

-Манайх /АӨСҮТ/ царцааны бэлдмэлийг зөвлөдөггүй. Харшлын үед бид үндсэн эмчилгээгээ зөвлөнө.

-Харшлаа сэдрээхгүй байх аргуудаас та уншигчдад маань зөвлөнө үү?

-Харшил дархлааны тогтолцоотой холбоотой учраас огт эдгэдэггүй. Хамгийн гол нь дархлаа тогтоно гэж байхгүй учраас өөрийгөө хамгаалж, аль болох харшил өгч буй ургамалтай газраар явахгүй байх чухал. Нарны харшилтай бол нарны тос тогтмол түрхэх. Хурц наранд гадуур гарахгүй байхыг анхаарах шаардлагатай.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Гэрэл зургийг: Ч. ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button