Улс төрийн шийдвэр гарлаа, харин тэднийг томилох үйл явц хэрхэн өрнөх вэ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, улс төрийн шийдвэрүүд гаргалаа.
Тухайлбал,
- Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад
- Б.Дэлгэрсайханыг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад
- Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдад тус тус томилох саналыг дэмжлээ.
Энэ нь томилчихож буй хэрэг биш. Эрх баригч нам өөрийн онцлог тогтолцооны хүрээнд саналыг хэлэлцсэн, нэгдсэн улс төрийн шийдвэрт хүрч буй.
Харин одоо томилогдох үйл явц тус тусдаа өөрийн хуулиар явна.
Тухайлбал, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нарыг сайдад томилоход Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, дараа нь УИХ-д танилцуулна.
Харин Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилохын тулд НИТХ-аас нэр дэвшиж ирэх ёстой. НИТХ-аас олонхын бүлэг нэр оруулж ирдэг журамтай. Иймд одоо МАН-ын УЗ дээр гарсан шийдвэрт НИТХ дахь МАН-ын бүлэг хайрцаглагдаж, Х.Нямбаатарыг албан ёсоор нэр дэвшүүлнэ гэж ойлгогдож байна.
Үүний дараа Ерөнхий сайд хэн нэгэнтэй зөвшилцөж эвсэл танилцуулалгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд, тав хоногийн дотор батламжлах юм.
Гэхдээ Х.Нямбаатарын хувьд УИХ-ын гишүүн нэгэн тул эхлээд гишүүнээс чөлөөлөгдөх ёстой. Тэгэхээр томилохын урд энэ үйл явц ч өрнөх ёстой.
Өнөө орой НИТХ хуралдаж, Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх чигтэй байна.
Харин,
- Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх
- Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нарыг танилцуулах хоёр үйл явц УИХ-ын чуулганы хуралдааны хүрээнд өрнөнө.
УИХ-ын ээлжит бус чуулган зарлах, эсвэл пүрэв, баасан гарагийн ээлжит хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б.Энхбаяр чинь БЗС -с зээлсэн зээлээ төлчихсөн гэж байна ш дээ. Сайн байна. Бусдаараа бол ямар нэг асуудалгүй байх өө.
Хулгайчуудыг хяргаад өг. Илдний ир хурц байх болтугай.