Шинэ жилээр "Цөмөөхэй" жүжиг болно: Хамгийн залуу "Про" театрын ялгарал юу вэ?

П.Чайковскийн хөгжмөөр бүтсэн шинэ жүжиг ирэх арванхоёрдугаар сард тоглогдоно гэхээр эрхгүй догдолж байна.
Энэ бол Германы алдарт үлгэрч Э.Хоффманны “Цөмөөхэй” юм. “Цөмөөхэй” ер балет хэлбэрээр дэлхийн, тэр дундаа Монголын үзэгчдэд илүү танил. Тэгвэл “Про” театрынхан шинэ оныг угтаж, “Цөмөөхэй”-г жүжиг болгон амилуулахаар нэгэнт шуударчээ.
“Про” театр үүний өмнө В.Хюгогийн “Инээмтгий хүн” зохиолоор жүжиг тавьсан. ОХУ-д хүүхэлдэйн театрын жүжигчнээр суралцаад ирсэн залуус “Про” театрыг үүсгэн байгуулсан юм. Тийм ч учраас тэдний ялгарал бол хүүхэлдэйн театр суурьтай, визуаль эффект дүүрэн, ер уйдаахгүй, төсөөллийн баян тансаг хэллэгүүдтэй байна гэдэг нь “Инээмтгий хүн”-ээс илэрхий тод ажиглагдсан.
Монголд өөр өөрсдийн ялгаралтай хувийн театрууд олноор байгуулагдаж, үзэгчдэд театрын сонголт бий болж эхэлж буй эгзэгтэй цаг мөчийг бид бүгдээр туулж байгаа. Энэ дунд хамгийн залуу төлөөлөл нь “Про” театрынхан юм. Өмнө нь “Инээмтгий хүн”-ийг зөвхөн үзэгчийн суудлаас үзсэнээс гадуур өөрийн гэсэн хэлэмжтэй, нэн тод тэдний залуу уран бүтээлчидтэй уулзан ярилцах боломж тохиогоогүй сэн.
Энэ удаа “Цөмөөхэй”-г бэлтгэж байх үед нь “Про” театрын захирал, “Цөмөөхэй”-н Ерөнхий найруулагч Б.Анхбаатар болон Ерөнхий зураач Б.Билгүүн нартай ярилцлаа.
“Про” театрыг 2010-2014 онд онд ОХУ-ын Санкт-Петербургийн Театр урлагийн академыг хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр төгссөн зургаан залуу үүсгэн байгуулжээ. Одоо тэд 13-уул бөгөөд “Сити” их сургуулийн залуу төгсөгч нартай хамтарч байна.
Б.Анхбаатарын хувьд “Нас явах хэрээр төрсөн нутагтаа юм хийх ёстой мэт санагдаад л театраа байгуулсан. Хэзээд ч доороос эхлэх хойно, нэг жилийн өмнө ч болов эхэлж байя гээд” хэмээлээ.

-Яагаад энэ удаа “Цөмөөхэй” вэ?
-Шинэ жилд зориулсан бүтээл хийх даалгавар өөрсдөдөө өгсөн байсан. Харин үүнд хамгийн ихээр тохирох нь яах ч аргагүй “Цөмөөхэй” юм байна гэж шийдсэн. Нөгөө талаар Монголд Э.Хоффманны тухай мэдэх хүн цөөн. Бид анх удаа “Цөмөөхэй”-г Э.Хоффманны үндсэн үлгэрээр тавьж байна. Энд Цөмөөхэй яагаад Цөмөөхэй болсон түүх өгүүлэгдэнэ. Зохиол дээр би болон манай туслах найруулагч О.Минжинсор ажилласан.
-Хүмүүс балетаар нь сайн мэднэ. Хүүхэлдэйн киног нь үзсэн багачууд бас байдаг байх. Харин жүжиг гэхээр юугаараа бидний төсөөллөөс өөр байх вэ?
-Бид мөрөөдлийн ертөнц, тэр дундаа хүүхдийн фантаазлах чадвар, тэр хувь ертөнц ямар чухлыг эргэн сануулахыг зорьсон. Хүүхэд тоглоомоор тоглох үед, тэр тоглоомоо амьд юм шиг санаж, өөрийн гэсэн төсөөллийн ертөнцийг үүсгэдэг шүү дээ. Харин орчин үед тэр боломж багасаж, гар утас үзэж, бэлэн ертөнцөд автаж байна.
Э.Хоффманн өөрөө ч өвгөжөөр болсон хойноо хүүхдийн ертөнцөөр амьдарч чаддаг, хуульч мэргэжилтэй ч хөгжим ч зохиодог нэгэн байж.
Фантаазална, төсөөлнө гэдэг нэг талаар хүн байхын утга учир шүү дээ. Иймд хүүхэдтэйгээ тоглохоос битгий цааргалаач, гар утас өгөхийн оронд тоглоомоор нь хамт тоглооч гэж хэлмээр. Хүүхэд энэ жүжгийг үзсэний дараа гэртээ хариад, ямар нэг тоглоом барьж аваад, жаахан ч гэсэн тоглоосой гэж хүсэж байгаа.
Үүнээс гадна, хэллэгийн хувьд хүүхэлдэйн жанрын олон төрийг оруулж өгч байна. Олон янзын хүүхэлдэй болон сонирхолтой эффектүүд ашиглана. Аль болох орчин үеийн хүүхдүүдэд зориулсан, ойлгомжтой, уйдаахгүй, сонирхолтой хэлбэр хийц дээр ажиллаж байна.
-Харин үйл явдлын хувьд?
-Балет хувилбарт нь өгүүлэгддэггүй нэг том бүлэг бий. Түүнийг бид үзүүлнэ.
Нэгэн өдөр хаан гүнждээ зориулж томоохон баяр тэмдэглэхээр шийднэ. Эхнэр нь хиам хийх болж, өөх зүсэж байтал хулгана гарч ирээд жаахныг өгөхийг гуйдаг. Өөхнөөсөө хуваалцтал хулганууд хамаг өөхийг нь идчихдэг. Хатан хаан үлдсэн жаахан өөхөөрөө хиам хийтэл хаанд таалагддаггүй. Ингээд хаан ордон дахь хулганы гэр бүлийг хүйс тэмтэрдэг. Улмаар хулганы хатан хаан уурлаж, гүнжид хараал хийчихдэг.
Хаан хараалыг хариулахын тулд ид шидтэнд хандана. Үүний тулд кракатук самрыг хэзээ ч үсээ авч байгаагүй, маш сайн шүдтэй залуугаар цөмүүл гэдэг. Гол нь тэр залуу цөмж дуусаад долоон алхам ухрах ёстой.
Залууг олно. Гүнж залууд дурлана. Энэ самрыг цөмөөд, миний нөхөр болоосой гэж бодно. Гүнжийн хараал ч тайлагдаж, бөөн баяр боллоо. Гэвч залуу хойш долоо алхаж байтал хулганы хатан хаан хөл доороос нь гарч ирдэг. Ингээд бяц гишгэж алахдаа бүдэрч, маш муухай царайтай цөмөөхэй болж хувирдаг.
Гүнж харин үүнийг хараад, цөмөөхэйг хөөгөөд явуулдаг. Энэ том бүлгийг үзүүлнэ.

-Хүмүүс П.Чайковскийн балетад зориулсан гайхалтай хөгжмүүдээр төсөөлөх байх. Хөгжим дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Бид мэдээж П.Чайковскийг тоглуулна. Зөвхөн “Цөмөөхэй”-д зориулж бичсэнээс гадна бусад хөгжмүүдийг нь ч. Мөн “Silent Night” дууны герман хэл дээрх эх хувилбарыг оруулж буй.
-Ер нь хүүхдийн жүжиг гэж хүлээх үү?
-Гэр бүлийн жүжиг.
-“Инээмтгий хүн” дээр Ц.Төмөрхуяг гуай, Т.Энэрэл хоёр тоглосон нь бас олны анхааралд өртсөн. Олны танил жүжигчин бүтээлийг аваад гарчихдаг тал бий. “Цөмөөхэй” дээр?
-Бидний анхны томоохон бүтээл тул “Инээмтгий хүн” дээр тэгж сонгосон, яах аргагүй бидний шигтгээ болсон. Энэ удаа гэр бүлд зориулсан жүжгийг өөрсдийн бүрэлдэхүүнээр хийж чадах байх гэсэн итгэлийн үүднээс, үндсэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа.
-“Гэм зэм”-ээс хойш театрууд олшрох нь, сонголттой болох нь, сэргэх нь гэсэн хүлээлт үүссэн. Энэ давлагаан дунд “Про” театрын ялгарал юу байх вэ?
-Бидний зорилго бол жилдээ нэг сонгодог бүтээл тавих. Өөрсдийнхөө хэлээр. Бидний давуу тал хүүхэлдэйн театрын жүжигчид. Хүүхэлдэйн театр гэхээр ширээний ард ороод, хуруундаа бээлий өмсөөд ажилладаг зүйл биш юм гэдгийг ойлгуулахыг хүсдэг. “Инээмтгий хүн” жүжиг дээр л гэхэд олон хүүхэлдэй ашигласан. Аль болох визуаль элементүүдийг ашиглана. Бидний хамгийн сайн чадах зүйл нь тэр.
-Ер холын амбиц хэр том бэ. Бусад театруудтай өрсөлдөх, харьцуулагдах агуулгыг хэрхэн хардаг вэ?
-2026 он хүртэлх төлөвлөгөөгөө ерөнхийдөө ярьчихсан байгаа. Энэ бол амбицын багахан илэрхийлэл болов уу. Маркетинг талаасаа эхний жилүүдэд монголчуудад боломжийн хэрээр танил болсон зохиолуудыг барьж авах бодолтой байгаа.
-Холын алсдаа?
-Өөрийн гэсэн театртай, байнга жүжиг тоглогдож байдаг, хүмүүс төлөвлөгөө хуваарийг харж, билетээ захиалж байдаг, ийм орчин үеийн том театр болоосой гэж хүсдэг. Сүүлийн жилүүдэд театрын урлагт өөрчлөлт орж байна. Тэр өөрчлөлтийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь байгаасай гэж хүсэж байна. Эргээд харахад хувь нэмрээ оруулсан байгаасай, түүх үлдээсэй гэсэн зорилготой.
-Ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байна вэ гэсэн асуулт тавигдаж таардаг?
-Анх байгуулсан зургаан хүн маань нийлж, Удирдах зөвлөл гэж байгуулсан. Энэ зөвлөл дээрээ ихэнх юмаа ярьж, гайгүй даваад гарч байгаа. Эхний хоёр бүтээлээ өөрсдийн мөнгөөр босгосон. Машинаа тавиад л, зээл аваад л. “Инээмтгий хүн” дээр Playmo хамтарч ажилласан. Мэдээж урлагийг дэмжих байгууллага олон байван тус дэмтэй л байна.

-“Инээмтгий хүн” дээр магтаал сайшаал олон ирсэн шүү. Та бүхэн яаж хүлээж авсан бэ?
-Мэдээж маш таатай хүлээж авсан. Мөн таван “Муза” хүртсэн маань маш том урам. Бас босго тавигдлаа.
-Сөрөг юм байсан уу. “Энэ хэдэн залуус үүнийгээ болсон л гэж бодож байгаа юм байх даа” гэсэн маягийн. Ялангуяа дээд үеийнхнээс нь?
-Тийм зүйл байсан, байсан. Жүжгийн дундуур босож явцгаах зэрэг. “Та нар нэр шигээ про байгаач” гээд л.
-Тэд нь мэргэжлийн хүмүүс?
-Мэргэжлийн хүмүүс дийлэнх байсан л даа. Үзэгч бол жүжигтээ автаад л гарах болов уу гэж бодож байна. Бид түүн дээр эмзэглээгүй. Заавал бидний муу бас сайныг зэрэг ярих ёстой шүү дээ. Шүүмж их байж, сайн муу холилдох тусмаа хэлэх санаа, хэллэг маань сайжирна.
-Ер нь “Инээмтгий хүн” дээрээс суралцаж, ойлгож авсан зүйл юу байсан бэ?
-Цэвэр өөрсдийн хүч хөдөлмөрөөр яваа хүмүүсийн хувьд маркетингаа сайжруулъя гэж бодсон. Яг уран бүтээлийн тал дээр бид чадах бүхнээ гаргахыг хичээсэн. Иймд “Алдчихлаа” гэсэн юм байгаагүй. Бид яг түүнийг хүссэн.
-Дараагийн бүтээл нууц уу. Хүмүүст “Про” театраас хүлээх хүлээлт үүсэж болох юм?
-Ирэх онд “Шадар гурван цэрэг”-ийг тавихаар бэлтгэж байгаа. Визуаль хийгээд хөдөлгөөнт жүжиг болгож тавина. Бидний амиа өгөх шахан шунан дурлаж суралцсан төрөл л дөө.
-Ер нь яагаад энэ салбарт оров, Орос руу явчхав гэсэн үзэл санааны, хүсэл тэмүүллийн шалтгаанаа яриач?
-Бидний адал явдлууд өөр л дөө. Зарим нь багаасаа Хүүхдийн ордны дугуйланд явсан байх жишээтэй. Би бол анх дизайнер болохыг л хүсдэг байсан. Тэгээд бараг хүүхэлдэй хийх юм байна гэж бодож шалгалт өгч тэнцээд, жүжигчин болчихсон. Харин энэ бол хоолноос илүү үнэ цэнтэй зүйл гэдгийг багш нар маань бидэнд ойлгуулсан. Иймд театр, тайз байхгүй л бол хэцүү санагдаж, өдийг хүртэл гүрийж явна. Эдийн баялагтай ч сэтгэл хоосон байх юм шиг санагдаад л.
-Театрын юу нь тийм үнэ цэнтэй байх вэ?
-Тайзан дээр гараад үг хэлэх хүсэл. Тэр тэмүүлэл байдаг. Заавал нэг юмыг бэлдэж байгаад тайзан дээрээс хэлж, үзэгчдэд хүргэх гэдэг арай өөр нэг мэдрэмж ээ. ОХУ-д долоон жилийн турш байнгын төлөвлөгөөт жүжгүүдэд ажиллаад ирэхээр бас дасал болж л дээ. Гарч ирээд нэг текст хэлэхгүй бол болохгүй санагдаж, бачуураад л.
-Хойно төгссөн нь та бүхэнд юу өгсөн бэ?
-Шал өөр бөгөөд өргөн харах өнцгийг өгсөн. Театр бол зөвхөн өргөн төдий биш зах хязгааргүй юм гэдгийг ойлгуулсан.
Бүх зүйл театрт ашиглагдаж болох юм байна. Нэг хотод 200 театр зэрэг оршин тогтнож болдог юм байна гэдгийг. Театрын урлаг бас хүмүүст маш их хэрэгтэйг ойлгосон. Хүн байхад, хэн нэгнийг хайрладаг байхад. Театрт очиж байж хүн тэр мэдрэмжүүдээ сэргээж байх юм байна гэдгийг ойлгосон.

“Про” театрт одоогоор СУИС төгссөн уран бүтээлч байхгүй. Энэ нь ч нөгөө талаар бас шинэ уур амьсгал бөгөөд давуу тал болж болох юм. Тэд өдгөө “Сити” их сургуульд давхар багшилдаг бөгөөд төгсөгч, одоогийн шавь нартайгаа “Про” театрын ажлууд дээр хамтарч байгаа аж.
Уран бүтээлчдийн хувьд 30-32 насныхан байгаа гэлээ. Харин залуу хамтрагчид нь 23-25 настай.
Мөн нэг сонирхолтой зүйл нь, тэд уран бүтээлийн төлөө их олон талт байдлаар ажилладаг аж. Жишээ нь гэхэд, үүний өмнө “Инээмтгий хүн”-ийг найруулсан Б.Даваасүрэн энэ удаа гол дүр бүтээж байгаа юм байна.
Иймд мөн “Инээмтгий хүн” дээр инээмтгий хүн болсон, энэ удаа ерөнхий зураачаар ажиллаж байгаа Б.Билгүүнтэй товч ярилцаж амжлаа.

-Та бүхэн их олон талт ажиллаж байгаа юм байна. Өмнөх найруулагч энэ удаа гол дүр. Та гол дүр байсан бол энэ удаа зураач, бас дахиад жүжигчнээр. Өмнөх зураач одоо найруулагч гэх юм. Энэ юуных вэ?
-Бидний анхны мэргэжил бол жүжигчин. Дараа нь өөр өөр газруудад найруулагчаар сурцгаасан. Боломж нь гэх үү, шаардлага нь гэх үү, хүсэл нь гэх үү байгаад байгаа.
Зураачийн хувьд гэвэл, манайд тайзны зураачийн мэргэжилтэй хүн их ховор л доо. Хоёрт, бидний төгссөн мэргэжил хүүхэлдэйн театрын жүжигчин. Тийм болохоор оюутан байхдаа бараг бүх юмаа өөрсдөө хийдэг байсан. Адаглаад даавуу авчраад хайчилж, будаж, зүүж, наагаад л. Хүүхэлдэйгээ ч өөрсдөө хийдэг, тийм хичээл ордог байсан. Иймд зураачаар ажиллах туршлага бүрдсэн гэх үү дээ. Бас нэг юм гэвэл, бид оюутан цагаасаа хамтдаа ажиллачихсан, нэгнээ ойлгодог болсон.
-Мэргэжлээ өмчилдөг хандлагыг юу гэж боддог вэ?
-Би тэгэх шаардлагагүй гэж боддог. Би одоо “Сити” их сургуульд багшилдаг. Гэхдээ мэргэжлийн бус жүжигчид тоглоход татгалзаад байдаггүй. Царай, өгөгдөл, бие хаа нь буюу материал нь яах аргагүй таараад, болж байгаа үед болохгүй юм байхгүй. Мэргэжлийн хүнд бол ажилдаа хандах хандлага нь арай ондоо л доо.
-Ер нь орчин үед юм холимог болж байна л даа?
-Тийм шүү. Биднийг оюутан байхад бол бүх юмаа өөрсдөө хийж сур л гэж сургасан.
Хуучин бол жүжигчин хүн өрөөндөө орж ирээд текстээ л уншдаг бол өнөө цагт бүх юмаа хийдэг болсон. Кинонд ч тоглоно. Энэ малгайг гэхэд Б.Даваасүрэн хийсэн. Тэр цаг эргээд, нөгөө талдаа мини хүүхэлдэйн театр болчихдог. Харин таньдаг, таньдаггүй зураачтай хамтарч ажиллаад үүнийгээ тайлбарлая гэхэд ойлгох уу, үгүй юу. Бидний зүгээс “Ингэдэг, тэгдэг байх хэрэгтэй” гэж маш их юм шаардана шүү дээ. Манай конструктр зураач өөрөө гарын дүйтэй жүжигчин хүн. Тийм болохоор санаагаа давхар илүү ойлгож байгаа хэрэг.

Бидний хувьд цаашид ч байнга ингэж явна гэсэн үг биш л дээ. Шинэ залуу театр болохоор хөрөнгө хүч муутай. Ийм учраас бас аль болох өөрсдөөрөө болгож байгаа.
-“Цөмөөхэй” дээр таныг зураачаар яагаад тохирно гэж үзсэн бэ. Таны ямар хувь онцлог уялдаж байгаа бол?
-Би их сайн биш ч зурах дуртай хүүхэд байсан. Мөн оюутан байхдаа хэрэглэл юмаа өөрөө оёж, зурж буддаг, оролддог байсан л даа. Энэ жүжиг дээр нэг зураач бодож байсан ч ажил нь амжаагүй. Иймд манай хэд санал тавьсан. Анхандаа айсан. Олны хүч байна, болох байх гэж бодсон.
Ингээд дүрүүдийн нүүр будалт, тайз гээд л ихэнх зүйлээ нүдэндээ бага багаар харж эхэлсэн. Би зураач гэхээр мундаг зураад, урлаад байхдаа биш. Зохион байгуулалтын болон удирдлагын ихэнх ажилд оролцож байгаа гэсэн үг.

“Про” театрынхан ингэж олон талт, уран бүтээлийн төлөө шатаж ажилладаг болохоор цаг заваа илүү зарцуулж байгаа нь мэдээж.
Биднийг ярилцаж суухад үйлдвэрлэлийн процесс тасралтгүй үргэлжилж, энд ч мод хөрөөдөж, тэнд ч юм хадаж сонсогдоно. Энэ жүжигт 100 гаруй цасан бөмбөлөг хэрэглэгдэх бөгөөд түүний үйлдвэрлэл дээр л гэхэд бүх хамт олноороо сая нэг хэсэг ажиллажээ.
Бүгд урдах ажилдаа төвлөрч, эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж байгаа тул мод хөрөөдөх чимээг болиулахыг хүссэнгүй, тэр чимээнд нь ярилцлагаа үргэлжлүүлэн дуусгах илүү таатай санагдаж байлаа.
Тэндээс гэнэт нэг нь “Мань нь үхэх гээд байх шиг байна аа” ч гэж сонсогдох. Б.Билгүүний хувьд “Хэчнээн цаг наргүй ч бид дургүй биш дуртай зүйлээ л хийж байгаа хэрэг” гэлээ.

-Найруулагчаас асуусан, танаас бас асууя, ер нь театр байгуулаад явж байгаа нь ямар чин зорилготой болохоор тэр вэ?
-Хамгийн түрүүнд би өөрөө дуртай байгаа хэрэг. Гэр бүлийнхнээсээ зөрөн зөрөн энэ мэргэжлийг сонгосон. Дуртай зовлонгоороо зовохыг жаргал гэнэ гэдэг шүү дээ. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрт, урлаг уран сайхныг түгээх буюу хэлэх санаа, хүнд хүргэх мессеж бүрийг авч задалж, дэлгэрүүлж, бүтээл болгоно гэдэг маш том үйл хэрэг. Үзсэн хүн нэг юм бодоод, эсвэл бодох ч албагүй таашаал аваад, эсвэл дурсамж бүтээгээд гарна, энергийн солилцоо явуулна гэдэг эргээд том мотивац болдог.
-Дуртай болохоор.
-Тийм. Аймаар попорч, хүүхдэд хэрэгтэй болохоор энэ тэр гэж хариулахгүй ээ. Нэгт хувь хүн маань дуртай учраас л тэр.
-Дуртай байгаагаа яаж мэдэх үү?
-Дуртай байгаагаа яаж мэдэх үү... Өөрөөр асуу даа.
-Яаж таньж мэдэх вэ. Мэдэрсээр байж өөр зам сонгож алддаг санагддаг л даа, олон хүн. Харамсалтай санагддаг. Тийм хүмүүст чиг болж мэдэх юм гээд?
-Хүнд ер нь хэрэгтэй юмаа сонгох уу, хүссэн юмаа сонгох уу гэдэг хоёр сонголт л байдаг шүү дээ. Цагаа тулахад хэрэгтэйгээ л сонгох шаардлагатай болдог. Хүссэнээ сонгох боломж тэр бүр таардаггүй. Би мэргэжил дээр бол хүссэнээ сонгочихсон. Одоо үүнийгээ хэрэгтэй болгож амьдрах гэж хичээх хэрэгтэй байх. Тэгэнгүүт, яаж мэдэх вэ гэсэн үү. Цаанаасаа сонирхол төрөөд байгаа. Дунд нь мэдэхгүй, чадахгүй үе таарах ч нэмж суралцаад даваад гарахад илүү сайхан байдаг. Залуу байна, туршлага бага. Гэхдээ нэмж суралцаж, аль болох хөгжих сонирхолтой. Тэр нь сайхан.

Театр бүр нэг сэдэв, нэг өнгө төрх, нэг хэллэгтэй байх аргагүй бөгөөд тэгэх ч ёсгүй. Харин бусдын үзүүлж чадахгүй, өөрсдийн онцлогт тохирсон төрөл, хэлбэрээр дагнах хэрээр театрын соёл бий болдог.
“Про” театрын хувьд онцлог нь мөнөөх хүүхэлдэйн театрын суурь юм.
Оюутан байхдаа хүүхэлдэй төдийгүй бусад хувцас, хэрэгслүүдээ ч өөрсдөө хийдэг байсан туршлагадаа үндэслэн, тэд Монголд төдий л ойлгогдоогүй байгаа хүүхэлдэйн театрын сонирхолтой элементүүд дээр ийнхүү ажиллаж байна.
Хэрэв өмнө нь “Инээмтгий хүн”-ийг үзсэн бол уйдах бөгөөд бодох завгүй сонирхолтой, хүчтэй өрнөлүүд, хэллэгүүдийг нь анзаарсан байж таарна. Дэлгэцийн урлагт график хийцлэлээр илэрхийлэгддэг тийм төсөөллийн элементүүд тайзан дээр биежнэ гэдэг ихээхэн натурал шинжтэй, улмаар ч хүний сэтгэлд илүү хүчтэй, гайхалтай тусдаг онцлогтой.

“Гэгээн муза” наадмаас “Инээмтгий хүн” жүжиг таван номинац хүртсэн нь тэдэнд тавьсан дүн юм.
Харин одоо шинэ жилийг угтаж, “Цөмөөхэй”-гөөр тэдэнтэй уулзъя. Хүүхдийн, эсвэл гэр бүлийн жүжиг гэж элит хандлага гаргах шаардлагагүй ч биз. Төсөөллийн ертөнцийн асуудалд тулж ирвэл хүүхэд, том хүний ялгаа гэж байхгүй болох билээ.
Жүжиг ирэх сарын 9-нөөс үзэгчдийн хүртээл болно.
Уран бүтээлчид:
Ерөнхий продюсерээр СТА О.Итгэл,
Продюсер: Б.Амарравдан
Ерөнхий найруулагчаар Б. Анхбаатар,
Ерөнхий зураач Б. Билгүүн
Хөдөлгөөний найруулагч: СТА Д.Энхбаатар
Контент бүтээгч: Э.Энхбадрал, Э.Жавхлантөгс
Нүүр хувиргагч: Д.Оюундэлгэр, А.Энхсаруул
Конструктор зураач: Б.Золбоот
Хувцасны зураач: М.Баярмаа
Туслах найруулагч: О.Минжинсор
Гэрлийн опиратор: Т.Тэгш-Алдар
Дууны оператор: Э.Сүмбэ
Сити их сургуулийн оюутнууд
Дүрүүдэд:
Щелкунчик: З.Булган
Мари: Э.Буд-Эрдэнэ, Б.Даваасүрэн
Хулганы хаан: СТА О.Итгэл
Фриц: А.Билгүүн, Т.Тэгш-Алдар
Дроссельмейер: М.Төгөлдөр, Б.Билгүүн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.