Н.Хасар: Либертаричууд биш неомарксист бүлгэмүүд бэлгийн цөөнхийн эрхээр улс төрийн активизм хийдэг

2023.12.14-нд нийтлэгдсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.
Либертари намын удирдах зөвлөлийн гишүүн, “Мизес Монгол” ТББ-ын судлаач Н.Хасартай ярилцлаа. Тэдний ажиллуулдаг “Mises Mongolia” нэртэй Фэйсбүүк дэх хуудсын бичвэрүүд ч олны анхаарлыг татдаг юм.
-Уг нь танай нам их хурлаа хийж, УДШ-д хүсэлтээ өгсөн ч бүртгээгүй гэж сонслоо?
-Улс төрийн намын тухай хуулиас гадна Улсын дээд шүүхийн улс төрийн намын бүртгэл хөтлөх журам гэж байдаг юм байна. Хуульдаа бол нам байгуулахын тулд 801-ээс доошгүй гишүүний гарын үсгийг цуглуулж, бүртгүүлэх хүсэлтээ өгнө гэж заасан. Харин УДШ 2022 онд шинэ журам баталж. Түүндээ 801-ээс илүү байвал бас бүртгэхгүй гэж заажээ.
Иймд манай хүсэлт түдгэлзсэн. Бид одоо бүртгүүлэх хүсэлтэд хавсаргасан гишүүдийн листэнд байгаа хүмүүсийн тоог яг 801 болгоод УДШ-д дахин хүсэлт гаргасан байгаа. Хэт олон хүн болчихоор мэдээлэл бүрийг судлах зардал өндөр тусдаг гэж тайлбарласан видеог УДШ вэб сайтдаа оруулсан байсан. УДШ-ийн зардалд нийцүүлж л нам байгуулах юм шиг байна.
-Хоёулаа өнөөдөр нам нэг их ярихгүй. Гэхдээ бүртгээгүй гэхээр нь юутай ч эхэнд нь тодруулъя гээд.
-Хууль давсан журам батлагдсан л болж таарлаа. Гэхдээ энэ асуудал их ярвигтай. Монгол улсад хуульд зөвхөн Улсын дээд шүүх тайлбар хийдэг.
Төртэй хавсарч, давуу байдал үүсгэдэг том корпорациудыг хувийн хэвшил гэхгүй. Ийм хандлагыг либертаричууд шүүмжилдэг
-Би тантай улс төрийн зүүн, барууны үзлийн талаар дэлгэрэнгүй ярилцъя гэж уулзаад байна. Либерализм гэхээр нөгөө неолиберализм буюу хөгжиж буй орнуудад орж ирээд уул уурхайг нь дээрэмддэг, мөнгө санхүүгийн системээр дамжуулан өрөнд оруулдаг гэлцдэг өнцгөөр харах хэсэг бий. Нөгөө талаас, жендерийн тэгш байдал, бэлгийн цөөнхийн эрхийг ярьдаг хүмүүсийг либералууд буюу барууныхан гэж ихэнх нь ойлгоод байгаа. Гэтэл гүндээ нэг л тийм биш болоод явчихлаа?
-Либерал гэдэг үг өөрөө бантан болсон. 18-19-р зуунд шашны үзэл санаа уналтад орсны дараа улс төрийн идеологиуд гарч ирсэн. Хуучин дэглэм (ancien régime) буюу шашны үзэл санаанд тулгуурласан аристократуудын эрин үе төгсөж, улс төр массад тулгуурлах болсноор шинэ үзэл санаанууд төрөн гарсны анхдагч нь либерализм гэж үзэх нь бий.
Либерализм нь анхандаа индивидуализм, хувь хүний эрх чөлөөг ярьдаг байсан бол 20-р зуунд энэ үгийн утга санаа нь бүхэлдээ өөрчлөгдсөн. ОХУ-д фашист шахуу мөртлөө либерал-ардчилсан нэртэй нам байж байна. Лидер нь талийгаач Жириновский. Японд консерватив үзэл баримтлалтай мөртлөө “Либерал ардчилсан нам” нэртэй нам байгаа. Энэ маягаар либерал гэх нэршил ер нь утгаа алдсан.
Харин 20-р зууны хоёрдугаар хагаст сонгодог либерализмыг сэргээе гэсэн хүмүүс либертари гэдэг нэрийг хэрэглэх болсон. Америкийн эдийн засагч, философич, түүхч, орчин цагийн либертари үзлийг үндэслэгч Мюррей Ротбард хуучин цагт анархист социалистуудын өөрсдийгөө нэрлэдэг байсан либертаризм гэх нэршлийг сонгодог либерализмын орчин үеийн контекстэд нийцүүлж, шинэчлэн сайжруулсан.
Тэгэхээр өнөө үед бид либерали, либертари гэсэн хоёр “үг”-ийг ялгах ёстой. Өнөөдөр АНУ-д бол либерал гэвэл зүүний социалист үзэлтэй хүмүүсийг хэлнэ. Гаднын улсуудад интервенц хийдэг, бусад улсуудын дотоод асуудалд ардчилал түгээх нэрээр оролцдог эдгээр зүүнтнүүд өөрсдийгөө социал либерал гэж нэрлэдэг. Америкийн Демократ намынхан гээд шууд ойлгочихож болно. Харин сонгодог либерализмын үргэлжлэл бол либертаризм.
Мөн адил жендерийн тэгш байдал, бэлгийн цөөнхийн эрхийг ярьдаг хүмүүс бол эдгээр зүүнтнүүд. Зүүний үзлийн гол шинж чанар нь тэгш байдал шүү дээ. Баруун жигүүрийн либертариуд бол тэгш байдлын тухай ярихгүй. Байгаль дээр угаас тэгш юм гэж байхгүй гэж үздэг. Харин жам ёсны эрэмбэ гэж байх ёстой гэдэг. Тэр эрэмбийг төрөөс ч юм уу хүчээр тулгасан байж болохгүй. Авьяас чадвар, өрсөлдөх чадвар гэдэг юмаараа аяндаа тэр эрэмбэ тогтох ёстой гэж үздэг.
Нөгөө талаас, том корпорациуд орж ирээд хөгжиж буй орнуудын хамаг юмыг хямд авдаг, цөлмөдөг гэдэг чиний яриа үнэн. Иракт дайн хийлээ, газрын тосны ордуудад нь "Эксонмобил" зэрэг АНУ-ын компаниуд ороод ирэх жишээтэй. Яг үүнийг бол либертариуд шүүмжилдэг л дээ. Төртэй хавсрах байдлаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнөөс мултарч, өөрсдөдөө давуу байдал үүсгэдэг эдгээр том бизнесүүдийг хувийн хэвшил гэж нэрлэж үл болно. Эдгээр том бизнесүүд мөнгөөр улс төрчдийг худалдаж авдаг. Улс төрчид эргүүлээд эдгээр хүмүүст тусгай эрх дарх олгодог. Ийм байдалд орох болсон гол шалтгаан нь төр эдийн засагт хутгалдаж, бүхнийг зохицуулах хязгааргүй эрх мэдэлтэй болсонтой холбоотой гэж либертаричууд шүүмжилдэг.
Төрийн эрх мэдэл хэт өргөжин тэлсэн учраас л бусад улсуудад хүртэл ардчилал түгээнэ, сайхан амьдруулна гэж нэг бол дайн дэгдээдэг эсхүл хөлсний улс төрийн активистуудаараа дамжуулж идеологио тулгаад яваад орчихдог болсон. АНУ-ын неоконуудыг эс тооцвол жинхэнэ консервативууд ч гэсэн бусдын дотоод хэрэгт бүү оролц гэдэг л дээ. Барууны үзэлтэй хүмүүс бол АНУ-ын энэ том бизнес, корпорациудтай хамтарсан, ядуу буурай улсуудад дотоод асуудлыг нь заадаг байдлыг асар их эсэргүүцдэг. ОУВС зэрэг олон улсын байгууллагуудыг бусад улсуудад зээл олгож байгааг ч эсэргүүцдэг. Тухайлбал Аргентин улс олон удаа төлбөрийн чадавхгүй болж дефолт зарлаж байсан боловч ОУВС-ын зээл тусламжаар хүндрэлээс гарах жишээтэй. Үр дүнд нь Аргентинийн төр хэзээ ч хэмнэлт хийж, алдаанаасаа суралцахгүй байсаар үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй эдийн засагтай болж, олон жил стагнацид орох жишээтэй. Энэ маягаар өрнөдийн хөгжингүй улсуудын зүүний үзэл баримтлалтай Засгийн газрууд буурай хөгжилтэй улс орнуудыг ядууралд нь хатаадаг гэж либертаричууд шүүмжилдэг.
Либертаричууд бидний хувьд аливаа нэг улс бусад улсын дотоод хэрэгтэй оролцохгүй буюу нон интервенцийн бодлого баримталж, бусад улс орнуудтай зөвхөн чөлөөт худалдаагаар дамжуулж харилцах ёстой гэсэн үзлийг гадаад бодлогын гол тулгуур гэж үздэг. Улс орон бүр улс төр-эдийн засгийн бодлогоо өөрсдөө тодорхойлж бие даасан байдлаа хадгалах ёстой ч гэдэг юм уу. Үүнийг л тусгаар тогтнол гэхгүй бол өөр юуг тусгаар тогтнол гэх вэ дээ. АНУ-ын сонгодог либерал үзэл баримтлалтай үндэслэгч эцгүүдийнх нь АНУ-ын гадаад бодлогын асуудлаарх байр суурь анхандаа ийм байсан. Хожим энэ бүхэн өөрчлөгдсөн хэрэг.

-Тэгэхээр таны болон танай намын үзэл баримтлалыг яг либерал гэж ярьж, бичиж болохгүй юм байна.
-Сонгодог утгаараа буюу 19-р зууны нэршлээрээ бол либерал. Одоо бол 19-р зууны либерализмыг орчин үеийн либерализмаас ялгахын тулд сонгодог либерализм гэж ярих болсон. 20-р зууны нэршлээр бол либертари. Тэр дотроо баруун жигүүрийн палеолибертари үзэл баримтлал гэж бий.
Үүнийг яагаад дурдаж буй гэвэл либертари үзэлтнүүдийн дунд үзэл бодлын зөрүү байгаа. Зүүний либертари, либертари социалистууд гээд либертари үзлийн нэрийг барьсан социалистууд бий. Энэ хүмүүсийг би либертари үзэлтэн гэх ангилалд хамааруулж авч үзмээргүй байна. Бас либертаричуудын дунд өөрсдийгөө улс төрийн спектрумын баруун зүүний жигүүрийн аль алинд нь хамаарахгүй, радикал центризм буюу төвийн үзэлтэй гэж үздэг хүмүүс ч бий.
Миний болон манай намын үзэл баримтлал бол нийгэм-соёлын спектрумын хувьд консерватив, эдийн засгийн спектрумын хувьд сонгодог либерал үзэл баримтлалтай. Ерөнхийдөө баруун жигүүр дээрээ зогсоно. Палеолибертари үзэл гэсэн үг. Либертаризмын хамгийн бодит хувилбар нь палеолибертаризм гэж үздэг хүмүүстэй санал нэгддэг гэх үү дээ.
Ардчилал, хүний эрх, жендер, ЛГБТ яригсад бол иргэний нийгэм биш зүүний активистууд
-За, баруун жигүүрийнхэн хувь хүний эрх чөлөөг дээдэлнэ гэдэг. Тэр утгаар жендер, бэлгийн цөөнх ярих нь барууны үзэл мөн гэж ойлгоцгоодог талтай. Гэтэл биш, зүүнийхэн тэгдэг гэхээр ихэнх хүн цочиж байна л даа. Хөл толгой нь солигдчихож байгаа юм шиг хүлээж авна?
-Эрэгтэй, эмэгтэй хүнийг хуулийн дор тэгш эрхтэй байх ёстой гэдэг үзэл баримтлалаар нь ярих юм бол одоо орчин цагт бараг бүх хүн л феминист шүү дээ. Тэр утгаараа бол би ч гэсэн феминист.
Ер нь либертаричууд хүйсэнд ач холбогдол өгдөггүй. Феминизм гэдэг нэршил бол тодорхой яг таг нэг үзэл санааг нэрлэсэн нэр томьёо биш шүү дээ. Феминизм гэх нэг малгайн дор олон янзын хөдөлгөөнүүд үйл ажиллагаа явуулж байна. Либерал феминизм, марксист феминизм, интерсекшионал феминизм гэх мэт. Бүгд шахуу эрэгтэй эмэгтэй хүний тэгш байдлыг хангах зорилготой гэдэг ч үүнийгээ өөр өөрөөр ойлгож тайлбарлацгаадаг. Ихэнхи нь коллективист байдаг гэдэг нь бол харин үнэн. Тэр ч бүү хэл индивидуалист феминизм ч гэж байдаг. Тухайлбал, халамжийн төр эмэгтэйчүүдийн амьдралд хэрхэн муугаар нөлөөлдөг тухай эдгээр хүмүүс ярьж, төрөөс хүчилж бий болгосон хүйсийн тэгш бус байдлыг үгүй хийхийн төлөө тэмцдэг байх жишээтэй. Үүнийг либертари үзлийн нэг салаа мөчир гэж гээд ойлгочихож болно.
Мэдээж либертаричууд бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш л гэж үзнэ. ЛГБТ хүмүүсийг ч эсэргүүцэхгүй. Хүн ер нь хэнтэй нэг ор хөнжилд орох нь либертаричуудын хувьд огт хамаагүй асуудал.
Харин "Эрэгтэйчүүд бол эмэгтэйчүүдийг дарлан мөлждөг нэг анги бүлэг", "Энгийн хүмүүс ЛГБТ хүмүүсийг дарладаг мөлжигчид" гэх маягаар, өөрөөр хэлбэл неомарксист байдлаар асуудлыг тайлбарладаг хөдөлгөөнүүд байна. Нэг ёсондоо коллективист хөдөлгөөнүүд гэсэн үг. Арьстныг хувааж дайсагналцуулдаг хөдөлгөөнүүд ч байна. Хөдөлгөөнийх нь тэр идеологийг эсэргүүцдэг болохоос хувь хүмүүсийн асуудлыг огт авч үздэггүй. Иймэрхүү хөдөлгөөнүүдийн үзэл баримтлал индивидуализмтай яагаад ч нийцэхгүй гэдэг нь ойлгомжтой.
Энэ хөдөлгөөнүүд дандаа бүлгийн эрх ярьдаг. Ний нуугүй хэлэхэд бүлгийн эрх гэж байхгүй. Эрх, эрх чөлөө гэдэг хувь хүн дээр яригдана. Нийгмийн олонх, цөөнхийн аль алин нь хувь хүн гэх нэгжээс бүрддэг учраас, хувь хүний эрхийг л хөндөхгүй бол аль ч бүлгийн эрхийг хөндөх боломжгүй. Энэ эрэгтэй, тэр ЛГБТ, эсвэл энэ баян гэж хүмүүсийг тодорхой айдентити, онцлог шинжээр нь ангилж ялгаад, эдгээр бүлгүүд нь нэг нь нөгөөгөө дарлаж, хохироож байна гэх мэтээр өөр хооронд нь дайсагнуулсан, ялгаварлан гадуурхсан улс төрийг барууны үзэлтэй хүмүүс хийдэггүй.
-Ийм хөдөлгөөнүүд бас тогтмол санхүүжилттэй яваад байгаа харагддаг л даа?
-Европын холбоо гэхэд 2020-2027 оны хооронд евро бүсээс гадуурх ТББ-уудыг 7 тэрбум еврогоор санхүүжүүлнэ гэсэн төсөв баталсан байна. Үүнд монгол ч гэдэг юм уу, өөр улсуудын олон янзын ТББ нэртэй байгууллагууд хамаарна.
Ихэвчлэн өөрсдийгөө ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгсэд, иргэний нийгмийн байгууллага гэж ярьдаг хүмүүс үнэндээ гадаадын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг, улс төрийн активистууд байдаг. Ер нь зүүний үзлийг томруулаад байгаа шалтгаан нь, төртэй хавсарч ажилладаг том бизнесүүд. Жорж Сорос, Билл Гейтс, Майкл Блүүмбэрг гэх мэт. Элдэв янзын сан байгуулж, активистуудыг асар ихээр санхүүжүүлдэг. Мөн өрнөдийн улс орнуудын зүүний үзэлтэй Засгийн газрууд эдгээр активистуудыг санхүүжүүлдэг. Монголд тухайлбал Канад сан, Фридрих Эбертийн сан гэх мэтийн байгууллагууд активистуудыг санхүүжүүлж байх жишээтэй. Мэдээж активистууд нь нийгмийн бэрхшээлүүдийг төрийн зүгээс шийдвэрлэхийг шаардаж, үүнийгээ хүний эрхийн төлөөх тэмцэл гэж нэрлэдэг. Энэ маягаар тэд төрийн эрх мэдлийг тэлж өргөжихөд тусалдаг.
Зүүний үзэл хүчээ аваад буйн гол шалтгаан нь мөнгө. Эдгээр мөнгийг зүүнтэн төр засгууд болон төртэй хамссан бизнесүүд л гаргадаг. Харин барууны үзэл санаа татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэггүй. Үнэт зүйл нь өөрөө ийм байхыг эсэргүүцдэг. АНУ-д асар олон барууны, либертари ТББ-ууд байгаа. Тэд нарын аль нь ч төрөөс санхүүжилт авдаггүй. Авахыг хориглодог.
Угтаа иргэний нийгэм гэдэг бол албадлагаас ангид, хүний нийгэм дэх эвлэлдэн нэгдэх эрхээрээ нэгдсэн л нэгдэл шүү дээ. Гэтэл манайд ч гэдэг юм уу орчин үед энэ үгийн утга өөрчлөгдөж, санхүүжилт авч активизм хийдэг хүмүүс өөрсдийгөө иргэний нийгэм гэж ярьдаг болчхоод байгаа юм. Сая Төрийн ордонд иргэний нийгмийн байгууллагууд цуглаад, төрөөс мөнгө авах асуудлаар хуралдаад байсан. Эдгээр хүмүүс албадлагын мөнгө аваад эхэлж байгаа учраас иргэний нийгэм гэдэг үндсэн тодорхойлолтойгоо нийцэхгүй л дээ. Халамжийн данхар төрүүд ардчилал, иргэний нийгэм, хууль дээдлэх ёс гэсэн үгсийн үндсэн утга санааг үгүй хийж бүгдийг нь ялзруулж гажуудуулж байгаагийн нэг том жишээ бол энэ.
Сүүлдээ улс төрийн идеологиос ангид, зүгээр л урлаг хүртэх боломжгүй болчихлоо
-Одоо ямар ч төсөл хэрэгжүүлсэн бай жендерийн тэгш байдлыг хангасан байх шалгууртай болчихлоо.
-УИХ-д хүйсээр нь 50, 50 хувийн квот олговол тэр тэгш байдлыг хангаж байгаа хэрэг мөн үү. Ний нуугүй хэлэхэд жендерийн асуудлыг шийдэхэд УИХ-д хэдэн эмэгтэй байх нь ямар ч хамаагүй шүү дээ. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн асуудлыг шийддэг, эрчүүд бусад юмаа мэддэг гэдэг энэ ойлголт чинь харин эмэгтэйчүүдийг доромжилж байгаа юм биш үү. Би бол хувьдаа харин ч эмэгтэйчүүдийг дорд үзэж байна гэж боддог.
Парламентад хэдэн эмэгтэй сонгогдох нь Монголын нийт эмэгтэйчүүдэд, тэдний амьдрал дахь бодит бэрхшээлд ямар ч хамаагүй. Цөөн хэдэн эмэгтэйд л ашигтай хувилбар шүү дээ.
Хууль тогтоох байгууллагад нийгмийн төлөөлөл бүрийг оруулна гэвэл шоронгийн хүмүүсийг ч багтааж болно. Галзуугийн эмнэлгээс ч тэр. Үнэндээ хууль тогтоох байгууллагад хүйсээс үл хамаарч цэвэр өрсөлдөнөөр орж чадвал чадаад, чадахгүй бол чадахгүй л байх ёстой. Хоёрдугаарт, би үүгээрээ эмэгтэйчүүдийг улс төрд өрсөлдөж чадахгүй байна гэж хэлэх гээгүй. Монголд маш чадалтай эмэгтэйчүүд олон байна. Хувийн хэвшилд том СЕО хийгээд л, аль ч шатанд хүчирхэг байж чадаж байна, олон байна. Гэвч миний анзаарч буйгаар тэд улс төр сонирхдоггүй л юм шиг санагддаг. Харин улс төрд байгаа эмэгтэйчүүд нь өөрсдөө өрсөлдөх чадвар муутай харагддаг. Тиймдээ ч квот зүтгүүлдэг мэт санагддаг л даа.
Ер нь бол улс төрчид иргэдийн төлөөлөл гэдэг бол үеэ өнгөрөөсөн гэнэн ойлголт. Таны сонгосон улс төрч таны эрх ашгийг бодитоор хамгаалж байсан тохиолдол байгаа юу? Би танаас энэ асуултыг асуумаар байна. Улс төрчид ихэвчлэн улс төр-эдийн засгийн сонирхлын бүлгүүдийг төлөөлдөг гэж хэлбэл үнэнд нийцнэ. Сонирхлын бүлгүүдийг төлөөлдөг улс төрчид эрэгтэй эсхүл эмэгтэй байх нь үнэндээ улс орны бодит бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд ямар ч падлий байхгүй л дээ. Квот гэх мэтийн сэдэв бол зүүнтнүүд биднийг шийдвэрлэх ёстой бодит бэрхшээлээс маань сатааруулах л гэсэн оролдлого.
-Уг нь энэ хуулийн өмнө л тэгш байх боломжийг бүрдүүлэхийг хэлнэ биз дээ?
-Угтаа тийм. Гэтэл квот тогтооно гэдэг чинь нэгийг нь эерэгээр, нөгөөг нь сөргөөр ялгаварлаж байна гэсэн үг. Эмэгтэйчүүдийг эерэгээр ялгаварлана гэдэг бол эрчүүдийг сөргөөр ялгаварлахын нэр. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш байх тэр зарчмыг эсрэгээрээ устгаж байгаа хэрэг.
-Энэ сэдвийг хөндсөн нь, одоо бүр нийтээр дагаж мөрдөх ёстой жишиг мэт болоод тогтчихлоо л доо. Элдэв төсөлд хамрагдъя, адаглаад хийсэн киногоо олон улсын фестивальд явуулъя гэхээр заавал уур амьсгалын өөрчлөлт, жендерийн тэгш байдал, ЛБГТ хүмүүсийн эрхийг хөндөж байж шалгуурт нь тэнцдэг болчихлоо.
-Холливүүдийн кино гэхэд л заавал нэг хар арьстай юм уу, гей хүн байлгах ёстой гэж байна. Үүнийгээ тэд diversity, inclusion, equity гэж албан ёсоор нэрлэдэг. Тэгш байдлын идеалыг нийгмийн амьдралын бүх л хүрээнд хүчээр тулгаж байна гээд ойлгочхож болно. Сүүлдээ бид улс төрийн идеологиос ангид, зүгээр нэг сайхан стори үзээд, таашаал авах боломжгүй болчихлоо. Холливүүдийн кино тэр чигтээ зүүний үзлийн пропаганда хийдэг болсон.
Анжелина Жолигийн аав гэдгээр нь бид сайн мэдэх жүжигчин Жон Войт нэгэнтээ, “Холливүүд коммунист пропаганда хийсээр унталтад орсон” гэж ярьсан. Мөн Күинтин Тарантино ток шоу хөтлөгч, комепиан Билл Мартай ярилцлага хийхдээ “Бид нар уг нь урлаг хиймээр байдаг. Тэгэхээр л заавал идеологи зүтгүүлээд байх юм” гэж хэлж байх жишээтэй.
Үнэндээ өнөөдөр бид нэг их капиталист чөлөөт зах зээлийн, эсвэл өрсөлдөөнөөр эрэмбэ тодорхойлогддог нийгэмд амьдраад байгаа юм алга. Социалист сэтгэлгээ, социалист улс төрийн бодлого хаа сайгүй нэвчсэн нөхцөл байдалд л амьдарч байгаа. Ер нь хүний хүмүүжлийг зөвхөн эцэг эх тодорхойлно гэж байхгүй. Хүн ихэвчлэн үе тэнгийнхэн, цаг үеийнхээ нөлөөнд автаж хүмүүждэг. Хүн ер нь амьдарч байгаа цаг үеийнхээ бүтээгдэхүүн. Тийм учраас бусад улсуудад явагдаж байгаа трендийг бидний цаг үеийнхэн даган дууриах нь ойлгомжтой байх. Нөгөө талдаа зүүний үзлийг хөгжингүй улсуудын зүүнтнүүд улс төрийн бодлого, энтертайнмент гээд бүх л арга хэрэгслээрээ дэлхий дахинд түгээгээд байна. Таны асуултын хувьд гэвэл бид “Дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа” л хэрэг. Гэхдээ барууны үзэлтнүүдийн реакц сүүлийн үед дэлхийн улс төрд хүч түрж орж ирж байна гэж хэлж болно. Барууны үзэл санаа уналтанд орсон байж болох ч сүйрсэн гэж хэлэх аргагүй. Зүүнтнүүд улс орныхоо эдийн засгийг доройтуулах тусам хүмүүс барууны үзэл рүү хэлбийж байгаагийн нэг жишээ бол саяхан Аргентинийн либертари намын дарга улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдсон үйл явдал.

Үйлдвэрлэлийн бүх хэсгийг төр өмчилдөг социализм нурсан. Тэд төр менеж хийх маягаар оролцох ёстой гэдэгт илүү төвлөрч байна
-Нөгөө талаас, энэ бүгдийг неомарксист үзэл санаа гэж тайлбарлаад байгаа. Анхны либерал гэдэг ойлголт одоо өөрчлөгдсөн гэдэг шиг, К.Марксын анхны санаа ер нь хэр гуйвуулагдсан гэж хардаг вэ. Би хувьдаа К.Марксын тухай анх уншаад, анхдагч санаа нь зөв байж гэж ойлгож байсан.
-Эдийн засгийн түүхч Роберт Хэйлброннерийн тодорхойлсноор Марксизмын нөлөөлөл Христийн шашны дараа ордог гэсэн. 20-р зуунд дэлхийн хүн амын 1/3 нь марксист гэж өөрсдийгөө тодорхойлсон төр засгуудын дор амьдарч байсан.
Марксын капитализмд хийсэн дүн шинжилгээ алдаатай байсан. Төртэй хавсарсан том монополь бизнесүүд, төрийн эрх мэдлийг нэмэх маягаар явдаг крони капитализм ба төрийн эрх мэдлийг хумьж, чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжих капиталмзм хоёрыг Маркс ялгаж чадаагүй.
Капиталистууд ажилчдын хөдөлмөрийн surplus value буюу хөдөлмөрийнх нь илүүдэл үнэ цэнийг мөлжин завшдаг бөгөөд ер нь аливаа үнэ цэн хүний хөдөлмөрт зарцуулсан цагаар тодорхойлогддог гэж К.Маркс үзсэн. Жишээ нь, энэ санаа нь эдийн засгийн ухаанд Ахиуцын хувьсгал гарснаар аль хэдийнэ няцаагдсан. Үнэ цэн гэдэг юм хүн бүрийн хувьд субъектив байдаг гэдгийг уг хувьсгал олж нээсэн. Тиймээс хөдөлмөрийн үнэ цэнийн онол дээр тулгуурладаг мөлжлөгийн онол нь эдийн засгийн хувьд няцаагдсан. Марксизмыг өнөөдөр экономиксын школд ихэнхи эдийн засагчид хамааруулж үздэггүй болсны шалтгаан энэ.
Мөн капиталист нийгэм дотоод зөрчлөөсөө шалтгаалж, хар аяндаа нурж унана, тэгээд социализм зайлшгүй бий болно гэж К.Маркс зөгнөсөн. Зөгнөл нь биеллээ олоогүй. Өнөөдөр капитализм нураагүй л байна. Үйлдвэрлэлийн чиглэлийг зах зээл тодорхойлж байна гэсэн утгаар нь ярих юм бол дэлхийн эдийн засгийн гол тулгуур нь капитализм хэвээрээ байна гэсэн үг. Мэдээж дэлхийн эдийн засагт социалист хэвшил жин дарж байгаа боловч санхүүжилтийнх нь эх үүсвэр зах зээл дээр бүтээгдсэн баялгаас татварласан татвар байх жишээтэй. К.Маркс маш сайн реторикч, хүний сэтгэлийг асар их хөдөлгөдөг, хувь хүний бүтэлгүйтлийг өрөөл бусдад нялзаадаг, хүний атаархлыг зөвтгөсөн онол боловсруулж чадсан гэдгээрээ агуу байж магадгүй.
Жишээ нь, “Ажилчдад гинжнээс өөр алдах зүйл үгүй, харин олбол бүх дэлхийг олох болно” гэх мэтийн үгс нь хүнд айхтар нөлөө үзүүлэхүйц реторик байх жишээтэй. Харин дүн шинжилсэн болон урьдчилан таамгалсан бүгдэд нь нэг ч зөв юм байгаагүй. Эвдэрхий цаг өдөрт ядаж хоёр удаа зөв заадаг бол К.Маркс, Ф.Энгельс хоёрт нэг ч зөв дүгнэсэн бас таамагласан зүйл байгаагүй гэж би хувьдаа боддог. Иймдээ ч хожуу үеийн марксистууд эдийн засгийн асуудлыг орхиж соёлын асуудалд илүү их анхаарал хандуулах болсон. Чухам эдгээр соёлын асуудлуудыг марксист өнцгөөс тайлбарладаг зүүний үзэлтэй тодорхой тооны философичид болон тэдний нөлөөнд автсан хөдөлгөөнүүдийг нео-марксистууд гэж нэрлээд байгаа хэрэг.
-АНУ-ын барууны чөлөөт үзэл ч өөрөө хэр маапаантай вэ. АНУ-д угтаа социалист хөдөлгөөн их хүчтэй өрнөж байсан ч бодлогоор дарсан удаа бий?
-АНУ-д мэдээж коммунистуудыг ангуучилж байсан үе бий. Маккартизм гэж хүмүүсийг сонссон л байх. Миний бодлоор бол энэ нь үзэл санаа, идеологи, үнэт зүйлсийн зөрчил гэхээсээ геополитик, хүйтэн дайн, их гүрнүүдийн өрсөлдөөнтэй илүү холбогдох сэдэв байх. Ер нь бол социализм гэдгээр дан ганц марксизмыг ойлгож болохгүй. Марксизмыг харин хамгийн нөлөөтэй байж чадсан нь гэж үзэж болно. Социализмын түүхийн сэдвээр судалгаа хийдэг, Германы эрдэмтэн түүхч Георг Лихтейм “Капиталист эдийн засагт тодорхой шийдвэрлэхийн аргагүй алдаа мадаг бий. Үүнийг шийдвэрлэхийн тулд нийтийн өмчлөлийн тогтолцоо зайлшгүй шаардлагатай гэдэгт итгэдэг хэн бүгдийг социалист гэнэ. Иймээс социализм гэдэг нь хувьсгалт анархо-синдикализмаас аядуу социал демократ, тэр ч бүү хэл зарим нэг консерватив үзэлтнүүдийг хүртэл хамрах маш олон янзын өөр хоорондоо ялгаатай, үзэл санаануудыг хамааруулсан өргөн дэлгэр ойлголт юм. Үүнд холимог эдийн засаг, гуравдагч замыг дэмжигч неолибералуудыг ч багтааж болно” гэсэн байдаг.
2008 онд гэхэд АНУ-ын ДНБ-ий 45 гаруй хувийг холбооны засгийн газрын төсөв бүрдүүлж байсан. Милтон Фридман ид алдаршиж байх цаг үедээ “Бид хэдийнэ 50 хувийн социализм байгуулчхаж” гэж бичсэн удаатай.
Манай Монголд гэхэд өнөөдөр ч эрчим хүч, нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний үнийг төр тогтоодог. Энэ бол социализм шүү дээ. Социализмын үед бүх бараа үйлчилгээний үнийг төр тогтоодог байсантай агуулгын хувьд ижил. Хэсэгчилсэн социализм гэх үү дээ. Одоо заавал бүх үйлдвэрлэлийн хэрэгслийг төр өмчилдөг тогтолцоог социализм гэхгүй. Ийм юм явахгүй, дампуурдаг гэдэг нь нотлогдчихсон. Одоо илүү эдийн засагт төрийн контрол бол менеж хийх маягаар, татвар өндөр тогтоох ч юм уу, дахин хуваарилалт хийх хэлбэрээр оролцох нь зөв гэдэг дээр төвлөрдөг болсон.
АНУ-г хэзээ ч бүрэн дүүрэн капиталист улс байсан гэж хэлэх арга байхгүй. Цэвэр чөлөөт зах зээлд тулгуурласан нийгэм байгуулагдах боломж онолын хувьд боломжтой ч практик тохиож байсангүй. Наад зах нь татваргүй улс гэж байхгүй шүү дээ. Харин цэвэр капиталист идеалд хамгийн дөхөж очсон нь АНУ, өмнө нь Англи, Нидерланд, хожуу дундад зууны үеийн Италийн хот улсууд байсан гэж үзэж болох байх.
АНУ 1900 он гэхэд дэлхийд эдийн засгаар тэргүүлж эхэлсэн гэдэг. 1890-1920-иод оны үеийг АНУ-д прогрессив эрин гэж нэрлэдэг. Том бизнесүүд бий болж эхэлсэн гэдэг. Зэрэгцээд ХАОАТ, Холбооны нөөцийн систем бий болсон. 1890-ээд онд Шерманы болон Клейтоны хууль зэргээр антитрастын хуулиудыг баталсан. Антитрастын хууль нь үнээ өндөр, нам тогтоолоо гэх зэргээр бизнесүүдийг нээнтэгэнд оруулдаг гэсэн утгаар нь үзэх юм бол энэ цаг үеэс эхлэн америкчууд өмчийн эрхийг дээдэлсэн үндсэн капиталист үзэл санаанаасаа татгалзаж эхэлсэн гэж үзэж болно.
Социалистуудыг ёс зүйд согог бий гэж үздэг
-Өнөөдөр эдийн засагт төр ямар нэгэн байдлаар менежерийн үүргээр оролцох л ёстой гэж нийтээрээ ярьж байна. Ер нь социалистууд, либертариудын хооронд ижилсдэг үзэл санаа гэж бий юу?
-Ер нь аль ч үзэл санаа байсан бүгд л нийгэм, эдийн засгийн нөхцөл, хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлж, нийгэм-эдийн засгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилготой гэлцдэг. Мэдээж социалист гэхээр л хүний адаг гэж би хэлэх гэсэнгүй. Гэхдээ социалистуудын ёс зүй, суртахуун нь согогтой гэж би хувьдаа үздэг.
Социалистууд асар их албадлагад итгэдэг. Гудамжинд гуйлга гуйгаад сууж буй хүнд өөрийн халааснаас мөнгө гаргаад өгөхөөс илүү бусдад үүрэг хариуцлага хүлээлгэж, буу чиглүүлэх гээд байдаг. Капиталистуудын хувьд аливаа харилцаа сайн дурын үндсэн дээр явагддаг.
Ер нь бол миний баримталдаг ёс суртахуунаар бол бид хэний ч өмнөөс амьдраагүй. Хэн ч бидэнд өртэй биш. Бид өнөөдөр тодорхой хэмжээнд сонголт хийх боломжтой нийгэмд амьдарч байгаа. Монголын нөхцөл хөгжингүй орнуудаас муу, тэр үнэн. Гэхдээ монголчуудын хувьд түүхэндээ хамгийн л чинээлэг, хамгийн олон боломж, сонголттой амьдарч байгаа нь өнөө үе шүү дээ.
Яг ижилсэх юм гэж байхгүй, эсрэг тэсрэг гэж хувьдаа үзэж байна.
Төр эдийн засгийг зохицуулах нь зөв буруу гэсэн сэдэв бол эдийн засгийн ухааны судалгааны сэдэв. Үүнийг ярихын тулд эдийн засгийн эсрэг тэсрэг школуудыг харьцуулж судлах хэрэгтэй. Мэдээж либертари үзлийн үүднээс бол эрх мэдэлтнүүд бусад хүмүүсийг хэрхэн амьдрахыг зааж зааварчлах ёсгүй гэсэн этикийн асуудлаа нэн тэргүүнд баримтална. Үүний дараа, хамгийн зайлшгүй чухал нь эдийн засгийн үзэл баримтлал. Энэ тал дээр ихэнхи либертаричууд Австрийн эдийн засгийн школыг баримталдаг. Австрийн эдийн засгийн школ нь төрийн эдийн засаг дахь оролцоо нь гажуудал, сүйрлийг бий болгодог гэдгийг онолоор нотолдог байх жишээтэй.
Хэдий экономикс нь залуу шинжлэх ухаан боловч 19-р зуунаас хойш эдийн засгийн үзэгдлүүдийг үнэн бодитоор тайлбарласан асар их мэдлэгийг хуримтлуулж чадсан. Өнөөдөр дэлхийн ихэнхи их сургуулиудад неоклассикал, кейнсиан гэх мэтийн мэйнстрим экономиксийн школиудыг л заадаг. Эдгээр сургуулиуд нь төрийн оролцоог чухалчилдаг социалист школууд. Харин бусдыг нь нэр дурдаад өнгөрөх жишээтэй. Нэг ёсондоо албан ёсны академик ертөнцөд экономиксийн талбарт нь академик эрх чөлөө байхгүй байна гэсэн үг. Мэдээж нийгмийн бусад хүрээнд, тухайлбал АНУ-д бол Австрийн сургуулийг судалдаг эрдэмтэд гэж байна. Манайд алга. Монголд эдийн засагчдын хооронд онолын маргаан, мэтгэлцээн болдоггүй. Бүгд л төр бүхнийг менеж хийнэ гэж ярьдаг.
Дан идеологи ярихаас гадна эдийн засгийн школуудыг харьцуулан судлах ёстой гэсэн үг л дээ. Энэ бүхэн бол төсөөлөн бодох, тааварлахаас илүү суралцах, судлах, задлан шинжилж байж ойлгодог мэдлэг. Өөрөөр хэлбэл төр эдийн засагт оролцох оролцохгүй байх тухай яриа нь хар ухаанаараа эсхүл цээжний бангаараа ярьдаг сэдэв биш.
Ардчиллын анхны ойлголт бүтэлгүйтсэн. Одоо хир халдаахгүй, комминузмын нэгэн адил шүтээд байна
-Бид одоо улс төрийн шинэ үзэл баримтлал ярихаас илүү ардчиллаа хамгаална, хөгжүүлнэ, зүлгэнэ гэж л ярьдаг. Яг өнөөдөр бид ардчиллыг үнэн төрхөөр нь бас юу гэж ойлгох юм бэ?
-1990-оны Ардчилсан хувьсгалаас хойш манайхан улс төрийн үзэл баримтлалыг ардчилал ба коммунизм гэдэг хоёрхон туйлаар ойлгодог байсан. Ихэнхи хүмүүс одоо ч гэсэн ингэж ойлгоод байгаа юм шиг санагддаг. Саяхныг хүртэл МАХН-ыг эсэргүүцсэн л бол ардчилсан, барууны гэж хардаг байлаа. Ардчилал, социализм хоёр угтаа харш ойлголт биш л дээ. Парламентын ардчиллаар социализм байгуулах тухай үзэл баримтлал бол социал демократизм. Монголоор орчуулбал ардчилсан социализм. Угтаа өрнөдийн зүүнтнүүд коммунизмыг зөвхөн сонгуульт ардчилал байгаагүй учраас л бүтэлгүйтэж, дарангуйлал руу гулссан гэж үзэцгээдэг. Ер нь бол коммунизмд хир халдаах тун дургүй.
Анх сонгодог либералууд аль болох төрийн эрх мэдлийн төвлөрлийг багасгах гээд, хүн бүрд сонгох эрх олгочихвол муу Засгийн газраа татан буулгаж чадна гэсэн гэнэн төсөөллөөр ардчиллын санааг асар ихээр сурталдаж байв. Ардчиллын идеалыг шүтэх тухай санаа анх сонгодог либералуудаас гарсан гээд хэлчихэд ч буруудахгүй байх. Хожим энэ санааг нь социалистууд өөрсдөдөө давуу байдал болгоод ашиглаад эхэлсэн. Тэд ардчиллын сул тал, согог дээр нь дөрөөлж асар их давуу байдал олж авч хүчирхэгжиж чадсан. Массыг авлигадаад байвал цаг ямагт эрх мэдэлтэйгээ үлдэж болох юм байна гэдгийг социалист улс төрчид хурдан ойлгосон байх.
Өнөөдөр ардчиллыг хамгийн их сурталддаг бүх намыг зүүний нам гээд шууд хэлж болно. Өрнөдийн зүүний үзэлтэй засгийн газрууд ардчиллыг зарим улсад бараг цэргийн хүчээр тулгадаг. Харин бусдад нь нь улс төрийн активистуудаар дамжуулан бослого үймээн дэгдээж байгаад тулгадаг. Энэ маягаар тэд өөрсдийнхөө нөлөөний бүсэд орсон, үгэнд нь ордог улс орнуудыг ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг улсууд гэж магтаад өөр бусдыг нь шууд дарангуйлал хэмээн буруутгадаг. Өнөөдөр ардчилал гэдэг ойлголт нэг төрлийн хуучны коммунизм шиг, ардчилал бол халдаж болшгүй ариун нандин гэдэг ойлголт бий болчихлоо. Ямар нэг зүйлийг юу ч байсан шүүмжилж, халдаж болохгүй гэдэг энэ ойлголт нь өөрөө эрх чөлөөтэй харш.
Бид өнөөдөр хувь хүнийг дээдэлсэн, үндсэн хуулиар дамжуулан төрийг хязгаарласан либерал ардчилалд биш социал демократизм буюу ардчилсан социализмд амьдарч байна. Сонгогчдоо төр нь худалдаад авчихдаг. Халамжаар ч юм уу элдэв янзын арга хэрэгслээр. Эрх мэдлийн төвлөрлийг бууруулах гэж гарч ирсэн ардчилал эсрэгээрээ үйлчилсэн. Ардчилал гээд байгаа тэр анхны ойлголт бол өнөөдөр бүтэлгүйтчихсэн, шал өөр юм болоод хөгжчихсөн. Өнөөдөр ардчилсан гэгдэх улсуудад дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр татвар, хамгийн данхар төр, нийгэм эдийн засгийг зохицуулсан хүнд суртал, зохицуулалтууд хамгийн их байгаа гэдэг үүднээс нь дүгнэвэл ардчилал өөрөө төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх гол хэрэгсэл болсон гэдгийг ядах юмгүй ойлгож болно.
Өнөөдөр дахин хуваарилалтаар дамжуулж сонгогчдоо худалдаж авдаг, засгийн эрхээс гардаггүй, бүх насаараа төрд байх гэсэн тийм л анги бий болчихлоо. Үүнд нь шүүмжлэлтэй хандсан хүмүүсийг бараг фашист, хэт баруунтан гэх мэтээр цоллодог болсон. АНУ-д Холбооны мөрдөн товчооныхон орж ирээд, Марк Закербергт Хантер Байдены лаптоп дээрх авлигатай холбоотой мэдээллүүдийг нь Фэйсбүүк дээр цензурлэ гээд шууд даалгавар өгч байна. АНУ өөрөө тэр эрх чөлөөний бэлгэ тэмдэг орон тэгэхээр мөн үү, өөр юм руу яваад байна уу.
Ер нь хүнийг хүчээр аз жаргалтай болгох боломжгүй. Дэлхий даяар ардчилал түгээнэ гэж хэдэн дайн хийв. ТББ, активистуудаар дамжуулж Украинд үймээн дэгдээгээд л. Аль нэг улс илүү эрхтэй байж, бусад улсаа хүчээр эрх чөлөөтэй болгоно гэж үзвэл наад зах нь өөрсдийнхөө эрх чөлөөг үгүй болгоно. Жишээлбэл, Украины дайныг санхүүжүүлэхийн тулд АНУ өөрсдийнхөө иргэдийн татварыг нэмж байна. Америкчууддаа илүү дарангуй хандаж байна. Иймд, “Бусдад үнэт зүйлсээ түгээхийн тулд өөрөө үнэт зүйлсээсээ татгалзах нь логикгүй хэрэг” гэж америкийн барууны үзэлтнүүд ардчилагчдаа шүүмжилдэг.
Энэ бол нэг төрлийн социализмыг түгээж буй хэлбэр болохоос эрх чөлөө биш. Эрх чөлөө гэдгийг жендерийн тэгш байдал эсхүл ЛГБТ эрх гэх мэтээр тайлбарлаж эрх чөлөөний тухай ойлголтыг гажуудуулаад. Бусдаар бол, сонгуулиар халамж амлаад гараад ирдэг. Ийм хүмүүсийг засгийн эрхэнд хадгалж байлгахаа л ардчилал гэж яриад байгаа. Ардчиллыг шүтэхээс илүүтэй, энэ нийгмийн сул талууд юу юм гэдгийг ярилцах хэрэгтэй л дээ. Асуудал, сул талыг нь огт тодорхойлохгүйгээр зүгээр л шүтээд явбал хуучны коммунизмд фанаталж байгаагаас огт ялгаагүй болно. Бас л үзэл сурталд сохорч байна гэсэн үг шүү дээ.

-Өнөөг хүртэл “1990 онд бид ингэсэн” гэдгээ ярьж, ардчиллыг магтуу болгосоор байна л даа?
-Ардчилсан хувьсгал ярьдаг ардчилагчид өөрсдөө хэд хэдэн удаа ялалт байгуулж, эрх мэдэл эд баялагт хүрч хувьсгал хийсэн гавьяагаа хэдийнэ худалдаад идчихсэн шүү дээ. Одоо ардчилсан хувьсгал хийсэн гэж гоншигноод сонгогчдын дунд амжилтанд хүрнэ гэж байхгүй байх. Шийдвэрлэх ёстой бодит асуудлаа ярихгүй, аль 1990 оны юмаа яриад байхаар яаж урагшлах юм бэ. Ер нь энэ хоёр намын сонгогчидтойгоо харилцаж буй аргачлал нь ямар ч ялгаагүй. МАН 1921 он ярина, АН 1990 он ярина. Ингээд сонгогчдынхоо өмнө ялархаад, өөрсдийг нь заавал сонгох ёстой тухай тулгадаг. Ер нь эдийн засгийн хувьд ч ижил бодлого хэрэгжүүлдэг.
Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг анх Ардчилсан нам санаачилж байсан. Нөөц нь байхгүй байхад Монголбанкаар асар их мөнгө хэвлүүлээд л, зээлийн хүүг бууруулж, банкнууд руу мөнгө цутгасан. Зохиомол эрэлт бий болсон. Иргэд худалдан авах чадваргүй мөртлөө чадвартай болчихсон юм шиг зээл авцгаагаасан. Үр дүнд нь орон сууцны үнэ тэнгэрт хадсан, инфляц өссөн. Тэгэнгүүт үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж, дахиад баахан мөнгө хэвлэж, зарим нэг компаниудад татаас өгсөн. Тухайн компаниуд хэсэгхэн хугацаанд татаасын хүчээр үнээ барьж байсан боловч бусад бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчих жишээтэй.
Ийм бодлогыг АН, МАН ялгаагүй хэрэгжүүлсэн. Үнэндээ өрөө нэмэх замаар ямар ч хэрэггүй бүтээн байгуулалт нэртэй юм хийж эдийн засгаа алж эхэлсэн нь АН шүү дээ. Ямар нэгэн үзэл санааны, эдийн засгийн бодлогын хувьд сөрөг хүчин гэж Монголд алга. ХҮН нам нэг шөнийн дотор өөрсдийгөө баруун жигүүрийн болгодог мөртлөө мөн л мөнгө хэвлэнэ гэж яриад байж байгаа. Нийтээрээ бид асуудал болонгуут л төр шийднэ гэдэг, өөр шийдлийн тухай огт сонсоогүй, мэдээгүй, ойлгоогүй харанхуй бүдүүлэг хүмүүсээр дүүрчихсэн санаа зовмоор улс болчхоод байна л даа.
Мөнгө төлсөн бүгдийг төгсгөдөг Харвард мэтэд сураад, энд эрх мэдэлд хүрэх гэсэн хүмүүсийг шүтэх хэрэггүй
-Таны ярианаас бас либертариуд улс өөрөө өөрсдийнхөө хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой гэж үздэг гэсэн нь анхаарал татлаа. Одоо заавал гаднын юм үнэн, тэрийг шууд хуулна гэж үзээд байдаг.
-Хөгжлийн зам бүр өөр гэж хэлэх гээгүй. Улс бүр улс төр, эдийн засгийн бодлогоо бие дааж өөрсдөө тодорхойлох ёстой гэж либертаричууд үздэг гэдгийг л хэлсэн. Ер нь хөгжинө гэхээр бусдыг шууд сохроор хуулахыг хэлэхгүй. Бусдаас авахыг нь авч хаяхыг нь хаях ёстой. Лав өнөөдөр өрнөдөд хэрэгжиж байгаа улс төр-эдийн засгийн бодлогыг сохроор шууд хуулбарлавал бид тун удахгүй шууд социализм руугаа буцаад орно.
Бид эдийн засгийн ухааны хувд зөвхөн гаднаас өгсөн бэлэн хоолыг идэх биш, цааш нь судлах хэрэгтэй байна. Америкийн төрийг шүүмжилдэг америкчууд юу ярьдгийг судалж, мэдлэгийнхээ гүн рүү орох хэрэгтэй байна. Харвард ч гэдэг юм уу, Айви Лигийн сургуулиуд өнөөдөр мөнгө төлсөн хүн бүрийг төгсгөдөг болчихсон. АНУ-д эдгээр сургуулиудыг төртэй хамссан том бизнес гэж шүүмжлэх болсон. Тэнд мөнгө төлж диплом авч ирээд, энд англи хэлний мэдлэггүйгээ гайхуулахын зэрэгцээ Монголчууд хэрхэн амьдрахыг шийдэх эрх мэдэлд хүрэх гэсэн хүмүүсийг шүтэхээс илүүтэй өөрсдөө хэл сураад өрнөдийн мэдлэгт нэвтрэх шаардлагатай. Интернэт байхад заавал Харвард руу явах ямар ч шаардлагагүй. Мэдээж бидэнд суралцах зүйл асар их байгаа. Урт удаан хэцүү үйл явц гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ одоо залуучууд ядаж улс төрийн зүүн, барууны үзлийн тухай ярилцаж энэ тухай ойлгохыг хүсдэг болсон нь маш том дэвшил.
-Өрнөдийнхөн гэдэгт аль улс орнуудыг хамааруулж байна?
-АНУ-аас бол ардчилагчид буюу АНУ-ын Демократ нам. Мөн БНН-ын зүүн жигүүр буюу неоконууд. Төрөөр дамжуулж бүх асуудлыг шийдье гэдэг үзэл санааг удирдлага болгодог улс төрийн том хүчнүүд л дээ. Үүний дараа Европын холбоо, Дэлхийн эдийн засгийн Форум, Нэгдсэн үндэстний байгууллага, өнөөгийн дэлхийн улс төр эдийн засгийн хүчирхэг хүмүүсийг л нэрлэе. Ер нь бол Өрнөдийнхөн бус Өрнөдийн зүүнтнүүд л гэж шүүмжлээд байгаа шүү (Инээв).
Глобализм ярихыг даяаршил гэхгүй, империализмын нэг хэлбэр
-Өөрсдөө бодлогоо тодорхойлно гэснээс, одоо даяаршил бас моодноос гарч, дангааршил хүчээ аван, улс орнууд өөрсдийн үндэстний онцлог шинжээ эрэн хайж эхэлсэн хандлага ажиглагдах боллоо?
-Улс орнууд өөр хоорондоо соёлын солилцоо явуулах, чөлөөт худалдаа хийээс зугтах бололцоо байхгүй шүү дээ. Даяаршлыг энэ утгаар нь ойлговол нэг өөр. Харин улс орон бүрийн засгийн газарт зааварчилгаа өгдөг дэлхийн нэг ЗГ гэдэг ч юм уу, интернационализм буюу глобализм ярихыг даяаршил гэхгүй. Энэ бол эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн империализмын нэг хэлбэр. Ер нь бол улс төр судлалд нэг гүрэн зонхилж, хүчээр бусад улсуудад дэг журам тогтоохыг империализм гэж тодорхойлдог. Империалист үзэлтэй хүмүүс өөрсдийнхөө үзэл баримтлалыг тухайлбал дайн дажингүй, энх тайван дэлхийг цогцлоон гэх мэтээр зөвтгөхийг оролддог. Монголын эзэнт гүрэн, Ромын эзэнт гүрэн ер нь эзлэн түрэмгийлэгч бүх л улсууд яг ийм шалтгаар дайн дажин эхлүүлж байсан түүхтэй. Та Pax Romana, Pax Mongolica гэж сонссон л байх. Энх тайван тогтоохын тулд дайн хийнэ гэсэн санаа. Мэдээж өнөөдөр аль нэг улс гүрэн дангаараа зонхилоод бусдыгаа эрхшээх гээд байна гэж би хэлэх гэсэнгүй. Харин улс орон бүрийг дамжсан нэг үзэл баримтлал, нэг эрх ашигтай хүмүүс дэлхийн бусад хүн ардад хүчээр дэг журам тулгах гээд байна гэж хэлбэл илүү оновчтой байх. Ийм хүмүүс бусад улс орнуудад мэдэхгүйг нь, хөгжлийн замыг нь зааж өгнө гээд яваад байгаа. New World Order гээд яриад байгаа хүмүүсийн яриаг судлаад үзвэл манайхны нүд орой дээрээ гарч магадгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн квот, нийгмийн бүх төлөөлөл хүчээр парламeнтад оруулах гээд байгааг гоё шүүмжилж хэллээ. Ярианы эхний шашны ун�##�таасаа эхлээд л дуустлаа дан барууны орнуудын л үзэл суртлын түүх яриад байна. Дорно дахинд бол түүх өөр байсан. Ингэхэд энэ өнөө комeдиан нөхрийн нам байхаа, намын дарга чинь eр нь намынхаа үзлийг ойлгоогүй өөрийн чинь яриад байгаа зүүний либeр�##� чинь юм бишүү
Байг�##�ийн хасах 45С хэмд бүтээгдсэн бүтээгдхүүнийг дэлхийн арилжиж амьдарна. Ямар нэг нам, үзэл бодол хэрэгтэй юу?
Тэнгис сайн ярилцлага зөв асуулт тавьжээ.
сураггүй болсон lolbertians одоо монголд яригдах ч гэж дээ, аргагүй л моод монголоор дуусах юм даа
Зарим санаа нь зөв зүйтэй л үзэл юмсанж. Гэхдээ бүх юмыг байг�##�ийн ш�##�гарлаараа өөрсдийн чадлаараа амьдар гээд орхичих т�##�ын юмаа даа янз нь. Тэгэх юм бол төрт улс байгуулж, нийгэм соёл бүтээж хамтын коммун болж хүн төрөлхтөн амьдрах хэрэг ч үгүй, боломж ч үгүй. Хөлтэй нь хөлгүйгээ чирж дэмнэж амьдр�##�ыг бардагтаа л оюун ухаант хүний нийгэм оршин тогтнодог юм
Mash sain yariltslaga bainaa.
Вэйтүб хуудаснаас аз жарг�##�ыг хүсэгчдэд гээд латинаар хайхаар измын тухай лэкц гарна
Либертари гэж коммунизмтайгаа адилхан утопи үзэл юм шүү дээ уг нь.
МЭДЭЭЖ АЛЬ АЛИНЫХ НЬ ТУЙЛД ОЧНО ГЭЖ БАЙХГҮЙ, НӨГӨӨ ТИЙШ НЬ ЧАНГААХ БАГА Ч ГЭСЭН ХҮЧ ХЭРЭГТЭЙ
Худлаа мэдэмхийрсэн хог вэ, бүх зүйл маш энгийн : өрнөд хэзээ ч СОЦ байж болохгүй , учир улсынх баялагийн 90%-г нь 1%-нь эзэмшдэг суурь капит�##�ист орнууд , Өнгөн дээрээ олон "төрөл зүйл"-тунхагласан , онолдсон намууд байдаг ,ачир дээрээ цөөнхи баячуудын эрх ашиг , "хэн мөнгөтэй нь хөгжмөө захи�##�на"-гэсэн л зарчим , үргэлж "хүүхдээрээ байдаг"-"цагаан цаас"-ард түмэнд ямарч гоё чихэр харуулж ,ярьж болно-ийм л энгийн
энэ юу сурснаараа биеэ тоосон гөлөг вэ мөнгөгүй ардад ардчил�##� хэрэг болдоггүйг мэддэггүй юм бол битгий бантан хутга
Ok
зүгээр монголоор ярчихаач
Засс битгий худлаа шаа