Иргэншлээ солиод гялалзаж яваа монгол одод

Тамирчны ялалт хямдхан олдохгүй. Тамирчин хүн асар их хөдөлмөрлөн, чамгүй олон зүйл золиослон байж амжилтад хүрдэг. Амжилт гаргах боломж, өөрийн гэсэн орон зай эрэлхийлэн иргэншлээ сольж, гадаадын орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцон, гялалцаж яваа цөөнгүй тамирчин манай улсад бий. Бид энэ удаа мэргэжлийн сүмогийн дэвжээнд гялалзаж яваа Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал, Герман улсын нэрийн өмнөөс тэмцээнд өрсөлдөн, монгол хүний ур чадварыг дэлхийд гайхуулсан Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр, Казахстан улсын жүдо бөхийн спортын нүүр царай болж яваа олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг нарыг онцоллоо. Тэд бол яах аргагүй Монголын бахархал, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд. Тэд иргэншлээ сольсон ч Монголын төлөөх сэтгэл нь хэвээрээ, монгол түмэн шилдгүүдээ хайрлаж, хүндэлдэг хэвээрээ. Мандсан далбаа нь харийнх ч мандуулсан тамирчин нь монгол.
МӨНХИЙН МЭРГЭН Д.МӨНХБАЯР ГАВЬЯАТ

Монгол хүн буудлагын спортын төрлөөр олимпоос медаль хүртэж чадахыг анх нотлон, анхны жимийг нь гаргасан гавьяатан бол яах аргагүй Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга Доржсүрэнгийн Мөнхбаяр. Олимпын медальт Монголын анхны эмэгтэй тамирчин тэрбээр иргэншлээ сольсон Монголын анхны тамирчдын нэг нь. Монголын буудлагын спортоос мэндэлсэн дэлхийн анхны аварга, Ази, Европын дэвжээнд түрүүлсэн ховор амжилтын эзэн гээд анхны тодотгол бүхий амжилтынх нь талаар бичвэл цаг, цаас нэлээд орно. Д.Мөнхбаяр гавьяат “Барселона-1992”-оос медаль хүртсэнийхээ 25 жилийн ойд зориулан олимп, дэлхийн медальтнуудын халз тэмцээн, гэрэл зургийн үзэсгэлэнгээ 2017 онд эх орондоо дэлгэсэн юм.

Тэрбээр Барселонагийн олимпоос анхны медалиа хүртсэнээ “Үнэндээ тухайн үед санхүүгийн хүндрэл хамгийн хэцүү нь байлаа. Тэмцээнд оролцохоор олон сарын турш бэлтгэл хийн, өнөө маргаашгүй явахын өмнө “Тэмцээний зардал бүтсэнгүй. Оролцохоо больё” гэх нь энүүхэнд. Барселоны олимпод оролцохоор эх орноосоо мордохын өмнө биднийг телевизийн ярилцлагад урьсан юм. Хөтлөгч “За манай буудлагынхан олимпод ямар амжилт гаргахаар зорьж байна вэ” хэмээн асуутал Ц.Өлзийбаяр багш “Бид медаль авах зорилготой” гээд итгэлтэй нь аргагүй хариулчихдаг байгаа. Би золтой муужраад уначихаагүй. Ярилцлага дууссаны дараа багшаасаа “Яана аа, багш аа. Хэрвээ медаль хүртэж чадахгүй бол хэдүүлээ бангадуулна даа” хэмээн асуутал “Ингэж хэлэх ёстой байдаг юм аа” гэж байна.
Одоогийнх шиг цахим ертөнц хөгжсөн байсан биш. Олон улсын буудлагын холбооны сэтгүүлээс л гол өрсөлдөгчдийнхөө нэр, зургийг харахаас цаашгүй байлаа. Олимпоос өмнө дэлхийн цомын аварга шалгаруулах хоёрхон тэмцээнд оролцсон ч медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байсан.
За тэгээд олимпод оролцлоо. Шигшээ наймд шалгарсны дараа сандарч, тэвдэж байна гэж тоймгүй. Их сандарсан болоод ч тэр үү, дасгалаа давтаж байхад бүр бие чичрээд, сүйд болсон. Амьхандаа сандарч буйгаа өрсөлдөгч нартаа мэдэгдэхгүйн тулд бие халаалт бараг хийсэнгүй. Эхний таван сумаа буудсаны дараа бусад тамирчнаас өндөр оноо авчихлаа. Дараагийн таван сумныхаа эхний хоёрыг нь яаж, хэрхэн буудсанаа би лав мэдээгүй. Нэг мэдэх нь ээ, буудчихсан байсан. “Хүүе ээ, сая юу болчихов оо” гээд өнгөрөхөөс яах билээ. Дараагийн гурван сумаа буудсаны дараа дасгалжуулагч руугаа харсан чинь эрхий хуруугаа гозойлгож байна. Ямар ч байсан дажгүй оносон бололтой.

Тэмцээний дүн гарч, хүрэл медаль хүртсэнээ мэдэх мөч хэчнээн гоё байсан гэж санана. Хөл газар хүрэхгүй шахам баярлаж билээ. Бас болоогүй ээ амьхандаа гоё харагдчих санаатай Алтанцэцэг эгчээр үсээ самнуулаад шагналын тавцан руу алхсан. ОХУ, БНХАУ-ын тамирчинтай хамт хүрэл медалиа энгэртээ гялалзуулан, Төрийн далбаагаа мандаж байхыг харсан баярт мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Одоо ч гэсэн өчигдөр болсон мэт тодхон санаж байна” гэж дурссан юм.
Д.Мөнхбаяр гавьяат “Бээжин-2008”-аас хүрэл медаль хүртэн, олимпын хошой медальтан болсноор нь монгол түмэн бахархдаг. Бээжингийн олимпоос Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, шагналын тавцанд хоёр монгол тамирчин зогссоныг монголчууд өдгөө ч дурсах дуртай.

Зах зээлийн ороо бусгаа үед Монголынхоо нэрийг дэлхийд тахалж, олимпоос медаль авсан цөөхөн тамирчдын нэг тэрбээр ямар хүнд замыг туулан, хөдөлмөрлөн байж өнөөгийн амжилтад хүрснийг спортын хүрээнийхэн мэднэ. Харин өнөөгийн залуус тийм ч сайн мэдэхгүй. Ялангуяа, иргэншлээ яагаад сольсон, тухайн үед яг юу болсон талаарх нарийн ширийнийг нь хүмүүс төдийлөн мэдэхгүй.
Д.Мөнхбаяр гавьяаттай 2017 онд ярилцлага хийхэд энэ талаар ингэж ярьсан юм.
-Олимпоос хүрэл медаль хүртэн, төр, засаг ч амжилтыг тань үнэлэн Гавьяат тамирчин цол олгосны дараа яагаад иргэншлээ сольсон юм бэ. Та энэ тухай өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа олонтаа ярьж байсан ч өнөөгийн залуус тухайн үед юу болсныг төдийлөн мэдэхгүй. Олон жил эргэлзэж, шаналан байж тийм шийдвэр гаргасан болов уу?

-Тухайн цаг үеийг өнөөгийнхтэй жиших, харьцуулахын аргагүй. Өдөр бүр ачаалалтай бэлтгэл хийн, өндөр амжилт гаргах боломж, итгэл дүүрэн байгаа мөртлөө гадагшаа тэмцээнд оролцож чадахгүй байх ямар хэцүү гэж санана. Төр, засаг, Буудлагын холбооныхноосоо “Санхүүгийн боломж алга. Энэ удаа өнжихөөс өөр аргагүй боллоо” гэх үгийг сонсохоос халгана.
Буудлагын спортын ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог байлаа. Гэтэл би санхүүгийн боломжгүй, төрөөс дэмжээгүйн улмаас 1990, 1994 онд дэлхийн дэвжээнд өрсөлдөж чадаагүй. Бүхэл бүтэн найман жилийн хөдөлмөрөө салхинд хийсгэсэндээ их харамссан. Тийм хүнд үед хэчнээн хүсэхгүй байсан ч иргэншлээ сольж, дэмжлэг сайтай өөр орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцох бодол төрдөг юм билээ.
Ээж, эгч хоёрыгоо бараадан Унгар руу явах санаатай байлаа. Дур мэдээд шийдэж яаж зүрхлэх вэ. Ааваас асуухад “Би чамайг хааш нь ч явуулахгүй. Намайг нас барсны дараа л энэ талаар бодоорой” гэж загнасан.
-Аав тань 1994 онд нас барахад үнэхээр хүнд цохилт болсон байх.

-Би эхээс дөрвүүлээ. Намайг гурван настай байхад аав, ээж хоёр салсан юм. Буудлагын спорт гээд хичээлээ хоёрт тавьчихсан л болохоос би уг нь шаггүй сайн сурдаг байлаа. Спортоор хичээллэж эхлэхэд аав минь анхандаа дургүй байсан ч намайг амжилт гаргаасай гэсэндээ бүхнээ зориулсан. Маш ухаантай, тэвчээртэй, агуу хүн байсан.
Бурхан болсных нь дараа л их зовоож байснаа ухаардаг юм билээ. Одоо ч гэсэн хүмүүсээр аавынхаа тухай яриулах дуртай. Аавтайгаа уулзаж буй мэт санагдаад, сэтгэл тайтгардаг юм. Даанч аавыг минь мэдэх хүн өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа нь харамсалтай (уйлав).
Уучлаарай, хоёулаа юуны тухай ярилцаж байлаа. Аавынхаа тухай ярихаар өөрийн эрхгүй уйлчихдаг юм.
-Та Герман руу сурах зорилготой анх явсан юм билээ. Аав тань нас барсны дараа гадагшаа явах уу, болих уу гэх эргэлзээ тань шууд тайлагдсан уу?
-Тэгсэн. Ерөөсөө би аавдаа л хорогдож байсан юм. Аавыг өөд болсон тэр жил ДАШТ-д санхүүгийн хүндрэлийн улмаас оролцож чадаагүй нь нөхцөл байдлыг бүр дордуулсан. Охиныхоо аавтай үерхэж байгаад салчихсан юм. Тэгээд л дараа жил нь ой гаруйхантай охиноо тэврээд харийн орныг зорьсон доо.
Өөрийн тань хэлсэнчлэн Герман руу анх сурах зорилгоор явсныг зарим хүн мэддэггүй, иргэншлээ сольсныхоо дараа очсон гэж буруугаар ойлгодог юм билээ. Тэнд бүр таван жил сурсныхаа дараа Германы иргэн болсон шүү дээ. Харийн оронд сурч байхдаа нуруундаа ахадсан ачаа үүрч, бор зүрхээрээ зүтгэсэн. Үндэсний шигшээ багаас гарчихсан болохоор сурангаа хувийнхаа зардлаар тэмцээнд оролцдог байлаа.
Бэлтгэл, тэмцээний хажуугаар охиноо өсгөнө. Европт амьдрангаа олон улсын тэмцээнд оролцоход хавьгүй амар, санхүүгийн хувьд ч төсөр. Зарим оронд машин, галт тэргээр ч болов очоод, тэмцээнд өрсөлдчихнө. Цар хүрээтэй, чансаатай тэмцээнд амжилт гаргах тусам урамшин, бүр ч зүтгээд баймаар санагддаг юм билээ. Тэр хэрээр туршлагажин, ур чадвар ахиж байлаа. Хэдийгээр олимпоос хүрэл медаль хүртчихсэн байсан ч дэлхийн дэвжээнд онч сорьж үзэх хүсэл минь намайг зүгээр суулгадаггүй ээ. Олон жил хөдөлмөрлөснийх ДАШТ-ээс медаль хүртэж чадахгүй байсан ч хамаагүй ядахдаа өрсөлдөөд үзчих юм сан гээд л.
Хичээж байгаад 1998 оны ДАШТ-д оролцох болзол хангасан. Нэгэнт эрх авсных ганцаараа бус, багаараа оролцох гээд шуналаа. Тэгээд Д.Оюун, О.Гүндэгмаа хоёртой хамт багийн төрөлд өрсөлдөх санал тавихад дуртайяа хүлээж авсан ч нөгөө л санхүүгийн хүндрэл манай хоёрыг тойроогүй.

Цагийн зөрүүгээр Монголд есөн цаг болж байхад Германд 03.00 цаг болж байдаг. Шөнө дөлөөр босоод хамаг таньдаг, мэддэг, тусалж магадгүй гэж тооцоолсон байгууллагуудтай холбогдон О.Гүндэгмаа, Д.Оюун хоёрт туслахыг гуйлаа. Азаар Ц.Өлзийбаяр багшийн зардлыг намайг дэмжиж, ивээн тэтгэдэг байсан тухайн үеийн ХОТШ банк даахаар болсон. Тэр үед О.Гүндэгмаа байраа барьцаанд тавин, тэмцээний зардлаа босгосон гэдэг.
Тэгж ДАШТ-д цэц сорин, би дэлхийн аварга болж, бид гурав багийн төрөлд хүрэл медаль хүртсэн түүхтэй. Монголын спортын салбараас мэндэлсэн хоёр дахь дэлхийн аварга болсноороо бахархаж явдаг. Хэрвээ би Герман руу сурахаар яваагүй, тэнд очоогүй байсан бол 1998 оны ДАШТ-д оролцон, түрүүлж чадаа ч уу, үгүй ч үү.
-Ер нь иргэншлээ солих саналыг та тавьсан уу, эсвэл Герман улс тамирчнаа болгоё гэж гуйсан юм уу?
-Хоёуланд нь тийм сонирхол байсан. Ганц дайчин ганцаардахгүй гээд л Германд сурангаа зүтгээд байлаа. Тэр хэрээр содон, тэдний анхаарлыг татаж байсан биз. Гэхдээ тэд “Монголын тамирчин байхдаа ямар амжилт гаргасан чинь бидэнд хамаагүй. Тэгж бэлтгэл хийн, тийм тэмцээнд амжилт гаргаж байж Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах болзол хангана” гэсэн. Би ч зөвшөөрч, өнөөх хэдэн тэмцээнд нь оролцон, болзлыг нь хангачихлаа.
Үүний сацуу намайг хурдхан шиг тамирчнаа болгохын тулд шигшээ багтаа шууд авсан. Мэдээж тэд юу гэж алдахыг хүсэх вэ. Тэгээд л бүхнийг шинээр эхэлсэн. Германд таван жил амьдарчихсан байсан болохоор ямар нэг хүндрэл байгаагүй ээ.
Манайх шиг амбийц, арын хаалга, танил талын нөлөөгөөр хэн нэгнийг тэмцээнд оролцуулна, монгол гээд ялгавартай хандана гэх ойлголт тэнд байхгүй. Хэн шилдэг байна, түүнийг л сойдог.
-Германы иргэн болоход монголчууд таныг харамлаж, хайрласандаа “үзэн ядсан”. Үүний сацуу тухайн үед хүчтэй байсан шар сонинууд ч бахаа ханатал “балбасан”.

-Германы тамирчин болчихлоо гэх ганцхан өнцгөөс харан, эх орныхоо төлөө төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн хөдөлмөр, амжилтыг минь үгүйсгэхэд гомдмоор, харамсмаар санагддаг. Тухайн үед бараг шар сонин болгон өдөр бүрийнхээ дугаарт намайг ямар нэгэн хэлбэрээр мушгин гуйвуулж, гоочилж бичнэ. Өнөөхийг нь уншсан хүмүүс бахаа ханатал муулдаг байсан.
“Өдий хүртэл ингэж доромжлуулахын төлөө зүтгэсэн гэж үү” гээд бодохоор уйлмаар. Хаа байсан Германаас “Худлаа” гэж мянга хашгираад нэмэргүй. Сонссон ч тоохооргүй тийм аймар сөрөг хандлага, дарамт надад мэдрэгдэж байлаа. Мөнхбаяр Германы шигшээ багийн тамирчин болж, монгол хүн юу чаддагийг дэлхийд сурталчилж явна гэж бодох сөхөөтэй, сэтгэлтэй хүн тухайн үед байгаагүй.
Тэр үед залуу насны аагаар уурладаг, гомддог, бухимддаг байсан. Одоо бол хэр баргийн гүтгэлгийг тоохоо больсоон, бүр дөжирчихөж.
-Та ер нь яагаад давхар иргэншлээсээ татгалзсан юм бэ?
-Герман улс давхар иргэншил зөвшөөрдөггүй ч онцгой тохиолдолд олгодог. Намайг герман хүн болоход Монгол Улсын иргэншлээ хадгалахыг зөвшөөрсөн. Гэхдээ охиноо Германы иргэншилтэй болгохын тулд Монголынхоосоо татгалзахаас өөр арга байгаагүй.
-Буудлагын спортоор амжилт гаргахад сэтгэл зүй их чухал. Тэр их дарамтыг даван, амжилт гаргахад амаргүй байсан нь мэдээж.

-Би үнэхээр их шаналсан, шархалсан. Эхний хэдэн тэмцээнд оролцохдоо Герман улсын шигшээ багийн өмсгөлийг өмсөж зүрхлээгүй, энгийн хувцастай өрсөлдчихсөн юм. Гэтэл тэмцээний дараа “Өө, энэ тамирчин чинь ямар гудамжинд явж байгаа юм уу. Яагаад Германы шигшээ багийн өмсгөл өмсдөггүй юм бэ. Манай улсыг үл тоож байна” гээд германчуудад шүүмжлүүлэх нь тэр.
Монголд болохоор бараг амтай болгон “Урвагч” гэж намайг ад үзсэн. Хэвлэл мэдээллээр ч больё, байя гэтэл балбасан даа. Хэчнээн бэлтгэл сайтай байсан ч тэмцээний үеэр сэтгэл санаа тогтворгүй бол амжилт гаргаж чаддаггүй юм билээ. Зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэснийхээ хүчээр л хүнд үеийг даван туулсан.
-Зургаан жилийн дараа Монголд ирэхдээ эмээж, түгшсэн үү?
-Өмнөхөө бодоход намайг нэг их тоохоо больчихсон, монголчуудын сэтгэхүй ч нэлээд өөрчлөгдсөн байсан болохоор эмээгээгүй ээ. ДАШТ болохоос гурван долоо хоногийн өмнө Монголд ирсэн юм. Хэдийгээр тэмцээн дөхчихсөн байсан ч Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ойгоор эх орондоо ирж, наадам үзэхийг илүүд үзсэн. Түүнээс илүү жаргал гэж юу байх вэ.
“Монгол Улсын төлөө зүтгэж явснаараа эцсийн амьсгалаа хураатал бахархана” хэмээн өгүүлсэн мөнхийн мэргэн Д.Мөнхбаяр гавьяат монгол түмний бахархал. Тэрбээр Риогийн олимпын дараа албан ёсоор зодог тайлан, дасгалжуулагчийн албанд шилжсэн юм.
Д.Мөнхбаяр гавьяатын энэтхэг шавь нар амжилт гарган, цахиур хагалаад аль хэдийнэ эхэлсэн. “Жакарта-Палембан-2018”-ын спорт гар бууны 25 метрийн эмэгтэйчүүдийн дасгалд түүний шавь Сарнобат Рахи шигшээд 34 онож, түрүүлэхдээ Азийн наадмын дээд амжилтыг шинэчилсэн. Ингэснээр Сарнобат Рахи улсынхаа түүхэнд Азийн наадмаас алтан медаль хүртсэн анхны мэргэн бууч болсон юм.

Монголын буудлага спортын холбооноос үндэсний шигшээ багийг дасгалжуулах санал Д.Мөнхбаяр гавьяатад 2017 онд тавьсан юм билээ. Харамсалтай нь, тухайн үед тэрбээр Энэтхэгийн шигшээ багтай гэрээ байгуулчихсан байсан тул зөвшөөрөх боломжгүй байсан гэнэ лээ. “Токио-2020” олимпын дараа Монгол Улс дахин санал тавьбал тухайн үеийн байдлаас шалтгаалан зөвшөөрөх, эсэхээ шийднэ гэсэн.
Д.Мөнхбаяр гавьяатын амжилтын үнэ цэнэ, Монголын спортод оруулсан хувь нэмэр, олон анхдагч амжилтын эзэн болсныг нь жигнэвэл нэлээд жин дарна. Харамсалтай нь, зарим хүн хэтэрхий нэг өнцгөөс харж, иргэншлээ сольсон, эх орноосоо урвасан гэх хандлага гарган, амжилтыг нь дутуу үнэлж, үгүйсгээд байх шиг санагддаг.
КАЗАХСТАНЫ ЖҮДО БӨХИЙН НҮҮР ЦАРАЙ Г.ОТГОНЦЭЦЭГ

Монголын жүдо бөхийн 48 кг шилдэг бөхчүүдээрээ дэлхийд алдартай. Энэ жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нарын хооронд гол өрсөлдөөн болдог байлаа.
Гэхдээ ДАШТ, Азийн АШТ зэрэг томоохон тэмцээнд оролцох боломж М.Уранцэцэгт хараахан илүү бүрддэг байсан гэхэд хилсдэхгүй. Олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргадаг, Г.Отгонцэцэгийг үргэлж ялдаг байсан нь М.Уранцэцэгт тийм боломж бүрдүүлж байсан хэрэг. Нэг үгээр хэлэхэд Г.Отгонцэцэг Монголын 48 кг-ын №2 тамирчин байсан юм.
Спорт бол залуу насны ажил. Мэдээж хэн ч ид, торгон ирэн дээрээ томоохон амжилт гаргаж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсдэг. Улсдаа №2, М.Уранцэцэг гавьяатын дараа үнэлэгддэг байсан Г.Отгонцэцэг зөвхөн олимп гэлтгүй Азийн АШТ, ДАШТ-д оролцох хамгийн том боломж нь Казахстан байлаа.
Гэхдээ тэр нэг л өдөр гэв гэнэт “Би Казахстан улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцлоо. Иргэншлээ солилоо” гээд явчихаагүйг онцлох нь зүйтэй байх.

2015 оны нэгдүгээр сард Монголын жүдо бөхийн холбоо, Казахстан улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд Казахстан улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан. Ийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон билээ. Харийн оронд очин, бүр эх орныг нь төлөөлж олимпод оролцох эрх авах амаргүй байсан нь мэдээж.
“Хэрвээ өндөр амжилт гаргаж чадахгүй, миний оронд өөр тамирчин олимпод оролцохоор болчихвол яана” хэмээх сэтгэлзүйн дарамттай бэлтгэл хийх түүнд ямар их хэцүү байсныг төсөөлөхөд ч бэрх. Дөнгөж очсон жилээ буюу 2015 оны ДАШТ-д эхний тойрогт БНСУ-ын Жэн Бо Кеонд ялагдаж, тэмцээндээ дуусгахад Г.Отгонцэцэгт юу бодогдож байсан бол.
Олимп, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийх нь дараа буюу 2017 онд Г.Отгонцэцэгээс ярилцлага авахад энэ талаар ингэж өгүүлсэн юм.
-Казахстаны жүдо бөхийн холбоо МЖБХ-той албан ёсоор гэрээ байгуулж, тамирчнаа болгох санал танд тавьсан. Тэдний саналыг хэрхэн хүлээж авч байв?

-Ганц ч хүн танихгүй, хэл, ёс заншлыг нь мэдэхгүй орны тамирчин болно гэж бодохоор анхандаа сэтгэлд багтаагүй. Би гэнэт нэг өдөр “За би Казахстаны тамирчин боллоо” гээд яваагүй. Нэлээд удаан бодож, ойр дотнынхонтойгоо сайтар зөвлөлдөж байж шийдсэн. 2014 оны ДАШТ-д оролцсоны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Отгоог Казахстаны шигшээ багийн тамирчин болгохоор хөөцөлдөж байгаа” гэж жүдогийнхонд албан ёсоор мэдэгдсэн юм.
Монголын жүдо бөхийн 48 кг-д М.Уранцэцэг гавьяат барилдаж байгаа болохоор алзахгүй. Тиймээс Риогийн олимпод зодоглох зорилгодоо хүрэхийн тулд Казахстаны саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Зөвхөн надад бус, багш бид хоёрт санал тавьсан нь зөвшөөрөхөд их нөлөөлсөн. Гэрийнхэн ч “Өөрөө л мэд, миний охин. Дахиж ийм боломж олдох ч юм уу, үгүй ч юм уу” гэсэн. Бүх л зүйлд тусалж дэмжин, нөмөр нөөлөг болдог багштайгаа хамт явна гэж бодохоор сайхан санагддаг юм билээ. Хэрвээ Казахстан улс зөвхөн надад санал тавьсан бол татгалзах байсан болов уу.
-48 кг-ын гол өрсөлдөөн М.Уранцэцэг та хоёрын хооронд өрнөж байна. Дэлхийн чансааг тэргүүлж, гаргасан амжилтаараа Урнаа Риогийн олимпод зодоглох нь бараг тодорхой байсан. Энэ нь таныг шинэ боломж эрэлхийлэхэд нэлээд нөлөөлсөн болов уу?

-Тэгсэн гэхэд хилсдэхгүй. Тамирчин бүхэн олимп, дэлхийн дэвжээнд оролцох, бүр цаашлаад амжилт гаргах зорилготой. Минийх ч бас тийм. Риогийн олимпод өрсөлдөх зорилгодоо хүрэх хамгийн зөв гарц нь яахын аргагүй Казахстаны иргэн болох байсан.
-“Иргэншлээ солин, Казахстан улсын иргэн болохыг зөвшөөрнө үү” гээд улсынхаа Ерөнхийлөгчид өргөдөл бичих амаргүй байсан нь мэдээж. Эргэлзэж, тээнэгэлзэх гээд юм юм л давхацсан байх.
-“Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэгчээр Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод оролцоно, амжилт гаргана гээд нэгэнт шийдчихсэн болохоор өргөдөл бичиж байхдаа эмзэглээгүй ээ. Харин Казахстанд очсоныхоо дараа УАШТ-д өрсөлдөх л хамгийн хэцүү байсан. Учир нь энгэртээ Монголынхоо Төрийн далбаатай өмсгөл өмсөөд дэвжээнд гартал шүүгч хуулах, эсвэл Казахстаны далбаатай өмсгөл өмсөхийг шаардсан. Аргагүйн эрхэнд өмсгөлөөсөө Төрийнхөө далбааг хуулахад хамгийн хүнд байв. “Би монгол хүн. Хатуужилтай, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүний нутагт нулимсаа үзүүлж болохгүй шүү” гэж өөрийгөө хэчнээн ирлэж, хичээсэн ч өөрийн эрхгүй уйлчихсан.
Тэр үед “Эх орон, монгол түмэн минь уучлаарай. Би та нарынхаа итгэлийг амжилтаараа хариулна аа” гэж өөртөө хэлж билээ. Дахиж төрийнхөө далбаатай өмсгөл өмсөн тэмцээнд оролцож чадахгүй гэж үү гэж бодохоор л... (уйлав).
-Та Казахстаны УАШТ-д анх оролцоод л түрүүлсэн. Казахстанчууд хэрхэн хүлээж авах бол, аваргалж чадахгүй бол яана гээд эмээсэн үү. Хэрвээ түрүүлж чадахгүй бол ДАШТ-д зодоглох эрхээ авч чадахгүй, тэр ч бүү хэл казахстанчууд танд тавьсан саналаа цуцлах эрсдэлтэй байсан шүү дээ.

-Харин тийм ээ. Юм юм л бодогддог юм билээ. Алдаа гаргах, түрүү алдах эрхгүй маш хариуцлагатай тэмцээн байсан. Иргэншлээ солих хүсэлт гаргаснаасаа хойш таван сар гаруй хугацаанд тэмцээнд оролцохгүй байж байгаад өрсөлдөх амаргүй юм билээ.
-Яагаад тийм удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй юм бэ. Казахстаны иргэн болохыг тань яг хэзээ албан ёсоор зөвшөөрөв?
-Иргэншлээ солиулахын тулд олон бичиг баримт бүрдүүлдэг, нэлээд уддаг юм билээ. Арга ч үгүй байх л даа. Казахстан улсын иргэн болох хүсэлт гаргачихаад 2015 оны нэгдүгээр сард Казахстанд очсон. Иргэншил солих хүсэлт гаргахад иргэний үнэмлэх хураагаад авчихдаг юм билээ. Тэгээд л Казахстан иргэнээ болгохыг зөвшөөрсөн шийдвэр гарахыг хүлээгээд л байлаа. Бичиг, баримтгүй байсан болохоор ямар нэгэн тэмцээнд оролцох боломж байгаагүй. Уг нь Казахстаны улсын аварга болчихсон болохоор дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх авчихсан байдаг.
Гэхдээ иргэншлийн асуудлын улмаас Астанагийн ДАШТ-д зодоглох, эсэх тодорхойгүй, эргэлзээтэй. Хэрвээ ДАШТ-ээс өмнө Казахстаны иргэн болчихвол өрсөлдөнө, тэгэхгүй бол оролцох боломжгүй. Хэдийгээр тодорхой бус байсан ч бэлэн байх шаардлагатай байлаа. Тэгээд л өдөрт гурван удаа бэлтгэл хийж, ямар нэг хариу гарсан уу гээд чих тавина. Багштайгаа нойр хоолоо умартан зүтгэсэн дээ. Тэр хугацаанд суурь бэлтгэлээ маш сайн хангаж чадсан шүү. Астанагийн ДАШТ эхлэхээс долоохон хоногийн өмнө Казахстаны иргэн болохыг албан ёсоор зөвшөөрсөн.

-2015 оны ДАШТ-д өрсөлдөхдөө хоёрдугаар тойрогт Жеон Бо Кеонд ялагдан, тэмцээнээ дуусгасан. Монголоо төлөөлж оролцоод дийлдсэн бол монгол түмэн, эх орон нь алгаа тосон угтана. Харин хүний нутаг тэс өөр. Тухайн үед казахстанчуудын шүүмжлэл танд хэр их дарамт болсон бэ?
-Астанагийн дэвжээнд казахстанчуудын өмнө өрсөлдөөд дийлдсэн болохоор надад бүр ч хэцүү байлаа. Намайг медаль хүртэнэ, амжилт гаргана гэж зөвхөн казахстанчууд төдийгүй монголчууд маань итгэл хүлээлгэж байсан юм билээ. Иргэнээ болгож, бүхий л талаар дэмжиж байгаа казахстаны ард түмнийг ачийг амжилтаар хариулах сан гэж бодолгүй яах вэ. Уг нь Жеон Бо Кеоныг ялсан бол медаль хүртэх боломжтой байсан гэдэгтээ эргэлздэггүй.
Монголынхоо нэрийн өмнөөс оролцон, тааруу амжилт гаргасан бол хэсэг хугацаанд зэмлүүлээд л өнгөрнө. Хэдийгээр багшаас өөр хүн ингэсэн, тэгсэн бол гээд шүүмжлэхгүй байсан ч гэсэн надад хүнд байсан.
ДАШТ-ий дараа “Монгол жүдочийг 48 кг-д барилдуулаад медаль хүртсэнгүй. Казахстан жүдоч оролцуулсан бол амжилт гаргах байсан ч юм бил үү. Ер нь цаашид амжилт гаргаж чадахгүй бол яах вэ” гэж нэлээд шүүмжлүүлсэн. “Иргэншлээ солин байж Казахстанд ирчихээд зорилгодоо хүрч чадахгүй бол яана аа” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Тэгээд л өмнөхөөсөө бүр их хичээсэн. 10 удаа сунайдаг байсан бол 20 болгоод, бэлтгэлийнхээ ачааллыг ч нэмсэн. Тэр үед багш “Том тэмцээний өмнө ялагдах зүгээр. Тамирчинд алдаагаа ухаарах, засах боломж олгодог. Ялагдлаа аль болох хурдан мартаж, алдаагаа засан, давтахгүй байх нь чухал. Хоёуланд нь одоо хамгийн том даваа үлдээд байна” хэмээн тайвшруулж, хурцалсан.
-Та 2016 оны олимпоос өмнө оролцсон бараг бүх тэмцээнээсээ медаль хүртсэн. Ганцхан жилийн дотор дэлхийд тэргүүлэх хэмжээний жүдоч болсон амжилтын тань нууц юу бол?

-Зорилгоо зөв тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө уйгагүй зүтгэн, хөдөлмөрлөснийхөө үр шимээр л амжилтад хүрч яваа, би. Казахстанд очоогүй байсан бол ингэж хичээн, зүтгээ ч үү, үгүй ч үү. Би бэлтгэлээ ганц удаа ч тасалж байгаагүй. Ганцхан минут хоцрохоор байсан ч багшдаа заавал урьдчилж хэлдэг. Мөн медаль хүртэхэд магнайгаа хагартал баярлаж, тааруу амжилт гаргахад надаас дутахгүй шаналдаг багш минь миний амжилтын нууц.
Би азтай хүн. Багшаараа жүдо бөх заалган, төдийгөөс өдий хүртэл амжилтын төлөө зүтгэж яваагаараа бахархдаг. Багш минь өдгөө Казахстан улсын жүдогийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буйг спортын хүрээнийхэн андахгүй. Иргэншлээ солиогүй ээ, гэрээгээр ажиллаж байгаа.
2015 оны эхэнд би дэлхийн чансаанд тавдугаарт эрэмбэлэгдэж байсан. Гэтэл иргэншлээ сольсны дараа тэг болсон. Ер нь бүхнийг шинээр эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Казахстанчууд амжилт гаргахад тусалж, дэмжинэ, улсынхаа нэрийн өмнөөс барилдуулна л гэсэн болохоос бүх л тэмцээнд намайг оролцуулна гээгүй. Хэрвээ би бэлтгэлээ тааруу базаан, өчүүхэн л алгуурлавал миний оронд өөр тамирчин №1 болж, түүгээр ч үл барам олимпод оролцох эрсдэлтэй. Тэгвэл олимпод зодоглох зорилгоо хойш нь тавихаас өөр аргагүй. Тиймээс зорилгодоо хүрч, боломжоо бүрэн ашиглахын тулд өдөр, шөнийг умартан зүтгэсэн. Цүнхээ даахгүй шахам ядраад харих үе надад өчнөөн бий.
-Иргэншлээ сольсон тамирчин тухайн улсынхаа нэрийн өмнөөс гурван жил барилдаж байж олимпод өрсөлдөх эрх авдаг. Та ганцхан жил зодоглоод л “Рио-2016”-д казахстанчуудыг төлөөлөн зодоглосон нь сонирхол татаж байна. Танд яагаад онцгой зөвшөөрөл олгосон юм бэ?
-Олон улсын олимпын хорооноос Казахстан улсын нэрийн өмнөөс гурван жил барилдаагүй болохоор Риогийн олимпод оролцох боломжгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Олимпод оролцох болзлоо хангачихсан байсан болохоор тэр үед үнэхээр хэцүү байв. Токиогийн олимпыг хүлээхээс өөр аргагүй болох нь гэж бодохоор л харамсалтай.
Би Риогийн олимпоос өмнө 12 тэмцээнд оролцохдоо 10-аас нь медаль хүртсэн. Азийн аварга болж, Алматыгийн гран прид түрүүлсний дараа буюу 2016 оны тавдугаар сард ОУОХ-ноос “Богино хугацаанд өндөр амжилт гаргасан тул олимпод оролцохыг зөвшөөрлөө” гэж мэдэгдсэн л дээ. Зөвхөн онцгой үед тийм зөвшөөрөл өгдөг гэнэ лээ.
-Танаас өөр тамирчинд тийм зөшөөрөл өгч байсан юм болов уу?
-Цөөнгүй хүн надад анхны тохиолдол гэж хэлсэн. Энэ талаар баталгаатай мэдэхгүй байна.
-Казахстанчуудын шүүмжлэл таныг олимпын медальтан болох хэмжээнд хурцалжээ. “Рио-2016”-гаас хүрэл медаль хүртэхдээ олимпын тэнгэрт эх орныхоо Төрийн далбааг мандуулсан бол гэж харамссан уу?

-Надад амар байгаагүй. Хэрвээ иргэншлээ солиогүй бол медаль хүртэх нь байтугай Риогийн олимпод оролцож чадахгүй байсан гэж бодохоор тайвширдаг. Урнааг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдахад үнэхээр их харамссан. Олимпоос хүрэл медаль хүртэн, казахстанчуудын ачийг хариуллаа гэж бодохоор сэтгэл уужирсан шүү. Олимпын наадамд анх удаа зодоглосон болоод ч тэр үү, медаль хүртлээ гэж бодохоор зүүдэлж буй мэт мэдрэмж төрсөн. “Нээрэн үү” гээд л итгэж ядсан. “Олимпоос медаль хүртэх их л хол санагддаг байж билээ. Ийм сайхан өдөр ирдэг юм байжээ” гээд багшийгаа баярын нулимс дуслуулан зогсохыг харах хамгийн сайхан байлаа.
Уг нь 2016 онд оролцсон ихэнх тэмцээндээ түрүүлсэн болохоор олимпын аварга болох зорилготой байсан. Японы жүдоч А.Кондог ялсан бол түрүүлэх боломжтой байсан гэж бодохоор харамсалтай.
-“Мандсан далбаа нь харийнх ч
Мандуулсан бүсгүй нь Монгол” гээд монгол түмэн таны амжилтаар өдгөө ч бахархаж байна. Монголчууд хэрхэн хүлээж авах бол, “Иргэншлээ солиод медаль хүртлээ” гээд шүүмжлэх болов уу гэж эмээсэн үү?
-Янз бүрээр төсөөлөөгүй ч гэсэн нэлээд эмээж байснаа нуугаад яах вэ. Бразилын олимп үзсэн монголчууд уухайлан баяр хүргэж, хулган байж фэйсбүүктээ орох нь ээ хүмүүс урмын сайхан үгтэй баярын мэндчилгээ бичиж, бүр зарим нь баярын нулимс унагасан тухайгаа нийтэлснийг нь хараад дотор онгойсон доо. Сэтгэл дотроос том чулуу аваад хаячих шиг л болсон.
Би монгол түмэн, тамирчидтайгаа аль болох хамт байхыг хичээдэг. Олон улсын тэмцээнд оролцохоор очингуутаа хамгийн түрүүнд “Манайхан хаана байна” гэж сурагладаг. Гадаадын буудалд ороход мах үнэртвэл “Монголчууд байрлаж” гээд баярлан, хурдхан уулзах гэж яардаг. Тэмцээн болж буй танхимд оронгуутаа “Монголчууд хаана сууж байгаа бол” гээд хайдаг. Олж харангуутаа яг л аав, ээжээ харсан мэт баярлан, догдолдог.
2017 онд ДАШТ-д барилдаж байхад монголчууд маань “Отгоо, Отгоо” гээд дэмжихэд хэчнээн их урам, эрч хүч авсан гэж санана. Монголчуудынхаа өмнө дийлдэж болохгүй, намайг дэмжиж байгаа сайхан сэтгэлд нь ялалтаар хариу барья гээд хичээлээ. Барилдааны дараа багштайгаа хамт монголчууддаа хүндэтгэл үзүүлэхэд сайхан мэдрэмж төрсөн.

Монгол, Казахстаны жүдочид өмнөхөөсөө ч дотно харилцаатай болсоор байна. Казахстанчууд лапша гоймонд дуртай. Хамтарсан бэлтгэлийн үеэр борцтой, гоймонтой шөл хийгээд л иддэг, бид. Манайхан ч бас казанд дуртай болоод байгаа. Багш бид хоёрыг Казахстан руу явахад “Нөгөөхөө мартав аа. Ахиухныг аваад ирээрэй” гээд захидаг юм
Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг 2018 онд ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртэн, хошой медальтан болсон юм. Олимп, дэлхийн дэвжээнээс гурван медаль авна гэдэг яах аргагүй том амжилт, хүрэхэд бэрх “оргил”. 2019 онд ДАШТ-д VII байрт шалгарсан түүний найз залуу тэшүүрийн спортоор хичээллэдэг. Тэрбээр Г.Отгонцэцэгт тэг, ингэ гээд зөвлөн, гоомой мэх хийгээд дийлдвэл зэмлэдэг гэнэ лээ.
ХАРЬШГҮЙ ХҮЧИТ ХАКҮХО

Монголын тамирчдаас хамгийн сүүлд иргэншлээ сольсон эрхэм бол их аварга Хакүхо М.Даваажаргал. Ер нь тэрбээр Японы иргэн болох нь цаг хугацааны л асуудал байсан нь үнэн. Аварга энэ талаар “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцохдоо цухуйлгаж байсан удаатай. Японы иргэн болох аваргад амаргүй байсан нь мэдээж. Яалт ч үгүй ояката болох, залгамж халаагаа бэлтгэхийн тулд иргэншлээ солихоос өөр арга байгаагүй.
Усыг нь уувал, ёсыг нь дагахаас өөр аргагүй. Үүнийг зүгээр зүгээр нэг ояката болох, шавь бэлтгэхээр хэмжих нь өрөөсгөл. Алсдаа бүр ч том боломж, орон зай Хакүход төдийгүй Монголын сүмочдод нээгдэж байгаа нь мэдээж. Японы мэргэжлийн сүмогийн холбоонд нөлөө бүхий эрхэм болчихвол манай улсын олон сүмочид тустай, амжилт гаргах үүдийг нээх нь лавтай.

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн олон түүхэн амжилтыг эзэмшин, өнөө цагт хамгийн өндөр амжилт гаргаж яваа бөх бол Хакүхо мөнөөс мөн. Илүү олон дээд амжилт эзэмших, одоогийнхыгоо улам ахиулах боломж аваргад бий. М.Даваажаргал аварга өнгөрсөн сарын башёд 43 дахиа түрүүлсэн. Монголын сүмочид дээд зиндаанд нийтдээ 86 түрүүлсний яг тэн хагас нь Хакүхогийнх гэж бодохоор сүрдмээр, бахархахгүй байх аргагүй.
Түүнийг иргэншлээ сольсон талаар хэн юу хэлснийг сонирхуулъя.

Кёкүшюзан Д.Батбаяр: Хакүхо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай ч Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй байсан. Сүмо бөхийн дэвжээний багш болсон манай Н.Цэвэгням, Б.Дашням болон Хавайн арлын бөхчүүд бүгд энэ замналаар явсан байдаг. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн аваарай.
Бүгд найрамдах намын дарга, УИХ-ын асан Б.Жаргалсайхан: Миний хувьд их аваргын хүү алсыг харсан, улсаа бодсон шийдвэр гаргалаа гэж харлаа. Хувийн эрх ашгийн хувьд Япон улсын иргэн болсноор бизнес хийх, монголчууд яваад очих дэвжээ байгуулах (Хичнээн олон залуусын амьдрал сайжрах бол. Сумогоор шүргээд гарсан залуу ирээд л компани байгуулдаг юм даа), татвар шимтгэлээ бага төлөх бололцоо бүрдэнэ. Хоёрдугаарт Монгол Улсын нэр хүндийг 2020 оны олимпод ихэд өргөж Япон-Монголын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна. (Монгол Улсад хамгийн их зээл тусламж, хандив Япончууд л өгдөг) М.Даваажаргал сэтгэл буруу байсан бол эртнээсээ Монгол Улсад бизнес хийхгүй байсан. Түүний барилга байгууламж, дэлгүүр, ресторон, цагаан будааны талбай, мал аж ахуй нь хүртэл байна. Дахиад бүр банк санхүүгийн байгууллагад хүч үзэхээр явж байгаа юм билээ. Чингис хаан "Сэтгэлийг нь хураасан байхад бие нь хаа холдох вэ” гэдэг шиг М.Даваажаргал нас явах цагтаа эх орон руугаа гүйнэ. Аавынхаа нутагт хөшөө дурсгал, хөрөнгө оруулалт хийх юм билээ. Энэ залууд Монте Кристо гүн шиг баян болох эх орноо хөгжүүлэх мөрөөдөл бий. Тийм зүйл ярьдаг их аваргын алсын хараатай хүүг бүү муул. Цаадах бодол, мөрөөдлийг хар, Том зорилготой, том сэтгэдэг аавын хөвгүүд өчүүхэн хэрүүл, доромжлолоос айдаггүй юм. Монголын харьяатаас гарах гэж эх орондоо багтаж шингэхээ байлаа, хавчаад байна, би тэмцэгч, эх оронч гэсэн худлаа өргөдөл барьсан залуус Элчин сайдын яамны үүдээр зөндөө байгаа. Тэд нараас тэс өөр байгуулсан гавьяатай М.Даваажаргал улам урагшаа зүтгэж байгааг анзаарах ухаан алга уу та нарт. Эргээд ирэх сэтгэлийг нь бүү бууруул. Эрдэнэсантын хүүхдүүд цаанаа шөрмөстэй дамшигнууд шүү гэж Итгэлт гуай нь хэлсэн билээ.
Манга зураач Якүмицүрү: Байгуулсан гавьяагаа үнэлүүлэн, Монголын иргэн хэвээрээ ояката болох гэж Хакүхо их оролдсон. Хэрэв Хакүхо ояката болбол Сүмо бөхийн холбооноос түүнд сайн зааж, сургаж байх шаардлагатай.
“Никкан Спортс”: Хакүхо эртнээс зодог тайлаад ояката болох хүсэлтэй гэдгээ хэлдэг байсан. Монголын хэвлэл мэдээлэлд Хакүхог албан ёсоор хүсэлт гаргасан гэж мэдээлсэн байна. Их аварга ч энэ талаар үгүйсгэсэнгүй. Ояката Хакүхо төрөн гарах цаг ойртжээ. Байгуулсан гавьяа, үзүүлсэн амжилтаараа тэр яалт ч байхгүй өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй. Монгол бөхчүүдээс Японы иргэншил авсан бөх олон ч аварга, арслан цолтон үгүй. Харин Америкийн Акэбоно, Мүсашимарү гэсэн хоёр аварга Японы иргэн болсон.
“Спортс хочи”: аварга Хакүхо Японы иргэн боллоо. Ингэснээр бид ирэх жилийн Токиогийн олимпод Япон ёкозүнатай байх нь. Хаврын тэмцээний түрүү бөхийн ярилцлагад үзэгчдийг уухайлуулан шүүмжлэл хүртсэн ч гадаад, дотоодын хүүхдүүдийн дунд зохиодог “Хакүхо Цом” тэмцээн нь сүмогийн ертөнцөд өндөр үнэлэгддэг билээ.
“Санспо спорт”: Хакүхо Японы иргэн болсноор сүмо сонирхогчид “Хакүхо” дэвжээг удахгүй харах боллоо. Барилдаж байх үедээ их аварга байсан нь дэвжээ удирдах ояката болоход хамаа байхгүй. Тиймээс Хакүхог шинэ сайн бөхчүүд гаргах, дэвжээгээ удирдах их ажил хүлээж байна. Дээд зиндааны Үра, Аби гэсэн Миягино дэвжээний бөхчүүд түүний гарын шавь юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнхбаярын ээж нь �##�ь эрт Унгар дагаад эх орноо, нялх хүүхдээ орхиод харьд одсон. Охин нь эхийнхээ араас орсон. Монголд элэггүй эх, хүүхнүүд шүү дээ. Эцэг нь торниулж , монгол түмэн төдий зэрэгтэй хүн болгоогүй бол тэр хүүхэн томроод байх боломж байгаагүй байхаа. Эх орондоо ирье гэж гуйж ирснийг хүлээж аваагүй нь бас ш�##�тгаантай. Тэр хүүхнээр монголчууд дутаад байхгүй дээ.
МОНГОЛ УЛС ЕР НЬ ЭД НАРААР ДУТАХГҮЙ.ЭД Л НАСНЫ БӨГСӨНД МОНГОЛООР ДУТНА.ӨЧНӨӨН ЭХ ОРОНЧ ХӨВҮҮД ОХИД БАЙНА.ЯРШИГ Л.
Монголын нэг иргэн ч гэсэн гадаадаас жаахан мөнгө олж амьдр�##�аа дээшлүүлэг л дээ.Бие,сэтгэл хэл 3 нь монголоороо шүү дээ.Энд ирлээ л энэ олон хулгай дээрэмчдийн дунд бизнес хийгээд амжилт олно гэдэг амаргүй шүү дээ.Биеэ золиосолж олсон жаахан мөнгөө хахуулд хура�##�гаад л таарна.Харин энд байгаа бид нар утасны цаанаас эд нарыг муулж байхаар энэ хулгайч нараасаа яаж с�##�ахаа л бодох цаг болсон доо.
Гоё нийтлэл болжээ. Сайхан хүмүүс шүү
Propecia Kidney Pain [url=http://cialibuy.com]cialis from canada[/url] Cialis Im Flugzeug Pre Medicate With Amoxicillin
Propecia Canada No Prescription Finasteride 5mg [url=http://buycialisuss.com]Cialis[/url] Does Zithromax Expire Buy Cialis Amoxicillin 250 5 Infant Dosage
Propecia Haarwuchsmittel http://viacialisns.com/# - Cialis Cheapest Levitra Buy Cialis Can I Get Zoloft Without A Prescriptionzoloft